Үрэвсэл гэдэг нь цусны цагаан эсүүд болон тэдгээрээс ялгарах урвалж бодис нь  бие махбодыг гадны биет, бактери, вирусын халдвараас хамгаалах үйл явц юм.

Тайлбар: Цусны цагаан бөөм судасны ханаар нэвчин гарч цагаан бөөмийн урвалжийн бодис ялгаруулна.

Ердийн тохиолдолд үрэвслийн үед цусны цагаан эсүүд бие махбодыг гадны биетээс хамгаалж үрэвслийн урвалж бодис ялгаруулж биднийг хамгаалдаг. Гэвч заримдаа цусны цагаан эсүүд болон тэдгээрийн урвалж бодисууд өөрийн эдийг гэмтээх тохиолдол байдаг.

Зарим эмгэгийн үед бие махбодийн хамгаалах систем (дархлааны тогтолцоо) буруу мэдээллээс болж гадны биет бие махбодод нэвтрээгүй байхад үрэвслийн урвалжийг хэт их хэмжээгээр ялгаруулснаас өөрийн эд, эсийг гэмтээдэг. Үүнийг аутоиммуны өвчин гэж нэрлэнэ.

Үрэвслийн урвалжгүйгээр хүний биеийн шарх болон халдварын голомт эдгэрэх боломжгүй. Шарх халдвар эдгэхгүй бол тухайн эрхтэн хэвийн үйл ажиллагаагаа гүйцэтгэх бололцоогүй болно. Харин үрэвсэл архаг хэлбэрээр урт хугацаагаар үргэлжилбэл харшлын урвалтай болох, судасны хатуурал, эс хавдрын хувиралд шилжих зэрэг муу үр дагавартай байдаг.

Үрэвслийг явцаар нь хурц ба архаг гэж 2 хуваана. Хурц үрэвслийн үед гэмтээгч хүчин зүйл нэвтрэхэд цусны сийвэн болон лейкоцит (цагаан бөөм) судаснаас гарч гэмтлийн голомтод очдог. Тухайн голомтод тэр хэсгийн судасны тогтолцоо, дархлааны тогтолцоо болон бусад эсүүдийн биохимийн хамтарсан урвалын хүчээр үрэвслийн явцын эдгэрэлтийг гүйцээдэг.

Архаг үрэвслийн үед үрэвслийн явц удааширч урвалж бодисын хэмжээ хэт ихэссэнээс үрэвслийн голомтод оролцох эсүүдийн төрөл болон үйлчлэл нь өөрчлөгдөж гэмтсэн эдийн эдгэрэх, дахин гэмтэх нь зэрэг явагдсанаас үрэвсэл удаан хугацаагаар удааширдаг.

Үрэвслийн урвал нь нь хүний биед явагдах олон төрлийн эмгэг, өвчний эх үүсвэр болдог. Нүүр болон биеийн эл хэсэгт хатги, тууралт гарахад үрэвслийн хариу урвалаар улайж, хавдсаны дараа шар толгой гаран хагарч эдгэрдэг. Далд эрхтэнүүдэд үрэвсэл ихэвчлэн улайх хавагнах эмзэглэлтэй болох хэлбэрээр илэрнэ. Жишээ нь: үений үрэвсэл.

Шинжлэх ухаан хөгжиж дэвшихийн хирээр үрэвслийн явц далд хэлбэрийн болон дотоод эрхтэний олон эмгэгийн эх үндэс болдгийг нээж байна. Аутоимун гэж нэрлэгдэх өвчний эх үүсвэр нь гадны биетийн оролцоогүйгээр үрэвслийн урвалж өөрийнхөө эдийг гэмтээснээс болдог байна. Эдгээр эмгэгүүдэд үений хэрх үрэвсэл, бамбай булчирхайн үрэвсэл, пернициоз төрлийн цус багадалт зэрэг орно.

НИЙТЛЭГ ТОХИОЛДДОГ ЗАРИМ ҮРЭВСЭЛТ ӨВЧНҮҮД ТЭДГЭЭРИЙН ЭМЧИЛГЭЭ

Батга

Өсвөр насанд арьсны тосны хүүдийн шүүрэл ихээр ялгардаг нь тестостерон дааврын  хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байдаг. Тосны хүүдийн хэт ялгарлаас хүүдийн амсар бөглөрч тос хуримтлагдахад түүн дээр бактериуд үржиж, биеийн хамгаалалтын механизм үрэвслийн тархалтыг зогсоохын тулд үрэвслийн урвалж ялгаруулдаг. Иймд үрэвслийн хариу урвалын үр дүнд батга улайж, хавдаж, эмзэглэлтэй болдог.

Астма (багтраа өвчин)

Хэт мэдрэг хүмүүст гадны биетийн уураг болох ургамал цэцгийн тоосонцор, шороо, амьтны үс зэрэг нь агаар дуслын замаар биед нэвтрэхэд хамгаалах дархлааны тогтолцоо өдөөгдөж үрэвсэл явагдана. Амьсгалын замын салстууд нарийсан үрэвсэж хөөн гадны биетийг гадагшлуулах зорилгоор их хэмжээний салст ялгаруулсны үр дүнд ханиах, амьсгаадах, амьсгал давхцах шинжүүд илрэнэ.

Үе мөчний үрэвсэл

Үений үрэвсэл буюу артрит нь үрэвслийн сонгодог хэлбэр юм. Үрэвссэн үенүүд улайж хавдан удаан хөдөлгөөнгүй байсны дараа хөших зовиуртай болно. Остеоартрит ихэвчлэн нь насжилттай холбоотой ба ревматоид артрит нь аутоиммуны (өөрийн эдэд хариу үрэвслийн урвал) өвчин юм.

Целлюлит

Арьсан доорх өөхөн давхаргын эдийн үрэвсэл нь арьсны үрэвслийн тоонд орох ба арьсны өөхөн салстад үрэвслийн шингэн хуримтлагдсан байх бөгөөд бактерийн халдвар нэвтэрсэн шалтгаанаар үүссэн байдаг. Ихэвчлэн хөлөнд тохиолддог.

Нүд өвдөх буюу нүдний салст бүрхэвчийн үрэвсэл (коньюнктивит)

Нүдний эргэн тойрны арьс, зовхины халдвар нүдний салст руу нэвтэрч салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэнэ. Нүдний салст үрэвсэн хавагнаж маш эмзэглэлтэй болдог. Халдварын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвслийг ихэвчлэн вирус, бактерууд үүсгэдэг. Үүний эсрэг бактерийн эсрэг тос эсвэл дусаалга хэрэглэж болно.

Ринит (хамрын салстын үрэвсэл)

Хамрын салст бүрхүүлийн үрэвсэл үүсгэдэг 2 төрлийн ринит байдаг. Харшлын ринитийн үед салст давхарга ургамлын тоосонцроор цочроогдсоны улмаас үүсэх ба улирлын чанартай байдаг. Гэрийн хачигны тоосонцрын ринит улирлаас хамаарахгүй жил тойрон байдаг. Харин халдварын гаралтай ринит бол хамрын хөндий нь бактери болон вирусны халдвараас үрэвсдэг бөгөөд энэ халдварын үрэвслийн үед ихэвчлэн хамар битүүрч, найтаалгадаг онцлогтой.

Зүрхний эмгэг

Зарим судалгаанаас харахад зүрхний шигдээс болсон өвчтөний зүрхний артерийн судасны  хөндийд үрэвслийн ул мөр байгааг илрүүлсэн байдаг. Үрэвсэл нь зүрхний шигдээс (зүрхний судасны цусан хангамжийн хурц дутагдал) үүсэхэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг байж болох юм.

Арьсны экзем

Экзем нь хоол хүнс, угаалгын нунтаг, амьтны үс ноос болон бусад өдөөгчдөд агуулагдах химийн бодисоос шалтгаалсан харшлын хариу урвалын дүнд үүсдэг. Уг харшлын хариу урвалд арьс улайж хавдсан, язарсан, цэврүүтсэн байх ба маш их загатнадаг. Экземтэй хүмүүс астма зэрэг бусад харшлын төрлийн эмгэгтэй байх нь элбэг.

Мөөгөнцрийн үрэвсэл

Мөөгөнцрийн халдвар нь дулаан, харанхуй, чийглэг орчинд илүү таатай үрждэг тул таатай орчин болох үтрээ, бэлэг эрхтэн, амны хөндийн салст, хоолой зэрэг газруудад мөөгөнцрийн үрэвсэл ихээр үүсдэг. Мөөгөнцрийн үрэвслийн явц нь улайж, хавдах, эмзэглэх зэрэг ердийн үрэвслийн явцтай төстэй явагдана. Энэ үед тэрхүү довтолгоонд өртсөн тухайн хэсэгт хорсож хавагнан ердийн үрэвслийн шинжийг үзүүлдэг.

Чихрийн шижин

1-р хэв шинжийн чихрийн шижин нь ихэнхдээ хүүхэд насандаа авсан вирусын халдварын дараа үүсдэг. Үүнийг заримдаа халдварын үед  үүссэн үрэвслийн  хариу урвал цусан дахь чихрийн түвшинг зохицуулагч эсэд довтолсноос болж үүсдэг гэж тайлбарладаг.

Псориаз буюу хайрст үлд

Арьсны псориазын үрэвслийн үед арьсны гадарга хуурай хайрст гадаргуутай болдог ба гадаргуун доорх арьс нь мөн үрэвссэн байдаг. Арьсны псориазын тохиолдол удамшлаар дамжих нь элбэг ба стресс, халдвар, гэмтлээр өдөөгдөн эхэлдэг байна.

ҮРЭВСЛИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Тогтмол дасгал хөдөлгөөн, тамхи татах зуршилгүй, эрүүл жингээ барьж, стресст аль болох бага өртөх нь үрэвслийг бууруулахад тусалдаг. Гэвч тогтмол хэлбэрийн архаг үрэвслийн эсрэг тэмцэх хамгийн гол хүчин зүйл бол таны өдөр бүр идэх хоол юм.

Эмч нарын зөвлөгөөгөөр үрэвслийн хүчтэй эмэн эмчилгээ хийхэд хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг ч эм нь эсрэг гаж нөлөөтэй байх нь элбэг. Сүүлийн үед үрэвслийн эсрэг эмчилгээний олон төрлийн эм тариаг хортой гаж нөлөөтэй гэж үзэн эмийн жагсаалтаас хасч байна.

Одоогоор загасны тос буюу Омега-3 тос нь архаг хэлбэрийн үрэвслийн хамгийн үр дүнтэй бөгөөд гаж нөлөөгүй эмчилгээний чухал арга гэж үзэж байна. Чухал гэхийн учир нь бидний бие үүнийг өөрсдөө нийлэгжүүлж чаддаггүйд орших ба үүнийг хоол хүнсээр авах нь маш чухал. Бидний ихэнх нь хоол хүнсээрээ загасны тосны хангалттай нөөцийг авч чаддагүй. Иймд дээр дурдсан асуудал танд байгаа бол omega-3 нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр бүр өндөр тунгаар хэрэглэхийг зөвлөж байна.

Үрэвслийн эсрэг хоол хүнс сонгох нь

Өөх тос: Oмега-3 өөхний хүчил нь хүйтэн усны тослог загас, маалинга болон хулууны үрэнд агуулагдана. Ханаагүй тосоор оливын тос, авокодо, бүх төрлийн самар баялаг байдаг ба эдгээрийг хэрэглэснээр зүрх судасны эмгэгийн эрсдэлийг ихээр бууруулж болно. Бүх төрлийн үр будаа самрын тоснууд эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой байдаг.

Жимс ногоо: Бүх жимс, үр, ногоо нь эрдэс бодис, витамин, үл исэлдүүлэгч болон ургамлын гаралтай тэжээлээр баялаг байдаг. Хоол хүнсэндээ болж өгвөл ногоон, тод өнгийн хүнсний ногоо, жимсийг сонгож байгаарай. Та өдөрт хамгийн багадаа 5 ширхэг жимс, ногоо идэх хэрэгтэй.

Уураг: Үрэвслийн эсрэг уурагт загас далайн гаралтай хүнс, шувууны өөхгүй мах зэрэг хамрагдана. Буурцаг болон буурцгийн гаралтай хүнс болох дүфү, түүнчлэн жимс ногооны үр, самар зэргийг ургамлын гаралтай уургийн эх үүсвэрээр ашиглаж болно.

Шингэн: Таны биед ус хэрэгтэй. Хийжүүлсэн, эрдэсжүүлсэн, крантны аль ч  ус байж болно. 100%-ийн  жимсний шүүс, ургамлын гаралтай цай, ногооны шүүс, бага эсвэл бүр өөх тосгүй сүү уух хэрэгтэй.

Зайлсхийх хоол

Олон дахин боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн, тарган мах, сахар хэрэглэх нь үрэвсэл үүсэн үржих боломжийг ихэсгэнэ. Дахин боловсруулсан шарсан мах, зайдас зэрэгт ханасан өөх тос их хэмжээгээр байдаг тул үүний хэрэглээг багасгах шаардлагатай. Дээд, цагаан гурилаар хийсэн хүнсний бүтээгдэхүүнээ мөн багасгах. Илүүдэл сахарын хэмжээг ундаа, чихэр, жигнэмэг болон амттан бүрдсэн өглөөний цай зэргийн хэрэглээг бууруулах замаар үгүй болго.

Харин улаан лооль, төмс, хаш зэрэг зарим төрлийн ногоо нь зарим тохиолдолд өвдөлт үүсгэдэг соланин гэгдэх бодис агуулдаг байна. Хэдий ийм боловч албан ёсны судалгаа байдаггүй бөгөөд зарим хүн эдгээр ногооны хэрэглээг зогсоосноор үрэвсэл болон өвдөлт нь намжсан гэх баримтад үндэслэсэн.

Өөр бусад арга хэмжээний тухайд Evening primrose oil хэрэглэж үзэж болно. Энэ нь үрэвслийн эсрэг болон харшлын эсрэг үр дүнтэй. Мөн үрэвслийн эсрэг эмийн ургамлууд байдгийг сайн судалсны дараа хэрэглээрэй.

Судлаачдын үзэж байгаагаар хангалттай унтаж чаддаггүй хүмүүсийн үрэвслийн түвшин илүү өндөр байдаг бөгөөд мөн зүрхний өвчин, цус харвалт зэрэг өвчний эрсдэлт хүчин зүйл болдгийг нээжээ.Үрэвсэл нь нойр хангалтгүй байх нэг шалтгаан байж болох бөгөөд энэ нь цаашдаа зүрхний өвчин, цус харвалтын эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болно хэмээн судлаачид дүгнэжээ.

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »