ӨНДГӨВЧНИЙ ОЛОН УЙЛАНХАЙТ ХАМШИНЖ. Танд шинж тэмдэг илэрч байна уу?

Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд илэрдэг бол Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжтэй (поликистоз) байж болох юм.

  • Үргүйдэл
  • Таргалалт
  • Арьс батгашиж, үрэвсэх
  • Амьсгал бүтэх (апнеа)
  • Ядарч сульдах
  • Дааврын тэнцвэргүйдэл

Өндгөвчний олон уйланхай нь бэлгийн дааврын тэнцвэрийг алдагдуулахад хүргэдэг. Үүний нөлөөгөөр сарын тэмдгийн мөчлөг алдагдах, улмаар огт ирэхээ болиход хүрнэ. Дааврын тэнцвэр алдагдсанаас үргүйдэлтэй байх, жин нэмэгдэх, эрэгтэй хэлбэрийн үсжилт үүсэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжийн үед юу тохиолддог вэ?

Өндгөвчний олон уйланхайжилтаас эм бэлгийн дааврын солилцооны хэм алдагддаг байна. Хэвийн үед биений юмны мөчлөгөөр эм бэлгийн даавруудын түвшин харилцан ээлжлэн өсч буурах хэмээр зохицуулагддаг бол өндгөвчний олон уйлинхайжилтаас дааврын түвшин тогтмол нэг түвшинд өндөр хэвээр хадгалагдсаар байдаг. Үүний улмаас өндгөн эс боловсрох болон ялгарах  нь саатаж, биений юмны мөчлөг алдагдаж жирэмсэлж, үр тогтоход хүндрэлтэй болдог.

Бэлгийн дааврын тэнцвэргүйдэл нь биений юмны мөчлөгт нөлөөлөхөөс гадна бие махбодийн бусад эрхтэнүүдийн солилцоонд мөн гаж нөлөө үзүүлнэ. Хэвийн үед эр бэлгийн андроген дааврын нөлөөгөөр биеийн нарийн ширхэгтэй хялгасан үснүүд зузаарч, толгой суга, сахлын үсний ургалтанд оролцдог. Харин өндгөвчний олон уйлинхайт эмгэгээс шалтгаалж эмэгтэйчүүдийн андроген дааврын түвшин үл ялиг нэмэгдсэнээс эмэгтэйчүүдэд эрэгтэй маягийн үсжилт ажиглагдана. Андроген даавар мөн арьсны тосны булчирхайг идэвхжүүлдэг тул арьсны тослог ихсэж, батгашин үрэвсэх нь нэмэгддэг байна.

Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжийн үед өндгөвчинд шингэнээр дүүрсэн олон тооны жижиг уйланхай (киста) үүсдэг. Поли гэдэг нь олон гэсэн утгатай. Үүнээс үүдэн энэ хамшинж нь мөн поликистоз гэсэн нэршилтэй байдаг. Эмч нар поликистоз үүсэх үндсэн шалтгааныг яг тодорхойлж чадаагүй ч ихэнх тохиолдолд шалтгаангүй хэт их таргалах нь өндгөвчний олон уйланхайт хамшинжийг оношлоход тусалдаг. Поликистозын үеийн таргалалт нь турахад маш хэцүү байдаг.

Бие махбодид хоол тэжээлээр орсон сахар болон цардуулыг энерги болгож хувиргахад инсулин голлох үүрэгтэй. Харин өндгөвчний олон уйланхайт хамшинжийн үед бие махбодь инсулиныг хэрэглэж чадахаа больсноос цусан дахь сахарын түвшин эрс нэмэгддэг байна.

Инсулины түвшин ихсэхэд андроген дааврын түвшин нэмэгдэж улмаар жин нэмэх, биений юмны мөчлөг алдагдах, арьс батгаших болон биеийн үсний ургалт ихсэх зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үеийн таргалалт нь ихэвчлэн хэвлий хэсгээр тархах ба биеийн галбир алим хэлбэртэй болно. Алим хэлбэрийн таргалалт нь ихэвчлэн зүрх болон бусад өвчний эрсдэлийг нэмэгдүүлэх уршигтай байдаг.

Поликистоз үүдэлтэй таргалалт, инсулины эсэргүүцэл зэрэг нь бусад олон эмгэгийн эх үүсвэр болдог. Үүнд:

  • II хэлбэрийн чихрийн шижин
  • Холестерол ихсэх
  • Цусны даралт ихдэлт
  • Унтах үед амьгал боогдох

Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжийн нөлөөгөөр дараах дааврын тэнцвэр алдагдана. Үүнд:

  • Шар биеийн дааврын хэмжээ ихсэх. Энэ даавар нь өнчин тархинаас ялгардаг ба өндгөн эсийн ялгарлыг сэдээж, өндгөвчний даавар ялгарлыг зохицуулдаг. Үүний илүүдэл нь өндгөвчийг хэвийн бус үйл ажиллагаатай болгоно.
  • Тестостерон ба бусад эр бэлгийн дааврын хэмжээ ихсэх, үүний үр дүнд өндгөвчний олон уйланхайт хамшинжийн өвөрмөц шинж тэмдэг илэрдэг (хэвийн үед эмэгтэй хүн бүр бага хэмжээний эр бэлгийн даавар ялгардуулдаг ч энэ нь эрэгтэйчүүдээс хамаагүй бага).
  • Фоликул идэвхжүүлэгч даавар ба прогестерон дааврын хэмжээ буурах.
  • Бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдах. Бамбай булчирхайгаас ялгардаг дааврууд бодисын солилцооны зохицуулганд оролцдог. Поликистозын үед эдгээр дааврын түвшин хэвийнхээс бага болдог.
  • Пролактины хэмжээ ихсэх. Энэ даавар жирэмсэн үед хөхний булчирхайгаас сүү ялгаралтыг сэдээдэг.

Өндгөвчний олон уйланхайт хамшинж юунаас үүсдэг вэ? 

Удам дамжих хандлага их байдаг ч таргалалт эрс нэмэгдсэн одоо цагт бэлхүүсний таргалалттай эмэгтэйчүүдийн инсулины хэт эсэргүүцлээс сахарын түвшин нэмэгдэхийн зэрэгцээ хэт их инсулин өндгөвчний өндгөн эс ялгаруулалтыг саатуулан, эр бэлгийн даавар ихэсдэг байна. Энэ байдал удаан үргэлжилбэл цусан дахь хэт өндөр сахарын хэмжээ судасны хананд нөлөөлж чихрийн шижингийн эмгэгтэй болно.

Дааврын тэнцвэр алдагдлыг зохицуулах нь

Азаар Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжийн шинж тэмдгийг зохистой хооллолт болон дасгалаар зохицуулах боломжтой. Эхний алхам бол илүүдэл жингээ хасах. 5-6 кг хасахад даавар тэнцвэржин батга, илүүдэл үс эрс багасч, жирэмслэх бололцоог нэмэгдүүлдэг байна. Байнгын дасгал хөдөлгөөн нь инсулин эсэргүүцлийг бууруулж, чихрийн шижингийн эрсдэлийг багасгаж чаддаг. Мөн өндөр байгаа сахарын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд нүүрс усаар баялаг хоолыг хязгаарлаж оронд ч жимс, хүнсний ногоо, үр, вандуй, загас болон өөхгүй мах зэргийг хэрэглэх нь зүйтэй. Нүүрс усаар баялаг цагаан талх, цагаан гоймон, цагаан будаа зэргийг хоол хүнсэндээ хэрэглэвэл цусны сахарын хэмжээ дорхноо ихэснэ. Хэрвээ та нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсэж байвал хромыг туршаарай. Учир нь энэ эрдэс цусны глюкозын хэмжээг тогтвортой барьдаг.

Өндгөвчний олон уйланхайт хамшинжийн оношилгоо:

  • Шинж тэмдгүүд.
  • ЭХО, өндгөвчинд олон тооны уйланхай харагдана.
  • Цусны шинжилгээ,
    • Шар биеийн, тестостерон дааврын хэмжээг үзэх
    • Инсулины хэмжээ
    • Глюкоз (хоол идсэнээс 10 цагийн дараа хэмжих)
    • Холестерол (хоол идэснээс 14 цагийн дараа хэмжих)

Биений юмны мөчлөг алдагдсан эсвэл огт ирэхээ больсон тохиолдолд прогестерон даавар, эсвэл 21 хоногийн даавар зохицуулах жирэмслэхээс сэргийлэх эм хэрэглэхийг зөвлөдөг. Энэ нь биений юмны хэвийн мөчлөгтэй болгоход тусална.

Ургамлын гаралтай нэмэлт тэжээлээс Agnus Castus поликистозын зовиур, шинж тэмдгүүд болон сарын тэмдэгийн өмнөх хамшинж зэрэгт хоёрлосон маш сайн үйлчилгээтэй. Энэ нь сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулж, сарын тэмдгийг тогтмол хугацаанд ирдэг болгох ач тустай. Ургамлын гаралтай бүтээгдэхүүний даавар тэнцвэржүүлэх үйлчилгээ нь ойролцоогоор сарын дараа илрэх тул шантралгүй хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ та батганаасаа салахыг хүсч байвал арьсны нянг устгадаг бензол пероксидын тос, лосьон, гелийг хэрэглэж болно. Agnus Castus нь мөн илүүдэл тестостероныг зайлуулах болон батга устгах, илүүдэл үсийг байхгүй болгох үйлдэлтэй.

picture_ovaries - Copy

Гирсутизм-бие болон нүүр хэт үсжих нь эмэгтэй хүнд маш хүндээр тусдаг. Илүүдэл үсээ цайруулах, үс унагаах тос хэрэглэх, ваксдах, үс зулгаах зэргээр багасгаж болно. Илүүдэл үсээ арилгах хамгийн сайн аргуудад электролиз, дууны долгион ба лазер эмчилгээ орох ба эдгээр нь удаан хугацааны үр дүнтэй байдаг.

Орчин үеийн эмчилгээнд Saw Palmetto нэмэлт бүтээгдэхүүнийг зөвлөдөг. Энэ нь тестостероны хэмжээг бууруулах үйлдэлтэй. Энэ тэжээлийг эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүст зөвлөдөг тул эмэгтэйчүүд хэрэглэх заалт болон тунг эмчтэй зөвлөлдөөрэй. Эмэгтэйчүүдийн тестостерон дааврын хэмжээ зохих хэмжээнээс хэтэрсэн үед үс унах асуудалтай тулгардаг. Үүнийг эмчлэх боломжтой.

Шинж тэмдгүүдийг багасгахад хэд хэдэн төрлийн эмийг хэрэглэнэ. Үүнд:

  • Жирэмслэхээс сэргийлэх эмийн төрөл эстроген ба анти-андроген агуулсан эм илүүдэл үсний ургалт болон батга багасгах үйлдэлтэй.
  • Эмэгтэйчүүдийн нүүрний үсний ургалтыг сааруулах тос хэрэглэх
  • Хаван хөөдөг диуретик буюу спиронолактон төрлийн эмүүд илүүдэл үсийг багасгах үйлдэлтэй.
  • Чихрийн шижингийн эмүүд тестостероны ялгаралтыг бууруулдаг. Зарим судалгаагаар инсулин эмчилгээ нь жин хасахад тусалдаг гэж үзжээ.

Нэмж хэлэхэд та эрүүл амьдралын хэв маягийн тусламжтай жингээ хянах боломжтой:

  • Сахар, нүүрс үс агуулсан хүнсийг хязгаарлаж, хүнсний ногоо, үр, жимс ихээр хэрэглэж заншаарай. Тохирсон хоолны зөвлөмжийг хоолны мэргэжлийн эмчээс аваарай.
  • Өдөрт 3 том хооллолтоос, 4-6 жижиг хоол идэх нь цусны сахарын хэмжээг нэг хэвийн тогтмол хэмжээнд барихад тусална.
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь зайлшгүй чухал.

Эмчийн хяналтанд цусны сахар, холестеролын хэмжээг тогтмол хянаж байгаарай. Харамсалтай нь Өндгөвчний Олон Уйланхайт Хамшинжийг гүйцэт эмчлэх бололцоогүй байдаг ч зөв мэдээлэлтэй байж, тохирсон эмчилгээ хийхийн хамт зөв зохистой амьдралын хэв маягтай байхад эмгэг шинж тэмдгүүдийг удаан хугацаагаар ихээр бууруулах бүрэн боломжтой байдгийг анхаарна уу.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »