Зарим эмэгтэйчүүдэд биений юм 41-45 насанд, тэр байтугай 40 наснаас өмнө зогсч, цэвэрших үеийн өөрчлөлтүүд илэрнэ. Цэвэршилт 45 наснаас өмнө илэрвэл эрт, 40 наснаас өмнө илэрвэл хэт эрт цэвэршилт гэж үздэг.

Цэвэршилтийн нас зохих хэмжээгээр удамшлаар тодорхойлогддог. Эхийнх нь цэвэшилтийн нас, удамшлын болон хромосомын гажиг эрт цэвэршилтийн ихэнх тохиолдлын шалтгаан байдаг. Эрт болон хэт эрт цэвэршилт нь умайг өндгөвчний хамт тайрах мэс заслын улмаас зарим тохиолдолд умай тайраад өндгөвчийг нь үлдээсэн тохиолдолд ч илэрч болно.

Мөн Турнерийн хам шинж, Дауны хам шинж зэрэг хромосомын гажиг, аутоиммун эмгэг (эсрэг биеүүд өндгөвчний ялгаруулсан бүтээгдэхүүний эсрэг ажиллах), хими эмчилгээ, радио эмчилгээ зэргүүд нь эрт болон хэт эрт үеийн цэвэршилт үүсэх шалтгаанууд болно. Зарим эмэн эмчилгээ өндгөвчний үйл ажиллагааг саатуулдаг ба ихэнх тохиолдолд эмчилгээг дуусгаж, эмэн эмчилгээг зогсоосны дараа сарын тэмдэг хэвийн болдог.

Хромосомын гажигтай эмэгтэйчүүд төрөлхийн дааврын хэмжээ бага байх тул ихэнх тохиолдолд сарын тэмдэг эхнээсээ ирээгүй байдаг. Мөн дааврын түвшний өөрчлөлт явагддаггүйтэй холбоотойгоор эдгээр эмэгтэйчүүдэд хэвийн цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгүүд илэрдэггүй.

Эрт цэвэрших шалтгаанд удамшлын онцлогоос гадна сэтгэл санааны хэт цочрол, биеийн жин алдаж турах, зарим хүнд өвчнүүд, мэс засал, гэмтэл, хорт зуршил (архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх) зэрэг амьдралын хэв маяг, өвчлөлөөс шалтгаалж болно. Цэвэршилт эрт эхэлснээс цэвэршилтийн шинж тэмдгүүд болох сарын тэмдэг жигд бус ирэх, зан араншингийн өөрчлөлт, халуу оргих, сарын тэмдгийн хэмжээ өөрчлөгдөх, үтрээ хуурайших, шээс задгайрах, давсаг сулрах, нүүрний арьс хуурайших, нойргүйдэх, бэлгийн сэрэл буурах зэрэг шинж тэмдгүүдээр илэрнэ. Эрт цэвэршилтийг буцаах аргагүй бөгөөд шинж тэмдгүүдийг хянах, даавар тэнцвэржүүлэх эмчилгээг хэвийн цэвэршилтийн адил хэрэглэнэ.

Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд

Эрт цэвэршилтийн сонгодог шинж тэмдгүүд эрт насанд илэрнэ. Эдгээрт:

  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах болон биений юм алгасч ирдэг болох
  • Биений юмны хэмжээ багасах, алгасч ирэхэд хэт их ирэх
  • Халуу оргих, хөөрөх (ихэвчлэн бүх биеэр мэдрэгдэнэ)

Эдгээр шинж тэмдгүүд өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын түвшин эрс буурсныг илэрхийлнэ.

Дээр дурдсан шинж тэмдгүүдтэй хавсарч дараах шинжүүд илэрч болно:

  • Үтрээний хуурайшил
  • Шээс задгайрах, давсаг сулрах
  • Сэтгэлийн санааны хямралууд / зан ааш тогтворгүй болох, сэтгэлийн дарамттай байх/
  • Ам, нүдний салст хуурайших, арьс хуурайших
  • Нойргүйдэл
  • Бэлгийн амьдралын дур хүсэл буурах

40 орчим наснаас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч эхэлбэл эмчид хандаж цэвэршилтийн оншлогоо хийлгэх хэрэгтэй. Эрт цэвэршилт эхэлж байгааг дараах байдлуудаар таамаглаж болно:

  • Химийн эсвэл цацраг туяаны эмчилгээ хийлгэсэн
  • Гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл өөрөө дархлалын буюу аутоиммуны өвчтэй байсан /жишээ нь: бамбай булчирхайн идэвхжлийн буурал, Грэйвсийн эмгэг, люпус буюу чонон хөрвөс/
  • Олон жил үргүйдэлтэй байсан
  • Ээж эсвэл ойрын эгч нараас эрт цэвэршиж байсан

Эрт цэвэршилтийн оношлогоо

Эрт цэвэршилтийг оношлоход хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн дотуур үзлэг болон жирэмслэлт, бамбайн эмгэг гэх мэт өвчлөлийг үгүйсгэх зорилгоор цусны нарийвчилсан шинжилгээ хийнэ. Мөн эстроген дааврын нэг хэлбэр болох эстрадиолын хэмжээ цусны шижилгээгээр үзнэ. Хэрэв эстрадиолын хэмжээ багассан байвал өвдгөвчний үйл ажиллагаа буурч байгааг илтгэнэ. Эстрадиолын түвшин 36-с доош байвал та цэвэршиж эхэлж байгаагийн дохио болно. Харин эрт цэвэршилтийн хамгийн чухал оношлогоонд фоликул сэдээгч дааврын (ФСД) хэмжээг цусанд үзэх явдал юм. Эстроген дааврын ялгаралт буурсан бол фоликул сэдээгч дааврын хэмжээ ихэснэ. ФСД-ын хэмжээ 30-40мIU/мл болон түүнээс дээш болсон тохиолдолд цэвэршсэнийг нотлох үзүүлэлт болно.

Эрт цэвэршилтийн эрүүл мэндийн эрсдэл

Эрт цэвэршилттэй эмэгтэйчүүдийн эстроген дааврын түвшин унаж, өвдгөвчний үйл ажиллагаа зогссон байдаг. Эстроген дааврын ялгарал унаснаас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээр нөлөөлж, үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт зэрэг олон өвчлөл эмгэгүүдийн эрсдэл ихсэх хүндрэлтэй. Мөн өндгөвч болон бүдүүн гэдэсний хавдар, шүдний буйлны үрэвсэл, нүд цайх (катаракт) зэрэг өвчнүүдийн эрсдэл эстроген уналтаас шалтгаалж нэмэгддэг.

Эрт цэвэршсэн эмэгтэйчүүд хугацаандаа цэвэршсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьдралын арай урт хугацааг эстроген дааврын хамгаалалтгүйгээр өнгөрөөдөг тул тэдний эрүүл мэнд өвчлөл болон хүндрэлийн асар өндөр эрсдэлтэй байдаг.

Эрт цэвэршилтийн эмчилгээ

Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд болон сэтгэл санааны хямралыг ердийн цэвэршилтийн шинж тэмдгийн арга хэмжээтэй адил явуулна. Шинж тэмдгүүд арай хүнд бөгөөд ажил амьдралын хэвийн байдлыг хадгалахад бэрхшээлтэй болтол хүндэрвэл эмчийн хяналтанд даавар орлуулах эмчилгээ хийлгэх нь чухал. Эрт цэвэршилтээс үргүйдэлтэй болсон эмэгтэйчүүд нөхөн үржихүйн мэргэжилтэнд хандаж өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Эрт цэвэршилтийн шалтгаан олон нөхцөл байдалтай тул нэгэнт эхэлсэн бол хэзээ ч эргэхгүй үйл явц юм. Иймд эрт цэвэршилтийн уршгаар үүсэж болох эрсдлийг сайтар хянах зорилгоор зохистой оношлогооны аргаар баталгаажуулсны эцэст орлуулах даавар эмчилгээ тогтмол хэлбэрээр цэвэршилтийн дундаж нас хүртэл хэрэглэх нь хамгийн оновчтой байдаг.