Биед шаардлагатай шингэнийг хэрхэн зөв нөхөх вэ?

Толгой өвдөж, төвлөрч чадахгүй байна уу? Иймэрхүү зовиур хүн бүхэнд тохиолдож байсан ба тэдгээрийн тэн хагас нь шингэний дутагдлаас болсон байх магадлалтай.  

Ямар ч ус уудаггүй, зөвхөн сахаргүй коланд найдаж явдаг маш олон хүмүүс байдаг. Тэдгээрийн олонх нь илүүдэл жингээ хасахын тулд “илчлэг багатай” гэсэн хийжүүлсэн ундааг хамгийн тохиромжтой гэж төөрөлддөг. Ус таныг таргалуулахгүй гэдэг нь ойлгомжтой. Хэвийн жинтэй хүмүүс ч гэсэн ус уух шаардлагагүй, усны амт таагүй гэсэн олон шалтаг гаргаж шаардлагатай усаа уулгүй явах нь элбэг.

Бидний бие махбодийн талаас илүү хувь нь уснаас бүрддэг. Биеэ эсэн мэнд байлгахын тулд түүнийгээ усаар тэжээж, тэтгэх нь тун чухал. Шингэний дутагдал нь хүний биеийн бараг бүх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Шингэн дутагдсанаас дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Төвлөрч чадахгүй болох. Тархины 75 хувийг ус эзэлдэг. Шингэн дутагдахад тархи агшсанаас оюун ухаанаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй болж, ой санамж, хариу үйлдэл үзүүлэх чадвар муудаж, толгой өвддөг болно.
  • Булчин ядрах. Булчингийн чадал, ачаалал даах чадвар, эрч хүч болон удирдлага шингэний дутагдалд орсон үед эрс буурдаг.
  • Өтгөн хатах. Ус нь ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдэг. Тиймээс хангалттай хэмжээний ус уухгүй бол өтгөн хатдаг болно.
  • Дархлаа сулрах. Дархлааны тогтолцоогоо дэмжиж сайжруулахад ус хэрэгтэй байдаг.
  • Арьс хуурайших. Шингэний дутагдлаас арьс хуурайшин залуулаг чанараа алдана.

Шингэний эмчилгээний ач холбогдол

Хангалттай хэмжээний ус уухад эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хэвийн явагдаж, бодисын солилцооны үр дүнд хуримтлагдсан хорт бодисуудыг гадагшлуулах үйл явцыг хурдасган, арьсыг цэвэр, толигор болгоно. Шингэний хэрэглээг нэмэгдүүлснээр мөн цөс цэвэрлэж, бөөр чулуужихыг багасган зарим төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна. Шингэний хэмжээгээ хангалттай хэрэглэж чадвал зүрхний титэм судасны хурц дутагдлын эрсдэлийг бууруулж болно.

ШИНГЭНИЙ ДУТАГДАЛД ОРСНОО ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?

Шингэний дутагдалд орсноо шалгахын тулд гарынхаа ар талаас чимхэхэд хэр хурдан тэнийж байгааг шалгана. Тэнийхгүй удвал та шингэний дутагдалд орсон байх магадлалтай. Мөн шээсний өнгийг харах хэрэгтэй. Цайвар шээс шингэн хангалттай байгааг, өтгөн шар, бараан өнгөтэй байвал шингэний дутагдалд орсныг илтгэнэ.

Шээс ялгарал, хөлс гаргах, ярих тэр байтугай амьсгалах явцад бид биеийн шингэнээ гадагшлуулж байдаг тул уг зарцуулсан шингэнээ тогтмол нөхөх шаардлагатай байдаг. Нөхөх шаардлагатай шингэний хэмжээ нь таны хэр их идэвхтэй хөдөлгөөнтэй байдаг, цаг уурын байдал болон биеийн жингээс шалтгаална. Эмэгтэйчүүд өдөрт 2,2 литр, эрэгтэйчүүд өдөрт 2,9 литр, халуун газар биеийн хүчний ажил хийдэг бол хүйс хамаарахгүй өдөрт 4,5 литр хүртэл шингэн хэрэглэхийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зөвлөжээ. Жирэмсэн үедээ эмэгтэйчүүд 4.8 литр, харин хөхөөр хооллож байхдаа 5,5 литр хүртэл шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Шингэний хэрэгцээнийхээ зарим хэсгийг жимс, хүнсний ногооноос авах боломжтой бөгөөд эдгээр хүнсний 80-95 хувийг ус эзэлдэг.

ШИНГЭН НӨХӨХ АРГУУДААС

  • Жимсний шүүс шахагч худалдан авч, өдөр бүр жимсний шинэ шүүс уух
  • Каффейн агуулсан шингэний оронд ус, ургамлын цай хэрэглэх.
  • Хаана ч явсан савтай ус авч явах. Өдрийн турш савтай уснаасаа уух.
  • Шингэний хэрэгцээгээ хангахад туслах жимс, хүнсний ногоо, тунгалаг шөл уух.
  • Цангахаас өмнө шингэн ууж байх. Цангаж байна гэдэг нь аль хэдийн шингэний дутагдалд орсны дохио байдаг.

Савласан цэвэр ус

Ихэвчлэн газрын гүнээс гаргаж авдаг байгалийн эрдэст ус болон хадны завсраар урсдаг горхины усыг цэвэршүүлж савласан ус байдаг. Савласан усыг хэрэглэснээр эрүүл мэндийн мэдэгдэхүйц ашиг тустай гэсэн баримт байхгүй. Нүүрcхүчлээр баяжуулсан ус (хийжүүлсэн) нь ходоод гэдсийг цочроох магадлалтай тул аль болох хийжүүлээгүй, цэвэр ус сонгож ууж байгаарай.

Уух заавар 

Крантны шүүж цэвэршүүлсэн ус хэрэглэх боломжгүй үед хэрэглэж болно.

Согтууруулах ундаа 

Нэг хундага улаан дарс эрүүл мэндийн ашиг тустай ч, согтууруулах ундаа нь шээс хөөж, шингэний дутагдалд оруулдаг.

Уух заавар

Долоо хоногт эмэгтэйчүүд 14 нэгж, эрэгтэйчүүд 21 нэгжээс хэтрүүлэхгүй хэрэглэх нь зүйтэй.

Крантны ус

Крантны ус нь бие махбодид шаардагдах шингэнээ авах хамгийн хэмнэлттэй, хялбар арга боловч ариутгалын зориулалттай хлор, фтор, хөнгөн цагаан зэрэг бодисуудыг агуулдаг тул шүүлтүүр хэрэглэх шаардлагатай. Баллонтой усны оронд шүүлтүүр суурилуулж хэрэглэх нь илүү ач холбогдолтой бөгөөд хорт бодисуудыг илүү сайн шүүж, нян үржих нөхцлийг багасгадаг.

Уух заавар

Дээр дурдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас зөвлөсөн хэмжээгээр ууж болно.

Халуун ундаа

Цай, кофе, халуун шоколад зэрэг нь бүгд каффейн агуулж бодисын солилцоог эрчимжүүлдэг ч цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, нойрыг хулжаадаг. Энэ төрлийн ундаа нь илчлэг ихтэй тул биеийн жинг нэмэгдүүлнэ. Дунд зэргийн нэг аяга кофе дунджаар 206 ккал илчлэг 32 гр сахар агуулж байдаг.

Яаж уух

Каффейны хэрэглээгээ аль болох багасгаж, ургамлын цайгаар орлуулаарай.

Жимс, ногооны шүүс

Жимсний шинэ шүүс эрүүл мэндэд тустай амин дэмээр баялаг байдаг. Шүүс уух нь Альцхаймерийн өвчнөөр (ой сэтгэхүй өөрчлөгдөх эмгэг) өвчлөх эрсдэлийг бууруулдаг. Ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахын тулд эслэгээр баялаг бүхэл жимс, ногооны шүүс өөрөө бэлтгэж уугаарай. Хэрвээ бэлэн шүүс хэрэглэвэл аль болох богино хугацаагаар хадгалдаг шүүсийг сонгох нь зөв. Мөн концентраци агуулаагүй, шинэ жимсний шүүсээр хийсэн ундаанд нэмэлт сахарын агууламж бага байдаг.

Уух заавар 

Өдөрт 150 мл шүүс уухад өдөрт хэрэглэвэл зохих 5 нэгж жимс, ногооны 1 нэгжтэй тэнцэнэ. Мөн шингэнийг нөхөх үйлчилгээтэй.

Хийжүүлсэн ундаа 

Хийжүүлсэн ундаанд сахар, амт оруулагч, нэмэлт орцууд болон өнгө оруулагч агуулагддаг бөгөөд ядарч сульдах, нойргүйдэх, жин нэмэх зэрэг эрүүл мэндийн эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 Уух заавар

Аль болох уухгүй байхыг хичээж, оронд нь шүүсэн ус уудаг байх.

Ургамлын цай

Ургамлын цай нь эрүүл мэндэд тустай бөгөөд каффейн агуулдаггүй. Гаатай, гоньдтой цай хоол боловсруулалтанд тустай. Элэг болон дотоод эрхтэнүүдийг цэвэрлэх зорилгоор  халгайны цай ууж болно. Хэрвээ та кофегоо бүрэн хаяж чадахгүй байвал багваахай цэцгийн кофе (dandelion) уугаарай. Энэ нь калий эрдсээр баялаг бөгөөд элэг, цөсөнд сайн, ходоод гэдэсний үйл ажиллагаанд тустай.

Уух заавар 

Өдөр бүр уухад хамгийн тохиромжтой.

Та үүнийг мэдэх үү?

Жүржийн шүүсэнд агуулагддаг С амин дэм нь бие махбодийн төмөр шингээх үйл явцыг сайжруулдаг тул төмрөөр баялаг, шошны төрлийн болон ногоон өнгийн хүнсний ногоо хэрэглэхдээ нэг аягыг уухад илүү ач холбогдолтой. 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »