Нуруугаа цэх барьж, биеэ зөв галбиртай байлгаж чадвал ууц нуруугаар өвдөхөөс сэргийлж, стрессийг хөнгөлөхөөс гадна,  биеийн жин хасагдсан мэт харагдуулж болох олон сайн талтай. Нуруугаа цэх, гэдгэр барих зуршилтай болоход дараах зөвлөгөө тус болох тул сонирхоно уу.

  1. Хүний нуруу толгойгоо тогтвортой барьж, зөөлөвчтэй хамгаалах зориулалттай төрөлхийн бага зэргийн тахир эсвэл босоо S – хэлбэртэй байдаг. Нурууны энэ хэлбэрийг хадгалахад их биеийн тулгуур булчингуудын эрч болон тэдгээрийн зөв агшилт сулралын үйл ажиллагаа голлох үүрэг гүйцэтгэдэг. Иймээс нуруу, их биеийг цэх байлгахын тулд нуруу, хэвлий орчмын булчингийн зөв дасгалыг тохирсон ачааллаар хийх хэрэгтэй. Их биеийн булчингийн буруу дасгал эсвэл ачааллыг хэтрүүлснээс булчингууд цочирдон агшсанаас нугалмууд дарагдаж, нуруу богиносох эсвэл булчингууд суларснаас сулбайж бөгтийх хандлагатай болно.
  2. Хэтэрхий оройтсон гэсэн бодлоосоо сал. Компьютер дээр удаан хугацаагаар суух эсвэл жолооны ард бөгтийж суух, бөгтийж явах зэрэг нь бүр насан туршийн зуршил болоод зогсохгүй нуруу архаг хэлбэрээр тогтмол өвддөг болж ядаргаанд оруулах, ажлын чадавх муудах гол хүчин зүйл болно. Гэхдээ бөгтийдэг муу зуршлаас салахад хэзээ ч оройтохгүй. 70 нас хүрсэн ч биеэ цэхэлж, галбираа засч, үр дүнг нь мэдрэх боломжтой.
  3. Биеэ үргэлж цэх барихад суралцах хэрэгтэй. Компьютер дээр удаан хугацаагаар ажиллахдаа мөрөө анзаараарай. Өөрийн мэдэлгүй мөрөө дээш хавчин чангалаад байгаагаа ажиглавал мөрөө суллан, нуруугаа эгцэлбэл нурууны булчингууд суларч, мэдрэл дарагдахгүй болсноор нурууны архаг өвдөлтөөс сэргийлж чадна.
  4. Ажлын зөв нөхцлийг бүрдүүл. Ажлынхаа дийлэнх цагийг компьютер дээр ажилладаг бол ширээ, сандал, компьютерийн дэлгэцийн өндрийг зөв тохируулах нь нэн чухал. Бөгтийж удаан хугацаагаар хөдлөхгүй сууснаас ууц нуруугаар өвдөх гол шалтгаан болдог. Тогтмол завсарлага авч, босож алхах хэрэгтэй. Хүзүү нуруугаа хамгаалахын тулд компьютерийнхээ дэлгэцэн дээр “ТЭГШ СУУ” гэсэн сануулга бичиж тавьж болно.
  5. Хэвлийн хөндийн эрхтэнүүдээ хангалттай орон зайтай байлга. Бөгтийснөөс гэдэс шахагдаж ходоод, уушиг, зүрх лүү түрж орсноос амьсгалд саад учруулан, хоол боловсруулалтыг саатуулан эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Судлаачдын тогтоосноор бөгтийсний улмаас өндөр нь 3 см ба түүнээс ихээр намхан болсон хүмүүс зүрхний өвчинд өртөгдөх тохиолдол 42 хувиар өндөр байжээ. Нуруугаа тэгшилж гэдийж өгвөл дотор эрхтнүүд хангалттай орон зайтай болж, үйл ажиллагаа нь хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлж өгч чадна.
  6. Зөв амьсгал. Биеэ цэх барьж чадахгүй байвал цээжний хөндий багасч, уушиг гүйцэд тэлж чадалгүй, амьсгал бүрэн гүйцэд авах боломжгүй болдог тул нуруугаа тэгшлэн гүйцэд амьсгалдаг дадалтай болох хэрэгтэй.
  7. Стрессийг даван туулах аргачлалд суралц . Стрессийн нөлөөнд удаан хугацаагаар өртөгдсөнөөс бие махбодь байнгын түгшүүрийн мэдрэмж, чангарлын улмаас толгой мөрөө тогтмол хавчих байрлалд дасдаг. Нурууны булчингийн байнгын чангарал тархинд тогтмол дохио өгснөөр тархинд стрессийн голомтын эх үүсвэр бий болох үр дагавартай. Иймээс бие махбодь болон бодлоо нэг дор тайвшруулж суллахын тулд түшлэгтэй сандал дээр тэгш сууж, улаараа шалыг мэдэрч, гүнзгий амьсгал авдаг дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр ууц нуруу сандалны түшлэгийг мэдрэн тэнийхэд стрессийн нөлөө багасна.
  8. Хөлөндөө ихэнх ачааллыг өг. Ихэнх хүмүүс босч суух үйлдлийг хийхдээ гараараа ширээ тулж, мөрөндөө ачаалал өгч, хөлийг ер оролцуулдаггүй. Гэвч энэ тулгуур ажлыг хөл дангаараа хийх чадвартай. Бид өдөр тутам хийх ажилдаа дарагдан, яаран босч суухдаа нуруу мөрөндөө өгдөг энэ хэт ачааллыг ер ажигладаггүй. Хөлний булчингаа ашиглаж сурахын тулд гараар түшилгүй босох дасгал хийгээд үзээрэй. Босч суух хөдөлгөөнийг аажим, зөөлөн хийгээд, бүрэн гүйцэд тэнийж зогстол аажмаар биеийн жингээ хөлөн дээрээ төвлөрүүлж байгаарай.
  9. Нуруугаа тэнийлгэж хэвтэх. Өдөрт 15-20 минут тэнийж хэвтэх, эсвэл хатуу гадаргуу дээр өвдгөөрөө нугалж хэвтэх зав гаргаж байгаарай. Ингэж амарснаар нурууны булчингуудыг суллаж, тэдгээрт өгөх ачааллыг жигдэлж өгдөг. Шалан дээр амарч хэвтэхдээ толгойгоо хэт гэдийлгэж, залгиур хоолойнд шахалт үзүүлэхээс сэргийлж толгой доороо ном тавиарай. Бөгтийж заншсанаас нуруу нумарч байвал нуруугаа тэнийлгэх гэж хүчлэх хэрэггүй, аажимдаа өөрөө тэгшрэх болно. Нурууны булчингаа суллан хэвтэхдээ гараа тохойгоор нугалан, алгаа гэдсэн дээрээ тавьж, хөлийн бүтэн улаа шалан дээр тавиарай. Зөөлөн амьсгалж хүзүү, мөр, ууц нуруу зэрэг хамгийн их ачаалал авдаг хэсгийн булчингуудыг суллаж нуруугаа уртасч, мөрөө өргөсч байгааг анзааран мэдрээрэй. Энэ дасгалыг хийснээр бүх биеийн чангарлыг суллаж  стресс гадагшлахад тус болно.
  10. Өсгий. Зөв тэгш бие галбиртай болоход зайлшгүй анхаарах зүйл бол гутлын өсгий. Өндөр өсгийтэй гутал хөлийн шагайн үеүдийг хэт сунгаж, өвдгөөрөө бүрэн нугалах боломжгүй болгож, алхаж явах ачааллыг нуруунд илүүтэйгээр өгдөг. Шагай болон өвдөгний үений хөдөлгөөнийг хорихгүй чөлөөтэй хөдөлгөх боломж өгөхөд тохирсон өсгийтэй гутал сонгох хэрэгтэй.
  11. Өөртөө итгэлтэй байх мэдрэмжийг ол. Биеэ авч явж байгаа байдал, нурууны цэх байдал таны бодол санааг илэрхийлж байдаг. Гутарсан, сэтгэл санаа үймэрсэн үедээ хүн унжгар болдог. Харин нуруугаа эгцлээд, бие махбодийн илэрхийллээр өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж болно. Толгой гэдгэр, нуруу тэгш байхад ямар ч гутрал болон уур бухимдалд эсэргүүцэл үзүүлж болно. Гаднаас харсан ч та өөртөө итгэлтэй, эрч хүчтэй харагдана.
  12. Илүү гоолиг харагдах арга. Унжийж бөгтийхгүйн тулд нуруугаа тэнийлгэхдээ хүн гэдсээ татдаг. Ингэснээр илүү нарийхан, гуалиг харагдах болно.
  13. Дугуй унадаг хүмүүст анхааруулах нь. Дугуй их унадаг хүмүүсийн нуруу өвддөг болох эрсдэлтэй байдаг. Дугуй унах явцад нуруугаа бөгтийлгэж, буруу байрлалтай унадгаас нурууны булчин хөшиж өвддөг болно. Мэргэжлийн дугуйчид нурууны булчингаа байнга хөдөлгөж, дасгал хийдэг. Харин жирийн дугуйчид нурууны булчин хамгаалах дасгал хийдэггүй, нэг хэвийн хөшүүн байх хандлагатай байдаг.
  14. Эмчид хандах. Маш олон хүмүүс биеэ цэх авч явах дадалгүй, бөгтийснээс нуруу өвддөг болсныг мэдэлгүй явдаг. Нурууны булчин суллах дасгал хийж, цэх явдаг дадалтай болбол нурууны олон төрлийн эмзэглэлээс сэргийлж болно. Гэвч дасгал хөдөлгөөнөөр нурууны өвдөлт зогсохгүй, халууран хөлөрч байвал эмчид хандах хэрэгтэй.
  15. Бусад арга замууд. Иллэг бариа, иог болон Пилатес дасгал, аарцаг нурууны эмгэгийн мэргэшсэн эмчийн зөвлөгөөгөөр биеэ цэх авч явахад туслах олон аргууд бий. Иллэг массажаар булчинг суллаж, үе мөч, яс, булчинд ирэх цусан хангамжийг сайжруулж өвчинг бууруулдаг.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »