Нас ахих тусам өөртөө илүү их итгэлтэй болж, амьдралдаа сэтгэл ханамжтай байх ухаан суудаг тул амьдралын шимийг эдлэх оргил цаг ирдэг.
Тогтвор суурьшилтай болж, амьдралын шинэ үе шатыг угтаж байхдаа бид ихэнхдээ хүлээж байгаа ирээдүйн боломжоо биш хойч үеийнхээ үйл явдал дээр төвлөрөх нь элбэг байдаг. Гэтэл бид амьдралаас суралцсан туршлага болон хэрсүү  ухаандаа  тулгуурлан амьдралынхаа дараагийн шинэ бүлгийг шинэ зорилго, төлөвлөгөө бүхий сэтгэл хөдлөлөөр дүүрэн эхлүүлж болно.

Насжиж хөгширдөг нь бидэнд хамаардаггүй, зөвхөн бусад хүмүүст л тохиолддог гэж санагддаг. Хүүхэд байхад 20 нас хүршгүй хол, 30 нас төсөөлшгүй их юм шиг санагддаг байснаа гэнэт 40-50 хүрч нас арав арван жилийн хурдтай хүрээд ирсэн байдаг.

Манай нийгэм насжилтыг алдагдал, хэрэгцээгүй болохтой адилтгаж үздэг -эрч хүч буурч, үр удмаа үлдээх бололцоогүй болж, эрүүл мэнд сулран чадавх бууран, гоо сайхнаа алдах зэргийг л олж хардаг. Бидний ойлголтоор нас ахисныг тос, будаг, үрчлээ дарах Ботокс тарилгууд, үсний будгаар өнгөлөн далдлах ёстой гэдэг. Зөвхөн гадна үзэмжээр залуу хэвээр байх нь эрч хүчээ хадгалсны баталгаа хэмээн үздэг ч насжихын хирээр хүний оюун ухааны потенциал нэмэгдэж, амьдралын боломж болон хандлага нээгддэг нь илт харагдаж байдаг.

Нас нэмэхийн хирээр нүдний хараа, ой санамж, булчингийн чангарал, арьсны уян хатан чанар муудаж байгаа нь илт мэдрэгддэг ч, бидний тархи хөгжсөн хэвээрээ, илүү олон нарийн мэдрэлийн сүлжээ үүсгэдгийг та мэдэх үү? Үүний хажуугаар сэтгэл хөдлөлийг  удирддаг тархины хэсэг болох амигдала сөрөг үйл явдалд бага, эерэг үйлдэлд илүү хариу үзүүлдэг болж хувирдаг. Өөрөөр хэлбэл уур уцаар, уйтгар гунигт сөрөг хариу үйлдлийг удаашруулж, эргэцүүлэн бодох чадварыг сааруулснаар сэтгэл хөдлөлөө илүү сайн удирддаг болно. Бидний шүүн тунгаах чадвар сайжирч, юуг анхаарахгүй орхихоо мэддэг болно.

Хэдийгээр энэ нь сайн тал боловч бид насжилттай эвлэрдэггүй нь зөвхөн бие махбодийн болон оюуны үйл ажиллагаа суларч байгаагаар л хүлээж авдагтай холбоотой. Нас нэмснийг толинд харагдаж буй дүр төрх болон олон нийт уг дүр төрхөнд ямар үнэлгээ өгдгөөр тодорхойлдог нь харамсалтай. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн 90 хувь нь толинд харахаас эмээдэг. Нэрт жүжигчид болон одууд “сайхан” насжиж байдгаараа нэрд гарсан байдаг ч хувийн гоо сайханч, хувийн дасгалжуулагч, хоолны мэргэжилтэнгүйгээр тэдгээр одуудын дайтай сайхан харагдах дарамтыг ердийн бидэнд мэдрүүлэх нь амаргүй.

Залуу харагдах шаардлагатай нүүр тулгарснаас эмэгтэйчүүд яах ч аргагүй 2 замын нэгийг сонгодог. Насжилтыг эсэргүүцэн, залуу дүр төрхөө хадгалж үлдэхийн тулд огцом  арга хэмжээ авах эсвэл юу ч хийлгүйгээр толгой дээгүүрээ хөнжлөө нөмөрч хэвтэн өөрийгөө гаргуунд нь хаяна. Гэвч эдгээр сонголтуудын дундах буюу аль ч насандаа хамгийн сайхнаараа харагдах сонголт бий.

Насжилттай бүү тэмц, залуу харагдах гэж бүү хичээ! Эмэгтэйчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол амьдралдаа урагш тэмүүлэхийн оронд ихэвчлэн залуу насаа хадгалахын төлөө мятаршгүй эрчтэй тэмцэж эхэлдэг юм. Бодит насаа хүлээн зөвшөөрөхгүй байдгаас  гутрах, амьдрал баталгаагүй болж байгаа мэт бодлоос болж өөрийнхөө зорилго хүслийнхээ төлөө бус бусдад хэрхэн харагдахын төлөө үйлдэл хийж шийдвэр гаргадаг болно.

Нас нэмэх тусам өөртөө итгэлээ олж, туршлагажин, бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол гэсэн айдсаас чөлөөлөгдөх боломж олгодог тул бусдын таалалд нийцэх биш,  зөвхөн өөрийн ирээдүйн амьдралын төлөвлөгөөг гаргах эрхтэй болдог давуу талтай. Аливаа мөрөөдөл аяндаа бүрдэнэ гэж хүлээхийн оронд хуримтлагдсан хэрсүү ухаанаа хүссэнээ биелэхэд бүрэн ашиглах нь зүйтэй.

30 НАС ДӨХӨХ

30 нас дөхөөд ирэхэд ажил болон гэр бүлээ зохицуулж гүйцсэн байх ёстой гэсэн дарамтанд орох нь элбэг. Гэвч энэ насанд давшгүй  зорилго тавих шаардлагагүй – зөвхөн өөртөө хамгийн тохирсон, зөв сонголтыг хийх чадвартай болсон байхад л хангалттай.  30 насны төрсөн өдөр нь залуу наснаас нас бие гүйцэж, тогтож байгааг илэрхийлэх бэлгэ тэмдгийн шинжтэй баяр болно. 30 нас хүрэхдээ ихэнх хүмүүс амьдралынхаа ханийг олж, ажил албан тушаал нь тогтож, гэр бүлээ төлөвлөсөн байх нь элбэг байдаг. Харин та нас бие тогтож эхэлсэн ч санхүүгийн баталгаатай болж чадаагүй, гэр бүл тогтворжоогүй байвал өөрийн эрхгүй айдастай болж, 30 нас хүрэхэд бэлэн биш байна гэж бодож эхэлнэ. Гэвч энэ насыг  сургуулийн хичээлийн шинэ жилийг анги дэвшиж эхэлж байгаатай адилтган нэг жил өнгөрсөн ч, таны нас нэгээр нэмэгдэж, илүү ухаалаг болох тул жил бүр анги дэвших тусам асуудлыг шийдэх чадвартай болно гэж итгэх хэрэгтэй.

30 насны эерэг өөрчлөлтүүд:

  • Та тайвширч сурна. 30 нас хүрэхэд санаа зовох багасдаг нь хамгийн эерэг өөрчлөлт юм. Өмнө нь санаа зовоож, салахгүй зууралддаг байсан асуудлуудыг бага анхаарч, танин мэдэх нас юм.
  • Өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. 30 нас хүрэхэд “үгүй” гэж хэлэх зоригтой болдог.
  • Бусадтай харьцах чадвар, дотно харьцаанд ухаалаг ханддаг болно. Нөхөрлөлд илүү бодитой хандаж, бусад хүмүүсийн хувийн зан чанарыг ойлгодог болно. Залуу байхад хүн бүрийг өөртэйгөө адилхан байлгахыг хүсдэг, өөрөө ч олны аяыг дагаж амьдардаг байсан бол харин 30 насанд өөрийнхөө өвөрмөц байдал, ялгааг илэрхийлж чаддаг болон өөртөө итгэх итгэл нэмэгдсэнээр найз нөхөддөө өөрийгөө шударга илэрхийлдэг, нөхөрлөлдөө илүү үнэнч, тууштай ханддаг болно.

ХҮСЭН ХҮЛЭЭСЭН 40 НАС

Их зүйлийг хүлээж харсан 20,30 насыг өнгөрсний дараа 40 нас хүрэхэд бүтээсэн  амжилтаа олж үнэлэх, тунгаан бодож тайвшрах боломж олдоно. Амьдралын арвин туршлага хуримтлуулсан тул энэ арван жилд та өөрийнхөөрөө аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах бололцоотой болдог. 40 настай эмэгтэйчүүд 20-30 наснаасаа эхэлсэн бүхий л хүнд хэцүү ажлын үр дүнг гаргаж, ажил албан тушаал, харилцаа холбоо, гэр бүлээ босгосон мэт харагдавч тэдгээр олон ачаалалд дарагдаж, ядарсан байдаг. Гэвч нөгөө талаас 40 нас хүрсэн ч, өөрийнхөө хүссэнд хүрч чадаагүй хүмүүс сэтгэлээр унаж, сэтгэл гутралд ч орох эрсдэлтэй байдаг.

40 нас хүрэхэд насжилт хөгшрөлтийн  физиологийн анхны шинж тэмдгүүд илэрч эхэлдэг үе юм. Амьдралынхаа энэ үе шатыг эмэгтэйчүүд байгалийн жам гэдгээс илүү жирэмсэлж, үр тээх бололцоо багасч,  залуу насны гоо үзэсгэлэнгээ алдаж байгаа нас эхэллээ гэж санаа зовниж эхэлдэг.

40 насаа сэтгэл хангалуун угтахад өөрийгөө бэлдэх нь:

  • Аливаа зүйлийн хоёр талыг олж харах нь чухал. Эхлээд 20 настайгаасаа хойш хэр их өсч, дэвжсэнээ эргэн харж, өөрийнхөө амжилтыг үнэл. Гэхдээ өдийг хүртэл биелүүлж амжаагүй зорилго, өөрчилж чадаагүй зуршлаа ойлгож ухаарах хэрэгтэй.
  • Хоёрдугаарт, таны ирээдүйд тун чухал нэг эсвэл хоёр зорилгыг өмнөө тавь. Эдгээр зорилгуудыг та өөртөө зориулж бий болгох хэрэгтэй бөгөөд бусад хүмүүс таны өмнөөс шийдэж гаргасан зорилго биш. Дараа нь тавьсан зорилгодоо хүрч, урагш хөдлөхийн тулд бодит алхмуудыг хийж эхлээрэй.

20, 30 насыг даван туулсны дараа эмэгтэйчүүдийн амьдралын туршлага нэмэгдэж санасандаа хүрэхийн хирээр тэдний чадвар болон эрх мэдэл дагаад нэмэгдэнэ. 40 насны эмэгтэйчүүд гэр бүл, ажил, нийгмийн харилцаанд шинэ, сонирхолтой бөгөөд илүү их ач холбогдолтой хувь нэмэр оруулахыг хичээдэг. 40 нас нь нэг хэсэг хүмүүст хямрал сүйрэл мэт санагдавч, нөгөө хэсэг эмэгтэйчүүдийн хувьд  залуу охид шиг туранхай харагдах гэсэн бодит бус эрмэлзлэл шаардлагагүй гэж ухааран тайвширч чаддаг үе юм. Энэ насанд эмэгтэйчүүд жаргал зовлон, тэсвэр хатуужил, халамжаа харилцан хуваалцдаг, итгэлтэй тодорхой найз нөхөд, дотны хүмүүсийн хүчирхэг сүлжээтэй болсон байдаг. Амьдралын хэм жигдрэн, тогтвортой бөгөөд тайван хэмд шилжихээрээ та юунаас илүү ханамж авч байгааг олж анзаарах чадвартай болох бөгөөд, харин аз жаргалыг мэдрэхийн төлөө юу хийх гэдэгт санаа зовнихоо болино. Насжилт бол өсөлт гэж төсөөлөн тэсч үлдэхийн төлөө биш дэлгэрч хөгжих үе шат хэмээн хүлээж авдаг болох хэрэгтэй.

50 НАСАНД ХҮРЭХ ЗАМ

50 насны онцгой төрсөн өдөр нь айдас болгоомжлолыг дагуулж болох ч, бага зэрэг бэлтгэлтэй байвал 50 нас шинэ, бүтээлч эрч хүч, эрх чөлөөгөөр дүүрэн, бидний амьдралын хамгийн сэтгэл хангалуун үе байх боломжтой.

50 насны төрсөн өдөр айдас төрүүлдэгт гайхах зүйлгүй. Учир нь насжилт амьдралын төгсгөл ойртож байгааг илэрхийлэх тул бид түүнээс айдаг. Бидний амьдарч байгаа нийгэмд гадаад үзэмж, хүйс, насыг чухалчилдаг тул насжилтыг эмэгтэйчүүд илүү хүндээр хүлээж авдаг. Ээжүүд бусдыг зорилгоо биелүүлэхэд нь туслахад олон жилийг зарцуулдаг, харин 50 нас бол тэдний хувьд сайн талаараа хувиа хичээх үе нь байдаг. Мэдээж энэ насанд санаа зовоох зүйл огт байхгүй гэж бодох нь тэнэг хэрэг. Бодисын солилцоо удааширч, нойргүйтэх, халуу оргих шинж тэмдгүүд зовоож эхэлдэг ч үүнээс хэцүү нь бэлгийн дуршил буурч, бэлгийн амьдрал хүндрэлтэй болоход уйлмаар санагдана.

Энэ насанд өвчлөл илүү айдас дагуулдаг болно. Төрүүлж, өсгөсөн эцэг, эх маань  хорвоогийн жамыг дагаж үүрд явна гэдгийг ухамсарлах нь хамгийн гүн айдас байдаг. Энэ айдас эрт ч бай, орой ч бай, эргээд өөрийн амьдралын жамтай тулгарна гэдэг бодол төрүүлэх болно.

Мэдээж бидний насжилтын тухай айдас зөвхөн үхэл хагацалтай холбоогүй. Түүнээс наана толинд тусах бидний дүрс бидний дотроо төсөөлж байгаа насыг илэрхийлж чадахаа болих үед хөгшрөлтөөс сэргийлэх бүтээгдэхүүн, эмчилгээ рүү шуурдагт гайхах зүйлгүй. Гэхдээ эмэгтэйчүүдийн 50,60 нас дөхөхөд гадаад үзэмжиндээ хэт их санаа зовохоо зогсоох нас байж болно.

Та 50 нас хүрэхэд бэлэн үү?

  • Хэзээ ч бүү зогс. Хэдийгээр та ач, зээгээ харах үүрэг хүлээж байгаа ч, өөрийнхөө ажиллах, сурах боломжийг хаах учиргүй. Таныг өөрийнхөөрөө байх боломжийг олгодог зүйлийг хийсээр байгаарай. Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ дотно харилцаатай байж, хүсэл тэмүүллээ хурцалж, илүү том зорилготой болж, өдөр бүр дасгал, хөдөлгөөн хийж, чанартай хоол хүнс хэрэглэхийг эрмэлзээрэй.
  • Эрүүл чийрэг байж, ажил болон сайн дурын ажил идэвхтэй хийж, хорвоо ертөнцтэй холбоотой байгаарай. Их бүтээлч байх хэрэгтэй. Аливаа зүйлийг чин сэтгэлээсээ хийдэг байвал танд ханамж авчирна.

Өмнө нь хүлээж байсан үүрэг хариуцлагаас өөрийгөө чөлөөлж, амьдралаа дахин зохион байгуулах үе шатыг хүн бүр туулах бөгөөд боломжийг олж харж чадвал 50-аас дээш насандаа таны хүрээг өргөсгөж илүү хүчирхэг байлгаж чадна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »