Эрдэс бодисын дутагдлаас сэргийлье

Орчин цагийн амьдралын хурдац хүний биед нөлөөлж үүсгэдэг эмгэгүүдийн нэг бол эрдэс бодисын дутагдал байдаг. Буруу хоолны дэглэм, стрессийн ачаалал, яарч сандран хооллосны улмаас үүсэх эрдэс тэжээлийн дутагдалтай холбоотой өвчлөлүүдийн улмаас олон хүмүүс эмчид хандах болжээ.Шалтгаан нь зөвхөн зав чөлөөгүй амьдралын хэмнэл биш хүнд үйлдвэрийн аж ахуй хөгжсөнөөс хөрсөн дэх эрдсийн түвшин хурдацтайгаар багассанаар хүнсний ногооны тэжээллэг чанарыг бууруулж байгаатай холбоотой. Бие махбодид шаардагдах хэмжээний амин дэмийг нөхөж авахад тун амархан. С амин дэмийн дутагдлаас болж чийг бам өвчин туссан эсвэл хангалттай хэмжээний D витамин авч чадаагүйгээс рахитаар өвдсөн хэн нэгний тухай хамгийн сүүлд та хэзээ сонссон бэ? Өдөр бүр идвэл зохих 5 төрлийн жимс ногоог хэрэглэж чадсан байхад л хэрэгцээгээ бүрэн хангаж байна гэдэгтээ итгэлтэй байж болно.

Харин эрдэс бодисын тухайд яг ийм баталгаа байхгүй. Кальци, селен, магни, цайр, төмөр болон бусад эрдэс бодисууд нь биеийн эрүүл мэндийг эрүүл хадгалахад чухал нөхцлийг бүрдүүлж байдаг ч эдгээрийг шаардлагатай хэмжээгээр нөхөх боломж бага байдаг.

Эрдэс бодисууд яагаад хэрэгтэй вэ?

Витамины адилаар эрдэс бодисууд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэнэ. Аливаа өвчлөл болон эмгэгийн явц болон эмнэлзүй нь ямар нэг хэмжээгээр эрдэс бодисын дутагдалтай холбоотой байдаг. Эрдэс бодисууд нь эсийн нөхөн төлжилт, мэдрэл дамжуулалт ба тархины үйл ажиллагаа, фермент нийлэгжил зэрэг бие махбодийн олон урвалжуудын зайлшгүй нэг хэсэг байдаг. Тэдгээр нь мөн эд эсийн солилцоонд оролцож булчингийн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тухайлбал, төмөр нь хүчилтөрөгчийг цусаар түгээхэд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс төмөр дутагдсанаас хүчилтөрөгчийн хүргэлт хомсдон ядарч сульдан үлбэгэр болох төмөр дутагдлын цус багадах өвчний шалтгаан болно.

Кальци бол эрүүл яс, эрүүл шүдний бүтцийн үндсэн бүрэлдүүлэгч бөгөөд кальци дутагдсанаас хүүхэд насанд өсөлт удаашрах, хожуу насанд яс сийрэгжихэд нөлөөлнө.

Үл исэлдүүлэгч (антиоксидант) эрдэс болох селен нь эсийг исэлдэх гэмтлээс хамгаалж бие махбодид онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Хорт хавдартай хүмүүсийн эрдэс бодисуудын шинжилгээнд селенийн түвшин ихэвчлэн буурсан байдаг нь ажиглагдсан.   Цайрын дутагдал нь хумс ховилтой, хугарамтгай, цагаан толботой болох шинж тэмдгээр илэрнэ. Цайрын дутагдлаас болж амтлах, үнэрлэх мэдрэмж суларч, хоолны дуршил багасдаг. Хоолны дуршил алдагдах нь цайрын дутагдалтай байж болзошгүйг эрдэмтэд олон судалгаагаар олж ажигласан тул өвчний эмчилгээнд цайрыг туршиж байна. Цайрыг шаардагдах хэмжээнд байлгах нь эр бэлгийн даавар тестостероны хангалттай түвшин болон эр бэлгийн эсийг бүрэлдүүлэхэд онцгой чухал үүрэгтэй. Цайрын хомсдол нь эрчүүдийг түр хугацааны үргүйдэлтэй байлгах магадлалтай байдаг. Цаашлаад цайрын дутагдал  дархлааны тогтолцоог сулруулж  халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй.

Гэвч хамгийн чухал зүйл болох тэнцвэрт байдлыг мартаж болохгүй. Эрдэс бодисууд бүгд нэг нэгийгээ харилцан эрчимжүүлэх эсвэл сааруулах хэлбэрээр үйлчилдэг сүлжээ хэлбэрээр оршдог. Тухайлбал бие махбодид ямар нэг эрдсийн түвшин илүүдэхэд өөр нэг эрдсийн дутмагшлыг үүсгэдэг учир зохистой тэнцвэрт байдлыг бий болгох нь чухал. Эрдсүүд мөн амин дэмүүдтэй нарийн уялдаа холбоотой. Учир нь аливаа амин дэм өөрийн үүргээ гүйцэтгэхэд тодорхой эрдэс бодисын оролцоо хэрэгтэй байдаг.

Эрдэс бодисын дутагдал үүсэх шалтгаан

Орчин цагийн уур амьсгалын өөрчлөлт, хөрсөнд бордоо, шавьжны хор цацсанаар хөрсөн дэх эрдсийн хэмжээ багасч байгаа. Хүний бодисын солилцоонд нэн чухал эрдэс бодис цэвэр байгалийн гаралтай байх шаардлагатай байдаг. Экологийн энэ хувирал хүн төрөлхтөний хувьд маш их зовнил үүсгэх асуудал болоод байгаа. Үүний хажуугаар ихэнх хүмүүс бэлэн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг болсон ба тэдгээрт агуулагдах эрдэс бодисын агууламж олон боловсруулалтын явцад ихээхэн багассан байдаг.

Эрдэс бодисын дутагдал үүсэх бас нэгэн шалтгаан бол гэдэсний салс үрэвсэж, бохирдож зузаарснаас болж хоол хүнсний тэжээллэг бодисыг шингээж чадахаа больсон байдаг. Энэ тохиолдолд хэдийгээр зарим хүмүүс эрүүл хооллож, эрдэс бодисоор баялаг шинэхэн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа ч тэжээлийг шингээж авч чадахгүй болдог. Хоол боловсруулалтын үр дүнд задарч шингэхэд бэлэн болсон эрдэс бодисууд бүдүүн нарийн гэдэсний эсүүдээр дамжин цусны эргэлтэнд нэвтэрч түгээгдэж хэрэглэгддэг гэдэсний салс зузаарснаас эрдсийн ионууд нэвтэрч бүрэн шингэх бололцоогүй болдог.

Эрдэс бодисын зарим төрлүүд маш нарийн бүтэцтэй, асар их хэмжээний амин хүчлийн нэгдлүүдийн оролцоотой задардаг тул амин хүчлийн нөөц шаардагдах хэмжээнд хүрэхгүй  байхад эрдсийн хомсдолд хүргэх шалтгаан болж болно.

Зарим төрлийн өдөр тутам хэрэглэдэг эм, эмийн бүтээгдэхүүнүүд эрдэс шингэх үйл явцыг саатуулдаг байна. Тухайлбал жирэмснээс хамгаалах дааврын эмүүд кальцийн түвшинг, үрэвслийг дарах кортикостероид эмүүд (преднизолон, гидрокортизон) нь калийн хэмжээг багасгах магадлалтай. Стресс, насжилт, тэр байтугай хэтрүүлсэн ачаалалтай дасгал (өдөр бүр  2-3 цаг) хийх нь мөн эрдэс бодисын шингээлтэнд сөрөг нөлөөтэй.

Эрдэс бодисын дутагдлыг оношлох

Ямар нэг эрдсийн дутагдлыг олж илрүүлэх хамгийн энгийн арга нь өөрийгөө ажиглаж биеийн байдлаа хянадаг байх чадвар юм. Эрдсийн дутагдал арьс хуурайших, үс өнгө зүс гялалзсан байдлаа алдах, тогтмол ядардаг болох шинж тэмдгүүдээр ихэвчлэн илэрч байдаг. Цусны болон ийлдэсний шинжилгээгээр аливаа эрдэс бодисын дутагдал оношлогдох боломжтой. Эрдсийн хэмжээ бага байгааг олон шинж тэмдгээр мэдэж болно. Бага зэрэг хөдөлгөөний ачаалалд амьсгаадах, арьс цайж цонхийх, уг шинж тэмдэг эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн дараа илүү ихээр ажиглагдах бол төмрийн дутагдлын шинж тэмдэг байж болно. Сарын тэмдгийн өмнөх үед шоколаданд хорхойсох, сарын тэмдгийн үед хэвлийн доод хэсгээр өвдөх нь магнийн дутагдалтай холбоотой. Кальц ба магнийн дутагдлаас үүссэн ясны сийрэгжилтийг ясны сийрэгжилтийн шинжилгээгээр тодорхойлж болно.

Эрдсийн дутагдлыг олж илрүүлсэн байхад тодорхой төрлийн хоол хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх болон шаардлагатай бол эрдэс бодисын нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно. Түүнээс өмнө тэдгээрийн шингээлтэнд хориг болж болзошгүй гэдэсний салсын эмгэгээс шалтгаалсан эрдсийн дутагдал байж болзошгүй тул үзлэг оношлогоонд хамрагдаж, зөв зохистой хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.

Эрдэс бодисууд Өдөрт хэрэглэх зохистой  хэмжээ Агуулагдах бүтээгдэхүүн
Кальци нь яс, шүд, цусны бүлэгнэх чанар болон мэдрэлийн үйл ажиллагаанд нэн чухал. Хөлс шээсээр биеэс гадагшлахдаа амархан байдаг тул тогтмол нөхөж авах шаардлагатай. Хийжүүлсэн ундаа, стресс зэрэг нь ясан дахь кальцийг уусгадаг. 800 мг Сүү, бяслаг, брокколи байцаа, яргай загас, бор будаа, хүрэн манжин, улаан шош, өндөг
Селен нь хүчтэй үл исэлдүүлэгч (антиоксидант) эрдэс бөгөөд эсийг исэлдэх гэмтлээс болон хөгшрөлтөөс хамгаалдаг. Е витамины хамтаар өндөр түвшний үл исэлдүүлэгч хамгаалалтыг үүсгэдэг. 10-75 микрограм Бразил самар, яргай загас, хар амар загас, туна загас, бүхэл үрийн бүтээгдэхүүн
Магни биеийн бүхий л эсэд чухал хэрэгцээтэй. Магни ферментийг идэвхижүүлж, биед кальци шингээхэд оролцдог. 300 мг Шар буурцаг, самар, бор будаа, ногоон навчтай хүнсний ногоо, мөөг, вандуй, бэрсүүт жүрж, үхрийн нүд
Цайр бол биеийн өсөлт, инсулины түвшин болон элэгний үйл ажиллагаанд нэн шаардлагатай эрдэс юм. Мөн дархлааны тогтолцоонд чухал үүрэгтэй тул цайр дутагдсанаас болж амархан халдвар авах магадлалтай. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нөхөн үржихүйн эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. 15 мг Хясаа, элэг, хатуу бяслаг, мах, өндөг, буурцагт ургамлууд,
Иод нь бамбай булчирхайд шаардагддаг эрдэс. Бамбай булчирхайн даавар болох тироксин, триодотиронин нь бодисын солилцооны эргэлтийг зохицуулахаас гадна идсэн хоол хүнсийг энерги болгож хувиргахад оролцоно. Иодын дутагдлаас бамбай булчирхай томордог. 150 микрограм Иоджуулсан давс, хатаасан хүрэн замаг, жимс
Төмөр нь хүчилтөрөгчийг цусаар зөөдөг гемоглобиныг бүрдүүлэхэд чухал хэрэгцээтэй эрдэс юм. Төмрийн дутагдлаас болж цус багадах, хүүхдийн өсөлт удаашрах аюултай. Хүүхдээ хөхөөрөө хооллодог эхчүүд болон сарын тэмдэг нь ирдэг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өртөх магадлалтай байдаг. 14 мг Элэг, хатаасан жимс, сардин загас, шош, үхрийн мах, дүфү, хушга, овъёос
Кали нь ферментийг идэвхжүүлж, энерги үйлдвэрлэх үйл явцад оролцдог. Калийн дутагдлаас болж хөл гар бадайрах, ядарч сульдах, цусны даралт багасдаг. Өдөрт хэрэглэх зөвшөөрөгдсөн хэмжээ заагдаагүй Хатаасан жимс, мелас (хар бурам), бор будаа, самар, muesli (будаа самар сүүтэй хатаасан жимс), хүрэн манжин, өндөг, бууцай, төмс, жүрж, киви, амтат гуа

 

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »