Хөлний цэгэн иллэгийн эрүүл мэндийн ач холбогдол

Орчин цагт эрүүл байж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд эмийн бус,  уламжлалт эмчилгээний арга барилыг илүү их эрхэмлэх болсон. Уламжлалт эмчилгээний арга нь өвчлөлийн эмчилгээний үндсэн арга болж чаддаггүй ч өвчлөлийн хүндрэлээс  хамгаалах, үндсэн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, өвчлөлийн эдгэрэлтийн явцыг түргэсгэх зэрэг хүнийг ерөнхий эрүүл чийрэг байлгах бүх нөхцлийг бүрдүүлж чаддаг эмчилгээний арга барил юм.Олон жилийн түүхтэй Хятадын уламжлалт анагаах ухааны онолд хүний биеийн үндэс болсон Chi энергийг зөв зохицуулснаар эрүүл амьдралын үндэс оршдог гэж заадаг байна. Аливаа эрхтэн тогтолцооны Chi урсгал нь боогдох эсвэл буруу чиглэснээс тухайн эрхтний үйл ажиллагаа хямардаг байна. Хүний биеийн эрхтэн тус бүрийн тусгалын цэг  хөлийн уланд байрладаг бөгөөд рефлексийн буюу тавхайн цэгэн барианы эмчилгээний аргаар хөлний тавхайн тодорхой цэгт даралттай иллэг хийснээр үйл ажиллагаа нь хямарсан эрхтнүүдийг сэргээх ач холбогдолтой байдаг.

Хөлний цэгэн иллэг аль ч насны хүмүүст тохирох бөгөөд өвчлөлийн архаг бөгөөд хурц явцтай байгаа аль ч шатанд зовиурыг багасгаж, нөхөн сэргээн, эдгэрэлтийн явцыг илт хурдасгах ач холбогдолтой байдаг. Ихэнхи тохиолдолд эдгэрч илааршсаны дараа ч хүмүүс цэгэн иллэг тогтмол хийлгэж өөрийгөө хамгаалж,биеийн эрүүл байдлаа хадгалах сонирхолтой байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрүүл байх эхлэл болдог билээ.

Өдрөөс өдөрт ихсэх нийгмийн стресс болон бухимдалтай бидний өнөөгийн амьдралд цэгэн барианы эмчилгээ нь бие махбодийн, оюуны  болон сэтгэл санааны өвчлөлөөс хамгаалж эрүүлжүүлэх тусгай өвөрмөц арга юм.

Хөлний цэгэн иллэгний явцаас танилцуулах нь

Иллэг нь хөлний бүлээн угаалга эсвэл хөлний бүлээн баннаар эхэлнэ. Энэ нь хөлний судасны ханыг тэлж өгөн, цусны эргэлтийг сайжруулж массажинд бэлэн болгоно. Массажны зориулалтын тос түрхэхэд арьс чийгшэн зөөлөрч, үрэлт үүсгэхгүйгээр иллэг хийхэд тохиромжтой болгож өгнө. Тодорхой нэг эмгэгийн заалтгүй бол ерөнхий цэгэн иллэг нь эрхтэн бүрийн тусгалын цэг дээр даралттай иллэг хийх шатлалтай явагдах бөгөөд ингэснээр үйлчлүүлэгчийн биеээр гүйх энергийн Сhi урсгалыг бүхэлд нь идэвхижнэ. Цэгэн бариа зөв хийгдэхэд үйлчлүүлэгчид эмзэглэх, сульдах болон тааламжгүй байдал мэдрэгдэх ёсгүй.

Хөлний цэгэн иллэгийн эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх болон сэтгэхүйн тайвшруулах эмчилгээний зориулалтаар сүүлийн үед цэгэн иллэгийг онцгой үнэртэн болон эффирийн тостой хослуулан хийх шинэ аргачлал нэвтрэх болсон. Хөлний цэгэн иллэг эмчилгээг тогтмол хийлгэж чаддаг хүмүүс толгой өвдөх, нойргүйтэх, хоолны дуршил өөрчлөгдөх, анхаарал төвлөрөл муудах, сарын тэмдгийн хэм алдагдах, шээс задгайрах, бэлгийн дуршил буурах зэрэг өдөр тутмын эмгэг зовиураас ангижрах бололцоотой болгодог байна.

Хөлний цэгэн иллэгний үр дүн хийж эхэлсэн эхний өдрөөс л мэдрэгддэг. Зарим хүмүүст бага хэмжээгээр ядрах, бие сульдах, шээс хөөгдөх зэрэг өөрчлөлтүүд ажиглагдаж магадгүй ба уг шинж тэмдгүүдийг иллэг эмчилгээ хийж буй мэргэжилтнүүддээ мэдэгдэж байгаарай.

Хөлний цэгэн иллэгийн эмчилгээний ач тус

  • Стресс тайлна Стресс бидний биеийг аливаа өвчин эмгэгд мэдрэмтгий болгодог. (АНУ-ийн Анагаах Ухааны Холбоо нь бүх өвчлөлийн 85 хувь нь стрессийн гаралтай гэж үздэг). Хөлний цэгэн иллэг нь стрессийг багасган, бие мах бодийг тэнцвэржүүлж, өөрийн нөхөн сэргээх чадварыг идэвхжүүлэх бололцоог хангадаг. Хөлний цэгэн иллэг эхэлсэн тэр дор биений чангарал сулардаг нь тархины цахилгаан соронзон бичлэгээс тодорхой харагддаг.
  • Цусны эргэлт сайжирна Хүний биед цус саадгүй, чөлөөтэй гүйж эд эсэд хүчилтөрөгч болон тэжээл хүргэж өгч, эргээд бодисийн солилцооны эцсийн бүтээгдэхүүн болон хорт нэгдлийг зайлуулдаг. Хөлний цэгэн иллэг бүхэл биеийн чангаралыг суллаж судаснуудыг тэлж өгсөөр тархи, бөөр болон нарийн гэдэсний цусан хангамжийг эрс нэмэгдүүлж чаддаг нь Анагаах Ухааны олон судалгаагаар тогтоогдсон.
  • Мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна Цэгэн иллэгээр хөлний уланд байх 7,000 гаруй мэдрэлийн цэгийг сэдээж, мэдрэлийн дохиолол дамжуулах мэдрэлийн сувагнуудыг чөлөөлж өгч мэдрэлийн үйл ажиллагааг сайжруулна.
  • Дархлаа дэмжих Хөлний цэгэн иллэг лимфийн буюу тунгалагийн тогтолцоог сэдээж идэвхжүүлснээр халдвард өртөх эрсдлийг бууруулна. Цэгэн иллэгээр хорт бодисийг биеээс зайлуулан эндорфин дааврын ялгаралыг нэмэгдүүлснээр дархлаа сайжирч ерөнхий эрүүл мэнд сайжирна.
  • Энергийн түвшинг нэмэгдүүлж ядаргаа багасгана Бие махбодийн энергийн сувгуудыг хөлний цэгэн иллэгээр суллаж сэдээх замаар энергийн түвшинг нэмэгдүүлдэг.
  • Хагалгаа мэс ажилбарын дараах эдгэрэлтийг хурдасгана Цэгэн иллэг нь өвчин намдаах үйлчлэлтэй тул мэс заслын дараа хийлгэснээр өвчин намдаах эмийн тунг багасгах бололцоо олгон нөхөн сэргэлтийг хурдасгаж чаддаг.
  • Жирэмслэлт болон төрөлтийн явцыг хөнгөлнө Хөлний цэгэн иллэг хийлгэж байсан эмэгтэйчүүдийн төрөлт үргэлжлэх хугацаа харьцангуй богино байдаг. Мөн төрсний дараах сэтгэл санаа тогтворгүй байх, шээс задгайрах, өтгөн хатах асуудал бараг байдаггүй байна.

footreflexology-mgl

ХӨЛНИЙ ЦЭГЭН ИЛЛЭГЭЭР ЭМЧЛЭГДЭЖ БОЛОХ ӨВЧНҮҮД

Энэ зөөлөн иллэгэн эмчилгээ аливаа өвчний архаг хурц аль ч явцыг хөнгөлж чаддаг. Хөлний цэгэн иллэг дараах эмгэгүүдийн хүндрэлээс хамгаалж эдгэрэлийг хурдасгана: үе мөчний үрэвсэл, харшил, астма буюу багтраа, нурууны өвдөлт, цусны даралтын тогтворгүй байдал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний хямрал, арьсны экзема тууралт, өтгөн  хатах, хүзүү мөрний хөшингө, эмэгтэйчүүдийн өвчлөл, нойргүйдэл, өвдөгний үений өвдөлт, дааврын тэнцвэргүйдэл, сарын тэмдгийн өмнөх эмгэг хам шинж, амьсгалын замын өвчлөл, стрессийн ачаалал, бамбай булчирхайн шүүрлийн алдагдал зэрэг олон эмгэгүүдийн үед үр дүнгээ үзүүлсээр байна.

Чихрийн шижин өвчин ба хөлний цэгэн иллэг

Чихрийн шижингийн эмчилгээний зориулалттай хөлний цэгэн массаж  нь хүндрэл, гаж нөлөөгүй хялбар эмчилгээний арга бөгөөд чихрийн шижингийн явцыг хянахын хамт ерөнхий биеийн байдлын сайжруулах ач холбогдолтой. Чихрийн шижингийн эмчилгээ хийлгэж буй хүмүүс цэгэн массаж хийлгэж байвал сахарын түвшинг хэвийн хэмжээнд байлгах эмийн тун болон байнгын хэрэглээг багасгах боломжтой болгодог. Чихрийн шижин өвчин нь нойр булчирхай, элэг, нарийн гэдэс, булчингийн болон бусад дотоод шүүрлийн эрхтэнүүдийн хоорондын үйл ажиллагааны хямралын сүүрин дээр үүсэх нь элбэг байдаг тул хөлний цэгэн иллэгийг ихэнхдээ дотоод шүүрлийн эрхтэнүүдийн бодисийн солилцоог бүхэлд нь тэнцвэржүүлэх массаж хийж, дараа нь цусан дахь сахарын түвшинд нөлөөлөх эрхтнүүдийн тусгалын цэгийг сэдээх шаттайгаар хийгддэг. Цусан дахь сахарын түвшин тогтворжуулах зорилгоор дараах эрхтэнүүдийн цэгийг голчлон бариа хийнэ.

А. Дотоод шүүрлийн тогтолцоог бүхэлд нь тэнцвэржүүлэх хөлний цэгэн массаж

  1. Өнчин тархи
  2. Pineal булчирхай \тархин дахь сэрэх нойрсох хэм зохицуулагч булчирхай\
  3. Бамбай булчирхай
  4. Сэрээ булчирхай
  5. Бөөрний дайвар булчирхай
  6. Нойр булчирхай
  7. Төмсөг, өндгөвч

Эдгээр эрхтэнүүдийн тусгалын цэгэн бариа хийснээр нь цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барихад тусалдаг ба  сахар задлах инсулин ялгаруулагч эрхтэн болох нойр булчирхайн цэгийг илүүтэй барих нь зүйтэй.

Б. Нүүрс усны солилцоонд голлох үүрэг гүйцэтгэдэг эрхтнүүдийн хөлний цэгэн массаж

Нүүрс ус бол бидний өдөр тутмын хоолны ихэнхи хувийг эзэлдэг. Нүүрс усыг задлан боловсруулж, эд эсүүдэд хүргэдэг тогтолцоо алдагдалгүй ажилладаг байхад  цусан дахь сахарын хэмжээ хэвийн түвшинд байж чадна. Нүүрс усны солилцоонд дараах эрхтэнүүд голлох үүрэг гүйцэтгэнэ:

  • Ходоод
  • Нарийн гэдэс – нүүрс усны задралаар үүсэх сахарыг шимэгдүүлнэ
  • Элэг – гликоген, өөх тосыг нөөцлөнө
  • Нойр булчирхай
  • Булчингийн эд – булчингийн эдийн хомсдлоос сахарын задрал саатна

Эдгээр эрхтнүүдийн рефлексийн идэвхит цэгүүдэд массаж хийж өгснөөр нүүрс усны солилцоог тогтворжуулан цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барих бололцоотой юм. Даралтын үед  рефлексийн цэгүүдийн мэдрэмжийн ялгааг сайн ажиглах хэрэгтэй. Аль нэг цэг илүү эмзэглэлтэй байвал уг цэгт хамаарагдах эрхтний үйл ажиллагаа эмгэг болсон байна гэсэн үг юм. Цэгэн барианы үр дүнд бодисын солилцооны шинж тэмдэг сайжрах тусам тухайн эрхтний тусгалын цэгийн массажны давтамжийг ойртуулах нь зүйтэй.

В. Чихрийн шижин өвчний явц хүндрэхээс урьдчилан сэргийлэх хөлний цэгэн массаж.

Цусан дахь сахарын түвшин удаан хугацаагаар өндөр байх нь дараах эрхтнүүдийн судас болон мэдрэлийг гэмтээж хүндрэх аюултай:

  • Мэдрэлийн гэмтэл(мэдрэхүй буурах)
  • Зүрхний эмгэг
  • Бөөрний эмгэг
  • Нүдний эмгэг
  • Шээс бэлгийн замын эмгэгүүд

Эдгээр эрхтэнүүдийн рефлексийн цэгүүдэд иллэг хийлгэсэнээр удаан хугацаагаар өвдсөн чихрийн шижин өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна. Энэ чихрийн шижин өвчний тусгай хөлийн цэгэн иллэг дан ганц цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд байлгахаас гадна олон жил сахар их байснаас эрсдэж болох эрхтэн системүүдийг хамгаалах үйлдэлтэй.

Хөлний цэгэн иллэг цусан дахь өөх тосны солилцоог тэнцвэржүүлнэ

Бариа засал зэрэг бодит аргыг амьдралын зөв хэмнэлд шилжих хэлбэрээр цусан дахь өөх тосыг багасгаж чадвал зүрх судасны эрсдлээс удаан хугацаагаар өөрийгөө хамгаалж чадна.

Хөлний цэгэн иллэг цусны өндөр даралт багасгана

Судасны даралтыг зохицуулахад оролцдог эрхтнүүд:

  • Зүрх
  • Элэг
  • Бөөр
  • Уушиг

Эдгээр эрхтэнүүдийн рефлексийн идэвхит цэгт даралтат массаж хийснээр даралт бууруулж болно. Аль нэг цэгт мэдрэмжийн өөрчлөлт ажиглагдвал тухайн эрхтэний эрүүл мэндэд анхаарч илүү тодорхой оношлуулахыг зорих, массажны давтамжийг ойртуулах хэрэгтэй.

Артерийн даралт ихсэх хүндрэлээс сэргийлэх хөлний цэгэн иллэг.

Цэгэн барианы аргаар зүрх, тархи, бөөр, нүдний рефлексийн цэгүүдэд массаж хийж цусны даралтыг тогтмол хэвийн хэмжээнд байлгаснаар даралт ихсэлтээс шалтгаалсан олон хүнд эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.

Хөлний цэгэн иллэгний мөр, хүзүү, толгой нурууны чангарлыг суллаж чаддагт хамгийн их ач холбогдол өгдөг. Биеийн чангаралгүй, зовиургүй байхад хүн ажлын өндөр эрч хүчтэй байж амьдралд эерэг хандах чадвартай байдаг. Хөлний цэгэн массаж хийлгэснээр оюун ухаан тунгалаг болж, шинэ оновчтой санаа ар араасаа ундардаг тул ажлын бүтээлч чадавхи  эрс нэмэгддэгийг зарим хүмүүс ажигласан байна.

Хөлний цэгэн иллэгийн хамгийн сайхан нь энгийн гэдэгт оршино. Та хөлний цэгэн барианы аргачлалыг ном, сэтгүүл, интернетээс суралцан ойр дотны хүндээ хийж өгч болно. Массажаа үрэлт, өвдөлт үүсгэхгүйгээр тосон түрхлэгтэй хийгээрэй. Хөлний цэгэн иллэг нь гэр бүлийн  хоёрын харилцааг улам дотно болгох сайхан талтай гэдгийг мөн анхаарна уу.

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »