Хүн төрөлхтөний нөхөн үржихүйг түрүү булчирхайгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Түрүү булчирхай нь бага аарцгийн хөндийд байрлах жижиг хэмжээний булчирхай бөгөөд энэ булчирхай нь зөвхөн эрчүүдэд байдаг өвөрмөц бүтэц, үүрэгтэй булчирхай юм.

Ойролцоогоор хушга самрын хэмжээтэй энэ булчирхай нь давсаг болон эр бэлэг эрхтэний суурь хэсгийн хооронд байрлаж, давсагнаас эр бэлэг эрхтэн рүү шээс дамжуулдаг шээсний сувгийг бүслэж байрласан байна.

Түрүү булчирхай нь үрийн шингэнийг боловсруулах  гол үүрэгтэй. Үрийн шингэн нь цагаан өнгийн өтгөн  шингэн бөгөөд түрүү булчирхайн онцлог уураг  болох –PSA (түрүү булчирхайн антиген) агуулдаг. Энэ нь  зөвхөн түрүү булчирхайн онцлог биет антиген уураг юм. Түрүү булчирхайн үрийн шингэн төмсөгнөөс бий болсон эр бэлгийн эсийн хамт  эр бэлгийн үрийн шингэн  болон үр тогтоох үүргээ гүйцэтгэдэг.

Нас ахих тусам түрүү булчирхай нь томрох магадлалтай байдаг. Ингэж томрох нь  50-с дээш настай 3 хүний хоёрт нь онцын зовиур үүсгэдэггүй. Гэвч хэт томорвол шээсний сувгийг дарах ба шээс давсагны зовиурын шинж тэмдгээр илэрнэ. Үүнийг түрүү булчирхайн хоргүй хавдар буюу түрүү булчирхайн хэт томрол (BPH) гэж нэрлэдэг. Ихэвчлэн 50-с дээш насны эрчүүдэд тохиолдох ба энэ нь хорт хавдар биш учраас шинж тэмдэг дарах эмчилгээнд үр дүн өгдөг байна.

Түрүү булчирхайн хорт хавдар, түүний шалтгаан

Түрүү булчирхайн хорт хавдрын үндсэн шалтгааныг одоогоор бүрэн тайлбарлаж чадаагүй байгаа. Гэхдээ дараах бүлгийн хүмүүст түрүү булчирхайн хорт хавдар үүсэх хамгийн өндөр магадлалтай буюу эрсдэл нэмэгддэгийг судалгаагаар гаргасан байна:

  • 50-с дээш нас
  • Ойрын хамаатан түрүү булчирхайн хорт хавдрын түүхтэй
  • Тухайн гэр бүлд эмэгтэй хөхний хорт хавдрын олон тохиолдол байсан. Учир нь мутацид (эсийн генийн өөрчлөлт) орсон генүүд удамшснаар түрүү булчирхайн хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг
  • Хэт их хэмжээний тарган мах, тослог сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг

Түрүү булчирхайн хавдрын шинж тэмдэг

Хэрвээ түрүү булчирхайн хорт хавдрыг эрт шатанд оношилж чадвал хавдар зөвхөн булчирхайн эдэндээ тархалгүй уддаг тул эмчлэгдэх магадлал өндөр байдаг. Түрүү булчирхайн хавдар ихэвчлэн далд хэлбэрээр явагдах ба дараах шинж тэмдгээр ажиглагдана:

  • шээж эхлэхэд бэрхшээлтэй
  • шээсний урсгалын эрч сулрах, тасалддаг болох
  • шээхээс өмнө болон дараа шээс дусагнадаг болох
  • шээс ойр ойр хүрэх
  • ховор тохиолдолд шээсэнд цус эсвэл үрийн шингэн байх

Эдгээр шинж тэмдгүүд зөвхөн түрүү булчирхайн хорт хавдар байгаагийн баталгаа болохгүй. Харин тэдгээр шинж тэмдэг ажиглагдвал заавал эмчид үзүүлэх хэрэгтэй.

Хэрвээ түрүү булчирхайн хорт хавдрын тархалт өгсөн байвал дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • нуруу, ташааны яс орчмоор өвдөх
  • турах
  • бэлгийн сулрал

Түрүү булчирхайн хавдрын оношлогоо

Эмчийн үзлэг, шинж тэмдгүүд ба оношлогооны зорилгоор дараах шинжилгээг үндэслэн онош тавигддаг.

  • Цусны шинжилгээгээр түрүү булчирхайн өвөрмөц антигенийг /prostate-specific antigen – PSA/ тодорхойлно. Түрүү булчирхайн өвөрмөц антиген PSA нь түрүү булчирхайн хавдрын өөрчлөлт болон үрэвсэлт эмгэгийн  үед огцом нэмэгдэнэ.
  • Шулуун гэдэсний хуруу үзлэг – энэ үзлэгээр түрүү булчирхайг тэмтэрч оношлох бололцоотой. Хуруу үзлэгээр түрүү булчирхайн хорт хавдар хатуу бөгөөд жигд бус гадаргуутай тэмтрэгдэнэ.
  • Түрүү булчирхайн эдийн шинжилгээ – түрүү булчирхайн эдийн лабароторийн шинжилгээгээр хорт хавдрын эсийн хэвийн бус хуваагдлын хурд харагддаг.
  • Түрүү булчирхайг хэвлий болон шулуун гэдсээр хэт авиан шинжилгээг харж оношлох нь оношилгооны хамгийн өндөр үзүүлэлттэй.
  • Компьютер томограф болон MRI-ийн шинжилгээ хавдрын тархалтын хүрээг тодорхойлж өгнө.

Цусанд PSA-гийн түвшин хэт өссөн байдал нь юуг анхааруулдаг вэ?  Түрүү булчирхайн хавдраас өөр шалтгаан байж болох уу?

PSA-н цусны шинжилгээг түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоонд ашигладаг ч хорт хавдар бус дараах шалтгаанаар PSA-гийн түвшин нэмэгдэж болно.

  • Түрүү булчирхайн хоргүй томрол – томорсон түрүү булчирхай
  • Түрүү булчирхайн үрэвсэл
  • Шээсний замын халдвар
  • Нас хөгшрөх
  • Цочмог шээс хаагдах эмгэг
  • Ойрын хугацаанд оношлогооны зорилгоор хийгдсэн түрүү булчирхайн жижиг мэс ажилбарууд – түрүү булчирхайн эдийн шинжилгээ, шулуун гэдэсний үзлэг, шээсний катетер

PSA-гийн яг тогтсон түвшин байдаггүй ч нас ахихын хирээр нэмэгдэх болон хувь хүн бүрээс шалтгаалан хэлбэлзэж байдаг.

Эмч нар дараах удирдамжаар түрүү булчирхайн хорт хавдрын нэмэгдэл шинжилгээ хийх шаардлагыг тодорхойлдог:

PSA-гийн түвшин

  • 3.0 нг/мл болон түүнээс бага бол 50-59 настай
  • 4.0 нг/мл болон түүнээс бага  бол 60 69настай
  • 5.0 нг/мл болон түүнээс бага бол 70 болон түүнээс дээш  настай хүнд хэвийн гэж үзнэ.

PSA-гийн түвшин тодорхойлох шинжилгээгээр мөн эмчилгээний үр дүнг хянах бололцоотой байдаг. Түвшин өсөхгүй хэвийн хэмжээнд байвал хорт хавдар өсөхгүй байгааг, түвшин нь буурч байвал эмчилгээнд сайн үр дүн өгч байгааг харуулна.

Түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ

Хэрвээ эрт оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй байх бололцоотой. Иймээс түрүү булчирхайн хавдрын шинж тэмдгийн мэдээлэлтэй байх нь маш чухал бөгөөд эмчид эрт үед нь хандах боломжтой. Монгол орны одоогийн нөхцөлд түрүү булчирхайн хавдрын тогтсон урьдчилсан сэргийлэлтийн албан ёсны хөтөлбөр хараахан хэрэгжээгүй байна.

Түрүү булчирхайн хорт хавдар удаан явцтай явагддаг тул заримдаа мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай эсэхийг өндөр настай эрэгтэйчүүдийн хувьд шийдэх шаардлагатай болдог. Мэс засал болон хавдрын туяа, хими эмчилгээ нь бэлгийн амьдралд шууд нөлөөлөх, хавдартай түрүү булчирхайг байлгах эсэх дээр эмч өвчтөн хоёр нарийн ярилцах хэрэгтэй.

Хэрэв хавдар маш эрчимтэй, хурдан явцтай бол түрүү булчирхайн хүрээнээс гарч тархсаны шинж байж болзошгүй тул мэс засал зайлшгүй сонголт болдог.

Мэргэжилтнүүд ихэвчлэн түрүү булчирхайн биопси эсийн шинжилгээ авахыг зөвлөдөг. Биопси нь яг хавдар байгаа эсэхийг оношлох ба хавдрын хурдац болон явцын үеийг тодорхойлж өгдөг. Бусад шинжилгээнүүд ч гэсэн зайлшгүй хэрэгтэй (рентген, хэт авиа), тэдгээрээр тархалтын хэмжээг тодорхойлж, эмчилгээний арга барил сонгоход шийдвэрлэх ач холбогдолтой.

Простатэктоми – мэс засал нь түрүү булчирхайг мэс заслаар авах хагалгаа бөгөөд ойролцоох тунгалгын булчирхайнуудын хамт тайрна. Энэ мэс засал маш өргөн хүрээний бөгөөд мэдрэл гэмтэх мэс засал байдаг тул бэлэг эрхтэний хөвчрөх чадвар бүрэн алдагддаг.

Ерөнхийд нь хэлэхэд түрүү булчирхайн хорт хавдар нь давсагны зовиурын улмаас эрт үед нь оношлох боломжтой байдаг тул шинж тэмдгийн талаар мэдлэгтэй байхад түрүү булчирайн хорт хавдрыг эрт үед нь оношлох боломжтой.

Түрүү булчирхайн хавдраас урьдчилан сэргийлэх     

Судлаачид түрүү булчирхайн хавдраар өвчлөх эрсдэлийг багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байна. Жишээ нь:

  • тамхи татахгүй байх
  • эрүүл хоол идэх, жимс, ногооны өдрийн хэрэглээг хоолондоо тогтмол оруулах хэрэгтэй, ялангуяа улаан лооль, энэ нь ликопенийг агуулсан байдаг.
  • мах болон сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэх
  • дасгал хөдөлгөөн хийх

Олон судлаачид Д витаминыг хангалттай авснаар түрүү булчирхайн хавдар тусах эрсдэлийг багасгах болно гэж үзэж байна. Д витамин нь ясанд мөн чухал үүрэгтэй.

Д витаминыг нарны туяанаас арьсаар дамжуулж авдаг ба мөн Д витамин агуулсан хоол хүнсээр /тослог загас/ авч болдог. Та Д витаминыг зуны турш хангалттай хэмжээгээр авах боломжтой. Харин нарны хорт туяанд гэмтэхээс сэргийлээрэй. Хэрвээ өвөл хангалттай хэмжээний нар байхгүй байсан ч өдөрт 25 микрограм Д витамин авбал хангалттай байх болно.

Түрүү булчирхайн хавдрын тавилан сайн юм. Учир нь бусад хорт хавдруудтай харцуулахад маш удаан явцтай. Эрчүүдэд түрүү булчирхайн хавдрын  шинж тэмдгүүд байсан ч олон арван жил амьдарч чаддаг. Яг үнэндээ түрүү булчирхайн хорт хавдраар нас барснаас хавдартайгаа байсаар нас барах тохиолдол илүү элбэг байдаг.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *