БИЕ МАХБОДИД ИЛРЭХ ЦЭВЭРШИЛТИЙН ШИНЖ ТЭМДГҮҮД

Цэвэршилтийн насанд дараах шинж тэмдгүүд биед мэдрэгдэх нь элбэг:

  • Халуу оргих, хөлрөх
  • Шөнө хөлрөх
  • Зүрх дэлсэх
  • Нойргүйтэх
  • Үе мөч өвдөх, булчин хөндүүрлэх
  • Толгой өвдөх

Халуу оргиж, хүйтэн хөлрөх нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн 60-75 хувьд нь тохиолддог цэвэршилтийн сонгодог шинж тэмдэг юм. Халуу оргих шинж тэмдэг нь ихэвчлэн шөнө хөлрөх, түүнээс болж нойргүйтэх зовиуртай хавсарч байдаг.

Халуу оргих шинж тэмдэг нь арьсны гадаргуу орчмын цусны судаснууд биеийн халууныг гадагшлуулах зорилгоор өргөсөн, нүүр улайж, халуу дүйгэж мэдрэгддэг ба ойролцоогоор 3-5 минут үргэлжилнэ. Мөн биеийн халууныг гадагшлуулахын тулд бүх бие хөлрөх нь элбэг. Халуу оргиж хөлрөхийн хамтаар зүрхний хэм түргэсэх, дотор муухайрах, толгой эргэх, биеийн ерөнхий байдал тавгүйрхэх зэрэг шинжүүд тохиолддог.

Халуу оргих шинж тэмдэг мэдрэгдэж байна гэдэг нь тухайн эмэгтэй ойрын хугацаанд цэвэршиж эхлэхийг илтгэж байгаа цэвэршилтийн сонгодог дохио юм. Халуу оргих зовиур эмэгтэй болгонд ялгаатай явагддаг. Нэг хэсэг эмэгтэйд цэвэршилт ямар ч зовиургүй явагдаж, зөвхөн сарын тэмдэг аяндаа хаагддаг бол нөгөө хэсэгт халуу оргих шинж нь огцом халж, нэвт хөлрөхийн хамт нүүр, цээжээр улайж халуу оргисны улмаас ажил амьдралын хэмнэл алдагдах хүртэл хүндрэл учруулна.

Халуу оргих шинж нь хоромхон зуур гэнэт дүйгэж өнгөрөх эсвэл хагас цаг орчим үргэлжлэх зэргээр эмэгтэй бүрт ялгаатай байна. Ихэвчлэн цээж хэсгээс эхлээд нүүр лүү шилжин халуу хөөрөх, бага хэмжээгээр хөлрөх хэлбэрээр явагдах нь элбэг.

Халуу оргих байдал нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг хаагдахаас нэгээс хоёр жилийн өмнөөс илэрч эхлэх бөгөөд цэвэршсэний дараа аажим цөөрөн эрч нь багасч илрэхээ болино. Судалгаанаас үзэхэд сарын тэмдгийн алдагдал нь аажим явагдах тусам халуу оргих зовиур бага байдаг нь ажиглагдсан ба цэвэршилт эрт явагдах эсвэл гэнэт байдлаар сарын тэмдэг хаагдах тохиолдолд цэвэршилтийн халуу оргих зовиур хүнд хэлбэрээр илэрдэг нь тогтоогдсон байна. Халуу оргих шинж нь цэвэршсэнээс хойш ойролцоогоор 2 жил орчим үргэлжилдэг ч 10 хувьд нь нь энэ шинж тэмдэг таваас дээш жил үргэлжилдэг. Халуу оргиж хөлөрснөөс болж нойргүйддэгт эмэгтэйчүүд илүүтэй тавгүйтдэг.

Халуу оргих шинж тэмдгийн үндсэн шалтгаан                            

Халуу оргих шинж тэмдгийн эх үүсвэрийг тайлбарласан олон онол байдаг ч ихэвчлэн бие махбодийн халуун зохицуулж байдаг тархины гипоталамус хэсэг нь цэвэршилтийн явцад эстроген дааврын түвшин огцом буурсанд хариу урвал болж биеийн халууныг нэмэгдүүлдэг гэсэн тайлбар хамгийн оновчтойд тооцогдоно. Биеийн халуун нэмэгдэхэд биеийн халууныг эргэн хэвийн байдалд оруулахын тулд арьсны гадаргуу судаснууд тэлж, хөлсний булчирхайнууд хөлс ялгаруулан дулааныг гадагшлуулдаг байна. Халуу оргих шинж тэмдэг нь эрүүл мэндэд хүндээр нөлөөлдөггүй ч шөнийн нойр, амралтанд сөргөөр нөлөөлж, сэтгэл санааны тогтворгүй байдал, эрч хүчгүй, ядрах хүндрэлийг дагуулна.

Халуу оргих зовиурыг хүндрүүлэх нөхцөл байдлууд:

  • Стресс
  • Кофе хэтрүүлэн хэрэглэх
  • Архи дарс тогтмол хэрэглэдэг байх
  • Халуун ногоо, амтлагчтай хоол
  • Хэмжээ тохироогүй, агаар нэвтэрдэггүй бариу хувцас өмсөх
  • Халуун орчин
  • Тамхи татах

Бусад эд эрхтний эмгэг өвчлөл болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн эмний үйлчлэлээс мөн халуу оргин хөлрөх шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд эмчээсээ зөвлөгөө аваарай.

Цэвэршилтээс бусад тохиолдолд халуу оргих шинж илрэх зарим тохиолдол:

  • Сэтгэл санааны гэнэтийн цочролд орох
  • Халдвар, үрэвслээс халуурах
  • Хорт хавдар
  • Чихрийн шижин
  • Бамбайн эмгэг
  • Таргалалт

Халуу оргих шинж тэмдгийг зохицуулах зөвлөмжүүд

Халуу оргиж хөлрөх үед зовиурыг хөнгөвчлөх, давтамж болон эрчийн хэмжээг багасгах зорилгоор урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг хэрэглэж заншвал цэвэршилтийн шинж тэмдгүүдийг хянах бүрэн боломжтой байдаг. Үүнд:

  • Агааржуулагч болон хүйтэн үлээдэг сэнс бэлдэж хэрэглэх
  • Хүйтэн ус, мөс зэргийг гарын дор бэлэн байлгаж хэрэглэх
  • Орой унтахаас өмнө хүйтэн шүршүүрт орох
  • Силк болон синтетик хувцаснаас зайлсхийж, хөвөн даавуун хөнжил дэвсгэрийн даавуу голчлон хэрэглэдэг байх

Эдгээр энгийн боловч зайлшгүй чухал арга хэмжээг авч, халуу оргилтын давтамж, эрчийг нэмэгдүүлдэг нөхцлөөс зайлсхийж чадвал эмэн эмчилгээгүйгээр цэвэршилтийн үеийг эрүүл өнгөрөөж болно.

Дараах шалтгаанаар халуун оргиж хөөрөх зовиур хүндэрч болно:

  • Хэт халуун, бүгчим орчин (халуун цаг агаар, агааргүй бүгчим өрөө, халуун ор, халуун шүршүүр гэх мэт)
  • Стресс болон түгшилт
  • Халуун хоол цай эсвэл халуун ногоотой хоол хэрэглэх
  • Тамхи татах
  • Кофе, архи дарс, сахарын хэмжээг хэтрүүлэн хэрэглэдэг байх
  • Тураах эм

Цэвэршилтийн үед халуу оргиж хөөрөх зовиурыг хэрхэн хөнгөлж болох

Цэвэршилтийн насанд зөвхөн эм эмчилгээ, амин дэм, тэжээл хэрэглээд зогсохгүй амьдралын зөв хэв маягийг хэвшүүлж чадвал дааврын тэнцвэр алдагдлыг эмгүйгээр зохицуулж, эрүүл байх бололцоотой байдаг. Цэвэршилтийн нас дөхөөд ирэхэд дараах алхамуудыг хэрэгжүүлснээр өөртөө тусалж чадна.

  • Хоолны сонголтоо зөв хийж, хоолны цаг алгасалгүй цагаар тогтмол бөгөөд хэтрүүлэхгүй хэмжээгээр идэх. Хоол холдосны улмаас цусан дахь сахарын түвшин буурахад халуу оргих нөхцөл нэмэгддэг. Шар буурцаг түлхүү хэрэглэж байхад шаардагдах уургийн хэмжээг хэвийн хадгалж болно.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхтэй байлгадаг ширхэглэг ихтэй хоол хүнс хэрэглэж, өдөр алгасалгүй хүндээр бие засдаг байх. Өтгөн хатдаг бол халуу оргих нь илүү хүндээр мэдрэгдэнэ.
  • Ус, шингэн хангалттай хэмжээгээр хэрэглэдэг байх. Өдөрт 1.5 литрээс багагүй шингэн хэрэглэвэл бие махбодид шаардагдах шингэнийг хангаж, халуу оргих байдлыг багасгана.
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй байх. Өдөр бүр доод тал нь хагас цагийн аливаа нэг хэлбэрийн идэвхтэй хөдөлгөөн хийдэг болж занших хэрэгтэй. Өдөр бүр 30 минут явган алхдагийн үр дүн маш хурдан мэдрэгддэг. Бясалгал болон иогийн дасгалууд хийж, хэрхэн зөв амьсгалахыг сураарай.
  • Стрессээс ангижрах. Стресс нь халуу оргих биологийн урвалыг үүсгэдэг химийн нэгдлийг нийлэгжлийг хурдасгадаг уршигтай.

Ургамлын гаралтай эм бэлдмэлүүд гаж нөлөө үзүүлэхгүйгээр халуу оргих зовиурыг маш үр дүнтэйгээр багасгаж чаддаг. Байгалийн гаралтай эм тэжээлийн хамтаар зүү тавиулах, бариа засал хийлгэж болно. Байгалийн гаралтай тэжээлээс даавар төст үйлчлэлтэй ургамлуудыг зөв сонгож, тохирсон тунгаар хэрэглэх нь хамгийн өндөр үр дүнтэй. Хооллолтондоо шар буурцгийн сүмс, салатны навч, хүнсний ногоог хангалттай хэрэглэдэг байвал зохимжтой.

Эдгээр арга хэмжээ авсан боловч цэвэршилтийн шинж тэмдгүүд хүнд хэлбэрээр илэрсэн хэвээр байвал эмчид хандан даавар тэнцвэржүүлэх, нөхөх эмчилгээг хүвь хүн бүрт тохирсон хэлбэр, тунгаар хийх нь зайлшгүй хэрэгтэй.

Үе мөч, булчин эмзэглэх нь ихэвчлэн хүзүү, мөр, нуруу өвдгөөр зовиурлах хэлбэрээр илрэх ба мөн бэлгийн дааврын тэнцвэр алдагдалтай холбоотой байх нь элбэг. Эстроген дааврын дутмагшлаас үе мөч, шөрмөсний мөгөөрсөн эдийн зузаарал, сунамтгай чанар алдагдан элэгдэн гэмтэх, үрэвсэх суурь болж өгдөг. Дасгал хөдөлгөөний идэвх, зохистой хоол тэжээлээр үе мөч эмзэглэх зовиурыг зохицуулах бүрэн боломжтой, Амьдралын хэв маягийн булангаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Бэлгийн эрүүл мэнд бэлгийн дааврууд, тэр тусмаа эстроген дааврын түвшингээс зайлшгүй хамаарч дааврын дутмагшлаас шалтгаалан үтрээ хуурайших, эмчилгээнд үр дүн өгөлгүй үтрээ эргэж дахин үрэвсэх, шээс задгайрах, давсаг үрэвсэх, бэлгийн хавьтал өвдөлттэй болох, бэлгийн дур хүсэл буурах зэрэг амьдралын чанарт нөлөөлөх зэрэг сөрөг нөлөөтэй.

ЦЭВЭРШИЛТ ЗАН АРАНШИНД НӨЛӨӨЛӨХ НЬ

Цэвэршилтийн явцад эмэгтэйчүүдийн бэлгийн эстроген дааврын түвшин буурснаас шалтгаалан үүсдэг сэтгэл санааны өөрчлөлт нь цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн хувьд хамгийн ээдрээтэй асуудал юм.

Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлт дараах шинж тэмдгээр илэрнэ:

  • Тайван биш
  • Сэтгэлийн дарамттай байх
  • Зан араншин тогтворгүй болж өөрчлөгдөх
  • Аливаад түрэмгий хандах
  • Юманд төвлөрч чадахгүй эсвэл мартамхай болох
  • Ядрах, хөдөлмөрийн чадвар буурах
  • Сэтгэл санаа тавгүйтэх
  • Аливаа асуудалд хэт эмзэг хандах г.м.

Гэхдээ олон улсад хийгдсэн судалгаагаар цэвэршилтийн насанд бэлгийн даавраас гадна амьдралын байдлын бусад үйл явдал эмэгтэйчүүдийн сэтгэл санааны тогтворгүй байдалд давхар нөлөөлж байдгийг тогтоосон. Эдгээр нь:

  • Хүүхдүүд өсч торнин бие даахад нь туслах зовнил
  • Гэр бүлийн харилцаа хөндийрөх, гэр бүл салалт
  • Өндөр настай эцэг эхийн асаргаа, өвчлөл
  • Өөрийн өвчлөл, насжилтын талаарх зовнил
  • Санхүүгийн байдал, олон нийтийн харьцаа, хандлага зэрэг олон дарамтат байдал үүсдэг.

Иймээс эмчийн хяналт, зөвлөгөөний дагуу эм эмчилгээ, даавар нөхөх болон сэтгэл заслын эмчилгээний олон шинэлэг аргуудыг судалж, өөрийн эрүүл мэндэд санаачлага гарган, арга хэмжээ авах нь зүйтэй

Сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг даван туулах нь

Ууртай эсвэл уйтгар гунигт автах нь цэвэршилтийн үеийн сэтгэл хөдлөлийн хамгийн түгээмэл шинж байдаг. Гэсэн ч энэ бүхнийг даван туулахын тулд амьдралын хэв маягаа өөрчилж тайвшрах болон стрессээс зайлсхийх аргаа олох хэрэгтэй. Дааврын тэнцвэргүй байдлаас үүсэх сэтгэл санааны тайван бус байдалд дараах аргаар өөртөө туслаарай:

  • Өөрөө өөрийгөө тайвшруулах арга замыг олох хэрэгтэй. Жишээ нь: иог болон бясалгал, хөдөлгөөнт дасгал хийх зэрэг байж болно.
  • Хоолныхоо дэглэмийг багаар өөрчлөхийг оролд
  • Архи болон спиртийн төрлийн хэрэглээг багасгах
  • Үр дүн харагдах ач холбогдолтой зүйлийг хийж бүтээхийг төлөвлөх
  • Гэр бүл, найз нөхдийн хүрээг зузаатган нөхөрлөлөө улам батжуулах

Хэдийгээр зарим тохиолдолд гутранги сэтгэл хөдлөл нь цэвэршилттэй холбоотой биш боловч олонх эмэгтэйчүүд үүнийг цэвэршилттэй холбон тайлбарладаг. Давхар явагдаж буй хавсарсан өвчин байгаа эсэхийг нарийн мэргэжлийн эмч нараас лавлаж асуугаарай.

Цэвэршилтийн насны олон эмэгтэйчүүдэд нойргүйдэл их тулгардаг. Тэдний ихэнх нь шөнө хангалттай нойр авч чаддаггүй бөгөөд энэ нь ихэнхдээ цэвэршилтийн үеийн сэтгэл санааны өөрчлөлттэй холбоотой.

Нойргүйдлийн шинж тэмдэг нь дараах байдлаар илэрдэг:

  • Шөнийн нойрноос амралт авч чадалгүй ядарч сэрэх
  • Шөнө дунд олон удаа сэрж, байнга хөрвөөж үүр цайлгах
  • Өглөө маш эрт сэрэх г.м.

Нойргүйдэлд зөвлөх нь:

  • Өдрийн цагаар унтахгүйг хичээх
  • Биеийн тамир, дасгалыг өдөр бүр хийх
  • Архи, каффеин, никотин агуулсан зүйлийн хэрэглээг багасгах
  • Унталганы өрөөний тааламжтай нөхцлийг бүрдүүлж хангалттай агааржуулах
  • Нойр хүрсэн үедээ л орондоо орох
  • Унтахаас өмнө шүршүүр эсвэл ваннд орох
  • Орондоо зурагт үзэх, хооллохгүй
  • Тогтмол цагт унтаж хэвших.
  • Нойрны эм хэрэглэх зуршлаас татгалзах

Сэтгэл мэдрэлийн болон нойргүйдлийн гүн хямрал цэвэршилтийн хүнд хам шинжтэй хавсран илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж тохирсон эмчилгээ, орлуулах даавар эмчилгээний хэлбэрийг сонгон эхлэх хэрэгтэй.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *