Нас ахихад тархины үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөг вэ?

Хүн уураг тархины ухамсартай үйл ажиллагаагаар амьтнаас ялгагддаг. Тархи бол бидний зан төлвийг жолоодогч, оюун ухааныг удирдагч юм. Тархи гэмтэхэд бид хувь хүний онцлог чадамжаа алддаг нь тархи биднийг тодорхойлдгийн тод жишээ юм.

Тархи болон мэдрэлийн тогтолцоо нь бие махбодийг бүхэлд нь удирддаг хяналтын төв юм. Тархи мэдрэлийн тогтолцоо нь бүх хөдөлгөөн, мэдрэхүй, бодол, болон ой санамжийг хянадаг. Түүнчлэн мэдрэлийн тогтолцоо нь дотор эрхтэнүүд болох зүрх, хоол боловсруулах тогтолцоо зэрэг бүх эрхтэнүүдийн үйл ажиллагааг удирддаг. Мэдрэлийн судлаар биеэс тархи руу, мөн хариу тархинаас бие рүү бүх дохио дамжиж байдаг. Нугас нь тархины сууриас эхэлсэн олон мэдрэлүүдийн баглаа бөгөөд нугаснаас салаалсан мэдрэлийн ширхгүүд бие махбодийн бүх хэсэгт очихоор салаална.

Сүүлийн хэдэн арван жилд судлаачид мэдрэлийн эсүүдийг эрчимтэй үхүүлдэг өвчнүүд болох Паркинсон болон Альцхаймер өвчний талаар олон талын судалгаа хийжээ. Эдгээр судалгаанууд эрүүл насжилтанд нөлөөлөх хүчин зүйлсийг олж мэдэхэд тус болж, насжилтын зөнөгрөлийн нэг хэлбэр болох Альцхаймер өвчнийг эрт шатанд нь оношлох арга зам зааж өгсөн.

Нас ахиж хүн бүрийн биед насжилтын хувьсал их эсвэл бага хэмжээгээр явагдаж байдаг. Энэ өөрчлөлт тархийг ч орхидоггүй байна:

  • Тархины тодорхой хэсгүүд хатингаршдаг ба тархины дух орчмын гадарга болон гиппокамп хатингаршихад хүний суралцах, ой санамж, төлөвлөх зэрэг оюуны олон үйлдэл өөрчлөгдөж эхэлдэг.
  • Мэдрэлийн эсүүд болон эсүүд хооронд дохио дамжуулдаг нейротрансмиттерүүдэд явагдах өөрчлөлтөөс мэдрэлийн эс хоорондын мэдээлэл дамжуулалт алдагдаж эхэлдэг. Тархины тодорхой хэсгүүдэд тархины цагаан эдийн эсүүд цөөрсөн эсвэл хатингаршсанаас болоод эсүүдийн холбоо болон мэдээ дамжуулалт боломжгүй болдог.
  • Тархины артерийн судас нарийсах, хялгасан судасны нөхөн төлжилт удааширснаас тархинд ирэх цусан хангамж боогдон, тархины эд эсүүд тэжээлийн дутагдалд орж үүргээ гүйцэтгэж чадахгүй болно.
  • Зарим тохиолдолд тархинд мэдрэлийн эдийн зангилаа эсвэл өнгөр үүсдэг. Гэхдээ эдгээр нь Альцхаймер өвчний өөрчлөлтөөс ялгагдах бие даасан эмгэгүүд байдаг.
  • Тархи, мэдрэлийн эсүүдэд чөлөөт радикалуудын гэмтэл ихэснэ. Чөлөөт радикалууд гэдэг нь бусад молекултай амархан урвалд орж гэмтэл үүсгэдэг молекулууд байдаг.
  • Үрэвслийн эмгэг илүү олон тохиолдоно. Үрэвсэл нь гэмтэл, эдийн гэмтэл болон хувиралд өгөх цогц хариу урвал болно.

Эрүүл насжиж буй хүмүүсийн мэдрэлийн тогтолцоонд насжилтын ямар өөрчлөлт явагдаж болох вэ? Зарим нэгэнд нас ахих хэмжээгээр шинэ зүйл суралцах эсвэл өнгөрсөнд болсон зүйл, нэршлийг эргэн санахад бэрхшээлтэй болох нь ажиглагддаг. Харин аливаа оюуны ажилд илүү удаан хугацаа зарцуулсан байхад 70, 80 настайдаа ч залуучуудаас дутахааргүй сэтгэж гүйцэтгэж чаддаг байна. Харин нас ахих тусам хүний танин мэдэхүйн багтаамж ихэсч, үгийн сангийн баялаг болон харьцааны чадамж сайжирсаар байдаг.

Харин ой санамжийн дасгал болон сорилуудын тусламжтайгаар тархины  сэтгэн бодох, эргэн санах, тогтоох төвүүдийг идэвхжүүлэх бүрэн боломжтой байдаг. Үүнийг судлаачид тархины идэвхтэй нэг төв нь  сул ажиллаж байгаа хэсгээ орлуулж ажиллах боломжтой гэж таамаглан тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, тодорхой даалгаврыг гүйцэтгэхийн тулд тархи бусад төвүүдийг хамруулан шавхаж  ажиллах чадвартай байдаг. Иймээс нас ахих хэмжээгээр оюуны чадвар мууддаг гэдэг үндэслэлгүй, гагцхүү тархины үйл ажиллагаагаа идэвхтэй хэвээр хадгалах дасгал, үйлдэл хийж байх нь нэн чухал. Оюуны чадамжид амьдралын хэвшил, ерөнхий эрүүл мэнд, эрүүл орчин, удамшил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж болно.

Сонирхолтой нь, зарим нэг нь нас ахисан ч эрүүл ухаан, өндөр танин мэдэхүйн чадвартай байхад нөгөө хэсэг нь насжилтаас үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлттэй байдаг ба үүнд ой санамжийн багтаамж нөлөөлдгийг судлаачид олж мэдсэн. Ой санамжийн  багтаамж буюу нөөц гэдэг нь тархины зарим төвийн үйл ажиллагаа алдагдсан ч гол үүргээ гүйцэтгэх чадварыг хэлнэ. Хүн бүрийн ой санамжийн багтаамж өөр өөр байдаг ба багтаамжийн хэмжээ нь удамшил, амьдралын хэвшил, боловсрол, амьдралын туршлага зэрэгтэй холбоотой. Ажил, амьдралын хэв маяг нь аливаа сэтгэцийн өвчлөл, удамшлын гаралтай тархины өөрчөлтөнд илүү дасан зохицдог байх чадварыг өгдөг.  Ой санамжийн багтаамж, танин мэдэхүйн хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд амьдралын хэв маягаа өөрчлөн, эрүүл байх бололцоог ихэсгэх зарим  мэдээллийг хүргье.

  • Архаг өвчлөлөөс сэргийлэх (зүрх судасны өвчин, чихрийн шижин гэх мэт). Үүний тулд цусны холестеролоо хэвийн хэмжээнд барих, цусны даралтаа хэвийн байлгах, жингээ хянах хэрэгтэй.
  • Байнгын дасгал хөдөлгөөн хийх
  • Эрүүл хоол хүнс хэрэглэх (хүнсний ногоо, жимс)
  • Сэтгэн бодох дасгал, тоглоом тоглох. Найз нөхөд, гэр бүлтэйгээ тогтмол уулзах, нийгмийн идэвхтэй байх.

Тархины тухай баримт

Бидний тархи 80 хувь нь уснаас бүрддэг тул ус ууж, хангалттай хэмжээгээр шингэн нөхдөг байх хэрэгтэй. Тархины эсүүд уг их хэмжээний усанд шингэсэн өвөрмөц цэлцэгнэсэн бүтэцтэй эрхтэн юм. Тархи нь их тархи, тархины багана, тархинцраас тогтоно. Их тархинд духны бор гадаргууд байдаг сэтгэл хөдлөл, зан төрх, мэдрэмжийн төвүүд нь хүний мэдрэхүй болон хөдөлгөөнийг удирдаж байдаг. Чамархайн бор гадаргуу нь ой санамж, хажуугийн бор гадаргуу нь орон зайн мэдрэмжийг удирддаг. Арын гадаргуу харах мэдрэхүйн төвийг агуулна. Бага тархи (тархинцар) бие махбодийг тэнцвэртэй байлгах үүрэг гүйцэтгэх ба харин тархины багана нугас руу мэдээлэл дамжуулна.

Тархи бусад эрхтэний үйл ажиллагааг хэрхэн удирддаг нарийн зохицолгоо нь маш их гайхшрал төрүүлмээр. Зүрхний агшилтын хурд, цусны даралтын хэмжээ зэрэг эрхтэн тогтолцооны олон үйл ажиллагаа нь тархины төвүүдээс автоматаар  зохицуулагддаг ч, тархины логик үйл ажиллагаа ч гэсэн тэдгээр эрхтэнүүдэд чухал үүрэгтэй. Хэрвээ тархи бясалгал эсвэл уянгын аяны тусламжтай тайвширвал тархины n.vagus мэдрэлийн дохиоллоор зүрхний хэмийг тайвшруулж чаддаг. Тархины бор гадарга гэмтэхэд эрхтэн тогтолцоонууд амьд хэвээр, үйл ажиллагаа нь үргэлжилдэг ч тодорхой хугацааны дараа гүн өөрчлөлт орж зогсдог байна.

Тархины гэмтэл гадны нөлөө болон химийн хордлогоос шалтгаалсан байж болно. Гадны нөлөөгөөр гэмтэл учрахад тархинд 3 төрлийн гэмтэл учирч болно.

Механик гэмтлийн нөлөөнд гавлын яс доргих, эсвэл эргэж мушгирдаг. Голдуу автын осол болон хүнд биетийн цохилтоос гавлын ясанд гэмтэл учрах ба энэ үед тархины мэдрэлийн ширхгүүд цохилтын чигт мушгирах эсвэл тасарч гэмтдэг. 2-р төрлийн гэмтлийн үед тархины эдийн цусан хангамж боогдсоноос хүчилтөрөгчийн дутагдалд орж, тархины эд тархмал хэлбэрээр гэмтдэг. Ийм гэмтэл ихэвчлэн тархинд цус шүүрэх, гол судас дарагдах, эсвэл хүний байрлалаас үүдэлтэй амьсгалын зам хаагдсанаас ч байж болно. 3-р төрлийн гэмтэл хамгийн элбэг тохиолдох ба энэ үед тархины судсанд цусан бүлэн, хаван, няцралт үүссэнээс тархины цусны эргэлтэнд нөлөөлнө.

Химийн бүтцийн гэмтэл. Хүний сэтгэл хөдлөл болон биеийн бүх үйлдлийн зохицуулалтын дохионууд нейротрансмиттер химийн нэгдлүүдийн оролцоотой явагдана. Нейротрансмиттерүүд өнчин тархинд нийлэгждэг ба эдгээрийн нийлэгжлийн хэмжээнд удамшил болон амьдралын хэвшил, стресс нөлөөлж тархины зохицуулалтанд гажиг өөрчлөлт үүсгэх эрсдэлтэй. Паркинсон эмгэг нь хөдөлгөөн удирдах дохио дамжуулалтын допамин хэмээн нейротрансмиттер хангалтгүй болсноос үүсдэг эмгэг. Допамин дутагдсанаас удирдлагагүй чичрэх, хариу үйлдэл хийхэд илүү удаан, төвөгтэй болох хүндрэлүүд ажиглагдана. Түүнчлэн сэтгэл гутрал нь аз жаргалын даавар болох серотонин нейротрансмиттерийн хэмжээ бага байхад үүсдэг. Хэт их согтууруулах ундаа хэрэглэх нь тархины нейротрансмиттерийн түвшинд нөлөөлнө. Архины нөлөөгөөр дух орчмын бор гадаргууны төвүүд болон тэдгээрийн дохио дамжуулалтыг гэмтээснээс зан авираа, яваандаа хөдөлгөөнөө ч удирдаж чадахаа больдог.

Тархинд цус харвах нь Монголд өвчлөлийн эндэгдлийн гурав дахь том шалтгаан болдог. Харвалт нь тархины тодорхой нэг хэсэгт шаардагдах хэмжээний цус очилгүй хүчилтөрөгчийн дутагдлаас үүснэ. Ихэнх тохиолдолд цусан хангамж судасны бүлэнгээс хаагдсан байдаг. Хүчилтөрөгчийн хурц дутагдлаас тархины эд голдуу үхэждэг. Цусны даралт ихсэх ба цусан дахь  холестерины түвшин нэмэгдэхэд  харвах эрсдэл эрс нэмэгддэг. Иймээс аливаа өндөр даралттай, зүрх судасны өөрчлөлттэй хүмүүс тогтмол эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Тамхиа хаях нь харвах эрсдэлийг ихээр бууруулдаг. Давс багатай хоол идэж, жимс, хүнсний ногоо ихээр идэх хэрэгтэй.

Насжилтын сэтгэцийн өөрчлөлтөөс сэргийлэх нь

Насжилтын тэнэгрэл яваандаа гүнзгийрэх явцтай байх бөгөөд ихэвчлэн ой санамж, сэтгэх чадвар муудах хэлбэрээр явагдана. Насжилтын улмаас явагдах сэтгэцийн өөрчлөлт 65 наснаас өндөр настай эмэгтэйчүүдэд илүү зонхилон тохиолддог ба сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй болох эсвэл бүр хувь хүний зан араншин бүрмөсөн өөрчлөгдөх байдалд орно.

Насжилтын тэнэгрэлийн нэг хэлбэр болох Альцхаймерын өвчин хамгийн элбэг тохиолддог хувилбар бөгөөд гол төлөв тархины тодорхой төв хатингаршиж, огт үйл ажиллагаагүй болсон байдаг. Альцхаймерын өвчний эмгэг явц нь ой сэтгэхүй, танин мэдэхүйн нөөц, ухамсарт оюун хадгалдаг тархины бор гадаргууг хамарч явагдах  нь элбэг. Альцхаймерын өвчний улмаас тархины хатингаршлын суурин дээр уургийн бүтэцтэй өнгөр болон зангилаанууд үүсэн тархины бусад мэдрэлийн эсүүд болон химийн дохио дамжуулалтыг сааруулах үр дагавар үзүүлнэ.

Насжилтын тэнэгрэл мөн судасны эмгэгээс үүдэлтэй байж болно. Хялгасан судасны нарийсал болон гэмтлээс тархинд  ирэх хүчилтөрөгч боогдон тархины эд аажим үхэждэг. Альцхаймер өвчтэй хүмүүсийн 80 хувь нь харвалттай байдаг нь ажиглагдсан. Залуу хүмүүст маш ховор тохиолдох тэнэгрэл нь тархины бор гадаргууд Леви(Lewy bodies) нэгдэл хуримтлагдсантай холбоотой байдаг.

Насжилтаас гадна сэтгэцийн өөрчлөлтөнд зүрх судасны өөрчлөлтүүд нөлөөлж болно. Тиймээс, тархины сэтгэцийн үйл ажиллагаагаа хадгалахын тулд 2-р хэв маягийн чихрийн шижингээс сэргийлэх хэрэгтэй. Үүнд: тамхиа хаях, биеийн жингээ хэвийн болгох, цусны даралтаа бууруулах, холестерины хэмжээг бууруулах зэрэг амьдралын хэв маягаа өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. 40, 50 наснаас эхэлж эрүүл мэндээ анхаарвал 60 наснаас эхэлж болзошгүй тэнэгрэх өвчнөөс сэргийлэх боломж их байгаа.Тархинд харвалт өгч байсан хүмүүсийн 80 хувь нь хожуу насандаа тэнэгрэл өгдгийг анхаарах нь зүйтэй.

Цусны даралт болон холестерины хэмжээгээ бууруулах нь харвах эрсдэлийг багасгадаг. Тамхиа хаявал таны тархины судас нарийсч, сэтгэцийн өөрчлөлттэй болох эрсдэл эрс буурна. Бага зэргийн таргалалт хүртэл эрсдэлт хүчин зүйлд орно. Хэвийн жингээ барих нь нэн чухал.

Дасгал хөдөлгөөн насжилтын тэнэгрэлийг шууд бууруулдаг гэсэн баталгаа одоогоор байхгүй ч таны зүрхний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Зүрх сайн байна гэдэг тархи сайн байхын нэгэн илрэл мөн. Согтууруулах ундаа хэрэглэхдээ өдөрт хэрэглэвэл зохих хэмжээнээс хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.

Тархины үйл ажиллагаа, чадамжийг нэмэгдүүлэх дасгал сорилууд маш чухал. Шинэ хэл сурах, тоо бодох, шинэ үйл, урлан бүтээх үйлдлүүд мэдрэлийн эсийн нөхөн төлжилтийг огцом хурдасгана.

Зөвхөн тархины эдийн эрүүл мэндэд хэрэгтэй хүнс гэж ялгаж хэлэхэд амаргүй ч олон судалгаанаас харахад Газрын Дундад Тэнгисийн (Mediterranean food) төрлийн хоолны дэглэм тархины үйл ажиллагааг дэмжихэд тохиромжтой нь харагдсан. Энэ төрлийн хооллолтонд Омега-3 загасны болон олив тосоор баялаг, тод өнгийн хүнсний ногоо голдуу хэрэглэдэг байна. Шинэ судалгаанууд Д амин дэмийн ач холбогдлыг судлах ажил хийж байгаа ба нарны гэрэл, Д амин дэмийн нөлөөгөөр тэнэгрэл өвчний тохиолдол болон өвчний илрэл хамаагүй бага байгааг ажигласан байна.

Насжилтын сэтгэцийн өөрчлөлтийн явцыг удаашруулж, илрэлийг багасгах арга хэмжээ

Тэнэгрэлийн суурь тавьж өгдөг тархи судасны гэмтлүүд залуу ба дунд насанд тохиолдсон ч шинж тэмдэг нь бүр хожуу, бараг хориод жилийн дараагаас илэрч эхэлдэг. Нас ахиж эхлэх үед маш энгийн зүйл мартагнадаг болох, тодорхой хугацаанд болсон үйл явдлыг санахгүй болж эхэлбэл цаг алдалгүй эмчид хандах, тархины үйл ажиллагааг идэвхтэй хэвээр хадгалах бүхий л арга хэмжээг авах нь зүйтэй.Тархины эдийн хатингаршил эхэлсэн эсэх, тархины судаслагийн өөрчлөлтийг компьютер томограф (CТ) болон MRI тархины зураг, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, өвчлөлийн түүх, өдөр тутмын үйл ажиллагааны клиникийн ажиглалт, ой санамжийн сорил шалгуур зэрэг олон төрлийн оношлогооны аргууд дээр үндэслэж хийнэ. Танд өөрт болон ойр дотны хэн нэгэнд зовнил үүсгэсэн, үл ойлгогдох шинж тэмдгүүд ажиглагдвал эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Сэтгэцийн өөрчлөлтийн бага зэргийн хямрал ажиглагдаж эхэлсэн, насжилтын тэнэгрэлийн өвчний урьдал болох хөнгөн хэлбэрийн ой санамжийн хямралтай хүмүүст В амин дэмийн тууштай эмчилгээ хэрэглэвэл өвчний илрэл болон явцыг хөнгөлөх үр дүнтэй байдгийг судалгаагаар тогтоожээ. 2006 онд хийсэн Оптима судалгаагаар тэнэгрэх өвчний урьдал ой санамжийн хөнгөн хэлбэрийн асуудалтай өвчтөнүүдэд В12, В6 болон фолийн хүчил зэрэг амин дэмийг өндөр тунгаар өгөхөд тархи хатингарших, танин мэдэх үйл муудах эмгэгийн эрсдэл 30 хувиар буурсан гэж дүгнэжээ. Хэдийгээр илүү дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай ч ихэнх мэргэжилтнүүд В амин дэмийн комплекс хэрэглэхийг зөвлөдөг.

Хөнгөн хэлбэрийн тэнэгрэлийг оношлох нь

Ой сэтгэхүйн өөрчлөлт удаан явцтай байдаг онцлогтой бөгөөд шинж тэмдгийн гүнзгийрэл сараар биш улирлаар өөрчлөгдөнө. Зөв эмчилгээ хийвэл өвчний явцыг 2 жилийн хугацаанд нэг түвшинд хадгалах бололцоотой. Гинкго Билоба ургамлын хандыг өдөрт 160-320 мг тунгаар уухыг зөвлөдөг. Өвчний эрт үе шатанд энэхүү бэлдмэл нь ой санамжийг нэмэгдүүлж, төвлөрөх үйл ажиллагааг сайжруулах үйлчлэлтэй. Гингко Билоба ургамал нь сэтгэцэд нөлөөлөх олон эм бэлдмэлтэй харших магадлалтай тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Хүнд явцтай тэнэгрэлийг эмчлэх

Эмийн эмчилгээний эхний сонголт нь танин мэдэх үйлийг дэмжих эмнүүд байна. Эдгээр эмнүүд нь тархины эсийн үхжлийг зогсоохгүй ч, дохио дамжуулалтанд шаардлагатай байдаг химийн нэгдлүүдийг (нейротрансмитерүүд) орлож чаддаг тул сонор сэрэмж, төвлөрөл, ой санамжийг сайжруулж, өвчтөнийг өдөр тутмын хэвийн амьдралаа хэвийн гүйцэтгэхэд тусална. Цусны өндөр даралт буулгах эмчилгээ тэнэгрэлийн үйл явцыг удаашруулахад бага зэргийн нөлөө үзүүлэх тул даралт бууруулах эмчилгээг давхар хэрэглэж болно.

Хоолны зөв дэглэм сахиж, илүүдэл жин хасах нь нэн чухал.Тэнэгрэх өвчний сонгодог өвөрмөц шинж тэмдэг бол хувь хүн идэвхгүй, юманд сонирхолгүй, үл тоомсорлох хандлагатай болж эхэлдгээр эхэлнэ. Иймээс аль болох идэвхтэй сонирхолтой байлгахын тулд дасгал хөдөлгөөн хийх, сэтгэл хөдлөлийг дэмжихээр олон нийтэч байлгах, эрч хүч, сонирхлыг нэмэгдүүлэх нийгмийн тусламж нь эмчилгээний багцын салшгүй хэсэг болно.

Мөн тархийг байнга дасгалжуулдаг байх хэрэгтэй. “Тархины дасгал” (таавар таах, тоо бодох, бүтээлч үйлдэл, юм оёх, зураг зурах, ном унших) ажиллагаанд идэвхтэй оролцдог өвчтөнүүд оношлогдсоноос хойш 6 сарын дараа өвчний явц хүндрээгүй байсныг судалгаагаар баталсан. Төвлөрөл шаардсан, ямар ч төрлийн тархийг ажиллуулах дасгал хийж болно. Том зохиол унших боломжгүй байвал ердөө 10 минутын зураг эвлүүлэг хийсэн ч хангалттай байх болно.

Д амин дэмийн хэмжээ өндөр байх нь тэнэгрэх өвчнөөс урьдчилан сэргийлдгийг судалгаагаар тогтоожээ.

СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭРСДЭЛИЙГ ХЭРХЭН БУУРУУЛАХ

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр орж өндөр эрсдэлийн үзүүлэлтүүдийг мэддэг байх. LDL буюу бага нягтралтай “муу” холестеролын хэмжээ ихэссэн үед тархинд амилойд уураг хуримтлагдах хандлагатай байдгийг судалгаагаар тогтоосон. Тиймээс цусны даралт болон холестеролын хэмжээгээ тогтмол хянаж байгаарай.
  • Хөдөлгөөний идэвхтэй байх. Дасгал хөдөлгөөн нь судасны гаралтай тэнэгрэх өвчний эрсдэлийг 40 хувиар бууруулдаг гэсэн судалгааны дүгнэлт байна. 7 хоногт 5 удаа 30 минутын турш ямар нэг дасгал хөдөлгөөн хийдэг байхыг зориорой.
  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд хагдгалах. Британий Анагаах Ухааны сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд нас ахих хэмжээгээр таргалах нь ахимаг насанд тэнэгрэх өвчнөөр өвчлөх эрсдэлийг 70 хувиар нэмэгдүүлдгийг онцолсон байна.
  • Тамхинаас гарах. Тамхи ихээр татсанаас Альцхаймер тэнэгрэл болон судасны гэмтлээс үүдэлтэй тэнэгрэх өвчний эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг.
  • Архи согтууруулах ундааг тогтмол хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийх. Архины нөлөөгөөр тархины химийн бүтэц болон судас гэмтэж сэтгэцийн өөрчлөлттэй (олны дунд архины цагаан солио гэж нэрлэгдэх нь элбэг) болж хийж, ярьж байгаа үйлдлээ ухамсарлах чадваргүй болдгоор илэрнэ. Эмэгтэйчүүдийн тархи архинд хамгийн эмзэг илүү хурдан хатингаршдаг.
  • Зохистой хоолны дэглэм. Тод өнгөтэй жимс, ногоо, загас, бага хэмжээний ханасан өөх тос, улаан мах агуулсан хоолны дэглэм нь ой санамжийн алдагдлаас сэргийлнэ.
  • Чихрийн шижингийн шинжилгээ хийдэг байх. Эмчлэгдээгүй 2-р хэв шинжийн чихрийн шижин нь Альцхаймерын өвчний эрсдэлийг 2 дахин нэмэгдүүлдэг. Танд шалтгаангүй жин нэмэх, ойр ойрхон шээх, ядарч сульдах, ам цангах зэрэг шинж тэмдгүүд илэрвэл эмчид яаралтай хандаарай.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »