Чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах алхмууд

Орчин цагийн амьдралын хэв маяг хүн бүрийг чихрийн шижингийн асуудалтай тулгарах эрсдэлийг бий болгож байна. Судалгааны мэдээллээс үзэхэд, 5 жилийн дараа хүн амын 25-30 хувь нь чихрийн шижинтэй болох магадлалтай болоод байгаа. Гэхдээ энэхүү эрсдэлээс сэргийлэх болон явцыг нь хянахад бидэнд хийж чадах олон зүйл байна.

Өнөөдөр Монгол Улсын  эрүүл мэндийн салбар чихрийн шижингийн хүндрэлүүд болох цус харвалт, бөөрний дутагдал, мэдрэлийн эмгэгийн эмчилгээний  тусламжийг үзүүлэхэд их хэмжээний зардал гаргасаар байна. Харин амьдралын зохистой хэв маягийг зохицуулах хэлбэрээр чихрийн шижингийн хүндрэлүүдээс сэргийлэх бүрэн боломжтой.  Хоёрдугаар хэв маягийн буюу олдмол чихрийн шижингээс сэргийлэх хамгийн зөв арга бол амьдралын хэв маягаа өөрчлөх буюу жингээ бууруулах юм.

Далд хэлбэрийн чихрийн шижинтэй болоод, цангах, ойрхон шээх, ядардаг болох зэрэг зовиураа анзаарахгүй явсаар байгаа хүн олон байдаг тул бидний мэдээллээс өвчлөх эрсдэлээ хэрхэн бууруулж авахыг олж уншина уу.

Чихрийн шижин гэж юу вэ?

Сахар цусанд их хэмжээгээр хуримтлагдахад эд эрхтэнүүдийг гэмтээх аюултай байдаг. Цусан дахь сахарыг инсулин задалж, эсүүдэд энерги болгон хэрэглэхэд бэлддэг ба инсулины идэвхжлээр цусан дахь сахарын хэмжээ зохицуулагддаг. Инсулин нь нойр булчирхайд нийлэгжинэ.

Чихрийн шижин эмнэлзүйн явцаараа 2 төрөл байдаг. Нэгдүгээр төрлийн чихрийн шижингийн үед нойр булчирхайд инсулин огт нийлэгждэггүй. Голдуу 40-н наснаас өмнө тохиолддог ба энэ эмгэгээс сэргийлэх боломжгүй, нийт чихрийн шижингийн тохиолдлын 10 хувийг эзэлдэг. Энэ үед  аутоимун буюу дархлааны тогтолцоо өөрийн  инсулин үйлдвэрлэдэг эсүүд рүү довтолж инсулин боловсруулах боломжгүй болгоно.

Нэгдүгээр хэв маягийн чихрийн шижингийн тохиолдол ихсэж байгаа ч яг тодорхой шалтгааныг нь олж мэдээгүй  л байна. Нэгдүгээр төрлийн чихрийн шижингийн клиникийн илрэл маш хурдан эхэлдэг ба ихэнх тохиолдолд өдөрт тогтмол инсулины тарилга  эмчилгээ ба цусан дахь сахарын түвшинг хэмждэг байхыг шаарддаг.

Хоёрдугаар хэв маягийн чихрийн шижин нь дөчөөс дээш насныханд болон илүүдэл жинтэй залуу насныхны дунд ч ихсэх хандлагатай байна.

Энэхүү төрлийн чихрийн шижингийн үед нойр булчирхай инсулин хангалттай хэжээгээр нийлэгжүүлж чаддаггүй эсвэл нийлэгжүүлсэн инсулин сахар задлах үүргээ гүйцэтгэж чадахгүй болдог байна. Үүнийг заримдаа инсулинд тэсвэртэй гэж нэрлэдэг.

Хоёрдугаар хэв маягийн чихрийн шижин үүсэхэд таргалалт, тэр тусмаа бэлхүүсээр таргалалт ихээр нөлөөлнө. Бэлхүүс том байна гэдэг нь та хэвлийн хананы болон хэвлийн хөндийн эрхтэнүүдийг ороосон өөхөн давхарга зузаарч, инсулинд дасалтай болоход нөлөөлнө.

Хоёрдугаар хэв маягийн чихрийн шижинг хоолны зөв дэглэм бөгөөд дасгал сургуулилт зэрэг дан ганц амьдралын хэв маягаар эмчлэх бүрэн бололцоотой.  Зарим тохиолдолд цусанд агуулагдах сахарын хэмжээ маш ихээр ихэссэн байхад судасны хана, эд эрхтэнүүдийг хамгаалах зорилгоор инсулин эмчилгээ хийх шаардлага гардаг.

Чихрийн шижингээс сэргийлэх боломж

Хоёрдугаар хэв маягийн чихрийн шижингийн эмгэг үйл явц бүрэлдэхээс өмнө хэдэн шатны өөрчлөлт явагдана. Предиабет буюу чихрийн шижингийн урьдал үед сахарын түвшин тогтворгүй  болж эхэлсэн байдаг. 10 хүний 2 нь предиабеттэй болсон байх ба энэ үед аливаа шинж тэмдэг мэдэгддэггүй. Харин судлаачдын тогтоосноор энэ үед биеийн илүүдэл жингийн 10 хувийг хаях, эсвэл долоо хоногт таван удаа дор хаяж 30 минут дасгал хөдөлгөөн хийснээр чихрийн шижин болон даамжрахаас сэргийлж болохыг баталсан байна.

Дараагийн үе нь инсулинд тэсвэртэй болох үе (сахар инсулинд задрах нь багасч эхэлнэ). Энэ үед биеийн жин хэвийн байхад өөхний хуваарилалт бэлхүүс орчмоор хуримтлагдах өөрчлөлт ажиглагдана. Бэлхүүс орчмоор өөхөн эд хуримтлагдсанаас сахар инсулинд задрах нь тэсвэртэй болж сахарын түвшний зохицуулга муудахад хүргэнэ. Хэрэв эмчлэхгүй орхивол энэ нь чихрийн шижингийн өвчлөл болж хүндэрдэг. Илүүдэл жингээ хаяж, дасгал хөдөлгөөн хийснээр элэг болон булчин инсулинд илүү мэдрэг болоод зогсохгүй өөхөн эдийг багасган, цусан дахь холестерины хэмжээг бууруулж чадна. Цусанд холестерины хэмжээ ихсэхэд судасны хана гэмтэж, цус харвах эрсдэлийг ихэсгэнэ. Чихрийн шижинтэй хүмүүс зүрх судасны хурц дутмагшлын илүү өндөр эрсдэлтэй байдаг. Хэвлий орчмын таргалалтаас хамгаалж байнгын дасгал хөдөлгөөн тогтмол хийвэл илүүдэл жин хасах, улмаар зохистой жингээ хадгалан өвчлөлд өртөхгүй өөрийгөө хамгаалж чадна.

Чихрийн шижингийн хүндрэлийн уршиг

Нэг болон хоёрдугаар хэв маягийн чихрийн шижин аль алинд сэрэмжтэй хандаж,  зохистой эмчилгээ хийж, сахарын түвшинг зохицуулахгүй бол хүндрэл нь олон хэлбэрийн үр дагавартай байх аюултай. Үүнд нүдний судаслаг торлог гэмтэж сохрох, үе мөчний мэдрэл гэмтэж тайрагдах, бөөрний дутагдалд орох, тархинд цус харвах, зүрхний шигдээс үүсэх зэргээр хүндэрдэг байна. Чихрийн шижин нь хүндэрсэн өвчтөнүүдийн ердөө 20 хувь нь сахарын түвшин хэвийн хэмжээнд байлгах боломжтой байдаг.

Иймээс хүн бүр жилдээ нэг удаа үзлэгт хамрагдан, шаардлагатай шинжилгээг өгдөг байвал чихрийн шижинг хүндрэхээс өмнө, эрт үед нь илрүүлэх боломжийг олгох юм. Зайлшгүй шаардлагатай шинжилгээнд цусны шинжилгээгээр сахарын хэмжээ, бөөрний үйл ажиллагааны үзүүлэлтүүд, холестеролын түвшин хэмжих мөн цусны даралтаа хэмжих зэрэг орно.

Мөн нүдний үзлэгт жилдээ нэг удаа орж, ретинапати/торлог бүрхүүлийн эмгэг өөрчлөлт/ байгаа эсэхийг шалгуулах нь чухал. Хөлөө ч мөн адил мартаж болохгүй. Удаан эдгэрдэг, үрэвсэх хандлагатай шархтай байгаад байвал хянуулах нь зүйтэй.

Эмчилгээний шинэ аргачлалууд

Ирээдүйн 20 жилийн дотор нэгдүгээр хэв маягийн чихрийн шижинд гаж үйлдэлтэй болсон дархлааны тогтолцооны эсрэг биет вакцинтай болох магадлалтай байна. Энэ вакцинжуулалтыг нэвтрүүлж чадвал инсулин хэрэглэх нээлтээс хойш сүүлийн 90-н жилд байгаагүй шинжлэх ухааны гайхамшигтай  нээлт болох юм.

Мөн нэгдүгээр хэв маягийн чихрийн шижинтэй хүмүүст хиймэл нойр булчирхай  зохион бүтээх ажил үргэлжилж байна. Энэ аргачлалаар, сахарын түвшингийн мэдрэгчүүдийг арьсан доор суулгаж, мэдрэгч нарын дохиогоор инсулин шахдаг байх бичил төхөөрөмж хэрэглэдэг болно.

Үүдэл эсийн судлаачид инсулин ялгаруулагч эсийг гаргаж авахаар судалгаа шинжилгээг үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэхүү эмчилгээ нь цаг хугацааны хувьд тодорхойгүй бөгөөд олон жил шаардагдах нь тодорхой байна.

Харин хоёрдугаар хэв маягийн чихрийн шижин нь амьдралын буруу зуршлаа өөрчилснөөр л үр дүнд хүрэх боломжтой юм. Дасгал хөдөлгөөн, зөв хооллолт нь чихрийн шижингээс сэргийлээд зогсохгүй, өвчлөлийн явцыг хянахад ч нэн чухал юм.

Шинжилгээ тогтмол хийлгэж, хугацаа алдалгүй эмчилгээ хийснээр хүндрэлээс сэргийлэх боломжтой.

Та чихрийн шижингийн эрсдэлтэй юу?

Дараах нөхцөл байдалтай хүмүүс чихрийн шижингийн эрсдэлтэй байж болзошгүй:

  • Та 40-өөс дээш настай юу?
  • Та илүүдэл жинтэй юу (БЖИ 25-аас илүү юу)
  • Таны бэлхүүсний тойрог 80 cм-ээс илүү юу? Эрэгтэйд 94 cм-ээс илүү юу?
  • Таны гэр бүлд чихрийн шижингийн өвчтэй хүн байсан уу?
  • Таны даралт ихэсдэг үү?
  • Та жирэмслэлтийн диабеттэй байсан уу?

Нүүрс устөрөгч огт хэрэглэхээ болих нь буруу

Бид сахарын нөөцөө голчлон будаа, төмс, жимс зарим нэг цагаан идээ зэрэг нүүрс устөрөгчөөс авдаг ба чихрийн шижингийн эрсдэлээс хамгаалж эдгээрийг бүгдийг нь хоолноосоо хасч болохгүй.

Зөв зохистой хооллож, нүүрс устөрөгч агуулсан зөв хүнс сонгож, шаардагдах илчээ хангаж байх хэрэгтэй. Эдгээр зөв хүнсэнд бүхэл үрийн бүтээгдэхүүн, үр,  жимс, хүнсний ногоо орно. Хэрэглэвэл зохих нийт калорийн хэмжээнээс хэтрүүлэхгүй хэмжээний хоол иддэг байх хэрэгтэй. Өөх тос, давс, дахин боловсруулсан сахарын хэрэглээгээ бага байлгах хэрэгтэй. Харин глюкозын индекс бага хүнсний бүтээгдэхүүн (бор сахар, бүхэл үрийн гурил болон бор талх) хэрэглэж дадах хэрэгтэй.

Илчлэг багатай хүнс хэрэглэх нь хоёрдугаар хэв маягийн чихрийн шижингийн явцыг удаашруулах, тэр байтугай барих бололцоотой . Маш олон судлаачид бага калоритой хоолны дэглэмийн урт хугацааны үр дүнг харахыг хүссээр л байна.

Анхаарвал зохих шинж тэмдгүүд

Эдгээрээс аль нэг шинж тэмдэг илэрвэл эмчид шууд хандаарай:

  • Ойрхон шээх, ялангуяа шөнө босч шээх
  • Байнга ам цангах
  • Хэт их ядрах
  • Хурдан турах
  • Хараа бүрэлзэх
  • Шархлаа тогтмол үүсэх
  • Шарх сорви удаан эдгэх
  • Бэлэг эрхтэн орчмоор загатнах

Судлаачдын тогтоосноор илүүдэл жингийнхээ 10 хувийг хасч, долоо хоногт дор хаяж таван удаа хамгийн багадаа 30 минут дасгал хөдөлгөөн хийвэл чихрийн шижингээс өөрийгөө хамгаалж чадна гэжээ.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *