ТӨВЛӨРӨЛ. Дотоод сэтгэлийн амар амгалангийн нууц

Яагаад зарим хүмүүс үл ялиг таагүй байдлыг тэвчилгүй зугатаж, харин зарим нь агуу их бэрхшээлийг маш тайвнаар хүлээж авдаг юм бол? Амар амгаланг эрхэмлэдэг байх чадвар нь зөвхөн хувь хүний зан чанараас хамаарах уу, эсвэл өөр зүйлээс хамаардаг юм болов уу?

Тийм ээ, зарим нь байгалиасаа бусдаас илүү тайван байдаг. Амьдралд тохиолдох том жижиг олон бэрхшээлд  зарим нэг нь тайвнаар хандаж, бусад нь шууд л бухимдаж эхэлдэг. Аливаа бэрхшээлийг хэрхэн хүлээн авдгаас уг бэрхшээлийг даван туулах чадвар шууд хамаарна.

Бидний оюун ухаан бол хамгийн үнэ цэнэтэй нөөцтэй баялаг юм. Бидний ой ухааны нөөцийг аз жаргал эсвэл сэтгэл гутралын мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ эсвэл өөрийгөө-үгүйсгэгч зан үйл, асуудлыг шийдвэрлэгч эсвэл бий болгогч зэрэг олон хандлага болон зан чанар бүрдүүлдэг. Харамсалтай нь бид ой ухааны зан чанарын энэ нөөцөө хамгаалж, тэтгэх завгүй явдаг. Бие махбодийг чийрэгжүүлж, эрүүл мэндээ хамгаалах нь бидний соёлын нэг хэсэг. Үүний нэг жишээ гэхэд ариун цэвэр, гадаад төрхөндөө анхаарч шүдээ угаадаг. Тэгвэл бидний оюун санаа, сэтгэх чадвар яагаав? Яагаад бид оюун санаандаа өдөр бүр анхаарал хандуулж “зөв сэтгэх” чадварыг хөгжүүлж болохгүй гэж? Өнөөгийн шинжлэх ухааны судалгааны үр дүнд тогтмол бясалгал хийх нь төвлөрөх чадварыг сайжруулан, илүү бүтээлч, эрүүл саруул ухааны үндэс болдог гэдгийг харуулж байна.

Төвлөрөл таныг өндөр амжилтанд хүрэхэд тусалж чадна

Төвлөрч сурснаар:

  • Таны бүтээлч болон шинийг эрэлхийлэгч талыг гаргаж ирнэ.

Бясалгал нь мэдээлэл, технологийн хэт ачааллыг багасгаж, шаардлагатай орон зайг оюун ухаанд бий болгодог. Төвлөрлийн бясалгал нь ямар нэг хүссэн зүйлийг бүтээж бий болгохыг зорьдоггүй. Харин холилдож замбараагүй болсон олон бодол, сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд дундаас шинэлэг шийдэл, санаа төрүүлэх боломжийг олгодог.

Эйнштейний “Бид аливаа асуудлыг үүсгэхдээ яаж сэтгэж байсан тэр сэтгэлгээгээрээ асуудлыг шийдэж чадахгүй” гэсэн илэрхийлэл маш ихээр алдаршсан байдаг. Иймээс, аливаа асуудлыг шийдэхийн тулд төвлөрөх бясалгалыг хийснээр өдөр тутмын амьдралд арай өөрөөр хандах үзэл бодлыг бий болгодог.

  • Стрессийн өндөр ачааллын нөхцөлд хүмүүстэй зөв бөгөөд үр дүнтэй харилцахад тусална.

Зөв харьцаатай байж, үр дүнтэй харилцагч байна гэдэг аливаа баг болон хамт олныг удирдахад байх ёстой чанаруудын нэг. Стресстэй үед харьцааны ур чадвар мэдэгдэхүйц буурдаг ба үүнд тархины биологиййн өөрчлөлтийн учир шалтгаан бий. Тархины амигдала хэсгээс үүдэлтэй “тэмц эсвэл зугт” хариу үйлдэл нь эртний хүний үеэс биднийг аюулаас хамгаалахаар хөгжсөн рефлекс юм. Энэхүү “анхааруулах тогтолцоо” нь 100,000 орчим жилийн турш өөрчлөгдөлгүй хэвээр хадгалагдсан байдаг. Харин өнөө үед зэрлэг амьтад гэхээсээ илүү дотны хүнтэйгээ муудалцах, ажлаа заавал дуусгах хугацаанд баригдах зэрэг сэтгэлзүйн стресс үүсгэгчидтэй өдөр тутамд тулгардаг. Эдгээр стрессийг шийдвэрлэхэд оюун санааны их эрч хүч шаарддаг. Гэтэл тархины амигдалагаас идэвхжсэн аюулаас хамгаалах рефлекс нь тархины өндөр хөгжилтэй сэтгэх чадамжтай духны урд хэсгийг шууд унтраачихдаг.

Төвлөрөх бясалгалыг тогтмол хийхэд сэтгэх чадамж хариуцсан тархины урд хэсгийн гадарга зузаарч, сэтгэл хөдлөл ихтэй үед өөрийгөө тайвшруулж, харилцаагаа үргэлжлүүлэн, асуудлаа илүү үр дүнтэй шийдвэрлэх чадвар нэмэгддэг болох нь ажиглагджээ.

  • Тодорхойгүй байдлын таагүй мэдрэмжийг удирдах

Бизнес эрхлэгчид өөрийн замыг сонгож шийддэг ба тэр шийдвэр болгонд амжилтын баталгаа байдаггүй. Бүх эрч хүчээ зарцуулан, ядрахаа мэдэхгүй ажилласан хирнээ өөртөө эргэлзэх, санаа зовох, үл ойлголцол үүсгэж болох тодорхой бус үе байж болно.

Төвлөрч чаддаг байхад хүнд хэцүү үед сэтгэл хөдлөлөө барин, сөрөг бодлыг далд орон зай гарган, сэтгэх, зөв дүгнэлт гаргах арга замыг заадаг. Өөрийгөө ухаарах чадвараа сайжруулснаар та юу болж байгааг илүү сайн ойлгож, үр дүнтэй шийдлийг олох болно. Төвлөрүүлэн ухааруулснаар зөв чиглэл болон шийдвэр гаргахад тусалдаг.

  • Анхаарлаа төвлөрүүлж, бодлоо ирлэхэд тусална

Гар утас, компьютер зэрэг орчин цагийн харилцааны олон хэрэгслүүдэд нэг дор үл үзэгдэх холбоогоор уягдсан байхад гол зүйл дээр төвлөрүүлэх нь улам хэцүү болсоор байна. Бидний анхаарал цахим шуудан, Facebook, Twitter-ээ шалгах, текст мессеж явуулах гэх мэт зүйлсийн хооронд эргэлдэж, үргэлж тайван бус байдаг. Бид үсрэнгүй хөгжиж буй энэхүү эрин зуунд өөрсдийн анхаарлын “дотоод технологийг” сайжруулан цэвэрлэж, шинэчлэх цаг болжээ.

Тогтмол бясалгал хийх нь анхаарлаа хянах дадал зуршлыг хөгжүүлэхэд тусалдаг. Төвлөрөх чадвараа хөгжүүлэх дасгал хийдэг байхад тодорхой хугацааны дараа таны зорилго болон үндсэн зарчимтай зөрөлдөж буй аливаа зан үйлдэл, бодол санааг тань анхааруулж яг л дотоод дасгалжуулагч шиг ажиллах болно. Төвлөрлийн тусламжтайгаар та аливаад сатааралгүй зорилгодоо үнэнч байх болно.

Төвлөрч амьсгалах дасгал

Төвлөрөх бясалгалын хамгийн гол нь амьсгал юм. Үүний хамтаар өөрийнхөө бодол санаа болон мэдрэмж дээрээ сатааралгүй, чөлөөтэй  урсгаад явуулах хэрэгтэй.

  1. Нүдээ анин, бөхийлгүй тухтай сууна.
  2. Анхаарлаа амьсгалдаа төвлөрүүл.
  3. Аливаа бодол санаа, сэтгэл хөдлөл, биеийн мэдрэмж, эсвэл гадаад дуу чимээ гарах үед тэднийг хүлээн зөвшөөр, үгүйсгэх хэрэггүй. Тэдгээрийг огт шүүмжлэх хэрэггүй, дүгнэх хэрэггүй, лавшруулан бодох ч хэрэггүй. Зүгээр л хүлээн авч, үгүй болоход нь ч бүү саад бол.
  4. Хэрэв өөрийн эрхгүй бодлоос гарахгүй санаа, мэдрэмжинд төвлөрснийг мэдэрч, бодол сарнисан бол зүгээр л анхаарал шилжсэнийг анзаараад, дараа нь буцаан амьсгалдаа төвлөрүүл.

Шинээр бодол санаа төрж, түүн дээр анхаарал өөрийн эрхгүй төвлөрөх нь хэвийн л үзэгдэл. Энэ маягаар хэдэн ч удаа анхаарал сарниж болно. Бодол төөрсөн ч амьсгалдаа буцаан төвлөрүүлээрэй.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »