Гэрлэлтээ аз жаргалтай, халуун дотно хэвээр хадгалцгаая

Гэр бүл болж амьдралаа холбосон хосууд насан туршдаа хуримын өдөр шигээ халуун хайраар бялхаж, янаг дотно харилцаагаа хэвээр үлдэнэ гэж төсөөлдөг. Энэ мөрөөдөл төсөөлөл нь биеллээ олсон олон азтай гэр бүл байдаг. Харин үүнд аз жаргалтай гэрлэлтийн нууц, эсвэл аз гэж байхгүй. Зөвхөн гэр бүлдээ бие сэтгэл, цаг зав, бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ энэ хандлага заримдаа биш, өдөр бүр мөрдөгдөж байж л биеллээ олно. Өөрөөр хэлбэл, гэрлэлтийг өдөр бүр асарч халамжлах шаардлагатай цэцгийн мандалтай зүйрлэж болно. Хичнээн нарны гэрэл, усалгаа хангалттай байсан ч, цэцгийн мандлаа ургуулж цэцэглүүлэхийн тулд үрслүүлж, хогийн ургамлыг нь түүж, цэвэрлэх ажлыг ч орхигдуулахгүй болохгүйтэй адил. Гэвч гэр бүлийн цэцгийн мандлын онцлог бол тун энгийн, бага зүйлээр үнэмшихийн аргагүй том өөрчлөлт авчирдгаараа ялгаатай. Эдгээр жижиг зүйлүүд нь:

Өдөрт ядаж нэг удаа түүндээ “баярлалаа” гэж хэлээрэй. Та бусдын хийсэн багахан зүйлд ч талархал илэрхийлдэг атлаа таны төлөө хийсэн зүйлд нь ханьдаа “баярлалаа” гэж хэлдэг үү? Хэрвээ гэргий тань өглөө бүр танд зориулж цай бэлддэг бол үүнд нь талархаж, амтархан зооглоорой. Нөхөр тань таныг хэлээгүй байхад хогоо гаргаж хаясанд нь таларх, хэдийгээр энэ түүний ажил байсан ч ялгаагүй. Өдөрт дор хаяж нэг удаа “баярлалаа” гэж хэлэхэд гэрийн ажлыг үүрэг төдий хийх ёстой ажил гэж дургүйцэлгүй, гэр бүлийн амьдралдаа оруулах хувь нэмэр гэж хүлээн авдаг болно.

Хийсэн зүйлийг нь бага гэлтгүй магтаж, урамшуулаарай. Эхнэртээ өндөг шарж өгсөнд нь, нөхрийнхөө гал тогооны өрөөгөө тохижуулж байгаад нь, ханийхаа хийсэн аливаа зүйлд талархаж байгаа бол түүнийгээ харамгүй илэрхийл. Ханьдаа хайртай гэдгээ сануулж, түүний хайр илүү ихийг хийх урам зоригийг бадраадаг гэдгийг ойлгуулаарай.

Ханьдаа халуун сэтгэлээр хандах нь. Сайхан сэтгэл, сайн үйлийн хариу буцаж ирдэг. Та ханиа халамжилж, хайрлавал тэр хариуд нь таныг илүү ихээр хайрлана. Ханийхаа дуртай амттанг бэлдэж, унших дуртай ном, сонсох дуртай хөгжмийг нь түүнд зориулаарай. Сайхан амттай оройн хоол бэлтгэж, гэрийн ажлаа түр орхиод бие биедээ цаг зарцуулж заншаарай.

Романтик үдшийг хамтдаа өнгөрөө. Тэргэл сартай шөнийн тэнгэр дор хөнжил дэвсэж хамтдаа суунгаа дарс ууж, анир чимээгүй орчны гоо сайхныг мэдрээрэй. Энэ үед ярьж суухаас илүү чимээгүй бие биенээ мэдэрч суух, эсвэл түүнийгээ сэтгэл зүрхээрээ чимээгүйхэн сонсоод үзээрэй.

Гадаад үзэмж, харагдах байдлаа өөрчлөх нь маш үр дүнтэй. Нөхрийнхөө анхаарлыг татаж, түүнийг гайхшруулмаар байна уу? Үснийхээ өнгийг өөрчилж, уруулын будаг түрхээд үз. Эсвэл даавуун унтлагын хувцсаа гоёмсог чамин хувцсаар солиорой. Эрчүүд эхнэрээ цээжиндээ наан энхрийлмээр байвал байнга өмсдөг хувцсаа тэс өөр хэлбэрийн хувцсаар сольж үзээрэй. Өөрийнхөө гадаад төрх, үзэмжинд хийсэн энгийн өөрчлөлт хүртэл түүний нүдийг өөр дээрээ татах оролдлого хийж байгааг тань илтгэж, та хоёрын дунд дурлалын галыг дахин асаах болно.

Шинэхэн хосууд шиг тоглож, бие биеэ өдөх. Гэрлээд удаагүй байхдаа нийлж тоглодог байсан тоглоомуудаа дахин тоглоод үзээрэй. Нөхрийнхөө дуртай хоолыг хийж, цүнхэнд нь тэмдэглэл бичиж үлдээ. Халуухан шөнийг өнгөрүүлснийхээ дараа эхнэртээ цэцэг бэлэглэж, сайхан үгтэй зурвас илгээгээрэй.

Хоёулангийнх нь сонирхлыг татах хобби хөгжүүлээрэй. Ижилхэн сонирхолтой хосуудад хамт байх хугацаа илүү их байдаг. Харилцаагаа шинэлэг, сонирхолтой хадгалж үлдэхийн тулд та болон таны хань таашаал авахуйц, хамтдаа хийж болох зүйлийг олоорой. Мод ногоо тарих, спорт тоглоом, хамт явган алхах, ууланд авирах, байр тавилгаа өөрчлөх гэх мэт сонголт хязгааргүй. Хамтдаа хийсэн зүйл түүнд таалагдаж, тэр дахин хийхийг хүсэх болно. Цаг хугацаа өнгөрөхөд энэ нь та хоёрын амьдралын нэгээхэн хэсэг болсон байна.

Оюун санаагаа дахин цэнэглэх. Хэрэв та хоёрын сонирхол, мэдээлэл эсвэл сүсэг бишрэл ижил бол хамтдаа залбирч, сүслэх, мэдээллээ өргөжүүлэх зэргээр дотно харилцааг илүү гүнзгийрүүлж болно.

Хамтдаа дасгал хийгээрэй. Анх танилцсанаасаа хойш та хоёрын аль аль нь хэдэн кг жин нэмсэн үү? Хамтдаа дасгал хийх нь эрүүл мэндэд тустайгаас гадна хосуудын харилцаанд сайнаар нөлөөлж, нэг баг болж, хамтран ажиллахад нь тусална.

Өглөө бүр хайртаасаа “Өнөөдөр юу хийхээр төлөвлөсөн бэ?” гэж асуугаарай. Таны нөхөр өнөөдөр чухал хуралтай юу? Эхнэр тань томоохон үйлчлүүлэгчтэйгээ утсаар ярихаар төлөвлөсөн үү? Эсвэл тэр багын найзтайгаа өдрийн хоол идэх үү? Өдөр тутмын амьдралынхаа сонин, хачиныг хуваалцах нь итгэл найдвар, мөрөөдөл, айдсаа хуваалцахтай адил чухал бөгөөд харилцан ойлголцол, зохицлыг бий болгоход чухал үүрэгтэй. Гэхдээ түүний хурал, утасны дуудлага, өдрийн хоол ямар байсныг асуухаа мартваа! Таны анхаарал халамж таны хайртад хайр, халамжийг мэдрүүлэх болно.

Бусдын өмнө ханийгаа хүндлэн биширч байгаагаа илэрхийлж байгаарай. Найз нөхөдтэйгээ уулзахад, ажлаар ярилцахад гээд хаана ч байсан, тэр байтугай хамтдаа гудамжинд алхаж байхдаа ч түүнд хүндэтгэлтэй ханд. Нөхрийнхөө гараас атгах, эхнэрлүүгээ инээмсэглэх зэрэг үйлдлүүдийг хийж болно. Түүнийг хаа ч явсан тэвэрч бай. Харин хэзээ ч олон нийтийн газар эвгүй байдалд бүү оруул.

Хайртыгаа өөрчилнө гэж бодохын оронд өөрчлөлтийг өөрөөсөө эхэл. Аз жаргалтай, тогтвортой гэрлэлтийг бий болгохын тулд өөрөө сайн хань болохоос эхэлнэ. Та хэн нэгнийг өөрчилж чадахгүй, зөвхөн өөрийгөө л өөрчлөх боломжтой. Амьдралынхаа ханийг өөрчлөх гэж хичээх нь та хоёрын харилцаанд асуудал үүсгэж, түүний урмыг хугалдаг.

Аливаа нөхцөлд эхлээд сайтар тунгаан боддог байх. Хэн ч бусдын дарамтанд байж, заалгуулж, шаардуулж, удирдуулах дургүй байдаг. Хэн нэгэн таныг аз жаргалтай байлгах хариуцлагыг хүчээр хүлээх ёсгүй. Үүний адилаар, таны хань гэрлэлтээ аз жаргалтай болгохын тулд таны төлөө ямар нэг зүйл хийх ёстой гэж бодвол түүнд ийм сэтгэгдэл төрөх болно. Тэр таныг аз жаргалтай байлгах хариуцлагаа мэдэрч эхэлбэл уурлаж, бухимдаж, сэтгэл гутралд орж болзошгүйгээс гадна танаас хөндийрч, үүнтэй тэмцэж эхлэх магадлалтай.

Хүсэл болон хэрэгцээгээ хязгаарла. Хүн бүр өөрийнхөө зан авир, эрүүл мэнд сайн сайхны өмнөөс хариуцлага хүлээх ёстой. Ханийгаа хайрлан халамжилж, түүний төлөө золиос гаргах нь гэрлэлтэнд мэдээж чухал. Гэвч хайр болон золиосныхоо хариуд адил хэмжээний хүсэлт болон хүлээлттэй байхаас болгоомжил.

Бэлгийн амьдралд заавал цаг гарга. Орчин үед гэр бүлийн хосууд хоёул завгүй байх нь элбэг. Гэхдээ таны завгүй цагийн хуваарь гэр бүлийн харилцааны хамгийн нандин зүйл болох хайрын дотно харьцаанд саад болох ёсгүй. Бэлгийн харьцааг байх ёстой уйтгартай үүрэг бус харин ч тэсэн ядан хүлээх сэтгэл хөдлөм адал явдал мэт хүлээх хэрэгтэй.

Унтлагын өрөөгөө зөвхөн алжаал тайлж, амрах ариун газар болгох. Унтлагын өрөө нь маргааныг шийдэх, хүүхдийн хүмүүжил болон өдрийн ажилтай холбоотой төвөгтэй сэдвээр ярилцдаг зөрчилдөөний талбар биш. Харин унтлагын өрөөний ор бол зөвхөн унтаж амрах, халуун дотно, янагийн харилцаанд зориулагдсан газар юм. Хэрвээ орон дотроо хүнд сэдвээр ярилцаж, шүүмжилж эхэлбэл та хоёрын аль нэгэнд унтлагын өрөөнд байх нь тухгүй санагдаж, бие биендээ ойртохоос зайлсхийх болдог. Унтлагын өрөөгөө аюулгүй бүс болгон тунхаглаж, бэрхшээлтэй асуудлаа өөр газар ярилцдаг болоорой.

Өөрийн зорилго сонирхлоо дагах. Өөрийгөө хөгжүүлж, сонирхлоо хөгжүүлэхэд цаг гаргаарай. Ингэснээр таны хань болон найз нөхөд, хамаатнууд таныг илүү хүндлэх болно. Өөртөө зориулж цаг гаргах нь та хоёрт хувь хүний өөрийн гэсэн орон зайг үүсгэж, бусдын хэрэгцээг хангах дарамтыг багасгадаг.

Найзуудтайгаа тогтмол уулзаж байх. Эмэгтэй хүн бүрт бусад эмэгтэйчүүдтэй уулзах цаг хэрэгтэй байдгийн адилаар эрчүүдэд ч ялгаагүй найзуудтайгаа уулзах хэрэгцээ байдаг.

Ханьдаа таалагддаггүй өөрийн дутагдлыг засах арга хэмжээ авч хайраа илэрхийлээрэй. Жишээлбэл тэр илүүдэл жинтэй болж байгааг чинь сануулж эхэлбэл дасгал хөдөлгөөн хийдэг болж, хамтдаа оройд явган явдаг болохыг санаачлаарай. Таны нөхөр цэвэрч нэгэн бол өмссөн оймсоо шалан дээр хаяж, бохир аяга, тавгаа угаалтуурт үлдээхгүй байхыг хичээ. “Би чамд хайртай” гэж байнга хэлэх сайхан ч хайртайгаа үйлдлээр харуулах нь илүү чухал шүү.

Хүүхэд болон гэр орны ажлаа хойшлуулан гэрлэлтээ эхэнд нь тавиарай. Бүх төрлийн харилцаанд та хамгийн түрүүнд ханиа тавих ёстой гэсэн алтан дүрэм бий. Үр хүүхэд хэзээ нэгэн цагт төрсөн гэрээ орхиж, биеэ даана. Гэрлэлтээ эхэнд тавина гэдэг нь бүх асуудлаас өмнө хоёулаа хамт байх цагийг хамгаалан, хойшлуулахгүй байхыг хэлнэ. Хүүхдүүдээ эрт хооллож байгаад ч гэсэн зөвхөн хоёулаа үдшийн зоог барих, хамт зугаацах цаг гаргаж байгаарай.

Уучлалт гуйж сурах. Өөрийнхөө сул тал, алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч, гомдоосон бол уучлалт гуйж, учраа тайлбарлан алдаагаа дахин давтахгүй байхыг хичээ.

Уучилдаг байх уужуу сэтгэлтэй байгаарай. Хэрвээ та ханьдаа гомдсон бол түүнийг уучилж сур. Гомдлоо удаан хадгалах нь таны сэтгэлийг хоосруулж, гэрлэлтийг ч бусниулах аюултай.

Ханийхаа хувийн орон зайг хүндэл. Хэрвээ тэр “Би яг одоо ярилцахыг хүсэхгүй байна”, “Чи намайг шүүмжлэхэд би дургүй, үүнийгээ боль” гэж хэлбэл үгийг нь сонс. Ханийхаа зан аашийг удирдах гэж бүү оролд. Та зөвхөн өөрийнхөө зан аашийг хариуцах үүрэгтэй тул түүнийгээ л удирдахад хангалттай.

Өөрийнхөө хил хязгаарыг тогтоо. Өөрийнхөө цаг хугацаа, эрч хүч, чадварын хязгаарыг таньж мэд. Өөрийнхөө өгч чадах зүйлийг ханьдаа өгөхийн хажуугаар өөрийгөө ч хайрлаж, халамжлах хэрэгтэй. Өөрийгөө доромжлол, уур уцаар, урвалт, дарамтлахаас хамгаал. Та хүндлэл хүртэх бүрэн эрхтэй. Хүндлэл үгүй болсон орон зайгаа хамгаалах, хэрэгцээгээ хангах хил хязгаарыг бий болгоорой.

Сул талаа өөрчилж, хөгжүүлэхэд анхаар. Хүчтэй хүмүүс бүгд өөрийнхөө сул талыг ухамсарлаж засаж сайжруулах гэж тэмцдэг хүмүүс байдаг. Тэд хүмүүсийн шүүмжлэлээс суралцаж өөрийгөө өөрчлөхөд ашигладаг. Сайн ойлголцдог гэр бүлийн хүмүүс л нэг нэгнийхээ дутагдалтай талыг зоригтой хэлж, илчилж засаж байдаг. Тиймээс энэ утгаар нь гэрлэлтийг хувь хүний хөгжлийн боломж гэж нэрлэж болно.

Ханийнхаа сул талыг хүлээн зөвшөөр. Гэр бүл маргаантай байх гол шалтгаан нь хосууд бие биенийхээ дутагдлыг шүүмжилж, өөрийнхөө хүссэнээр байлгах гэж тэмцсэнээс үүдэлтэй байдаг. Харин ч нэг нэгнийхээ дутууг нөхөж, түшээд авсан гэр бүл эрүүл харьцаатай байж өөдөлж байдаг. Ханьдаа уян хатан хандаж, уужуу сэтгэл гаргаж байгаарай.

Ханийгаа бусдад магтаж байгаарай. Гэр бүлийн асуудалтай хүмүүсийн ярианаас ажиглахад тэд ихэнхдээ эхнэр, нөхрөө өөрийн найз нөхөд, гэр бүлийн хүмүүст муугаар ярьдаг бөгөөд заримдаа бүр өөрийнх нь хажууд муулж шүүмжилж байдаг. Харин бөх бат, тогтвортой харилцаатай хүмүүс хэзээ ч ингэдэггүй, зөвхөн хоорондоо ярилцдаг. Гэр бүлийн асуудал үүссэн ч бусдад ханийгаа буруутгаж ярьдаггүй байх хэрэгтэй. Аливаа гэр бүлийн маргаан болон асуудлын хариуцлагад ямар нэг хэмжээгээр өөрөө хамаатай гэж ухамсарлаж байх нь ухаалаг хандлага болдог юм шүү.

ring

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »