Зарим эмэгтэйчүүдийн сарын тэмдэг 41-45 насанд, тэр байтугай 40 наснаас өмнө зогсч цэвэрших үеийн өөрчлөлтүүд илэрнэ. Эрт цэвэрших шалтгаанд удамшлын онцлогоос гадна сэтгэл санааны хэт цочрол, биеийн жин алдаж турах, зарим хүнд өвчнүүд, мэс засал, гэмтэл, хорт зуршил (архи, тамхины хэрэглээ их байх) зэрэг орно. Цэвэршилт эрт эхэлснээс цэвэршилтийн шинж тэмдгүүд болох сарын тэмдгийн мөчлөг тогтворгүйтэх, зан ааш өөрчлөгдөх, халуу оргих, сарын тэмдгийн хэмжээ өөрчлөгдөх, үтрээ хуурайших,  шээс задгайрах, давсаг сулрах, нүүрний арьс хуурайших, нойргүйдэх, бэлгийн дур хүсэл буурах зэргээр илэрнэ. Эрт цэвэршилтийг буцаах аргагүй бөгөөд шинж тэмдгийг хянаж, даавар нөхөх эмчилгээг ердийн цэвэршилтийн дундаж нас хүртэл хийхийг зөвлөдөг.

Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд

Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд хэвийн цэвэршилттэй ерөнхийдөө адилхан байдаг. Үүнд:

  • сарын тэмдгийн мөчлөг алдагдах болон сарын тэмдэг алгасч ирэх
  • сарын тэмдгийн хэмжээ багасах эсвэл хэт их ирэх
  • халуу оргиж, хөөрөх (ихэвчлэн бүх биеэр мэдрэгдэх)

Эдгээр шинж тэмдгүүд өндгөвчнөөс ялгарах эстроген дааврын хэмжээ эрс буурсныг илэрхийлнэ.

Дээр дурдсан шинж тэмдгийн хамт дараах шинжүүд илэрч болно:

  • үтрээний хуурайшил
  • шээс задгайрах, давсаг сулрах
  • сэтгэл санааны хямралууд /зан ааш тогтворгүй болох, сэтгэлийн дарамттай байх/
  • ам, нүдний салс хуурайших, арьс хуурайших
  • нойргүйдэл
  • бэлгийн дур хүсэл буурах

40 орчим наснаас дээр дурдсан шинж тэмдгүүд илэрч эхэлбэл эмчид хандаж цэвэршилтийн оношилгоо хийлгэх хэрэгтэй. Эрт цэвэршилт эхэлж байгааг дараах нөхцлүүд тодорхойлно:

  • хими, цацраг туяаны эмчилгээ хийлгэсэн
  • өөрөө бөгөөд таны гэр бүлийн аль нэг гишүүн дархлалын буюу аутоиммуны өвчтэй байсан (жишээ нь: бамбай булчирхайн идэвхжлийн буурал, Грэйвсийн эмгэг, люпус буюу чонон хөрвөс)
  • олон жил үргүйдэлтэй байсан
  • таны ээж эсвэл ойрын эгч нар эрт цэвэршиж байсан

Эрт цэвэршилтийн оношилгоо

Эрт цэвэршилтийг оношлоход хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн дотуур үзлэг болон жирэмслэлт, бамбайн эмгэг гэх мэт өвчлөлийг үгүйсгэх зорилгоор цусны нарийвчилсан шинжилгээ хийнэ. Мөн эстроген дааврын нэг хэлбэр болох эстрадиолын хэмжээг цусны шинжилгээгээр үзнэ. Хэрэв эстрадиолын хэмжээ багассан байвал өвдгөвчний үйл ажиллагаа буурч байгааг илтгэнэ. Эстрадиолын түвшин 36-с доош байвал цэвэршиж эхэлж байгаа дохио болно. Харин эрт цэвэршилтийн хамгийн чухал оношилгоонд фоликул сэдээгч дааврын (ФСД) хэмжээг цусанд үзэх явдал юм. Эстроген дааврын ялгаралт буурсан бол фоликул сэдээгч дааврын хэмжээ ихэснэ. ФСД-ын хэмжээ 30-40мIU/мл болон түүнээс дээш болсон тохиолдолд энэ нь цэвэршсэнийг нотлох үзүүлэлт болно.

Эрт  цэвэршилтийн эрүүл мэндийн эрсдэл

Эрт цэвэршилттэй эмэгтэйчүүдийн эстроген дааврын түвшин унаж, өндгөвчний үйл ажиллагаа зогссон байдаг. Эстроген дааврын ялгарал буурснаас эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ихээр нөлөөлж үе мөчний үрэвсэл, ясны сийрэгжилт зэрэг олон өвчлөл эмгэгүүдийн эрсдэл ихсэх хандлагатай. Мөн өндгөвч болон бүдүүн гэдэсний хавдар, шүдний буйлны үрэвсэл, нүд цийх (катаракт) зэрэг өвчнүүдийн эрсдэл эстроген уналтаас болж нэмэгддэг.

Эрт цэвэршсэн эмэгтэйчүүд хугацаандаа цэвэршсэн эмэгтэйчүүдтэй харьцуулахад амьдралын арай урт хугацааг эстроген дааврын хамгаалалтгүйгээр өнгөрөөдөг тул тэдний эрүүл мэндэд асар өндөр эрсдэлтэй байдаг.

Эрт цэвэршилтийн эмчилгээ

Эрт цэвэршилтийн шинж тэмдгүүд болон сэтгэл санааны хямралыг ердийн цэвэршилтийн шинж тэмдгийн арга хэмжээтэй адил явуулна. Шинж тэмдгүүд арай хүнд бөгөөд ажил амьдралын хэвийн байдлыг хадгалахад бэрхшээлтэй болтол хүндэрвэл эмчийн хяналтанд даавар нөхөх эмчилгээ хийлгэх нь чухал. Эрт цэвэршилтээс үргүйдэлтэй болсон эмэгтэйчүүд нөхөн үржихүйн мэргэжилтэнд хандаж өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.

Эрт цэвэршилтийн шалтгаан олон нөхцөл байдалтай байдаг тул нэгэнт эхэлсэн бол хэзээ ч эргэхгүй үйл явц байдаг. Иймд эрт цэвэршилтийн уршгаар үүсэж болох эрсдэлийг сайн хянах зорилгоор эмч нар даавар нөхөх эмчилгээг санал болгодог байна.

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »