ХАРВАЛТ – ТАРХИНЫ ЦУСАН ХАНГАМЖИЙН ХУРЦ ДУТАГДЛААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Харвалт хэмээн нэрлэгддэг тархины цусан хангамжийн хурц дутагдал зөвхөн ажлын хэт их ачаалалтай, зүрхний өвчтэй эрчүүд эсвэл өндөр настнуудад тохиолддог гэж ойлгох нь элбэг. 

Гэвч өнөөгийн амьдралын хэв маягаас болж  харвалтын эрсдэл ихээр нэмэгдэж, 40-50 насны эмэгтэйчүүд нас чацуу эрчүүдээс хоёр дахин илүү өртөх хандлагатай болоод байна. Гэсэн ч зөв мэдээлэлтэй байж, цус харвалтанд хүргэдэг эмгэг байдлуудыг зохицуулснаар харвалт өгөхөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.

Харвалт гэж юу вэ?

Харвалт гэдэг нь тархи огцом цусан хангамжгүй болсноос эд эрхтэнүүдийг хянах чадвараа алдаж, тэдгээр эд эрхтэнүүд үйл ажиллагааны сааталд ордог хүнд эмгэгийг хэлнэ.  Тархины цусан хангамж 3 шалтгаанаас хаагддаг:

  1. Тромбоз. Тархины артерийн судсанд цусны бүлэн үүсэн бөглөрөх хэлбэр. Бүх харвалтын тохиолдлоос 45 хувийг эзэлнэ.
  2. Эмболизм. Биеийн аль нэг хэсгээс цусны урсгалаар зөөвөрлөгдөж ирсэн цусны бүлэн эсвэл агаарын бөмбөлөг тархины судсыг бөглөн цусан хангамж боогдох хэлбэр 35 хувьд тохиолдоно.
  3. Цус харвах. Тархины судас хагаран тархины эдийг нэвчин үйл ажиллагаа нь саатах хэлбэр. Энэ төрлийн харвалт 20 хувьд тохиолдоно.

Тархины үйл ажиллагаа сааталд орсныг анхааруулах олон  шинж тэмдэг байвч тэдгээр нь маш богино хугацаанд болж өнгөрдөг онцлогтой.  Харвалтыг анхааруулах шинж тэмдэгт ухаан алдах, ухаан балартах, ой тогтоолт буурах,  үе мөч эсвэл биеийн аль нэг хэсэг мэдээ алдах (ихэвчлэн зөвхөн нэг тал дагнана), үг хэлэх эсвэл юм залгиж чадахгүй болох зэрэг шинжээр илэрнэ.

Нэн яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэйг заасан шинж тэмдгүүд:

  • Нүүр. Нүд бөгөөд амны булан нэг талруугаа унжсанаас нүүр мурийсан мэт харагдах. Инээмсэглэх, шүлсээ залгиж чадахгүй болох.
  • Гар. Гараа өргөх чадваргүй болох, өргөсөн гараа тогтоож чадахгүй байх
  • Яриа. Тод ярьж чадахгүй болох.

Хугацаа амьдралыг шийднэ. Энэ нь богино хугацаанд яаралтай тусламж үзүүлж чадвал тархины эд эсийн гэмтлийн хэмжээг хязгаарлах болон эдгэрэх боломжийг олгоно гэсэн үг юм. Хугацаа алдвал хөдөлгөөний саажилттай болох, ой тогтоолт болон хүнтэй харьцах чадвараа алдах, тэр байтугай амь насаа алдах хүртэл аюулд хүргэдэг.  Тархины эд эсүүд хүчилтөрөгчийн хурц дутагдалд орсноос эдгээр хүндрэлүүд үүснэ. Харин хүчилтөрөгчийн хүргэлтийг богино хугацаанд нөхөн сэргээж чадвал гэмтлийн үр дагаврыг эмчлэх бололцоотой байдаг.

БИЧИЛ ХАРВАЛТ

Зарим тохиолдолд анхааруулах шинж тэмдгүүд нь 24 цагийн дотор үгүй болдог. Уг харвалтыг бичил харвалт гэх ба ихэвчлэн тархины жижиг судас түр хугацаагар бөглөрөх эсвэл тархины эдэд бага хэмжээний цус нэвчин тархины цусан хангамж түр зуур саатах шинж тэмдгээр илэрнэ. Бичил харвалт нь цаашид тархины цусан хангамж хурц дутагдалд өртөж болзошгүйг илтгэх анхааруулга тул нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд байж цогц эмчилгээ хийлгэх шаардлагатай.

ШАЛТГААН БӨГӨӨД НӨЛӨӨЛӨХ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Харвалтад хүргэдэг гол шалтгааны нэг бол цусны өндөр даралт юм. Цусны даралт нь дөчин нас дөнгөж гараад ихэсдэг болсон хүмүүс өндөр даралтыг эрт үед нь хянан эмчлэхгүй бол цус харвах эрсдэлд өртөгдөх нь бараг 30 дахин илүү байдаг.

Нөгөө гол шалтгаан нь артерийн судасны хананы хатуурах эмгэг байдаг. Даралт ихсэх болон судасны хатуурал хоёулаа чихрийн шижин, цусан дахь өндөр холестерин болон хомоцистеин уургийн өндөр түвшингээс үүсдэг ба тэдгээр нь судасны ханыг нарийсган гэмтээж, агшааж бөглөснөөс тархины цусан хангамжийг боогдуулдаг байна.

Бусад эрсдэлт хүчин зүйлд тамхи татах, спиртний төрлийн зүйл ихээр хэрэглэх,  дасгал хөдөлгөөний дутагдал зэрэг орно. Тамхи татах нь  артерийн судсыг нарийсгаж, цусыг өтгөрүүлснээр бүлэн үүсгэх илүү их магадлалтай болгодог бол спиртний хэрэглээ ихэдвэл цусны даралтыг хөөргөдөг байна.

Зүрхний хэм алдагддаг хүмүүсийн цусанд олон тооны жижиг бүлэн үүсэх эрсдэл илүү байдаг ба тэдгээр нь тархины судасны хананд суух магадлал өндөр тул зүрхний эрүүл үйл ажиллагааг хангахын тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийж эмчийн хяналтанд байх нь чухал.

Цусны өндөр даралт, чихрийн шижин, цусан дахь өндөр холестерол, зүрхний эмгэг, удамшил дагах, эм, тамхи, архины хэт хэрэглээ – бүгд тархины цусан хангамжид сөргөөр нөлөөлнө.

Харвалтаас урьдчилан сэргийлэх

Судлаачдын үзэж байгаагаар хэт таргалалт ялангуяа бэлхүүсээрээ жин нэмснээс даралт ихсэх, цусан дахь сахар болон өөх тосны хэмжээ ихсэж улмаар зүрх судасны үйл ажиллагааны хямралд хүргэдэг байна.

Эрчүүдийн уламжлал болсон архи дарс тэрүүлэн хэрэглэдэг, стрессийн өндөр дарамттай болон хөдөлгөөн хомс суугаа амьдралын хэв маяг нь цусны даралтыг илүү их нэмэгдүүлдэг.

Иймд дараах зөвлөмжийг өнөөдрөөс амьдралдаа хэрэгжүүлж эхэлбэл амь насанд аюултай хүндрэлээс хялбар аргаар хамгаалах бололцоотой.

ШИРХЭГЛЭГ ИХТЭЙ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ. Овъёос ,бүдүүн ширхэглэгтэй 2- р гурилан бүтээгдэхүүн, бор будаа, гоймон зэргийн хэрэглээг нэмэгдүүлж, дахин боловсруулсан дээд зэргийн цагаан гурилан бүтээгдэхүүний хэмжээг хасах хэрэгтэй.

Бүдүүн ширхэгтэй хоол хүнс нь цусан дахь холестерины түвшинг бууруулахын хамт тэдгээр нь гэдсэнд удаан шингэж өег мэдрэмж өгдөг тул хооллолтын дундуур өлсөж тослог, чихэрлэг зууш хэрэглэх хүслийг багасгах болно.

ЖИМС НОГООГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭГЭЭР ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭХ. Жимс, хүнсний ногооны 5 нэгжийг өдөр бүр хэрэглэж чадвал харвалтын эрсдэлийг 30%-иар бууруулах боломжтой. Эдгээр нь цусны даралт буулгах, холестерины хэмжээг багасгах үйлчлэлтэй үл исэлдүүлэгч амин дэмүүд болон кали, магни, кальциар баялаг байдаг. Судалгаагаар өдөр бүр нэг ширхэг алим иддэг хүний зүрх судасны өвчлөл болон тархинд цус харвах эрсдэл бараг 3 дахин буурдгийг олж тогтоосон байна.

ЖИМСНИЙ ШҮҮС ХЭРЭГЛЭХ. Жүрж,анар жимс, бэрсүүт жүржийн шинээр шахсан шүүснүүд цус харвах эрсдэлийг бууруулах бололцоотой байдаг.  Бэрсүүт жүрж зарим төрлийн даралт бууруулах эмэн эмчилгээний үйлчлэлийг өөрчлөх магадлалтай байдаг тул эмчээс зөвлөгөө аваарай.

ЗАГАСЫГ ӨРГӨН ХЭРЭГЛЭХ. Долоо хоногт тогтмол ядаж нэг удаа салмон, хар амар, май зэрэг тослог загасыг хэрэглэвэл цусны өтгөрөлийг бууруулахад маш үр дүнтэй байдаг.

ТАМХИНААС ГАРАХ.

БЭЛХҮҮСЭЭ ХЭМЖИХ. Эмэгтэйчүүд 81 см, эрэгтэйчүүд 95 см-ээс их бэлхүүсний хэмжилттэй байх нь цус харвах өндөр эрсдэлийн бүлэгт байгааг анхааруулдаг.

ДАСГАЛ ХИЙ. Өдөр бүр зөвхөн 30 минутын дасгал хийдэг бол цусны даралт болон холестерины түвшинг хэвийн хэмжээнд байлгах бүрэн бололцоотой.

ДАВСНЫ ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛАХ. Давс хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралтыг маш ихээр өсгөдөг. Дэлхийн Хүнсний Стандартын Агентлагаас өдөрт хэрэглэх давсны хэмжээ 6г-аас хэтрэх ёсгүйг заасан байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ТОГТМОЛ ХАМРАГДАЖ ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙХ.  Цусны даралтаа хэмжиж, сахар болон холестерины түвшингээ байнга шалгаж байгаарай. Хэвийн хэмжээнээс өөрчлөгдсөн тохиолдолд хэвийн хэмжээнд буулгах зөвлөгөө болон амьдралын хэв маягаа өөрчлөх арга хэмжээ аваарай.

НЭМЭЛТ ТЭЖЭЭЛ

КАЛЬЦИ. Цусны даралтыг хэвийн хэмжээнд барихад тустай. Бусад төрлийн даралт бууруулах эмчилгээтэй үл тохиролцох эсэхийг эмчээс тодруулаарай.

МАГНИ. Кальцийн хамт даралт бууруулах үйлчлэлтэй.

СЕЛЕН. Селен эрдсийн түвшин бага байхад харвалт илүү өргөн хүрээтэй бөгөөд хүнд хэлбэрээр явагдана.

ФОЛИЙН ХҮЧИЛ. Фолийн хүчил нь судасны хана гэмтээдэг хомоцистеин уургийн түвшинг бууруулна.

САРМИС. Цусан дахь холестерин, болон триглецирид тосыг бууруулснаар цусыг шингэлэн судасны урсгалыг сайжруулж өгдөг.

ЗАГАСНЫ ТОС. Судасны урсгалыг идэвхжүүлэн зүрхний шигдээс болон цус харвах эрсдэлийг багасгана.

КО-ЭНЗИМ Q 10. Хавдраас хамгаалах үл исэлдүүлэгч. Мөн даралт бууруулах үйлчлэлтэй.

ЯАРАЛТАЙ ТҮРГЭН ТУСЛАМЖ

Хэн нэгэн хүнд харвалтын шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй яаралтай түргэн тусламж дуудаарай.

Яаралтай тусламж хэрэгтэй байгааг дараах онцлог шинж тэмдэг илэрхийлнэ: мэдрэмж алдах, таталт өгөх, гар, хөл саажин хөдөлгөөнийг удирдах боломжгүй болох, нүдний доод зовхины болон амны булан унжих, амнаас шүлс гоожих, инээх шүлс залгих боломжгүй болох, гэнэт нүд бүрэлзэх тод харж чадахаа болих, толгой хүчтэй өвдөх болон ухаан алдах гэх зэрэг шинж тэмдэг багтана.

Богино хугацаагаар бичил харвалт өгөх нь “анхааруулах” харвалт болдог бөгөөд түр зуур тархины цусан хангамж боогдон, тархины эд эсэд гэмтэл учруулалгүй болж өнгөрдөг байна. Бичил харвалтыг эрт оношилж зохих арга хэмжээ авч чадвал хүнд хэлбэрийн харвалтаас урьдчилан сэргийлж чадна

ТАРХИНЫ ЦУСАН ХАНГАМЖИЙН ХУРЦ ДУТАГДЛЫН АНХААРУУЛАХ ШИНЖ ТЭМДЭГ

Нүүр, гар, хөл гэнэт мэдээгүй болно. Мэдээ алдах нь ихэвчлэн нэг талдаа байна.
Сандралд орж учраа олохоо болино, ярих болон ойлгох чадвар саатна
Тод харж чадахаа болино
Алхаа хэвийн бус болж толгой эргэнэ, биеийн тэнцвэр болон баримжаа алдагдана
 Шалтгаангүйгээр толгой гэнэт хүчтэй өвдөнө

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »