Ямар өөрчлөлтийг хэвийн гэх бөгөөд юунд илүү анхаарах хэрэгтэй вэ?

Үтрээний эрүүл мэнд нь бэлгийн амьдралаас гадна гэр бүл, нийгмийн амьдралын сэтгэлзүй, ерөнхий биеийн эрүүл мэнд зэрэг амьдралын олон чухал үе шатанд нөлөөлж байдаг. Үтрээний эмгэг нь үр тогтоох чадвар, бэлгийн дур хүсэл өдөөх, бэлгийн амьдралын ханамж зэрэгт сөргөөр нөлөөлж болно. Үтрээний өвчлөл нь стресс болон дотно харилцааны   асуудлын шалтгаан болж, өөртөө итгэх итгэлд ч нөлөөлнө.

Үтрээний эрүүл мэнд нь өдөр тутмын хувийн ариун цэвэрт анхаарч, амьдралын эрүүл хэв маяг хэрхэн баримтлахаас ихээхэн шалтгаална. Зөв хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байх нь үтрээний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж, явган явах, гүйх зэрэг энгийн дасгалууд нь бага аарцгийн булчингуудыг чангалж, эрүүл ханамжтай байх мэдрэмжийг төрүүлж чаддаг.

Үтрээний салстын хэвийн шүүрэл буюу ялгарал     

Үтрээний шүүрэл нь үтрээг цэвэр байлгах үүрэгтэй юм. Биений юм ирэхээс бусад үед  үтрээнээс шүүрлийн цайвар ялгарал бага хэмжээгээр гарах нь хэвийн зүйл. Уг салсархаг ялгарал нь ихэвчлэн умайн хүзүүний салстын шүүрэл байдаг. Үтрээний амсар орчмын бэлгийн уруулууд (vulva) гадна бэлэг эрхтэнд тооцогдоно.

Үтрээнээс шүүрэл ялгардаг байх нь муугийн дохио биш байдаг. Үтрээний ялгарлын хэмжээ өөрчлөгдөх нь цэвэр дааврын түвшингийн хэлбэлзэлтэй холбоотой, өөрөөр хэлбэл сарын тэмдгийн мөчлөгийн үе шат, жирэмслэлт, цэвэршилттэй шууд холбоотой. Сарын тэмдгийн мөчлөгийн үед шат бүрт үтрээний ялгарлын хэмжээ болон шинж чанар харилцан адилгүй байдаг. Өндгөн эс өндгөвчнөөс гадагшлах үед (овуляци) үтрээний ялгарал түүхий өндөгний цагаан шиг өтгөн, сунамтгай болж хувирна.

Үтрээ нь бичил биетэн агуулдаг хэмжээгээрээ хоол боловсруулах эрхтэний дараа ордог өвөрмөц шинж чанартай эрхтэн юм.  

Эрүүл үед үтрээнээс ялгарах хэвийн шүүрэл нь хурц үнэр, өнгөгүй байна. Хаяа танд нойтон оргих таагүй мэдрэмж төрж болох ч, үтрээний эргэн тойрон загатнах, зовиурлах учиргүй. Хэрвээ үтрээний ялгарлын өнгө өөрчлөгдөж, үнэр орон, загатнаж эхэлбэл та халдвар авсан байх магадлалтай тул эмчид хандаарай.

Үтрээний бичил орчин буюу микрофлора

Үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй. Үтрээ бол хоол боловсруулах эрхтэний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд үтрээнд байрших нь үтрээнд өөрт нь ач холбогдолтой юм.

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

  • Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг
  • Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална (үтрээний орчин хүчиллэг болох хандлагатай)
  • Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна
  • Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг
  • Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг

Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь  үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH 4.5-аас бага) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, мөөгөнцөр зэрэг халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ.

Үтрээний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд

  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь бэлгийн замаар дамжих халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлнэ
  • Хэт эрчтэй бэлгийн хавьтал, аарцагны гэмтэл. Хүчирхийлсэн бэлгийн харьцаа нь аарцаг ясны болон үтрээний хананд гэмтэл учруулдаг.
  • Архаг өвчлөл, эмгэгүүд. Чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө.
  • Эм бэлдмэл хэрэглэх, эмэгтэйчүүдийн хувийн арчилгааны бүтээгдэхүүн. Антибиотик эмчилгээг удаан хугацаанд хэрэглэснээр үтрээний мөөгөнцөр тархах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Зарим төрлийн анти-гистамин (харшлын) эмчилгээ үтрээг хуурайшуулдаг. Ховор тохиолдолд сарын тэмдгийн үед хэрэглэдэг шингээлт сайтай тампоныг солихгүй удаан явснаас хордлогын дайралтын эмгэг хам шинж (toxic shock syndrome) үүсч болно.
  • Гэр бүл төлөвлөлтийн хэрэгслүүд. Спермицид (эр бэлгийн эсийн идэвхжлийг хорих тос), хурц үнэртэй, нийлэг бэлгэвч, тослогч зэрэг нь үтрээг цочроох аюултай.
  • Жирэмлэлт ба төрөлт. Жирэмсэн болоход үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөж, сарын тэмдгийн мөчлөгийн дааврын ялгарал түр зогсоно. Үүнээс шалтгаалж жирэмслэлтийн явцад үтрээний хэвийн бичил орчны тэнцвэр алдагдан шүүрэл, ялгарлын хэмжээ өөрчлөгддөг. Хэвийн төрөлтөөр буюу үтрээгээр төрөх нь үтрээний булчингийн хүчийг багасгаж, үтрээ сулрах тохиолдол элбэг байдаг.
  • Сэтгэлзүйн асуудлууд. Санаа зовох, сэтгэл гутрах нь бэлгийн сэрлийн эрчид сөргөөр нөлөөлж, бэлгийн харьцааг таагүй болгож, өвдөх мэдрэмж төрүүлнэ.
  • Насжилт. Биений юм ирэхээ больж, үр тогтоох боломжгүй болдог цэвэршилтийн дараа бэлгийн даавар буурснаас үтрээний уян хатан чанар алдагддаг.
  • Дааврын түвшин. Дааврын түвшний өөрчлөлт үтрээнд нөлөөлж болно. Жишээлбэл, цэвэршсэний дараа болон хүүхэд төрүүлсний дараа, хөхөөр хооллож байх үед эстроген дааврын нийлэгжил буурдаг. Эстроген дааврын хэмжээ буурснаар үтрээний хана нимгэрч (үтрээний хатингаршил), бэлгийн харьцааг өвдөлттэй болгоно.

Хамгийн түгээмэл тохиолддог үтрээний эмгэгүүд

  • Бэлгийн хавьтлын эмгэг. Бэлгийн хавьтлын үед болон дараа тогтмол өвддөг байх нь (dyspareunia) дааврын тэнцвэр өөрчлөгдсөнөөс, бэлгийн хавьтлын үед эр бэлэг эрхтэн  үтрээнд нэвтрэхэд өвдөлттэй байх  нь (vaginismus) үтрээний хананы булчин удирдлагагүй агшдаг эмгэг зэрэг шалтгаануудаас үүсч болно.
  • Бэлгийн замын халдвар. Гадна бэлэг эрхтэний үү, тэмбүү, бэлгийн хомхой зэрэг бэлгийн замын олон халдварууд үтрээний эрүүл мэндэд хүндээр нөлөөлнө. Халдвар авсан тохиолдолд үтрээний өвөрмөц ялгарал, эмзэглэлүүд заавал дагалдаж илэрнэ.
  • Үтрээний үрэвсэл (вагинит). Халдвар авсан эсвэл үтрээний бичил орчны тэнцвэр алдагдсанаас үтрээний салс үрэвсдэг. Үтрээний үрэвслийн сонгодог шинж тэмдгүүд нь эвгүй үнэртэй, их хэмжээний ялгарал гарах, загатнах, өвдөх зэрэг болно. Хамгийн түгээмэл тохиолддог үрэвслийн хэлбэрүүдэд үтрээний бичил биетийн тэнцвэр алдагдсаны бактерийн үрэвсэл, мөөгөнцрийн бичил биетийн (Candida albicans) мөөгөнцрийн үрэвсэл, шимэгчээр үүсгэгддэг, ихэвчлэн бэлгийн замаар халдварладаг трихомониаз үрэвсэл зэрэг багтана.
  • Бага аарцгийн эрхтэнүүдийн холбоосын сулрал. Умайг байранд нь тогтоож байдаг шөрмөс болон холбоос эдүүд суларснаас умай, давсаг, шулуун гэдэс доош унжиж үтрээний хана руу түрж орж ирдэг.
  • Бусад эмгэг болон өөрчлөлтүүд. Үтрээний хананд уйланхай үүссэнээс бэлгийн харьцаа өвдөлттэй байх, сарын тэмдгийн үед тампон хийхэд хүндрэлтэй болно. Цэвэршсэний дараа болон бэлгийн хавьтлын дараах үтрээний цус алдалт нь ховор тохиолдолд үтрээний хорт хавдрын шинж тэмдэг байдаг.

Үтрээний эмгэгийн шинж тэмдгүүд

Танд дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандаарай:

  • Үтрээний ялгарлын өнгө, үнэр, хэмжээ өөрчлөгдөх. Өндөр халуунтай хавсарсан байвал онцгой анхаарах
  • Үтрээ улайх, загатнах, хэт цочрог болох
  • Цэвэршиж гүйцсэний дараа, бэлгийн хавьталд орсны дараа болон биений юмны хооронд үтрээнээс цус гарах
  • Үтрээ хавагнах
  • Үтрээ хүндэрч, дарагдалт мэдрэгдэх

Бэлгийн замын мөөгөнцрийн үрэвсэл урьд нь илэрч байсан хүмүүст үрэвсэл дахих хандлагатай байдаг тул үрэвслийн зовиур дахин илэрвэл эмчилгээгээ давтаж болно.

Үтрээний эрүүл мэндээ сахин хамгаалах зарчмууд

Үтрээний болон биеийн ерөнхий эрүүл мэндээ хамгаалах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

  • Хариуцлагатай бэлгийн харьцаа. Бэлгэвч тогтмол хэрэглэх. Бэлгийн замын халдварын эрсдэлгүй зөвхөн нэг хамтрагчтай байх.
  • Вакцинжуулалтанд хамрагдах. Хүний папилломавирус (HPV), элэгний А,Б вирус зэрэг бэлгийн замаар халдварладаг ноцтой өвчнүүдээс вакцинжуулалтаар хамгаалж болно.
  • Хувийн ариун цэвэр хариуцлагатай сахих. Хурц үнэртэй саван, гель, үрэвслийн эмчилгээний угаалгын шингэнүүд үтрээний ашигтай нян болон хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, үтрээг цочроодог тул хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй. Гадна бэлэг эрхтэнээ өдөр бүр угаах ба угааж цэвэрлэхдээ аль болох энгийн бөгөөд хольц багатай саван сонгохыг хичээгээрэй. Салсын шүүрлийн ялгарлаараа үтрээ гүн хэсгийнхээ цэвэрлэгээг өөрөө гүйцэтгэж байдаг. Биений юм ирсэн үед угаалгыг өдөр бүр, илүү ойрхон хийдэг байх хэрэгтэй. Хярзангийн эргэн тойронг (үтрээ болон шулуун гэдэсний амсрын хоорондох зай) цэвэр байлгах нь нэн чухал. Энэ хэсгийг өдөр бүр сайтар цэвэрлэж шулуун гэдэсний ялгадсыг үтрээнд нэвтрэхээс чандлан хамгаалаарай. Сарын тэмдгийн хоорондох өдрүүдэд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэх нь арьсыг цочроох магадлалтайг анхаарна уу.
  • Кегелийн дасгал хийж дадлагажих. Кегел дасгалаар аарцгийн булчингуудыг чангалахад үтрээний хананы цусан хангамж нэмэгддэг. Шээсээ таслахад оролцдог бага аарцгийн булчингуудыг олж мэдрээд, тэдгээрийг чангалдаг дасгалуудыг хийнэ. Зөв булчингаа мэдэрч сурсан үедээ өдөр бүр 10 давталтаар дор хаяж 3 удаа хийвэл үр дүн гарна.
  • Хэрэглэж буй эм, бэлдмэлээ судлах. Таны хэрэглэж байгаа эм үтрээнд гаж нөлөө үзүүлэх эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
  • Согтууруулах ундааны хэрэглээгээ хязгаарлаж, тамхи болон мансууруулах бодис хэрэглэхгүй байх. Согтууруулах болон мансууруулах бодис нь бэлгийн үйл ажиллагааны хямралд хүргэнэ. Никотин бэлгийн сэрлийг бууруулж, бэлгийн амьдралыг хямралд оруулах эрсдэлтэй байдаг.

Үтрээний бүх асуудлаас урьдчилан сэргийлэх боломжгүй ч, тогтмол үзлэг, хяналтанд орох нь үтрээнд нөлөөлж байгаа асуудлыг эрт оношлох бололцоо олгодог. Танд үтрээний эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн асуудал байх магадлалтай бол, санаа зоволгүй эмчид хандаж, мэргэжлийн зөвлөгөө, тусламж аваарай.

Gexicon-l-web

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »