50-с доош настай эрэгтэйчүүдэд шээсний замын халдвар тохиолдох нь ховор байдаг ч халдварын тохиолдол гурван сарын дотор хоёр ба түүнээс олон удаа илэрвэл, мөн халдварын явц өгсөж бөөрний эдийг хамран тархаж эхэлвэл давсаг, түрүү булчирхай болон бөөрний нарийн оношилгоо явуулж, шээсний замын халдварын уламжлалт эмчилгээ болох антибиотик эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай болдог.  Бөөр нь хос эрхтэн бөгөөд хэвлийн арын хоёр талд байрлана. Бөөр нь цуснаас шүүсэн шээсийг шээсний сувгаар давсаг руу дамжуулдаг.  Шээс давсганд хуримтлагдаж, суллах шаардлага гарсан үед шээсний сүвээр шээж гадагшилдаг байна.

Шээсний замын халдварын шалтгаан?

Ихэнх тохиолдолд бүдүүн гэдсэнд оршдог нян (E.coli) шээсний замд нэвтрэн үржсэнээс шээсний замын үрэвсэл үүсдэг байна. Гэдэсний нян буюу бактери нь гэдсэнд байхдаа аюулгүй боловч биеийн өөр хэсэгт нэвтэрсэн тохиолдолд халдварын үрэвсэл үүсгэдэг. Гэдэсний нян ихэвчлэн өтгөн ялгаруулсны дараа шулуун гэдэсний амсрын эргэн тойрон гадаргууд үлдэснээс ойролцоо байрлах шээсний сүв рүү дамжин давсаг руу нэвтрэн халдвар үржих нөхцлийг бүрдүүлдэг.

Халдвар зөвхөн давсаг, шээсний сувгаар хязгаарлагдаж байвал шээсний доод замын халдвар (ШДоЗХ) гэнэ. Халдвар тархаж бөөрийг хамарч эхэлвэл шээсний дээд замын халдвар(ШДэЗХ) гэнэ. Шээсний дээд замын халдвар буюу бөөрний эдийн үрэвслийн улмаас (пиелонефрит) бөөрний эд гэмтэн цус шүүх үйл ажиллагаа нь саатах эрсдэлтэй болдгоороо илүү аюултай байдаг.

Шээсний замын халдвар эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс илүү элбэг тохиолдоно. Учир нь эмэгтэйчүүдийн давсагнаас гарах шээсний сүв богинохон бөгөөд шулуун гэдэсний амсартай ойрхон байрладгаас гэдэсний нян шээсний сүв рүү нэвтрэх болон давсаг руу өгсөхөд илүү хялбар болдог.

Харин эрчүүдэд түрүү булчирхай томорсноос, давсагнаас гарах шээсний урсгал хаагдан шээс давсганд хэт удаан хадгалагдсанаас нян үржих нөхцлийг бүрдүүлэн давсагны ханыг үрэвсүүлдэг. Иймээс нас нэмэх явцад түрүү булчирхай томорсноос эрчүүдэд давсагны үрэвсэл буюу цистит үүсэх тохиолдол ихсэх хандлагатай болдог. Мөн урьд нь ямар нэг шалтгаанаар катетер тавиулж гэмтэл авч байсан, хүнд хэлбэрээр халдварлагдаж сорви үүссэн зэрэг олон шалтгаанаас шээсний сувгийн нарийсал буюу хагас бөглөрөл үүссэн тохиолдолд шээсний замын халдвар тусах эрсдэл болон давтамж эрс нэмэгдэнэ.

Issue8MGL                                     Issue8MGL-1

Эрэгтэйчүүдийн шээсний замын халдварын шалтгаан

Зарим тохиолдолд ямар нэг шалтгаангүйгээр шээсний замын үрэвсэл үүсэх нь бий.  Давсаг, бөөр, түрүү булчирхай, болон дархлааны тогтолцоо хэвийн байсан ч орчин тойрны нян шээсний замын эдэд бэхлэгдэн үржсэнээс үрэвслийн зовиур үүсгэж болно. Гэвч ихэнх тохиолдолд дараах үндсэн өвчлөлөөс болж шээсний замын халдвар идэвхжих эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд:

  • Түрүү булчирхайн томорлоос болж давсганд шээс удаан хуримтлагдан, үүнд нь бактери үржиж, шээсэнд халдвар үүсэх тааламжтай нөхцлийг бүрдүүлнэ.
  • Давсаг бөөрний өвчин – бөөр давсагны чулуунаас шээс түгжрэх эсвэл шээсийг гадагшлуулахын тулд катетер хэрэглэсэн зэрэг шалтгаанаас халдвар үүсэх нөхцөл бүрддэг.
  • Дархлаа буурснаас аливаа халдварт өртөх эрсдэлийг ихэсгэнэ.
  • Бусад эрхтэн тогтолцооны эмгэгт өвчин: чихрийн шижин, эсвэл ямар нэг шалтгаанаар эмчилгээний зориулалтын эмийн гаж нөлөөнөөс, жишээ нь: стероид дааврын эм г.м

Шээсний замын үрэвслийн шинж тэмдэг

  • Давсагны халдвар (цистит): шээхэд хурцаар өвдөх, ойр ойрхон шээс хүрэх, хэвлийн доод хэсгээр өвдөж, шээс булингартай болох бөгөөд хамгийн онцлог шинж тэмдэг нь шээсний үнэр маш хурц эвгүй үнэртэй болох явдал юм. Халдвар хүндээр явагдаж байгаа тохиолдолд шээс цустай гарч халуурдаг.
  • Бөөрнйи үрэвсэл: ууц нуруугаар өвдөнө, өндөр халуурна, дотор муухайрна, бөөлжинө, биеийн ерөнхий байдал тавгүйрхэнэ.

Зарим тохиололд ахимаг насны эрэгтэйчүүдэд шэс ялгарлын зовиур илрээгүй боловч ямар нэг шалтгаангүйгээр биеийн ерөнхий байдал муудах, тавгүйтэх шинж тэмдэг илэрч байвал шээсний замын үрэвслийг оношлох шинжилгээ өгч тодруулж шалгаж байх шаардлагатай байдгийг анхаарна уу.

Оношилгоо

urineTestШээсний ерөнхий шинжилгээгээр халдварын эх үүсвэр болон нянг тодорхойлж, оношийг баталгаажуулах бололцоотой байдаг. Түрүү булчирхайн томрол, бөөрний өвчин зэрэг эрхтэнүүдийн эмгэгтэй бол бөөр, давсаг, түрүү булчирхайн нарийн шинжилгээ, оношилгоо шаардлагатай болно. Шээсний замын халдварын үндсэн эмчилгээ болох антибиотик эмчилгээнд үрэвслийн шинж тэмдэг дарагдахгүй тохиолдолд дараах эмгэг байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй:

  • Халдвар давсагнаас тархаж бөөр халдварлагдсан байх магадлалтай
  • Шээсний замын халдвар эргэн сэдэрдэг архаг хэлбэрт шилжсэн. Ихэнх тохиолдолд гурван сарын хугацаанд хоёр ба түүнээс олон удаа халдвар идэвхждэг болно
  • Бөөрний чулуу болон бөөрний өвчлөлөөс шалтгаалсан бөөрний эдийн өөрчлөлттэй
  • Ямар нэг шалтгаанаар шээс ялгаруулалт саатах, хаалт үүссэн байх

Эдгээр шалтгаануудыг тодруулахын тулд бөөр, давсагны бүтцийг шинжилж, эхо болон давсагны дурангийн шинжилгээ хийх шаардлагатай болно.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН  ШЭЭСНИЙ ЗАМЫН ХАЛДВАРЫН ЭМЧИЛГЭЭ

Шээсний замын халдварын эмчилгээнд олон төрлийн бөгөөд өргөн хүрээний антибиотик эмчилгээ хэрэглэгддэг. Шээсэнд илрүүлсэн нянгийн хэлбэрээс шалтгаалж тухайн халдварт тохирсон антибиотик эмчилгээ сонгож хийх нь нэн чухал. Шээсний доод замын халдварын антибиотик эмчилгээ зөв сонгож гүйцэт хийсэн тохиолдолд 7-10 хоногт халдвар бүрэн эмчлэгдэнэ. Эмчилгээ гүйцсэний дараа дахин хянах зорилгоор шээсний шинжилгээг давтан өгч байх нь чухал. Хэрэв халдвар шээсний замын дээд хэсэг буюу бөөр, түрүү булчирхайг хамарсан бол антибиотик эмчилгээг гурван долоо хоног болон түүнээс дээш хугацаанд үргэлжлүүлэн хийх шаардлагатай.

Эрэгтэйчүүдийн бөөрний үрэвсэл хүнд хэлбэрт шилжвэл антибиотик эмчилгээг эмнэлгийн нөхцөлд судсаар тарьж эмчлэх шаардалагатай болно. Ялангуяа дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурснаас бие махбодь хордлогын байдалд орон антибиотик эмийг амаар хэрэглэх боломжгүй болоход шингэн нөхөх зорилгоор дуслын шингэний хамт тарих нь хамгийн тохиромжтой арга байдаг. Антибиотик эмчилгээний хамтаар парацетамол, ибупрофеныг өвчин намдаах, халуурах, тавгүйтэх зовиурыг багасгах зорилгоор хэрэглэнэ. Мөн хордлого тайлахад шингэн их хэмжээгээр ууж байх хэрэгтэй. Хэрэв зохих антбиотик эмчилгээ хийсэн ч үрэвслийн шинж тэмдэг дарагдахгүй байвал  антибиотикийн төрлийг солих шаардлагатай болно. Учир нь, зарим бактери тухайн антибиотикт тэсвэртэй болдог тул шээсний шинжилгээгээр антибиотикт мэдрэг чанарыг судалсны дараа тохирсон төрлөөр нь сольж байх нь чухал.

Урьдчилан сэргийлэх

Ихэнх тохиолдолд эрэгтэй хүний шээсний замын халдварыг урьдчилан сэргийлэх боломжгүй. Бэлгийн хавьталд орохдоо бэлгэвч хэрэглэснээр бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлж чадна. Түрүү булчирхайн хоргүй томрол байгаа тохиолдолд томролоос хамгаалах зориулалтын эм, нэмэгдэл тэжээл хэрэглэж, кафеин, архины хэрэглээг хязгаарлаж чадвал шээсний гарцыг нэмэгдүүлэн, давсганд шээс хуримтлагддаггүй болоход халдвар үржих боломжгүй болох ач холбогдолтой. Давсаг дүүрэн шээсийг аль болох удаан хадгалахгүй шээж байх нь нян үржихээс өмнө гадагшлуулах сайн талтай. Түрүү булчирхайн томролоос болж шээсний гарц саатдаг бол давсагны үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд түрүү булчирхайн томролын зориулалтын эмчилгээ болон мэс засал эмчилгээний талаар мэргэжлийн эмчтэй ярилцах хэрэгтэй.

Пиелонефрит

Шээсний замын үрэвсэл ихэвчлэн зөвхөн давсаг шээсний сувгаар хязгаарлагдсан хэлбэрээр тохиолддог. Харин халдвар давсаг болон шээсний сувгаар дээш тархаж бөөр лүү нэвтрэхэд бөөрний эдийн үрэвсэл буюу пиелонефрит үрэвсэл үүснэ. Пиелонефрит үрэвсэл цусаар дамжин тархаж хүндрэл өгөх өндөр эрсдэлтэй байдгаараа аюултай байдаг. Аз болоход пиелонефрит нь зөв антибиотик эмчилгээгээр бүрэн гүйцэт эмчлэгддэг үрэвсэл юм.

Пиелонефритын үед илрэх шинж тэмдэг

Шээсний замын халдвар нь өвдөлттэй ойр ойрхон, хурц үнэртэй шээх шинж тэмдгээр илэрдгийн хамт халдвар бөөр лүү дамжин тархсан бол дараах зовиураар тодорхойлогдоно:

  • Нуруу, бөөр орчмоор өвдөх
  • Халуурах
  • Бие тавгүйрхэх (тайван биш болох)
  • Дотор муухайрах, бөөлжих
  • Ухаан балартах (ялангуяа хөгшин хүнд тохиолдоно)

Пиелонефритын үед шээсэнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Жишээ нь:

  • Цустай шээх
  • Шээс тунгалаг биш, эвгүй хурц үнэртэй байх
  • Шээхэд өвдөх
  • Шээс ойр ойрхон хүрэх, шээх давтамж ихсэх

Бөөрний чулуу нян өсөх таатай орчин бий болгож үрэвслийг улам даамжруулна. Чихрийн шижин болон, дархлаа суларсан хүмүүс илүүтэйгээр бөөрний үрэвсэлтэй болох хандлагатай байдаг.

Бөөр, нурууны өвдөлт

Бөөр ба нурууны өвдөлтүүдийг хооронд нь андуурах явдал ихээр тохиолдоно. Бөөрний үрэвслийн ба нурууны өвдөлтийн хооронд хэд хэдэн ялгаа байдаг. Нурууны өвдөлт ихэвчлэн битүү маягийн, огцом гэнэт хэлбэрээр эхлэн удаан үргэлжлэх ба дундаа хаяа түр намжиж, ихсэх хэлбэрээр өвддөг. Бөөрний өвдөлт нь тодорхой цикл буюу давтамжаар лугшиж өвдөхийн хамт халуурах, чичрэх, өвдөлттэй шээх зэрэг бусад шинж тэмдэгтэй хавсарна. Бөөр нурууны өвдөлт нь ууц нуруугаар өвддөг шинж тэмдэгтэй ижил боловч өвдөлтийн эх үүсвэр нь шинжилгээгээр илэрнэ.

Нурууны өвдөлт нь анатомийн байрлалаараа хүзүүний, нурууны доод хэсгийн, нурууны дээд хэсгийн, ахар сүүлний өвдөлтөөр ялгагдана. Өвдөлт эхлээд эхний 4 долоо хоногт нурууны өвдөлт хурц хэлбэртэй байгаад, түүнээс урт болон  12 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилсэн бол архаг хэлбэрийн өвдөлтөнд шилжинэ.

Бөөрний өвдөлт нь маш хурц, базлах хэлбэрээр илэрвэл бөөрний чулууны гаралтай байж болно. Халдварын улмаас үүссэн бөөрний архаг үрэвслийн өвдөлт нь ууц болон хажуу тал руугаа тархсан хэлбэрээр өвдөнө. Бүх төрлийн бөөрний өвдөлт нь халуурах, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэгтэй хавсардаг.

Нурууны өвдөлтийг дулаан эмчилгээ, массаж, хүйтэн жин тавих, физик эмчилгээ, дасгал, зүү эмчилгээгээр анагааж болно.

Харин бөөрний өвчинг шалтгаанаас нь хамаарч эмчилнэ. Антибиотик эмчилгээ хийж, удаан хугацаанд сувилуулан нөхөн сэргээх эмчилгээ хийх шаардлагатай байдаг тул яаралтай эмнэлгийн тусламж авч байх хэрэгтэй.

ШЭЭСНИЙ ЗАМЫН ҮРЭВСЛИЙГ ГЭРИЙН НӨХЦӨЛД АНАГААХ НЬ

Хэрэв гэнэтийн байдлаар ойр ойрхон яаралтай шээс хүрэх, шээсэн ч дусал төдий хэмжээтэй давсгаар шатах мэт хорсож, шээж эхэлбэл давсагны үрэвслийн эхний үед дараах арга хэмжээг гэрийн нөхцөлд авч чадвал эмчид үзүүлэх гэж цаг алдалгүй, халдварыг тархахаас нь өмнө эмчлэх бололцоотой байдаг. Иймд эдгээрээс аль нэгийг хэрэглээд үзээрэй:

  1. Шээсний замын халдварыг усаар “угааж хөөж гаргах”. Энгийнээр, маш их хэмжээний ус уухад шээс шингэрэн, хэмжээ ихэссэнээр давсаг “угаагдан” үржсэн нян зайлагдан гардаг. Өдөрт 6-8 том аяга ус уухыг зөвлөдөг
  2. Cranberry буюу цангис жимс нь шээсний халдварыг эмчлэх байгалийн гаралтай сонгодог эмчилгээ юм. Цангис жимсэнд агуулагдах С амин дэм болон хинолины хүчил нь халдварын нянг давсагны хананд шигдэн сууж үржихээс хамгаалдаг үйлчлэлтэй байдаг. Шээсний замын халдварын шинж илэрч эхэлсэн тохиолдолд цангис жимсний шүүс 300-700г уухад эмчилгээний өндөр үр дүн үзүүлж чаддаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр 80г шүүс уудаг байх хэрэгтэй.
  3. Хүнсний сода хэрэглэх. 1 цайны халбага содыг 1 стакан усанд уусгаж уухад үрэвслийн улмаас хүчиллэг болсон шээсний чанарыг саармагжуулан эдгэрэлтийн явцыг хурдасгах ач холбогдолтой байдаг.

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »