Дунд насанд түгээмэл тохиолдох сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутралыг тайлбарлах нь

Сэтгэл гутрал, цэвэршилтийн хамаарал

45 орчим наснаас дааврын хэлбэлзэл эхэлж, цаашид цэвэршилт явагдан бие махбодийн бодисын солилцооны өөрчлөлттэй давхцан нийгэм-эдийн засаг, гэр бүлийн харилцааны ачааллыг даван туулах шаардлага дунд насны хүн бүрт тулгарна. Гадаад төрхөндөө сэтгэл дундуур болох, бэлгийн амьдралд хямрал үүсэх, насжилт явагдан архаг өвчлөлийн илрэл тодрох, илүү зовуурьтай болох, хүндрэх, бусад өвчлөлтэй хавсарч илрэх нь сэтгэлийн зовуурь үүсгэж, зан ааш тогтворгүйтэх, сэтгэл хөдлөлөө удирдах чадваргүй болгосноор сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эмгэгт хүргэх эрсдэлтэй. Иймээс цэвэршилтийн насанд сэтгэлийн зовуурь, шаналал үүсгэж буй асуудлын эх үүсвэр, суурь шалтгааныг тодорхойлж, зөв шийдэх нь эрүүл мэнд, амьдралын чанарыг хамгаалахад нэн чухал.

Сэтгэлд гутрал хэмээн ерөнхий нэрээр шалтгаан, шинж тэмдэг, явцаараа ялгаатай дараах 3 эмгэг байдлыг тодорхойлох ба ялгаж таних нь зүйтэй:

Сэтгэлээр унах – сэтгэлээр унах, гуниглах, эрч хүчгүй болох, зан үйлийн хандлага өөрчлөгдөх зэрэг түгээмэл шинж тэмдгээр түр зуур, богино хугацаагаар илрэх мэдрэмж бөгөөд ихэнх тохиолдолд эмчилгээ шаардлагагүй. Далд хэлбэрээр явагдаж, мэдрэмжийг шийдэхгүй удаашруулах тусам сэтгэл гутралын эмгэг хамшинж (dysphobia) болон хувирах эрсдэлтэй.

Сэтгэл гутралын хам шинж – аливаа өвчлөл (дааврын дутмагшил, эрхтэн тогтолцооны, бодисын солилцооны), эсвэл гэр бүл салалт, ажлаас халагдах, дотны хүнээ зуурдаар алдах сэтгэлзүйн өргөн хүрээний цочирдол бүхий үйл явдлаас шалтгаалсан сэтгэл санааны хүчтэй хариу үйлдэл. Хэдийгээр богино хугацаанд үргэлжилж, ихэнх тохиолдолд эмчилгээ шаарддаггүй боловч, далд хэлбэрийг нь олж танихгүй, илрүүлэхэд хугацаа алдан даамжирвал сэтгэл гутрах сэтгэцийн эмгэгт хүргэж болзошгүй. Уг сэтгэл гутралын хамшинж өдрийн турш, ихэнх өдрүүдэд илрэн 2 орчим жил болоход (dysthymia) сэтгэцийн эмгэгт хүргэх аюултай.

Сэтгэл гутрах эмгэг – тархинд биохимийн өөрчлөлт явагдан, тэнцвэр алдагсанаас сэтгэл гутрах эмгэг үүснэ. Сэтгэл гутрах эмгэг нь ихэнхдээ эмчилгээ шаардлагатай, элбэг тохиолддог, эмчлэгдэх боломжтой өвчин.

Даавар, сэтгэлзүйн харилцан холбоо

Цэвэршилт нь дээр дурьдсан сэтгэл гутралын үндсэн шалтгаан болдоггүй ч цэвэрших явцад тохиох бэлгийн дааврын өндөр хэлбэлзэл тархины солилцоонд нөлөөлж, ихэнх эмэгтэйчүүдэд зан ааш тогтворгүйтэх шалтгаан болж байдаг. Зан ааш хаврын тэнгэр шиг тогтворгүйтэх нь цэвэршилтийн шилжилтийн үед өндгөвчний дааврын хэмжээ ихээхэн хэлбэлздэгтэй холбоотой. Үүн дээр нэмээд халуу оргих, шөнө хөлрөх зэрэг цэвэршилтийн бусад шинж тэмдгээс шалтгаалж эмэгтэйчүүд хангалттай унтаж, амарч чадахгүй, сэтгэлээр унах, гутрахад хүргэх нь дамжиггүй. Залуу насанд сарын тэмдгийн мөчлөгийн дааврын хэлбэлзэлд хэт мэдрэг, биений юмны өмнөх хамшинж хүндээр илэрдэг байсан эмэгтэйчүүд цэвэршихэд шилжих үед илүүтэй зан ааш тогтворгүйтэх хандлагатай. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвчилж байсан эмэгтэйчүүд цэвэршилтийн насанд уг эмгэг дахин сэдрэх магадлал өндөртэй. Сэтгэлээр унасан, эсвэл сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн хэн ч бай чимээгүй шаналах хэрэггүй. Тусламж авах бололцоотой.

Хэрхэн шийдвэрлэх вэ?

Хөнгөн, дунд хэлбэрийн сэтгэл гутралд байгалийн гаралтай ургамлын бэлдмэл (St. John’s Wort, Валериан, Долоогоны ханд) хэрэглэхээс гадна дараах амьдралын хэв маяг, зан үйлийн өөрчлөлтүүдийг хэвшил болгон нэвтрүүлэх нь:

  • Томоохон ажил, үүргээ жижиг хэсэг болгон хувааж гүйцэтгэлийг хуваарилах, нэн түрүүнд хийх чухал ажлын жагсаалт гаргах, хийж чадах юмаа л хийдэг байх
  • Дасгал хөдөлгөөн хийх, кино үзэх, тоглох зэргээр амьдралаа сонирхолтой үйл явдлаар дүүргэхийг эрмэлзэх
  • Уур хилэн, гомдол, хардах бодол зэрэг мэдрэмжээ аажмаар арилах, тайвшрахыг ухамсартай хүлээ. Мэдрэмж өөрчлөгдөж, бодол жигдрэхэд хугацаа шаардагдана.
  • Сэтгэлээр унасан үедээ чухал шийдвэр гаргахаас зайлсхийж, шийдвэр гаргахаа хойшлуулахыг зорих. Ажлаа солих, гэр бүл болон хувийн харилцааны асуудлыг шийдэх зэрэг томоохон шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж, зөвлөж чадах хүнтэй ярилцах.

Цэвэршихэд шилжих үеийн зан ааш тогтворгүйтлийн илрэл тод, эрүүл мэнд, өдөр тутмын хувийн амьдралд нөлөөлж байвал дааврын тэнцвэргүйдлийг тогтворжуулах зорилгоор бага тунгийн жирэмслэхээс хамгаалах дааврын эм хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. Эстроген-прогестин агуулсан дааврын бэлдмэл нь дааврын түвшинг тогтмол байлгаснаар зан аашаа удирдахад тусална. Мөн түүнчлэн хавсарсан дааврын бэлдмэл нь биений юм ирэх хэмжээ, цус алдалтыг зохицуулж, умай, өндгөвчний хорт хавдрын эрсдэлийг бууруулах зэрэг эрүүл мэндийн ач холбогдолтой.
Анхааруулахад: 35-аас дээш насны тамхи татдаг эмэгтэйчүүдэд жирэмслэхээс хамгаалах бэлдмэл тохиромжгүй.

Сэтгэл гутрал хүнд явцтай бол

Сэтгэл гутрал хүндээр илэрсэн үед тархины биохимийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор сэтгэл гутралын эсрэг эм (антидепрессант)-ийг хэрэглэдэг. Эмийн эмчилгээний үр дүн мэдрэгдэхэд 1-2 сар шаардлагатай байдаг ч ихэнх эмэгтэйчүүдэд эмчилгээ үр дүн өндөр байдаг ба гаж нөлөө харьцангуй багатай. Зарим антидепрессант эм цэвэршилтийн халуу оргих шинж тэмдгийг хөнгөвчлөх үйлчлэлтэй байдаг. Эдгээр эмийг сэтгэл заслын эмчилгээ болон эрүүл мэндийн зөвлөх үйлчилгээтэй хослуулах нь хамгийн үр дүнтэй. Сэтгэл гутрах эмгэг, сэтгэцийн эрүүл мэндийн бусад асуудлаар нарийн мэргэшсэн, мэргэжлийн эмчид хандах нь илүү тохиромжтой байдаг. Сэтгэцийн эмч нь эмийн эмчилгээнээс гадна сэтгэц засал, танин мэдэхүй, зан үйлийн эмчилгээг хийх боломжтой.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »