ЭНДОМЕТРИОЗ. Эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог эмгэгийн талаар

endometriosis
Эндометриозын улмаас хэвлийн доогуур тогтмол өвдөх, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, жирэмсэлж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд илэрдэг.

Эндометриоз гэдэг нь умайн хөндийн салстын эд умайн хөндийгөөс өөр эрхтэнд шилжиж байрласнаас хэвийн үед сарын тэмдгийн мөчлөгийн явцад умайн салст зузааран ховхордогийн ижил процесс явагдан тухайн эрхтэнд эмгэг нөлөө үзүүлдэг өвчин юм. Эндометриозын эд байрлах боломжтой эрхтэнүүд:

  • Өндгөвч. Өндгөвчний эдэд цус хуримтлагдан шоколад төст өнгөтэй уйланхай үүснэ.
  • Умайн арын хана болон шулуун гэдэсний урд хананы завсарт. Энэ зайг Дугласын хөндий гэх ба энд эндометриоз байрлавал хэвлийн гүнд хүчтэй өвдөлт өгөх, бэлгийн хавьтал эмзэглэлтэй байдаг онцлогтой.
  • Ховор тохиолдолд гэдэсний гадаргуу, давсагны хананд, мөн бага аарцгийн хөндийгээс гадагшлан хүйсний нүх, хагалгааны сорви гэх мэт ер бусын газар байрлах тохиолдолд ч байдаг.

Сарын тэмдгийн мөчлөгийн үед умайн эндометрийн давхарга дааврын нөлөөгөөр зузаарч ховхордогтой төстэй хувьсал эндометриозын эдэд явагдаж гадагшлах гарцгүй сарын тэмдгийн үед өвдөлт үүсэх шалтгаан  болдог.

Хэвийн үед сарын тэмдэг ирэхээс өмнө эндометр зузаарч  түүн дээр  үр тогтсон өндгөн эс  ирж бэхлэгдэн үр хөврөл хөгжих нөхцөл бүрдүүлж өгдөг. Өндгөн эс ялгарсан ч үр тогтоогүй тохиолдолд умайн зузаарсан салст хууран унаж гадагшаа цус гардаг. Үүнийг сарын тэмдгийн ялгарал гэдэг. Хэрэв эндометриозын эд таны биеийн аль нэг хэсэгт байрлавал тэнд мөн ижилхэн зузаарч, ховхрон цус алдах процесс явагдана. Энэ үйл явц мөчлөгтэйгээр давтагддаг. Энэ үйл явц өвдөлт үүсгэн умайн гуурсан хоолой эсвэл өндгөвчийг гэмтээн шархлуулж, үргүйдэл үүсгэх шалтгаан болно.

Эндометриоз нь удаан явцтай архаг хэлбэрийн эмгэгийн тоонд орно. Ихэвчлэн  хэвлийн доод хэсэг, нуруугаар өвдөнө.  Мөн үргэлж ядрах, сэтгэл санаагаар хямрах шинж тэмдэг илрэх ба үр тогтохгүй байх нөхцөлд хүргэдэг.

Эндометриозын шалтгаан юу вэ?

Эндометриоз эмгэг үүсэх үндсэн шалтгаан бүрэн тогтоогдоогүй ба хэд хэдэн онолоор тайлбарладаг. Хамгийн түгээмэл онол нь сарын тэмдгийн мөчлөгийн явцад зузаарсан умайн салстын зарим хэсэг нь умайн амсраар гадагшлалгүй сөрөх урсгалаар умайн гуурсаар хэвлийн хөндий руу шилжин аарцгийн эрхтэнд бэхлэгдэн шигддэг гэсэн онол юм. Эмч нар уг шалтгааныг мөн урвуу урсгалтай сарын тэмдэг гэж нэрлэдэг. Эндометриозын эд умайн салстын ижил шинж чанартай байдаг тул сарын тэмдгийн мөчлөгийн явцад бүтэц нь хөвсийж ялгардаг байна. Энометриозын тохиолдол ихэвчлэн 25-35 насны эмэгтэйчүүдэд илүү элбэг ажиглагддаг.

Шинж тэмдэг

Эндометриоз нь олон хэлбэрийн шинж тэмдгээр илэрдэг. Магадгүй шинж тэмдэг огт илрэхгүй байж ч болно. Хамгийн сонгодог бөгөөд түгээмэл шинж тэмдэгт сарын тэмдэг ирэх үеийн хэвлийн доод хэсгээр хүчтэй өвддөг шинж орно. Сарын тэмдгээс үл хамааран архаг хэлбэрээр өвддөг бол уг зовиур удаан хугацаагаар үргэлжилдэг байна.

Онцлог илрэх шинж тэмдгүүд:

  • Бэлгийн хавьтлын үед өвдөх
  • Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөх. жишээ нь: сарын тэмдэг ирэхээс өмнө толбо төдий ялгарал олон хоног гарах, сарын тэмдэг тогтворгүй ирэх эсвэл цус алдалттай төстэй ихээр ирэх г.м
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн, өтгөн ялгарах эмзэглэлтэй байх
  • Шалтгаангүйгээр хэт их ядрах

Эндометриозын эд гэдэсний хананд байрласан тохиолдолд өтгөн гарах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхжихэд өвдөлт өгөх, сарын тэмдгийн үед өтгөнд  цус үзэгдэнэ. Давсганд эндометриоз байвал шээх үед өвдөлт өгч, сарын тэмдгийн үед цустай шээнэ. Нэгэнт эндометриозын эд аливаа эрхтэнд шилжсэн байхад сарын мөчлөгийн дааврын үйлчлэлээр хөвсийж цус ялгаруулан хувьссан хэвээр байх болно. Эндометриозын эдийн ялгарлаас умайн гуурс болон өндгөвчний наалданги үүсэн үр тогтохгүй байх нэг шалтгаан болдог.

Эндометриозын зовиур, шинж тэмдгүүд цэвэршилтийн дараа багасч алга болдог. Эндометриозтой эмэгтэйчүүд жирэмсэлсэн тохиолдолд, жирэмсний явцад өвдөлт болон бусад шинж тэмдгүүд багасдаг ба төрсний дараа эргээд  өвддөг болно. Харин эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнтэй байж дааврын хэлбэлзлийг зөв түвшинд хадгалж чадвал эндометриозын шинж тэмдгийг багасгах боломжтой байдаг.

endo

Эндометриозын улмаас үүсэх хүндрэлүүд:

  • Хэвлий, бага аарцгийн хөндийн эрхтэнүүд хооронд наалданги, сорвижилт үүсэх
  • Умайн гуурсан хоолой, өндгөвчний ойролцоох наалданги, шингэн хуримтлалаас үр тогтох чадвар буурна
  • Зулбах, дутуу төрөх эрсдэл нэмэгдэнэ
  • Эндометриозын эд өндгөвчний уйланхай үүсгэн улмаар уйланхай хагарах, цус шүүрэх өндөр эрсдэлтэй болно
  • Гэдэсний хананы эндометриозын үед гэдэс мушгиран түгжрэх хүндрэл ихэсдэг
  • Хорт хавдрын (ялангуяа өндгөвчний) эрсдэл нэмэгдэнэ.

Эндометриозын эмчилгээ

Эндометриозыг гүйцэд эмчлэх эмчилгээ байдаггүй, шинж тэмдгийг дарахад хүндрэлтэй байдаг. Эндометриозын эмгэгтэй үед эмчилгээний гол чиглэл  нь өдөр тутмын амьдралыг хэвийн байлгах зорилгоор зөвхөн шинж тэмдгийг багасгахад оршино.

Өвчин намдаах эмчилгээ. Өвчин намдаах зорилгоор стероид бус төрлийн үрэвслийн эсрэг ибупрофен зэрэг өвчин намдаах эм хэрэглэнэ. Энэ төрлийн эм нь өвчин намдаахын зэрэгцээ үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг. Өвчин намдаалтыг сарын тэмдэг ирэх өдрөөс 1-2 хоногийн өмнөөс ууж хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.

Даавар эмчилгээ. Даавар эмчилгээний гол зорилго нь эстроген дааврын нийлэгжлийг  хязгаарлахад оршино. Учир нь эстроген эндометриозын эд хөвсийж ховхрох процессыг нөхцөлдүүлдэг. Эстрогены түвшин бага байх тусам эндометриозын өсөлт бууран зовиур арилна. Даавар эмчилгээ хэрэглэхэд эстроген дааврын ялгарал саатаж сарын тэмдэг ирэхгүй болж хиймлээр жирэмслэлтийн эсвэл цэвэршилтийн байдалд хүргэн сарын тэмдгийн хүчтэй зовиурыг багасгана.  Харин даавар эмчилгээ жирэмснээс хамгаалах бололцоогүй байдгийг анхаарна уу.

Эндметриозыг эмчлэх 4 төрлийн даавар эмчилгээ байдаг:

  • Прогестаген
  • Прогестагены эсрэг үйлчлэлтэй
  • Хавсарсан даавартай жирэмснээс хамгаалах эм
  • Даавар ялгаралтыг сэдээгч тархин дахь гонадотропин даавар төст эмчилгээ

Мэс засал. Мэс заслаар эндометрозын эдийн голомтыг тайрч авах, талбайг арилгах буюу устгаснаар үр тогтох чадварыг нэмэгдүүлж болно.

Жирэмсэн болоход эндометриозын шинж тэмдэг буурдаг ч, төрсний дараа сарын тэмдгийн мөчлөг хэвийн болоход эргээд шинж тэмдэг илэрнэ.

Эндометриозтой эмэгтэйд эрүүл тэнцвэртэй хооллолт ашиг тустай. Ингэснээр:

  • Эмийн эмчилгээг даах чадварыг нэмэгдүүлнэ.
  • Эмийн үйлчлэх хүрээг нэмэгдүүлнэ.
  • Эрч, хүч нэмнэ.
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулна.
  • Нойрны зөв хэмнэлтэй болно.

Өдөр бүр алгасалгүй хагас цаг дасгал хийж, эрүүл хооллосноор биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, даавруудыг тэнцвэртэй хэмжээнд хадгалж чадна. Өндөр стресстэй тулгарсан тохиололд тайвширдаг, зөв амарч чаддаг байх хэрэгтэй.

Хооллолтондоо анхаар. Хоолоо зөв зохицуулснаар үрэвслийг намдааж, дааврыг тэнцвэржүүлж өгнө. Эндометриозын шинж тэмдэг, зовиурыг багасгахад бетта каротин, B,C,E амин дэмүүд, магни, цайр, селен, омега-3 тосны хүчил зэрэг нь өндөр ач холбогдолтой.

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »