Бэлгийн замын халдварын эрсдэл наснаас хамаарахгүй

Дунд насныхан гэхээр гэр амьтай, шаахай углаж гэртээ хэвтсэн эрэгтэйчүүд, үсэндээ бигуди ороосон гэрийн халадтай эмэгтэйчүүд гэж төсөөлөгддөг үе өнгөрсөн.Өнөөдөр 50 тэр байтугай 60 насныхан ч эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хэвээрээ, амьдралд олон талын туршлага хуримтлуулсан нийгмийн амьдралд сонирхолтой, бэлгийн амьдрал нь идэвхтэй хэвээрээ орчин цагийн шинэ үеийнхэн болсон нь бахархалтай. Энэ өөрчлөлтийг дагаж дунд насныхны дунд гэр бүлийн харилцаа тогтворгүй болж, гэр бүл салалт нэмэгдэж, залуу насанд байсны адил шинэ харилцаа тогтоож, нэг дор олон бэлгийн хамтрагчтай байх тохиолдол элбэг болоод байна. Статистикийн үзүүлэлтээр бэлгийн замын халдварын тохиолдол ахимаг насныхны дунд залуучуудаас их болох хандлагатай байгаа нь харагдаж байна.

Бэлгийн замын халдвар авах эрсдэл нь наснаас хамаарахгүй бөгөөд 50 нас хүрсэн ч 25 настай залуучуудын адил халдвар авах эрсдэл ижил байдаг.

Бэлгийн замын халдвар яагаад нэмэгдэж байна вэ?

Өнөөдөр 40-50 насныхан залуу насандаа жирэмслэлтээс хамгаалах дааврын эм хэрэглэж сурсан бөгөөд ДОХ-ын тархалтын өмнөх үеийнхэн юм. Жирэмслэлтээс хамгаалах эмийг өргөн хэрэглэж эхэлсэн үед энэ насныхан бэлгийн идэвхтэй амьдралтай байсан тул хүсээгүй жирэмслэлтээс санаа зовдоггүй бөгөөд ДОХ-ын айдас мэдрээгүй байсан тул бэлгэвч хэрэглэж дадаагүй хүмүүс байдаг. Мөн энэ үеийнхэнд бэлгийн замын халдварт өвчнүүдийн талаар зааж байгаагүй гэж хэлэхэд болно. Ингэсний үр дүнд гэр бүлийн харьцаанаас гадна шинэ дотно харилцаа үүсгэдэг ч аюулгүй бэлгийн харьцааны талаар хүүхдүүдээсээ бага мэдээлэлтэй хүмүүс гэхэд хилсдэхгүй.

Онцлоход, ажил амьдрал нь тогтворжсон хирнээ 40 нас өнгөрөөд ирэхээр гэр бүлийн харилцаа тогтворгүй болох, гэр бүлээс гадна харилцаа үүсгэх хандлага нэмэгдэж эхэлдэг нь ихээр ажиглагдана. Статистик үзүүлэлтээс харахад 45-54 насны 5 хүн тутмын 1 нь сүүлийн 5 жилд хамт амьдарсан ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон байдаг нь харагдаж байгаа. Тэдгээрийн ихэнх нь жирэмслэлтээс хамгаалах шаардлагагүй гэж үздэг бөгөөд  хамтрагчаа бэлгийн замын халдварт өвчингүй хэмээн итгэмтгий хандлага гаргах нь элбэг. Бэлгэвч хэрэглэдэггүй өөр нэг шалтгаан бол эмэгтэйчүүд цэвэршилтийн нас дөхөж жирэмслэх бололцоогүй болж, бэлгэвч хэрэглэх шаардлагагүй гэж таамагладаг. Гэвч бэлгэвч хүсээгүй жирэмслэлтээс хамгаалахаас гадна ихэнх бэлгийн замын халдварт өвчнүүдээс хамгаалах тул бэлгэвч хэрэглэхгүйгээс халдвар авах өндөр эрсдэлд өөрийгөө оруулна.

Бэлгийн замаар дамжих халдваруудын ихэнх нь эхний шатандаа ямар нэгэн зовиур, шинж тэмдэггүй байдаг болохоор хүмүүс өөрийгөө халдвартай гэдгийг мэдэлгүйгээр бусад хүмүүст чимээгүй тарааж байдаг.

Бэлгийн замын халдварыг таньж мэдэх

Бэлэг эрхтэний үү нь хүний папиллома вирусээр (HPV) халдварлагддаг бөгөөд хамгийн түгээмэл тохиолддог бэлгийн замын халдвар юм. Бэлэг эрхтэн орчмын арьсны хавьтлаар халдвар тархах боломжтой тул бэлгэвч хэрэглэсэн ч найдвартай хамгаалалт болж чадахгүй. Халдвар авч тархсан бол бэлэг эрхтэн болон шулуун гэдэсний амсрын ойролцоо жижиг гүвдрүү туурч, загатнах шинж тэмдэг ажиглагдана. Бэлгийн идэвхтэй амьдралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бараг 50 орчим хувь нь энэ вирусын халдвар тээгч нар байдаг ч тэдгээрээс цөөн хувьд нь бэлгийн үү болон өсдөг. Бэлгийн үүг хөлдөөх (cryotherapy) аргаар болон тусгай түрхлэгээр эмчилдэг.

Хламид халдвар нь бэлгийн хавьтлаар тархана. Ихэвчлэн ямарваа нэг зовиур, шинж тэмдэггүй байдаг ба эмчлэхгүй удаан явбал нөхөн үржих чадварт нөлөөлж, улмаар аарцгийн тархмал үрэвслээр хүндрэх зэргээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Халдвар авсан нь шээсний сүвээр хорсох, загатнах, тунгалаг цайвар ялгадас шээсний сүвээс ялгарах зэрэг үл ялиг шинж тэмдгээр мэдэгдэж болно. Эмчилгээ хийхгүй орхисноос эмэгтэйчүүд өндгөвч, умай, аарцгийн хөндийн үрэвсэлт эмгэг, савны гадуур жирэмслэлт, эрэгтэйчүүдэд үргүйдэл, төмсөгний дайврын үрэвсэл зэргийн шалтгаан болох аюултай. Антибиотик эмчилгээг эмчийн зааврын дагуу хэрэглэж эмчилнэ.

Заг хүйтэн өвчин ихэвчлэн эрэгтэйчүүдийн шээсний сүвээс шар ногоон ялгарал гарах, шээхэд хорсох шинж тэмдгээр, эмэгтэйчүүд хламид үрэвсэл төст үтрээний хэвийн бус  ялгарал гарах, бэлэг эрхтэн орчмоор халуу оргиж хорсох, давсгаар өвдөх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Энэ халдварт антибиотик эмчилгээ курсээр хэрэглэнэ. Бэлгэвч хэрэглэж хамгаалж болно.

Бэлгийн хомхой (herpes) нь амны хомхой үүсгэгч вирус төст вирусээр халдварлах бөгөөд эхний удаад цэврүү гарч, шээхэд хорсох мэдрэмж төрж, зарим тохиолдолд биеийн ерөнхий байдал суларч ядардаг. Герпесийн халдварын анхны дайрлага хурц явагдвал вирусын эсрэг эмчилгээ хийж болно. Герпесын халдвар авсан байхад ойрхон дахих хандлагатай байдаг ба ихэвчлэн бүдэг шинж тэмдэгтэй байдаг. Хөнгөн хэлбэрийн герпесын халдварын давталтанд тусгай эмчилгээ шаардлагагүй байж болно. Хомхойг эмчлэх уламжлалт, байгалийн аргуудаас танилцуулъя:

Earl Grey цайгаар өвчилсөн хэсэгт хүйтэн жин тавина. Цайнд агуулагдах танин эдгэрэлтийг хурдасгана. Мөн цайны модны бэлдмэл, шимтэглэй цэцэг, нимбэгний хандтай эфирийн тос зэргийг түрхвэл эмчилгээнд тустай. Энэ эмчилгээ хийхэд хоёр цайны халбага бүйлсний тосон дээр таван дусал эфирийн тос нэмж хэрэглэнэ. Хомхойг дахихаас сэргийлж биеийн дархлааг дэмжих эрүүл, зөв хоолны дэглэм барих хэрэгтэй. Хоол тэжээл зохистой байлгах боломжгүй бол олон төрлийн амин дэм (мультивитамин) хэрэглэвэл зохистой.

Болгоомжилж шинжилгээ өгч байгаарай

Хэрвээ та өөрийгөө бэлгийн замын халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэвэл баталгаажуулахын тулд, эсвэл тодруулж тайвшрахын тулд эмнэлэгт хандаарай. Зарим ахимаг насны хүмүүс бэлгийн хавьталд ордог хэвээр байгаадаа санаа зовдог. Болгоомжтой бэлгийн идэвхтэй амьдрал аль ч насанд хүлээн зөвшөөрөгддөг байх хэрэгтэй. Хамгийн гол нь бэлгэвч хэрэглэхийг зуршил болговол зохино. Дотно харьцаатай болж эхэлсэн тэр дор шинжлүүлж байхаас эмээх хэрэггүй. Эмнэлэг рүү хамтдаа явсан ч болно. Бэлгийн замын халдвар нь нас харгалзахгүйгээр хэнд ч тохиолдож болно гэдгийг ойлгоорой.

Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой ХИЙЖ БОЛОХ, БОЛОХГҮЙ зүйлүүд

Хийх зүйлс:

  • Та бэлгийн шинэ хамтрагчтай болсон бол түүнд итгэж байсан ч бэлгэвч хэрэглээрэй.
  • Бэлгэвч хэрэглэхгүй байхаар шийдсэн үедээ хамтрагчтайгаа хамт бэлгийн замын халдварын шинжилгээнд хамрагдаарай.
  • Ямар нэгэн зовиур, шинж тэмдэг мэдрэгдсэн даруйд аль болох хурдан эмнэлэгт хандаарай.

Хийж болохгүй зүйлс:

  • Эрэгтэй хүн л бэлгэвч авчрах ёстой гэж бүү бод. Бэлтгэлтэй, хамгаалалттай байх нь та хоёрт хоёуланд нь хамаатай.
  • Хамтрагчтайгаа хамт эмнэлэгт очиж, шинжилгээнд хамрагдахыг асуухаасаа бүү эмээ.
  • Бэлгийн амьдралтай холбоотой асуудлыг эмчдээ илэн далангүй хэлэхээс бүү санаа зов. Таны талаар мэдээлэл сайтай байх тусмаа, танд тохирох хамгийн сайн зөвлөгөөг өгч чадна.

1681650-poster-1280-banana-condom_0

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »