Сэтгэл хөдлөл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Бидний эрүүл мэнд дан ганц бие махбодийн эрүүл мэндээс шалтгаалдаггүй – сэтгэл санааны байдлаас эрүүл байх нь ихээхэн хамаарна. Хүний сэтгэлзүйн байдал нь биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг гэдгийг уламжлалт анагаах ухаан хэдэн мянган жилийн тэртээ олж мэджээ. Эерэг хандлагатай, өөдрөг үзэлтэй, эрүүл сэтгэдэг байх нь эрүүл байхын үндэс юм. 

Харин эсрэгээр, сөрөг бодол нь эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулна. Сэтгэл хөдлөлийг “сэтгэлзүйн хариу үйлдэл үзүүлэх систем” гэж тодорхойлж болно.  Сэтгэл хөдлөл гэдэг нь аливаа зүйлийг бодитоор мэдэрсэнд бие махбодь өвөрмөц үйлдлээр хариу үзүүлнэ гэсэн үг юм. Жишээлбэл бид халууцах эсвэл ичих үед бидний нүүр хүзүү, цээжээр улайх, айж сандарсан үед зүрхний цохилт хурдсах гэх мэт хариу үйлдэл үзүүлдэг.

Бид яагаад сэтгэл хөдлөлийг мэдэрдэг вэ?

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар олонд мэдрэгдсэн тодорхой зургаан сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг. Үүнд: дөрвөн сөрөг (уурлах, айх, дургүйцэх, гуних), нэг дундаж (гайхах), нэг эерэг (баярлах) зэрэг орно. Эдгээр сэтгэл хөдлөлүүдээс бусад мэдрэмжүүд бий болдог. Бидний тархины хувьсал явагдаж эхэлсэн эрт үеэс бид зөвхөн сөрөг сэтгэл хөдлөлүүдтэй нягт холбоотой байсан. Эрт үед зөвхөн айх мэдрэмжтэй байж зугатан өөрийгөө хамгаалж ирсэн. Харин баяр хөөр, тааламжийн мэдрэмж бидний тархинд нэлээд хожуу үүсчээ.

Зарим үед бидний сэтгэл тодорхой шалтгаанаар хөдөлдөг – хэн нэгэн нас эцэслэхэд уй гашууд автагдана, хэн нэгэн төвөг удвал бид уурладаг. Сэтгэл санааны байдал биеийн байдлаар ч илэрхийлэгддэг. Ихэд гутарсан байхад мөр унжин, толгой гудайн, харц доошлон газар ширтдэг биеийн илэрхийлэл  гэдгийг судлаачид олон жилийн өмнөөс тодорхойлжээ. Сэтгэл гутралын эсрэг харин биеэ хүчилж цэх болгоод, хараагаа дээшлүүлж инээмсэглэвэл таны сэтгэл санаа сайжирдаг. Учир нь биеийн байдлын илэрхийлэл, хөдөлгөөн болон нүүрний хувирлыг удирддаг тархины дамжуулагчид нь тодорхой сэтгэл хөдлөлүүдийг бий болгодог тархины хэсгүүдтэй нягт холбогдсон байдаг.

Бие махбодийн эрүүл мэндийн байдал таны сэтгэл санааг өөрчилж чадна. Хэрэв та хэт ядарсан бол тархи үүнийг сэтгэл гутралтай андууран уур уцаарын мэдрэмж төрүүлдэг даавар ялгаруулах магадлалтай. Таны өлсөх мэдрэмжийг тархи сэтгэл зовнил болон айдастай гэж үзэн булчин агшаах дохиолол өгснөөр хөл салгалах, гэдэс гүрвэлзэн хонхолздог. Айх, сэтгэл зовних үед хөл салгалж, гэдэс хонхойдог мэдрэмж бүгдэд мэдрэгддэг байх.

Уй гашууд автах, өш хонзон санах гэх мэт хүчтэй сөрөг сэтгэл хөдлөлүүд нь хүний биед асар их хэмжээний стрессийн дааврыг ялгаруулдаг. Ингэснээр цусны судас нарийсч, цусны даралт нэмэгдэн, дархлааны тогтолцоо дарангуйлагдаж, өвчин эмгэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Ялимгүй уцаарлал, дургүйцэл хүртэл таны эрүүл мэндэд ихээр нөлөөлж зүрх судасны өвчлөлийн эрсдлийг 60 хүртэл хувиар нэмэгдүүлдгийг судлаачид баталжээ. Айдас, сэтгэл гутрал, уур уцаар нь таны хоол боловсруулалтанд ч нөлөөлдөг. Сэтгэл засалчдын хэлснээр айдас, сэтгэл гутралд байнга автдаг хүмүүс жингээ хасахад хүндрэлтэй байдаг гэжээ. Учир нь ууртай хүмүүс жин хассан ч буцаад таргалчихдаг байх нь олонтаа.

6a9db0c5d

Хор уршиг дагуулдаг сэтгэл хөдлөлүүд

УУР Ойр ойрхон уурлах нь зүрхний хэмнэл, цусны даралтыг ихэсгэж, удаан хугацаанд үргэлжилбэл зүрхний титэм судсыг агшаадаг. Стрессийн даавар кортизолын хэмжээ нэмэгдсэнээр дархлааны тогтолцоог дарангуйлдаг байна.

СЭТГЭЛ ГУТРАЛ Зүрх судасны өвчинд нэрвэгдэх хүчтэй эрсдэлт хүчин зүйл болохоос гадна бие махбодид ялгарах стрессийн дааврыг нэмэгдүүлнэ. Цус нөжрөн, судас бөглөрөх эрсдлийг ихээр нэмэгдүүлнэ.

СТРЕСС Удаан хугацаагаар стресст өртөх нь цусны даралт нэмэгдүүлж, зүрхний цохилт хурдасган, амьсгалыг хурдлуулснаар дархлааны тогтолцоог сулруулдаг. Сэтгэл зүйн стресс нь биеийн стрессээс хавьгүй илүү хор хөнөөлтэй байдаг. Сэтгэл зовоосон үйл явдлыг түр бодоход л цусны даралт нэмэгдэж болно.

ШАНАЛАХ Харууслаа илэрхийлэх нь хэвийн зүйл боловч, хэтэрхий шаналамтгай хүмүүс нойргүйтэх болон хий юм харах өвчинд илүү өртөмтгий байдаг. Шаналалд орсон хүмүүс ходоод гэдэсний хүндрэлээс эхлээд булчингийн өвчин хүртэл маш олон янзын эрүүл мэндийн асуудалтай болдог.

АЙДАС Айдсын хамгийн аюултай тал нь он удаан хугацаагаар далд үргэлжилсээр байдагт оршино. Ослын улмаас сэтгэл санааны хүнд гэмтэл авсан хүмүүс 5 жилийн дараа ч тархиндаа айдсыг их хэмжээгээр мэдэрсээр байдаг. Айдсын бас нэг сөрөг нөлөө нь гэдэс цочмог хямрах хам шинжийг (IBS) үүсгэдэг.

Бие организмыг анагаадаг сэтгэл хөдлөлүүд

АЗ ЖАРГАЛ нь зүрхний хэмнэлийг хамгийн тохиромжтой хэмжээнд хүргэж, бие организмд ач тустай биохимийн цэнэг үүсгэдэг.

ИТГЭЛ НАЙДВАРаар дүүрэн хүмүүс сөрөг бодолд автдаг хүмүүсээс зүрхний шигдээст өртөх нь 2 дахин бага байдгийг судлаачид тогтоожээ.

ХАЙР&ИТГЭЛ Ханьтай эмэгтэйчүүд гүн стресст орсон үедээ нөхрийнхөө гараас атгахад хурдан хугацаанд тайвширдаг байна. Орчин үеийн судалгаанаас харахад бусад хүмүүсийн итгэлийг хүлээснээр окситоцин дааврын түвшин нэмэгдэж, айдасгүй болгодог. Айдасгүй байдал сэтгэцийн эмгэгийн эрсдлийг багасгаж чаддаг.

Ааш араншингийн тогтворгүй байдал

Үргэлжид уур уцаартай байдагт дасч, асуудлыг тогтмол сөрөг илэрхийллээр шийддэгт дасал болж, уурлах зуршилтай болгодог. Гунигийг уураар ил гаргаж, сэтгэл санаагаар унах нь зөв үйлдэл биш. Бидний сэтгэл зовоох ямар нэг юмыг мэдрэхэд тархины бүйлсэн булчирхай идэвхждэг. Энэ нь машины дохиололтой адилхан юм. Буйлсэн булчирхайн идэвхжлээр адреналин биеэр тархаж, биднийг гүйх, тэмцэх хэмжээний энергээр цэнэглэснээр тархины ухамсар, сэтгэцийн чадварын төвийг саатуулдаг. Энэ үед тархи зөвхөн үйлдлийг удирддаг байсан хөгжлийн анхан шатанд очсон мэт болж, ухамсрын удирдлагагүй зөвхөн хаалга савах, юм чулуудах үйлдлийг хийх чадвартай л болдог.

Сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах вэ?

  • Бүрэн гүйцэд сайн унтах. Шөнөдөө 8-9 цаг унтаж, сахар, өөх тосгүй хоол хүнс хэрэглэж, амин дэм, эрдэс бодисын нэмэлт бүтээгдэхүүнийг тохиромжтой хэмжээгээр хэрэглэх нь ач холбогдолтой.
  • Баяр хөөрийг өдөр бүр мэдэрч, таашаал бэлэглэх хором мөчийг бий болго. Өөрийнхөө бодлыг зурагтаар гарч байна гэж төсөөлөөд дуугий нь багасгаж байна гэж бод. Эсвэл бодлоо хошин авиагаар чанга хэлээд үз. Өөртөө таарах аргыг хайж ол. Зөв амьсгалж бодлоо хоосолсноор түр ч гэсэн амсхийж чадна. Инээмсэглэл нь хоромхон зуурт таны сэтгэл санааг өргөх ид шидтэй.
  • Төсөөлж үз. Нүдээ аниад өөрийгөө ургамлын мэт үндэстэй гэж төсөөлөөд, уг үндэс чинь хөрсний гүн рүү нэвтэрч байна гэж төсөөл. Гүн хөрс нь тоос сорогч шиг өөрийн чинь бүх сөрөг бодлыг сороод авч байна гэж төсөөл. Харин амьсгал авах тоогоор хайрын дулаан энерги нэвтэрч, уушгаар дамжин бүх эд эсэд шингэж байна гэж төсөөлөөрэй. Бие махбодь тайвшрахад оюун ухаан дагаад тайвширдаг.
  • Идэвхтэй бай. Дасгал хөдөлгөөн хийх цаг гарга. Хэрвээ бид эрүүл чийрэг байвал уйтгар гунигийг дарангуйлдаг эндорфин дааврын хэмжээ нэмэгдэнэ.

Аз жаргалтай, эрүүл чийрэг байх аргууд

  • ИНЭЭХээ ихэсгэ. Инээх нь судасны эрүүл мэндтэй холбоотой. Инээснээр судас тэлэгдэж, цусны урсгал идэвхжсэнээр зүрхний шигдээст өртөх эрсдлийг бууруулна.
  • Өдөрт 2 удаа 5 минутын турш БЯСАЛГА. Ингэснээр сэтгэл гутралыг анагааж, уурыг арилгаж, стрессийн даавруудыг сулруулдаг болох нь батлагджээ.
  • ЦЭЦЭГ УРГАМАЛ арчлах эсвэл байнга харж ажиглаж бай. Өрөөний цонх нь цэцэрлэгт хүрээлэн рүү харсан эмнэлгийн өвчтөнүүд бусдаасаа хурдан эдгэрдгийг зүрхний эмч нар тогтоожээ.
  • А БОЛОН B АМИН ДЭМИЙН КОМПЛЕКС нь стрессийн эсрэг амин дэмүүд бөгөөд танд сэтгэл санаагаа өөдрөг байлгахад тус болно.
  • ХӨГЖИЛТЭЙ ХӨГЖИМ СОНС. Таны сонгосон хөгжим сэтгэл хөдлөлд автуулж, уйтгар гуниг, баяр хөөрийг мэдрүүлж чаддаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс гунигтай хайрын дуу бүү сонсоорой.
  • СЭТГЭЛ САНАА САЙЖРУУЛДАГ УРГАМЛЫН бэлдмэл хэрэглээд үзээрэй. St John’s Wort ургамал нь сэтгэлийн дарамтаас чөлөөлж өгдөг.
  • МЭДРЭМЖЭЭ БИЧИЖ БАЙ. Энэ нь сөрөг бодлуудыг өөрчилж чадна гэж сэтгэл судлаачид үздэг. Хамгийн багадаа 4 хоног тэмдэглэл хөтлөх хэрэгтэй, энэ хугацаанд ихэнх хүмүүс илүү дээр зүйл мэдэрч эхэлдэг.
  • САЙН УНТАЖ АМАР. Хүний бие зөвхөн унтаж байх хугацаандаа стрессийн дааврыг ялгаруулдаггүй. Унтаж амрахад асуудалтай байвал, ялангуяа энэ нь сэтгэл гутралтай холбоотой бол 5-HTP бэлдмэлийг хэрэглээрэй.
  • СӨРӨГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ӨӨРЧИЛ. Ингэхдээ цэцгийн бэлдмэл, дуу хөгжим, өөртөө зориулсан багахан эмчилгээг ашиглаарай.
  • СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ЧӨЛӨӨЛӨХийн тулд дасгал хөдөлгөөн хийгээрэй.

Бид өөрсдөө удирдаж чадах 4 зүйл байдаг. Үүнд: тамхи татахгүй байх, дасгал хөдөлгөөнөө тасралтгүй хийх, хоолны зөв дэгдэм барих, өөдрөг үзэлтэй байх зэрэг юм.

Уураа удирдах нь

Уур бол хэвийн, ихэнхдээ эрүүл сэтгэл хөдлөл бөгөөд таагүй байдалд зөн совингоороо өгч буй хариу үйлдэл юм. Бага хэмжээгээр тааруулж чадвал уур таныг идэвхжүүлж чадна, харин ойр ойрхон ихээр уурлавал таны эрүүл мэнд, амьдралыг ч сүйрүүлж мэднэ. Уур нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, бие организмаар эргэлдэх цусны урсгалыг түргэсгэдэг. Цус булчингуудад очсоноор та цухалдаж эхэлнэ. Энэ нь таны тархин дахь цусан хангамжийг багасгаж, саруул ухаан буурна. Ойр ойрхон уурлах нь уураа дотроо хадгалах, эсвэл ил гаргахаас үл хамааран цусны өндөр даралт, өөртөө итгэлгүй болох, санаа зовох болон сэтгэл гутрал гэх мэт зүрх, судасны өвчлөлд хүргэж болзошгүй. Учир нь уур бол маш түгээмэл хариу үйлдэл бөгөөд уурлахаа больж, үйл хөдлөлийнхөө үр дагаврыг бодоход хэцүү байдаг. Сэтгэл судлаачдын хэлснээр маш олон хүний уур хүүхэд настай нь холбоотой байдаг. Хэрвээ таны хүүхэд нас дарамтанд өнгөрч, гэр бүлийнхэн тань сэтгэл хөдлөлийнхөө талаар нээлттэй байж чаддагүй байсан бол та ууртай хүн болж төлөвших магадлал өндөр байдаг.

Уурыг арилгана гэдэг боломжгүй зүйл. Амьдралд үргэлж саад, бэрхшээл, асуудал байх болно. Тиймээс үүнтэй эвлэрч сурах хэрэгтэй.

Түргэн хугацаанд тайвшрах аргууд

  • 10 хүртэл тоолж, тайвшир. Энэ нь хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө болсон явдлын талаар тунгаан бодох хугацаа олгоно.
  • Уул ус, хээр тал гэх мэт тайван, амгалан газруудыг төсөөл
  • Болсон явдлыг инээд, наргиан болго (эсвэл таныг уурлуулсан хүнийг хүүхэлдэйн киноны баатар болгон төсөөл)
  • Бүх булчингуудаа суллаж, амраа.
  • Гүнзгий амьсгаа авч, амрахыг хичээ
  • Асуудалгүй амьдрал гэж байдаггүйг сана.

Зан байдал бусдад нөлөөлдөг, гэвч та энгийн хэдэн зарчмыг баримталбал сонголт хийх бололцоотой байдаг. Өөрийнхөө сэтгэл санааны байдалд анхаарал хандуулах нь бага ч гэсэн бусдын төлөө хийж буй үйлдэл юм.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *