Өвчлөлийн эрт үеийн үл ойшоож болохгүй шинж тэмдгүүд

Цусны даралт ихсэх өвчин, яс сийрэгжих зэрэг өвчлөлүүд  нь өвөрмөц шинж тэмдэг болон зовиургүй байдаг бөгөөд эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгээр санаандгүй илэрдэг тохиолдол элбэг байдаг. Гэвч ихэнх өвчлөлүүд хүндрэх шатанд хүрэхээс өмнө аливаа нэг хэлбэрээр дохио өгч байдаг. Эдгээр шинж тэмдгүүдийг үл ойшоолгүй зөв таньж, хугацаа алдалгүй, зөв арга хэмжээ авч байх нь нэн чухал.Булчин хөндүүрлэх, шөрмөс татах, эсвэл гэдэс гүйлгэх гэх мэт энгийн шалтгаанаар тэр болгон эмч рүү яваад байх шаардлагагүй байдаг. Гэхдээ эдгээр шинж тэмдгүүдийг бас үл ойшоож болохгүй. Учир нь эдгээр эрт үеийн шинж тэмдэг нь таны амь насанд аюултай өвчлөлийн шинж тэмдгүүд бас байж болох юм. Яваандаа зүгээр болно гээд тайван суугаад байж болохгүй. Аливаа эмгэг байдлын үндсэн шалтгааны учрыг өөрөө олдог чадвартай байвал болзошгүй өвчлөлийг эрт шатанд илрүүлээд бүрэн гүйцэд эмчлэх боломж олгодог байна.

Мэдэхэд илүүдэхгүй

Таны бие таньд өөрийн хэрэгцээ болон шаардлагаа байнга мэдээллэж байдаг. Зарим дохио  мэдээлэл нь цаг алдалгүй хурдан арга хэмжээ ав гэсэн ч байж болно. Таны биед мэдрэгдэх доорх шинж тэмдгүүдийг битгий үл ойшоогоорой. Хэрэв цаг тухайд нь тусламж авч чадвал ихэнх шинж тэмдэг нь эмчлэгдэх боломжтой байдаг.

Нэг сар болон түүнээс илүү удаан хугацаагаар үргэлжлэн ханиалгах

Ханиалгахыг голдуу ханиад эсвэл томуутай холбоотойгоор нь бид мэдэх билээ. Аливаа ханиадыг шинж тэмдгийг нь дарах эсвэл биеийн эсэргүүцэл дэмжих эмчилгээгээр долоо хоногт багтааж гүйцэд эмчилж болдог. Харин удаан хугацаагаар үргэлжлэн ханиах нь астма, амьсгалын замын халдвар, сүрьеэ, бронхит, ходоодны сөргөө, тэр байтугай уушигны хорт хавдрын ч шинж байж болно. Зарим тохиолдолд даралт буулгах эмийг удаан хугацаагаар ууснаас архаг ханиалгатай болдгийг анхаарна уу. Хэрэв та нэг сараас илүү хугацаагаар ханиалгаад, ханиалганы улмаас унтаж чадахгүй байх, цустай цэртэй ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмчид хандах хэрэгтэй.

Шээс эсвэл өтгөнд цус илрэх

Хэрэв таны өтгөнд цус ажиглагдаж байвал энэ нь шулуун гэдэсний цагаан мах эргэх, гэдэсний амсрын цуурал болон үрэвслийн улмаас гарч болох ба бүдүүн гэдэсний хорт хавдар ч байж болох юм. Хэрвээ таны өтгөнд тод улааан цус нэг биш удаа ялгарвал эмчид хандсан нь зүйтэй. Өтгөнд ялгарсан цус бараан өнгөтэй бол нарийн гэдэс, ходоодны шарх байж болох юм. Шээсэнд цус илрэх нь илүү ноцтой юм. Энэ нь бөөрний чулуу, шээс бэлгийн замын халдвар зэрэг энгийн шалтгаанаас гадна юуны өмнө хорт хавдрын ч шинж байж болох юм. Шээсэнд цус илэрсэн тохиолдолд заавал эмчид хандаж цусны хэмжээ, шээс ялгарлын эхэнд эсвэл төгсгөлд, шээхэд эмзэглэлтэй байх зэргийг тайлбарлаж чадахаар ажиглалтаа хийсэн байгаарай.

Эдгэхгүй удах шарх 

Хэрэв зүссэн, урагдсан энгийн шарх тодорхой хугацаанд эдгэхгүй, өнгө нь хувирч улам задраад байвал эмчид хандах хэрэгтэй. Аливаа шарх хоёр долоо хоногийн дотор эдгэрч эхлэх шинж тэмдэг өгөөд, 4-6 долоо хоногийн дотор бүрэн эдгэрсэн байх ёстой. Шархны эдгэрэлт энэ хугацаанаас илүү удвал халдварын тархалт эсвэл чихрийн шижин зэрэг судасны хананы гэмтэл үүсгэдэг бодисын солилцооны гүн хямралын шинж тэмдэг байж болох тул дээрх шинж тэмдгийг үл ойшоож болохгүй юм.

Хэвлийн хэмжээ хэт томрох

Арван эмэгтэй бүрийн дөрөв нь 88 сантиметрээс илүү өргөн бүсэлхийтэй байдаг. Ерөнхий жин бага байдаг ч цус багадалт, гэдэс дүүрэх шинж тэмдэгтэй хавсарсан байхад гэдэсниий үрэвсэлт эмгэг, тэр байтугай бүдүүн болон шулуун гэдэсний хавдар байж болзошгүйг анхааруулна. Эмэгтэйчүүд жирэмслэлт болон хоол хэтрүүлсний таргалалтаас бусад үед том хэвлийн хэмжээтэй байвал үүний шалтгааныг олохын тулд өндгөвчний хавдрын шинжилгээ өгөх хэрэгтэй.

Сэтгэл санааны гутрал, дарамттай байх

Хүн бүр л зарим үед гуньж гутардаг. Хэрэв хэдэн долоо хоногоор эсвэл сараар гуниглаж байгаа бол та магадгүй сэтгэл гутралд орсон байх магадлалтай. Сэтгэл гутралд орсны бусад шинж тэмдэг нь өөрийгөө үнэ цэнэгүй мэт мэдрэх, энгийн үйл явдал утгагүй санагдана, амархан уйлна, анхаарал суларна, шийдвэр гаргаж чадахгүй байх, жин нэмэх эсвэл алдах, үхэх гэсэн бодолд орох. Хэрвээ дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж онош тодруулах хэрэгтэй. Сэтгэл гутралд автах нь ердийн насжилт ба доройтохын шинж биш бөгөөд энэ эмгэгээс ичиж нэрэлхэлгүй сэтгэлзүйн эмчид хандаарай. Учир нь сэтгэлзүйн эмгэгийг эмчлэлгүй удсанаас эргэшгүй сэтгэцийн өөрчлөлтөнд хүргэх аюултай байдаг.

Цэвэршсэний дараа цус алдах

Цэвэршилтийн насанд хүрч сарын тэмдэг хаагдаад 12 сар болсон эмэгтэйд үтрээний цус ялгарал ажиглагдах ёсгүй. Цэвэршсэний дараа цус гарах нь эстроген дааврын түвшин буурснаас үтрээний хананы салст нимгэрч гэмтсэнээс байж болно. Зарим тохиолдолд умайн хүзүүний хавдартай байхад шалтгаангүй цус гардаг байж болно. Тийм болохоор үтрээний цус ялгаралын шинж тэмдэг илэрсэн тэр дор эмнэлгийн үзлэгт орох хэрэгтэй.

Удаан хугацаагаар халуурах

Ямар нэг шалтгаанаар хими эмчилгээ хийлгэсэн, эсвэл дархлаа тогтолцооны хомсдолд хүргэх өвчлөлтэй байхаас бусад өөр  тохиолдолд долоо хоног болон түүнээс олон хоногоор өндөр биш ч гэсэн тогтмол халуурвал зайлшгүй эмчид хандах хэрэгтэй. Огцом өндөр халуурал болон халуурахын хамт хүйтэн хөлстэй чичирч байвал яаралтай тусламж дуудах хэрэгтэй. Удаан хугацаагаар халуурах нь шээс бэлгийн замын халдвар, сүрьеэ зэрэг халдварын дохио байж болно. Мөн халуурал нь тунгалгийн булчирхайн \лимфома\ хавдрын илрэл байж болдог. Зарим эмийн гаж нөлөө өндөр халуурах хэлбэрээр явагддаг. Ерөнхийдөө бүх халдварт болон үрэвсэлт өвчлөлийн үед өндөр халуурдаг бөгөөд  хоёр долоо хоногийн дотор эмчилгээнд үр дүн өгдөг.   Хэрэв хоёр долоо хоногоос удаан хугацаагаар, өндөр бус халуурвал бусад болзошгүй хүндрэлийг тодруулахаар эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Хараа бүрэлзэх

Хараа муудаж, толгой хүчтэй өвдөхийн зэрэгцээ шулуун хэлбэртэй цонх хаалганы ирмэг зэрэг нь долгиотож харагддаг болох нь нүдний угийн шар толбоны эмгэгийн сонгодог шинж тэмдэг юм. Энэ эмгэг толгой өвдөх зовиургүй илэрч болно. Толгой хүчтэй өвдсөнөөс цус харвах аюултай байдаг тул  үл ойшоож болохгүй. Хараа бүдгэрч цагаан хальсаар нэвт харж байгаа мэт мэдрэмж төрөх нь нүдний болор цайж байгаагийн эхний шинж тэмдэг юм. Гэнэт харж чадахгүй болох эсвэл нүдний урдуур олон зүйл хөвөх шинж тэмдэг илэрвэл эргэшгүй хараагүй болохоос сэргийлэхийн тулд эмчийн тусламж зайлшгүй аваарай.

Хөл хатгаж жирвэгнэх

Гар хөлийн цусан хангамж боогдсоноос тэр хэсэгт нь жирвэлзэх мэдрэмж бий болдог. Гар хөл жирвэгнэж байдаг нь ердийн мэт санагдавч удаан хугацаагаар, тасралтгүй зовиурладаг байх нь мэдрэлийн судал гэмтсэнтэй холбоотой байж болно. Зүүгээр хатгах мэт жирвэгнэх нь тархмал склерозын \ мэдрэлийн судлын хатингаршлын\ эхний шинж тэмдэг байж болно. Уг мэдрэмж цус харвалт,  чихрийн шижингийн үед болон ихэнх тохиолдолд хөл гарын мэдрэлийн төгсгөл дарагдсанаас болдог.  Мэдрэлийн төгсгөл дарагдан гэмтэх гол шалтгаануудад гэмтэл эсвэл нэг үйлдлийг олон давтамжтай хийдэг үйлдэлтэй ажил байж болно. Мэдрэлийн төгсгөлийн гэмтэл маш их эмзэглэлтэй байдаг ч ихэнх тохиолдолд хэдэн долоо хоногийн дараа нөхөн сэргэж шинж тэмдэг өөрөө арилдаг. Хэрэв цаг хугацаа болон эмчилгээ тус болоогүй бол мэс заслын эмчилгээ хийж болно.

Эрээн булчингийн эмзэглэл

Хөдөлгөөний хэт ачааллын гэхээс илүү хөдөлгөөн дутсанаас болж үүсдэг. Хүнд өвчлөлөөс хэвтэрт удаан байсан, олон цагийн хөдөлгөөнгүй аялал болон нислэгийн дараа  гүний венийн судсанд бүлэн \тромбоз\ үүссэнээс эрээн булчин өвддөг болж болно. 90 минутаас удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суухад өвдөгний үеийн цусан хангамж 50 хувиар боогдож, зогсонгишил үүсч, гүний венд тромбоз үүсэх нөхцөл бүрдүүлж эхэлдэг.  Тромбозтой хүмүүсийн 80 хувьд нь тромбозын сонгодог шинж болох хөл улайж хавдах шинж тэмдгээс өмнө өвдөлтөөр илэрдэг. Гүний вений тромбозыг яаралтай эмчлэх гол шалтгаан нь тромбын бүлэн  хөдөлж цусны эргэлтэнд ороод уушиг болон зүрхний гол судсыг бөглөн цусны хурц дутагдалд хүргэх аюулаас хамгаалах явдал юм.

Их хэмжээгээр шингэн гүйлгэх

Хүндээр бие засдаг дэглэм хүн бүрт өөр өөр байдаг. Харин долоо хоногоос удаан хугацаагаар шингэн гүйлгэх, хүндээр бие засаж чадахгүй хоёр долоо хоногоос олон хонох, мөн ойр ойрхон гэнэтээр гэдэс базалж суулгадаг бол эмч дээр очих хэрэгтэй гэсэн дохио юм. Цусан суулгалт нь гэдэсний халдвар, зарим нэг эмийн гаж нөлөө, эсвэл хоол шингээлтийн хямрал ч байж болно. Өтгөн хатах нь дангаараа түгшүүрийн дохио биш байдаг ч өтгөн цустай ялгарах, хар өнгөтэй болж хувирах, хэвлий орчмоор өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэгтэй хамт илэрвэл шулуун гэдэсний хавдар зэрэг хүнд эмгэгийн шинж тэмдэг байж болно.

Амьсгал бачуурах

Хамар маш ихээр битүүрдэг байхад амьсгалахад хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Хэт өндөр ачаалалтай дасгал хийхэд амьсгааддаг байх нь зүй ёсны хэрэг. Гэхдээ хамрын битүүрэлгүй, эсвэл хөдөлгөөний ачаалалгүй амьсгаа давчдах, шуухитнах, агаар дутагдаад байвал эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Амьсгаадаж бачуурах олон шалтгаан байдаг. Эдгээрт уушиг, амьсгалын замын дараах эмгэгүүд орно: архаг бронхит, астма, хатгалгаа, уушгинд цус хурах (уушигны эмболи), уушигны эдийн хатуурал, мөн уушигны даралт ихсэх.

Бага идэхэд хурдан цадаж цанхайх мэдрэмж төрөх

Дөнгөж идэж эхлээд тэр дор нь гэдэс дүүрч цанхайх нь энгийн хоол шингээлтийн хямралаас эхлээд ходоод гэдэсний хурц эмгэгийн олон шалтгаанаас хамаардаг байж болно. Эдгээрээс хамгийн элбэг тохиолдох нь ходоодны хүчлийн сөргөө болон гэдэсний цочмог хямралт эмгэг байдаг. Зарим тохиолдолд энэ нь өндгөвч, ходоод болон нойр булчирхайн хорт хавдрын дохио байж болно. Ходоод дүүрч цанхайдаг нь долоо хоногоос удаан хугацаагаар үргэлжлэх, нэмээд бөөлжих, хэвлий орчмоор өвдөх, халуурах, огцом турвал эмчид хандсан нь зүйтэй.

Үе мөч хавагнаж, улайж, халах

Энэ нь ихэвчлэн ясны үе үрэвссэн үед илэрч болно. Үе мөчийг хамгаалахын тулд үрэвслийг хязгаарлах зорилгоор эрчимтэй үрэвсэл дарах эмчилгээ хийх хэрэгтэй. Олон төрлийн үений үрэвсэл, тулай өвчний үрэвслээс үе мөч хавагнаж улайх нь элбэг байдаг. Хэдийгээр үений үрэвсэл энгийн мэт санагдавч ямар ч шалтгаангүй, гэнэт улайж эмзэглэвэл үл ойшоож орхилгүй эмчид үзүүлж байх хэрэгтэй.

Дээр бичигдсэн шинж тэмдгүүдийг та анхааралтай ажглаж зохих арга хэмжээ авч чадвал өвчлөл зовиургүй байж, амьдралаа ч аварч болох юм.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »