Даавар нөхөх эмчилгээ надад тохирох уу?

Даавар нөхөх эмчилгээг нэг хэсэг үл ойлгогдох, найдваргүй, санаа зовоох эмчилгээ тул хэрэглэх шаардлагагүй хэмээн үздэг үе байсан. Гэвч өнөөдрийн байдлаар, цэвэршилтийн хүнд зовиуртай ихэнх эмэгтэйчүүдэд даавар нөхөх эмчилгээ нь хамгийн өндөр эмчилгээний ач холбогдолтой, аюулгүй тусламж болж хувираад байна.

Зарим эмэгтэйчүүдийн цэвэршилттэй холбоотой биед мэдрэгдэх шинж тэмдэг, зовиур болон сэтгэл санааны тогтворгүй байдал амьдралыг нь орвонгоор нь эргүүлж сульдааж байдаг. Гэсэн ч амьдралын жамын дагуу туулах энэ үед эмэгтэйчүүд өөртөө тусалж, өөрийн бие болоод сэтгэцийн эрүүл мэндийн төлөө хийж болох олон аргууд бий.  Даавар нөхөх эмчилгээ нь цэвэршилтийн зовиурыг хөнгөлж чадах аюулгүй, найдвартай эмчилгээ хэмээн нотолгоон дээр үндэслэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа тул энэ талаар эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Даавар нөхөх эмчилгээний цэвэршилтийн зовиурыг багасгах үйлчлэлийг тайлбарлах нь

Даавар орлуулах эмчилгээ (ДОЭ) буюу даавар эмчилгээ (ДЭ) гэдэг нь цэвэршилтийн зовиурыг илт багасгаж чадах үйлчлэлтэй, эм бэлгийн даавар болох эстроген болон прогестерон, зарим тохиолдолд тестостерон агуулсан эмийн бүтээгдэхүүн байдаг.

ДОЭ нь халуу дүйгэх, шөнө хөлрөх, нойргүйдэх, үе мөч булчингаар өвдөх болон үтрээ хуурайших зэрэг цэвэршилтийн хам шинжийн зовиурыг хөнгөвчлөх хамгийн үр дүнтэй эмчилгээ гэж тооцогдоно. Даавар эмчилгээ сэтгэцийн эрүүл мэндийг мөн хамгаалж чаддаг гэсэн нотолгоо байдаг.

Даавар орлуулах эмчилгээ үр дүнтэй байх нөхцлүүд:

  • ДЭ-г цэвэршилтийн урьдал үед болон цэвэршилт дөхөх насанд эрт эхэлсэн байх
  • 60 нас хүрэхээс өмнө эмчилгээг эхэлсэн байх
  • Цэвэршсэнээс хойш 10 жилийн дотор эмчилж эхэлсэн байхад хамгийн үр дүнтэй байдаг.

Эрт цэвэршсэн эмэгтэй бүр ДОЭ-г цэвэршилтийн дундаж нас хүртэл буюу дунджаар 50 нас  хүртэл заавал хэрэглэх заалттай. Ямар нэг шалтгаанаар умай тайруулсан эмэгтэйчүүд дан ганц эстроген агуулсан бэлдмэл хэрэглэж болох ба умай тайраагүй бол умайн салстыг хорт хавдраас хамгаалах үүрэгтэй прогестероныг эстрогентэй хавсарсан хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй.

ДОЭ-ний давуу талууд:

Цэвэршилтийн ургал мэдрэл-судаслагийн эмгэг шинж тэмдгийг бууруулна

  • Ургал-мэдрэл судаслагийн эмгэг шинжийг эмчлэхэд даавар нөхөх эмчилгээ хамгийн тохиромжтой.
  • Эмчилгээ эхэлснээс хойш үр дүн нь 4 долоо хоногийн дотор мэдэгдэж эхлэх ба 3 сарын дотор зовиурыг бүрэн арилгаж чаддаг.
  • Эмчилгээний 8 дахь долоо хоногоос  их хэмжээний халуу дүйгэх, хөлрөх шинж тэмдгийг  87 хувиар багасгаж чаддаг нь судалгаагаар нотлогдсон.

Амьдралын чанарыг сайжруулна

  • Цэвэршилтийн зовиурын улмаас нойргүйдэх, бие хөндүүрлэх зовиурыг арилгаж эмэгтэйчүүдийн өдөр тутмын амьдралыг хөнгөлж чаддаг.
  • Сэтгэл санааны тогтворгүй байдал, дарамтат мэдрэмжийг даавар нөхөх эмчилээ богино хугацаанд тэнцвэржүүлж өгдөг.

Цэвэршилтийн үүдэлтэй шээс-бэлгийн замын эмгэг шинж тэмдгийг багасгана

Даавар нөхөх эмчилгээний үр дүнд үтрээний хуурайшлыг багасгаж, бэлгийн амьдралыг идэвхжүүлж чаддагийг олон судалгаа харуулсан.

  • ДОЭ үтрээний хатингаршлын эмчилгээнд хамгийн үр дүнтэй
  • Даавар нөхөх эмчилгээний үр дүнд давсаг болон шээсний сүвийн салстын хучуур эдийн өсөлтийг идэвхждэг тул шээс задгайрах шинж тэмдгийн багасгаж чаддаг.
  • Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд эстроген дааврыг хэсгийн түрхлэг хэлбэрээр хэрэглэх нь шээс бэлгийн замын өөрчлөлтийг эмчлэхэд хамгийн тохиромжтой.
  • Үтрээний хатингаршлыг нөхөн сэргээж, үтрээний хүчил шүлтийн тэнцвэр алдагдлыг хэвийн болгож үтрээний зовиурыг багасгахад үтрээний эстроген дааврын түрхлэг нь даавар агуулаагүй бусад түрхлэгтэй харьцуулахад хавьгүй өндөр үр дүнтэй байдаг.

Ясны сийрэгжилтийн эрсдэлийг багасгана

  • ДОЭ нь ясны эрдэст нягтралыг хамгаалахад өндөр ач холбогдолтой.
  • Даавар нөхөх эмчилгээгээр нуруу, дунд чөмөгний ясны сийрэгжлийг сааруулж болно.
  • ДОЭ-г зохих хугацаагаар хэрэглэвэл ясны бэртэл хугарлын эрсдэлийг багасгаж чадна.
  • Цэвэршилтийн хам шинж хугацаанаас өмнө буюу 50 наснаас залуу эмэгтэйчүүдэд илэрсэн үед ДОЭ-г ясны сийрэгжилтийн эмчилгээнд нэн түрүүн хэрэглэх нь зүйтэй.
  • ДОЭ-д эсрэг заалтгүй бол ясны сийрэгжилтийн өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд ДОЭ хэрэглэдэг байхыг эрхэмлэх.
  • ДОЭ-ий ясны нягтшлыг хамгаалах чадвар нь зөв тохируулсан тунгаас хамааралтай.
  • ДОЭ эмчилгээг зогсоосны дараа ясны нягтрал эрс багасч эхэлдэг ч цэвэрших насандаа ДОЭ хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн ясны нягтрал ДОЭ эмчилгээг зогсоосноос олон жилийн дараа ч харьцангуй хамгаалалттай үлдсэн байдгийг харьцуулах судалгаа харуулсан.

Зүрх судасны эмгэгийг эрсдэлийг багасгана

  • ДОЭ болон зурх судасны өвчлөлийн хоорондын хамаарлыг бүрэн тодорхойлоогүй ч  ДОЭ хугацаанд нь эхлэх, зохистой хугацаагаар үргэлжлүүлэх болон зүрх судасны эмгэгийн өвчлөлийн түүх зэрэг нөхцлүүд даавар нөхөх эмчилгээний үр дүнд өндрөөр нөлөөлнө.
  • 60 наснаас хойш эхэлсэн ДОЭ зүрх судасны эрүүл мэндэд харш нөлөөтэй байх магадлалтай.
  • Цэвэрших насанд болон цэвэршсэнээс хойш 10 жилийн дотор ДОЭ хугацаа алдалгүй эмчилгээнд хэрэглэж эхэлбэл зүрх судасны эмгэгийн тохиолдлыг 50 хувиар багасгаж чаддагийг хамгийн сүүлийн үеийн судалгаа харуулсан.
  • Цэвэршилтийн эхэн үед даавар нөхөх эмчилгээ эхэлсэн эмэгтэйчүүд хорт хавдар, венийн судасны тромбоз, тархинд цус харвах эрсдэлийг багасгаж чадсанаар нас баралтын эрсдэлийг бууруулна гэдгийг дээрх судалгааны үзүүлэлт харуулсан.

ДОЭ-ий бусад давуу талууд

  • ДОЭ нь бие махбодийн холбогч эдийн алдагдлыг хамгаалах, тэр байтугай нөхөн сэргээх үйлчлэлтэй.
  • ДОЭ-г цэвэршилтийн эрт шатанд эхэлбэл ой санамж, сэтгэхүйг сайжруулж чаддагийг зарим судалгаа харуулсан.
  • Даавар нөхөх эмчилгээ хэрэглэсэн эмэгтэйчүүд урт хугацаанд сэтгэцийн Альцхаймер өвчин болон насжилтийн ой санамжийн эмгэгийн эрсдэлийг багасгаж чадах магадлалтай.

Даавар эмчилгээний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлж болзошгүй эрсдэл

Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Санаачилга (WHI) судалгааны үр дүнд ДОЭ нь хөхний хорт хавдар, цус өтгөрөл болон тархинд цус харвах гаж нөлөөтэй гэсэн дүгнэлтийг 2002 онд олон нийтийн хэвлэлээр сурталчилснаас хойш анхан шатны эрүүл мэндийн тусламж болон эмэгтэйчүүд өөрсдөө даавар эмчилгээнээс болгоомжлох болсон.

Гэсэн ч уг судалгааны үзүүлэлтийг дахин хянаж үзэхэд 2002 онд гаргасан дүгнэлт дутагдалтай болохыг олж харсан байна. Дутагдалтай байсан гол шалтгаан нь судалгаанд ихэвчлэн ДОЭ хэрэглэх шаардлагагүй болсон өндөр настай, зүрх судасны суурь өвчтэй эмэгтэйчүүд хамруулсан байсан бөгөөд гаргасан дүгнэлтийг цэвэршилтийн эрт үеийн залуу насны эмэгтэйчүүдэд танилцуулсан байна.

2002 оны WHI судалгааны дүгнэлтээс хойш даавар нөхөх эмчилгээг тохирсон тунгаар, зөв үед  хэрэглэж эхэлбэл халуу дүйгэх, шөнө хөлрөх болон үтрээ хуурайших зэрэг цэвэршилтийн зовиурыг багасгахын хамт зүрх судасны эмгэг болон яс хугарах эрсдэлээс хамгаалж чадах давуу талтайг олон нотолгоо баталсан.

ДОЭ хэрэглэх явцад тодорхой мөчлөгтэй цусархаг ялгарал үзэгдэх, хөх хөндүүрлэх, гэдэс дүүрэх, дотор эвгүйрхэх зэрэг бага хэмжээний гаж шинж тэмдэг илэрч болох нь хийгдсэн судалгаануудаар ажиглагдсан. ДОЭ-ний явцад эрүүл мэндэд харш гаж нөлөө гарах эрсдэл байдаг нь үнэн. Гэвч хүн бүрийн шинж тэмдгийн илрэх шинж тэмдгийн онцлогт зөв төхируулж чадвал ДОЭ-ийн болзошгүй эрсдэлийн хувийг их хэмжээгэр багасгаж болно.

  • Цус өтгөрөн бүлэнтэх: зөвхөн өндөр тунгийн ДОЭ-г (ихэвчлэн уух хэлбэрээр удаан хэрэглэсэн бол) 60 наснаас хожуу хэрэглэсэн үед л цус өтгөрч бүлэнтэх үр дагавар илэрнэ. Цус өтгөрч тромб үүсэх гаж нөлөө нь архаг тамхичид болон таргалалттай эмэгтэйчүүдэд даавар орлуулах эмчилгээг нэг жил хэрэглэсний дараа илрэх эрсдэлтэй байдаг.
  • Хөхний хорт хавдар: даавар орлуулах эмчилгээний төрөл болон үргэлжлүүлсэн хугацаанаас хамаарч хөхний хорт хавдрын бага хэмжээний эрсдэлтэй болдог. Даавар нөхөх эмчилгээнд дан эстроген агуулсан эмчилгээг 7 жил хүртэл урт хугацаанд хэрэглэсний дараа ч эрсдэлгүй хэвээр, эстроген болон прогестерон агуулсан хавсарсан даавар эмчилгээг 4-5 жилийн хугацаанд хэрэглэсэн ч хавдрын эрсдэлгүй байх болно гэдэг нотолгоог олон улсын эрдэм шинжилгээний судалгаагаар баталсан.
  • Умайн хавдар: эстроген болон прогестерон даврыг хавсарсан хэлбэрээр хэрэглэвэл умайн салстын хавдрын эрсдэлгүй байж болно. Иймд умай тайрах мэс засал хийлгээгүй эмэгтэйчүүдэд умайн салстыг хамгаалах прогестерон даавартай хавсарсан ДОЭ хамгийн тохиромжтой.
  • Бүдүүн гэдэсний хорт хавдар: ДОЭ бүдүүн шэдэсний хорт хавдраас хамгаалдаг гэсэн үзүүлэлт судалгаагаар ажиглагдсан.

Хөхний хавдар, умайн хавдар, онош тодроогүй цусархаг ялгаралтай, зүрх судасны өвчлөл болон тархинд цус харваж байсан өвчний өгүүлэмжтэй эмэгэтэйчүүд ДОЭ хэрэглэх эсрэг заалттай.

Даавар орлуулах эмчилгээний ямар хэлбэр танд тохирох вэ?

Даавар орлуулах эмчилгээ эхлэхээс өмнө эмэгтэйчүүд эрүүл мэндийн цогц үзлэгээр орох хэрэгтэй. Шинжилгээний хариу, өөрийн бөгөөд гэр бүлийн өвчлөлийн түүхийг үндэслэн эмчтэй харилцан зөвлөлдөж даавар нөхөх эмчилгээний даавуу тал болон эрсдэлийг дүгнэсний дараа даавар нөхөх эмчилгээний төрөл, хэлбэр, үргэлжлүүлэх хугацааг сонговол эмчилгээний үр дүн хамгийн өндөр байх болно.

Даавар нөхөх эмчилгээний олон төрөл, хэлбэрийг олон улсын стандартаар хэрэглэх болсон. Эдгээрт: уух үрэл, арьсны наалт, умайд суулгадаг даавартай ерөндөг (IUD), гель болон тосон түрхлэгүүд орно.

  • Уудаг үрэл: өдөр бүр тогтмол уухаар хэрэглэх ба одоогийн байдлаар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа.
  • Арьсны наалт: 3 буюу 4 хоног тутамд сольж наана. Даавар агуулсан наалтаар даавар арьсны хялгасан судсаар бага тунгаар, аажим цусны эргэлтэнд орох хэлбэрээр үйлчилнэ. Гаж нөлөө маш бага. Ялангуяа цус өтгөрөх болон нөжрөх гаж нөлөө огт  байхгүй. Зарим эмзэг арьстай хүмүүст наалт нь арьсны тууралт өгөх сөрөг талтай. Наалтнаас даавар цусанд шингэх нь маш найдвартай (хоол боловсруулах замаар задардаггүй тул).
  • Умайн даавартай суулгац (IUD): прогестерон даавар уухад тохирдоггүй  эмэгтэйчүүд  прогестерон дааврыг умайн суулгацаар нөхөж болно. Умайн суулгацын төрөлд MIRENA ерөндөг орно.
  • Гель: эстрогений гелийг алгандаа тарааж арьсанд түрхэнэ. Гель түрхлэгийг өдөр бүр түрхэж хэрэглэнэ. Гель хэлбэрийн эстроген түрхлэгийг үрэл хэлбэрээр ууж хэрэглэх болон арьсны наалт хэлбэрээр хэрэглэх боломжгүй эмэгтэйчүүд хэрэглэж болно.
  • Тосон түрхлэг: эстроген тосон түрхлэг болон гель үрлэн хэлбэрээр үтрээнд суулгаж хэрэглэх ба энэ хэлбэр нь үтрээний хуурайшил, давсаг, шээс задгайрах өөрчлөлтөнд хамгийн тохиромжтой.

Монголын Менопауз, Андропауз Зохицуулалтын Нийгэмлэг нь цэвэршилтийн эмгэг судлалыг судлан эмчилгээний шинэ аргачлалыг нэвтрүүлэх мэргэжлийн нийгэмлэгийн хувьд даавар орлуулах болон нөхөх эмчилгээг эмчийн хяналттайгаар олон нийтэд хүргэхээр идэвхтэй ажиллаж байгаа тал бидний мэдээллийг анхааралтай хүлээж авч байна уу.  

Даавар эмчилгээ хэрэглэх үед эрсдэлийг хэрхэн анхаарах вэ?

Дараах нөхцлийг эмчтэйгээ тодорхой ярилц:

  • Өөрт тохирох даавар нөхөх хэлбэрийг сонго. Танд цэвэршилттэй холбоотой зөвхөн үтрээ, давсагны өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа бол дааврын уудаг эм болон арьсны наалтаас илүүтэйгээр үтрээнд түрхэх, чийгшүүлэх тосон болон гель хэлбэр тохирно.
  • Даавар нөхөх эмчилгээний хамгийн бага тунг сонго. Аль болох бага тунгаар, богино хугацаанд хэрэглэх зарчмыг баримтэл. 45 наснаас залуу хүмүүс даавар нөхөх эмчилгээ хийх шаардлага гарвал залуу насанд эстроген дааврын хэрэгцээ өндөр байдгийг үндэслэж өндөр тунгийн дааврыг эмчийн хяналтанд хэрэглэвэл дааврын дутмагшлын үр дагавар болон хүндрэлээс хамгаалж чадна. Цэвэршилтийн зовиур өдөр тутмын хэвийн амьдралд харшаар нөлөөлөх хэмжээний хүнд байвал даавар орлуулах эмчилгээний бүрэн заалттай бөгөөд эмчийн хяналтанд удаан хугацаагаар хэрэглэж болно.
  • Давтан үзлэг хяналтанд байхыг хичээ. Эмчилгээний үр дүнг дүгнэж, болзошгүй эрсдэлийг эрт олохын тулд эмчдээ үзүүлж, хөхний мамограмм зураг авахуулж, эмэгтэйчүүдийн шаардагдах шинжилгээ хийлгэдэг байх нь зүйтэй.
  • Амьдралын зөв хэв маягийг эрхэм болго. Өдөр тутам дасгал болон хөдөлгөөний идэвхтэй байж, зөв хооллон, ажил хувийн харьцааны стрессийн ачааллыг зохицуулан, архи тамхины хэрэглээг хязгаарлан цусны даралт, өөх тосны түвшинг нарийн хяналтанд байлгаарай.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »