Та хамгийн эрүүл хоол хэрэглэж, тогтмол дасгал хийдэг байж болно. Гэхдээ тамхи татсаар л байвал эрүүл байх энэ бүх зүтгэлийг чинь бүгдийг үгүй хийдэг. 

Тамхи татах нь та өдөр бүр амиа хороох хор хэрэглэж байгаа гэсэн үг. Ялангуяа өдөрт бүтэн хайрцаг эсвэл удаан хугацаагаар хэрэглэсэн бол маш өндөр тунатай хор хэрэглэж байгаа хэрэг. Тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь тухайн хүний өдөрт хэрэглэдэг тамхины тоо, тамхи татаж эхэлсэн нас, татсан хугацаа зэргээс хамаарч янз янз байдаг.

Тамхины бүтэц

Тамхинд агуулагдах 4000 гаруй химийн хорт бодис нь хүний эрхтэн тогтолцоог эсийн түвшинд гэмтээж байдаг. Эдгээр хорт бодисуудын бараг 80 төрөл нь (давирхай, хүнцэл, бензол, кадми болон формальдегид болон бусад)  шууд нөлөөгөөр хорт хавдрын эх үүсвэр болдог. Тамхины никотин нь тамхинаас хамааралтай болгоно. Мөн цианит, аммони, нүүрстөрөгчийн исэл зэрэг асар хор хөнөөлтэй нэгдлүүд тамхины утаагаар хүний биед нэвтэрч байдаг.

Тамхи ба никотин

Никотины мансууруулах нөлөөнөөс хүн хамааралтай болдог. Никотины нөлөө:

  • Никотины бага хэмжээ нь тааламжтай мэдрэмж мэдрүүлдэг.Түр хугацаагаар сэргээж байгаад тайвшруулдаг.
  • Никотины хэргэлээнд ихэнхи хүмүүс бие бялдар болон оюун санааны хамааралтай болдог.
  • Тамхинд дасал үүссэнээс яваандаа улам их хэмжээгээр болон удаан хугацаагаар татдаг болох зуршилтай болгоно.
  • Тамхины хэрэглээг хориход усан дахь никотины тун буурснаас солихын хам шинж хэмээн тэвчиж чадахгүй байдалд ордог. Маш богино хугацаанд тамхинаас хамааралтай болно.
  • Тамхины утааны хар давирхай нь хоолой болон уушиганд тогтож цочроодог. Шүүлтүүртэй, болон давирхай багатай тамхинууд аль нь ч таныг хамгаалахгүй.

ТАМХИНЫ ХОРТОЙ НӨЛӨӨ

Тамхины утаагаар хүний биед нэвтрэх химийн хорт бодисууд эсийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан гэмтээж, эсийн генетикийн мэдээлэлд өөрчлөлт оруулснаар хорт хавдар үүсэх шалтгаан болдог. Тамхины хортой нөлөөнд хүний биеийн эрхтэн болгон өртдөг.

Тамхины нөлөөгөөр дараах хорт хавдрууд үүснэ:

  • амны хөндийн
  • цусны /лейкеми/
  • залгиур хоолой, төвөнхийн
  • уушигны
  • ходоодны
  • улаан хоолойн
  • бөөрний
  • давсагны
  • умайн хүзүүний

Зүрх судасны эмгэгийн эрсдэл нэмэгдэнэ:

  • Никотин нь зүрхний хэм болон цусны даралтыг тэр дор нь ихэсгэдэг
  • Тамхи нь нас хамаарахгүй бүх насныхны цусны судасыг гэмтээдэг
  • Цусны судас тогтолцоогоороо гэмтсэнээс тархинд цус харвах болон зүрх судасны хурц дутагдал зэрэг өвчлөлөөр хүндэрдэг.
  • Өдөрт ердөө 3 – 5 ширхэг тамхи татсан ч нь зүрхний шигдээс болох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Цусны даралт ихсэнэ

Тамхины нөлөөгөөр зүрхний хэм хурдасч, судаснууд нарийссанаас эрхтэнүүдэд хүргэх хүчилтөрөгчийн хэмжээ багасна.

Холестерины түвшин ихсэнэ

Тамхи нь  “хэрэгтэй” холестериныг бууруулж, “хортой” холестериныг нэмэгдүүлдэг.

Дасгал хөдөлгөөнийг багасгаж таргалалтын суурь болно  

Тамхины үйлчлэлээр хүн энерги чадлаар хомсдож амьсгааддаг болсноос дасгал хөдөлгөөнөөс зайлсхийх болдог.

Чихрийн шижин

Тамхи нь хүнийг хөдөлгөөний хомсдолд оруулж инсулиныг мэдрэх чадваргүй болгодог.

Тамхины уршгаар үүсэх хамгийн элбэг хавдар нь уушигны хорт хавдар

Дэлхий дээр жил болгон шинээр 1,2 сая гаруй хүн хорт хавдартай гэж оношлогдож байдаг. Эдгээрийн ердөө150,000 нь тамхи татдаггүй тохиолдол байдаг. Таны хорт хавдар тусах эрсдэл нь таны татаж буй тамхины тоо болон татасан хугацаанаас хамаарна. Тиймээс тамхинаас эрт гарах тусам хавдрын эрсдэл багасах болно.

Амьсгалын замын эмгэг

Тамхи татдаг хүн байнгын хөхүүлж  ханиалгах, хоолой үрэвсэх, ойрхон ханиад томуу тусдах болдог. Тэдгээр нь хүндрэхээр:

  • Архаг бронхит болон хатгаа болдог.
  • Уушигны эмфизема эмгэг болж хүндэрнэ. Энэ үед уушигны эд гэмтэж агаараар хийлэгдэн амьсгалж чадахаа больдог.

Тамхи таны амьдралын чанарыг доройтуулна

Хэрэв та тамхи татдаг бол:

  • Спортоор хичээллэх, биеийн галбираа хадгалах болон хүүхдүүдтэйгээ аз жаргалтайгаар тоглож чадахгүйд хүрнэ.
  • Хоолны дуршил буурна.
  • Бэлгийн сулралтай болно.
  • Аливаа шарх сорви эмзэглэл эдгэрэх нь удааширна.
  • Өвчинд илүү өртөмтгий  болно.
  • Хараагүй болох эрсдэл нэмэгдэнэ.
  • Эмэтгэй хүний дааврын тэнцвэр алдагдаж цэвэршилт хэт эрт эхлэх ба цэвэршилтийн шинж тэмдэг илүү зовиуртай илэрнэ.
  • Тамхи татдаг 30- 40 насны эрэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагааны хямрал болон бэлгийн сулрал бараг 50%-иар илэрсэн байдаг.

Тамхи таны гадна төрхийг өөрчилнө:

  • Нүдний өнгө шар болно.
  • Шүд шарлана.
  • Үснээс тогтмол таагүй үнэр үнэртэж, үс шингэрнэ.
  • Арьс өнгөө алдаж үхмэл туяатай болно.
  • Хацар хонхойно .
  • Хувцаснаас үргэлжид таагүй үнэр ханхална.
  • Эрт үрчлээ суух, буюу хөгшрөлтийн тэмдэг эрт эхэлнэ.
  • Шүд унана
  • Амнаас эвгүй үнэр гарч, хүнтэй харьцах хэцүү болно

Үүнээс гадна таны биеийн галбирт нөлөөлнө. Тамхичин хүний цээжний хөндий хэт хийлэгдсэнээс торх хэлбэртэй болдог байна.

Нэг өрх гэрт нэг болон  түүнээс дээш тооны тамхи татдаг хүнтэй айлын хүүхдүүд багтраа өвчин болон мөгөөрсөн хоолойн үрэвсэлтэй болох эрсдэлд 2 дахин илүү өртөмтгий байдаг ба тэдэнд харшлын шинж тэмдэг илүү  элбэг тохиолддог.

Тамхи татах нь таны амьдрах насыг хорооно!!! Иймээс тамхинаас гарах цаг болоогүй гэж үү?

Тамхи татах зуршлаас салснаар та доорх байдлаар өөрийгөө өөрчлөх болно:

  • Эрүүл бэлгийн амьдрал

Тамхинаас гарснаар цусны эргэлт сайжирч, бие махбодийн бодисын солилцоо сайжирна. Тамхинаас гарахад эрэгтэйчүүдийн бэлэг эрхтний хөвчрөлт нь сайжирдаг. Эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн сэрэл идэвхжин бэлгийн харьцаанаас ханамж илүү авдаг болно. Тамхи татдаггүй хүмүүс илүү дур булаам байхаас гадна тамины үнэргүй болсноос хамтрагчдаа илүү таашаал өгдөг болно.

  • Үр тогтох чадвар нэмэгдэнэ

Тамхи хэрэглэдэггүй хос арай хурдан үр тогтох бололцоотой байдаг. Тамхи татдаггүй байхад умайн салстын цусан хангамж хангалттай байснаас эр бэлгийн эсийн үр тогтоох нөхцлийг сайн бүрдүүлж өгнө. Хиймэл аргаар үр тогтоох арга илүү амжиллттай үр дүн үзүүлэх боломжтой  байдаг бөгөөд энэ нь үр зулбах эрсдэл харьцангүй бага байна. Хамгийн чухал зүйл бол та эрүүл хүүхэдтэй болох болно.

  • Царайны өнгө залуу харагддаг болно

Тамхийг хаяснаар арьсны өнгө сайжирч эрт хөгшрөх явцыг удаашруулдаг. Тамхичин бус хүмүүсийн арьс хүчилтөрөгч болон бусад тэжээлийг илүү шингээдэг болох тамхины нөлөөнд гарсан өөрчлөлтийг засвараж чаддаг.

  • Гүйцэт амьсгалж чаддаг болно

Тамхинаас татгалзсанаас хойш 9 сарын дотор уушигны багтаамж 10%-иар нэмэгддэг тул амьсгал чөлөөтэй болж ханиалга цөөрнө. 20-30 орчим насны тамхи татдаг залуучууд дасан зохицох чадвар сайтай байдаг тул холын замд гүйж ачаалал авахаас нааш тамхи нь уушигны багтаамжинд нөлөөлж байгааг анзаардаггүй. Гэвч нас ахих явцад уушигны багтаамж байгалиасаа багасдаг бөгөөд дээр нь нэмээд тамхи татдаг бол ердийн алхаагаар шатаар өгсөхөд л амьсгааддаг.

  • Амьдрах нас уртасна

Тамхи татдаг хүний тал хувь нь тамхины хорт нөлөөллөөс болж үүссэн зүрх судасны өвчин, уушигны хорт хавдар болон улаан хоолойн үрэвслээс болж эрт нас бардаг. Тамхиийг залуу наснаас татаж эхэлсэн хүн 30 нас хүрээд тамхинаас татгалзсанаар амьдрах насаа 10 жилээр нэмэх болно. Өөрөөр хэлбэл, тамхинаас татгалзахад хэзээ ч оройтохгүй. Тамхиа хаяхад зөвхөн нас нэмэхээс гадна хожим насаа өвчин эмгэггүй, идэвхтэй бөгөөд аз жаргалтай эрүүл амьдрах боломжийг олгодог.

  • Стрессийн ачаалал багасна

Судлаачдын үзэж байгаагаар тамхинаас гарсны дараа стрессийн нөлөөлөл багасдаг гэдэг нь тогтоогджээ. Тамхи татдаг байхад никотины хамааралтай болсон хүмүүс тамхи татахын хооронд хугацаанд никотины дутагдлын хам шинжийн зовиуртай байдаг. Уг никотины дутагдлын зовиурыг тамхи татаж түр зуурын ханамж авахаас биш никотины хамаарлын стрессийг улам нэмэгдүүлнэ. Тамхинаас гарч тархинд хүргэх хүчилтөрөгчийн хангамж нэмэгсдэнээр тархины төвлөрөх чадвар болон сэтгэхүйн эрүүл мэнд сайжрах болно.

  • Мэдрэхүй сайжирна

Мэдрэхүй эрхтнүүдийн тамхинд агуулагдах олон тооны хортой химийн бодисуудын нөлөөнд  мэдрэх чадвар нь буурсан байгаад тамхины хордлогоос гарч эхэлсний дараа амтлах болон үнэрлэх чадвар тань мэдэгдэхүйц нэмэгдэнэ.

  • Эрч хүч нэмэгдэнэ

Тамхи татах зуршлаа хаяснаас хойш 2-12 долоо хоногийн дотор цусны эргэлт илэрхий  сайжирдаг тул дасгал хийх, явган явах, гүйх зэрэг эрчимтэй хөдөлгөөнийг хийхэд бие махбодод илүү хялбар болно. Мөн биеийн дархлаа сайжирснаар ханиад болон хамрын ханиад хүрэх давтамж багасна. Бие махбодын хүчитөрөгчийн хэмжээ ихэссэнээр тамхи татдаг байсан үеийг бодвол толгой өвдөх болон ядрах нь эрс багасна.

  • Өөрийг чинь хайрладаг гэр бүлийнхэн болон найзуудаа эрүүл байлгана

Тамхиа хаяснаар та тамхи татдаггүй найз нөхөд болон гэр бүлийн хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадна.

ТАМХИНААС ХЭРХЭН ГАРАХ ВЭ?

Тамхины хор нөлөөгөөр эрүүл мэнд хэрхэн хохирдгийг бүгд мэднэ. Тамхи татах зуршилтай хүний  эрүүл мэндээ хамгаалах цорын ганц арга бол тамхинаас л гарах алхам юм. Тамхины хамаарлаас салсан хэдэн сая хүмүүсийн эгнээнд орох бололцоо хэн д ч байгаа гэдэгт итгэлтэй байгаарай.

Харин тамхинаас гарах зорилгодоо хүргэе гэвэл өөртөө итгэлтэй байж ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг аваарай.  Тамхинаас гарахад хүнд бэрхшээлүүдтэй тулгарсан ч тэмцлээс ялагчаар гарах төлөвлөгөө боловсруулан тэдгээр бэрхшээлүүдийг даван туулах хэрэгтэй.

Яагаад тамхинаас гарахад бэрхшээлтэй байдаг вэ?

Тамхинаас хүн бие махбодийн зуршил болон сэтгэл санааны хамааралтай болж донтдог. Тамхи татах үйлдэл нь өдөр тутмын зуршил дасал болохын хамт никотины түр зуурын нөлөөнд донтож сэтгэл зүйн хамааралтай болгодог байна. Иймээс тамхинаас гарах зорилгоо биелүүлэхийн тулд өдөр тутмын хэрэглээгээ багасган никотины үйлчлэлээр үүсэх мэдрэмжийг хүсэх бодлоо өөрчлөх тал дээр анхаарлаа хандуулж ажиллах хэрэгтэй.

Тамхиа хорьсноос үүсэх хамшинжийг даван туулах нь

Стресс, сэтгэл санааны дарамт, ганцаардал, айдас гэх мэт таагүй мэдрэмж хүмүүсийг тамхи татахад хүргэдэг. Маш хүнд өдрийн ард гарахад тамхи л таны ганц үнэнч нөхөр мэт санагдах үе олонтаа тохиолддог. Өдөрт тохиолдсон хүнд  асуудлуудууд тамхины утааны хамт уусаж буй мэт санагддаг. Гэхдээ янжуур тамхинаас арай эрүүл аргаар ажил амьдралд тохиолдох бэрхшээлүүдийг даван туулах зам байдгийг санаж байгаарай. Хөдөлгөөн дасгал, бясалгал, ядаргаа мэдрэхүйгээ өөрчлөх аргачлал бөгөөд энгийн амьсгалын дасгал зэрэг нь илүү үр дүнтэй байдгийг анхаарна уу.

Тамхинаас гарах цорын ганц чухал арга хэмжээ бол тамхи татахад хүргэдэг шалтгаан болон сэтгэл санааны дарамтыг ухамсарлаж, уг бэрхшээлийг даван туулахын тулд тамхинаас өөр арга зам олж авах явдал байдаг юм. Тамхинаас гарч чадсан ч гэсэн дараа нь тамхи татдаг үеээ эргэн бодоход сэтгэл санааны бэрхшээлтэй байсан хүнд үе тамхитай холбоотой дурсагдаж байдаг. Тийм учраас таныг тамхи руу хөтөлж буй ядаргааг гаргах, өдөр тутам цухалдуулдаг асуудлаас түр завсарлах зэрэг амьдралын хэв маягаа зохицуулах арга хэмжээ авч эхлэх нь тамхи татах зуршлаас татгалзах эхний шат болно.

Тамхинаас гарах төлөвлөгөө болон дүрэм боловсруулах

Тамхинаас гарахын тулд зөвхөн өөрийн амьдралын нөхцөлд тохирсон төлөвлөгөө болон хатуу дүрэм боловсруулах нь хамгийн том тусламж байх болно.

Яагаад тамхинаас гарах болсон шалтгаанаа жагсаан бичиж түүнийгээ олон тоогоор хуулбарлан өөрийн тамхиа хадгалж заншсан  газар болох карман, машин, цүнхэндээ хийж хадгалаарай.

Тамхинаас гарах шалтгаанд дараахи тайлбар орж болно:

  • Би эрүүл байж эрч хүч чадалтай байх болно. Миний гадаад үзэмж сайжирч шүд цайрна, эвгүй үнэргүй байх болно.
  • Би өөрийгөө хорт хавдар тусах эрсдлээс хамгаална. Арьсны үрчлээс багасч, зүрх судасны эмгэг, нүд хараагүй болох, саа өвчин тусах магадлалыг багасгах болно
  • Надаар миний гэр бүлийнхэн, найзууд маань болон би өөрөө өөрөөрөө бахархах болно.
  • Би хүүхдүүдээ тамхины утаанд хордуулахгүй байх болно.
  • Би эрүүл хүүхэдтэй болно (хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа бол).
  • Би хэрэгтэй зүйлсэд зарцуулах илүү мөнгөтэй байх болно.
  • Би ” Хэзээ хурдхан дараачийн тамхиа татах юм бол гэж?” хүлээж суухгүй байх болно.

Тамхинаас гарах төлөвлөгөөгөө хойшлуулалгүй яг одоо боловсруул

  • Тамхи хаях өдрийг тодорхой товло.
  • Гэр бүл, найз нөхөд болон хамтран ажиллагсдадаа тамхинаас гарах гэж буй тухайгаа албан ёсоор мэдэгд.
  • Тамхинаас гарах явцад тулгарч болох хүндрэлийг урьдчилан харж түүнийг даван туулах бэлтгэл болон сэтгэлийн тэнхээтэй байх.
  • Гэр, машин, ажил дээр байгаа янжуурыг нэн даруй устган гаргаж хая.

Тамхинаас гарах зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?

Тамхины хэрэглээг хорьсны дараа никотины үйлчлэлээр нэмэгддэг байсан сахарын хэмжээ эрс буурах тул эрч хүч эрс унаж, толгой эргэх, тайван бус болох эсвэл  толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.  Энэ үед хоолны дуршил сэргэх мэдрэмж төрж магадгүй. Тамхи татахгүй болсноос унасан сахарын түвшинг нөхөх зорилгоор их хэмжээгээр чихэрлэг жимсний шүүс хэрэглэвэл аяандаа бие махбод дасан зохицож эхэлнэ.

Тамхины татах хүслийг дарах зөвлөлгөөнүүд

  • Хоолны дараа тамхи татах хорхойгоо дарах

Хооллосны дараа тамхи татдаг зуршилтай байсан тохиолдолд  хоол идсэний дараа тамхины оронд  жимс, эрүүл амттан, бага зэрэг шоколад  болон бохийг хэрэглэвэл тамхины хүслийг дарна.

  • Согтууруулах ундаа болон тамхи

Ихэнхи хүмүүс согтууруулах ундаа хэрэглэж байх үедээ тамхи татах зуршилтай байдаг. Энэ тохиолдолд спиртны хольцгүй ундаа хэрэглэхийг хичээх, эсвэл тамхигүй орчинтой ресторан болон хэн нэг найзындаа зочлон хэрэглэдэг байхыг хичээх хэрэгтэй. Тийм орчин бүрдүүлэх бололцоогүй бол тамхины оронд самар, хатаасан жимс ногоо хэрэглэх илүү хэрэгтэй.

Олон нийтийг дагах шаардлагаас болж тамхинаас гарах бэрхшээлийг давах

Таныг хүрээлж буй найз нөхөд, гэр бүл болон хамтран ажиллагсад тамхи татдаг бол тамхинаас гарахад тань тань саад учруулдаг. Энэ тохиолдолд та хүрээлж буй хүмүүстээ тамхи татах зуршлаас гарах гэж буйг мэдэх хэрэгтэй бөгөөд өдрийн цай эсвэл машинаар нэг тийш тэд нартай хамт явах тохиолдод хамт байж чадахгүйгээ тайлбарлаж мэдэгдээрэй. Тамхинаас гарах шийдвэрээ хамт ярилцан шийдвэрлэх. Албан ажлын газар цайны цагаар тамхи татдаг хүмүүстэй байхын оронд тамхи татдаггүй хүмүүстэй нийлж өөртөө шинэ хамт олонтой болохыг хичээх хэрэгтэй.

Тамхи татах хүсэл болон тамхиа хорих биеийн зовиурыг даван туулах аргууд

  • Дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй байх. Өөрийгөө завгүй байлгаж сэтгэл санаагаа өөр зүйлд төвлөрүүл. Явган явж эхлэх.
  • Тамхины иш барьж заншсан гар хуруугаа өөр зүйл хийж завгүй байлга. Хүрэхүйн мэдрэмжийг бөмбөг, үзэг, ажлын багаж зэргээр орлуулж ажил гүйцэтгэ.
  • Өөрийн оюун ухаанаа завгүй байлгах. Сэтгүүл, сонин, ном унших эсвэл дуртай хөгжмөө сонс.
  • Тамхи татах хүслээ ихэдсэн үед өөр зүйлээр орлуул. Хатуу чихэр, лууван, бохь зажлах эсвэл самар цөмж болно.
  • Шингэн хэрэглэх. Ус цай уухад бие организмаас хортой бодисыг гадагшлуулахаас гадна тамхи татах хүслийг хурдан бууруулдаг.

Бусдаас дэмжлэг ав, тэдэнд өөрийгөө хэн гэдэгээ харуул

Тамхинаас гарах шийдвэрээ дотно найз нөхөд болон гэр бүлийнхэндээ мэдэгдэж тэд нарын тусламж, дэмжлэг болон сайшаал ямар их хэрэгтэй байгааг хэл. Мөн тамхинаас гарахыг хүсэж буй бусад найз нөхдийг ол. Тэгвэл та ганцаараа биш хамтдаа зөвлөлдөж байж хүнд үеийг давахад тус дэмтэй байх болно.

Илүүдэл жингээ хас

Тамхинаас гарах үед биеийн жин нэмэгдэх нь сэтгэл зовоосон нэг асуудал болдог. Тамхинаас гарснаар нэмэгддэг жин ойролцоогоор 1.5-2.5 кг байдаг ба энэ нь их биш жин юм.  Жин нэмдэг шалтгаан нь тамхийг хоол хүнсээр орлуулснаас болдог. Иймээс тамхины хүслийг дан ганц хоол хүнсээр орлуулахын оронд нэмэлт дасгал хөдөлгөөн хийж өөрийгөө саатуулвал жин нэмэхгүй байж болно.  Ядаргаа, тааламжгүй мэдрэмж болон замбараагүй хооллолттой тэмцсэнээр хэвийн эрүүл жинтэй байх болно. Зөв эрүүл хооллож, идэвхитэй хөдөлгөөнтэй байсаар тамхины зуршлаас салвал та жин нэмэлгүй хуучин жингээ барьж болно.

Сэтгэл санааны хямралыг удирдах

Тамхинаас гарсны дараа цусан дахь никотин тун огцом үгүй болсноос сэтгэл санааны тогтворгүй байдал бий болох нь элбэг ажиглагддаг. Ялангуяа  ажил, ахуйн стресс дарамтыг тамхиар тайлж байсан бол тамхи татах зуршлаас салснаар та хэвийн байдлаасаа илүү бухимдсан, сэтгэл зовсон, тайван бус, ууртай болон гутарсан байдалтай болдог. Үүний хамт толгой өвдөх, нойргүйтэх болон аливаа зүйлд төвлөрөх чадвар мууддаг байна. Гэхдээ 1-2 долоо хоногийн дараагаас бие организмаас хорт бодис гадагшилж тамхины даслын зовиурыг даван туулахад арай хялбар болж эхэлнэ. Гэр бүл болон найз нөхөддөө сэтгэл санааны болзошгүй энэ өөрчлөлтийг тайлбарлаж аливаа тогтворгүй зан ажиглагдвал ойлгохыг хүсэх хэрэгтэй.

Олон нийтийн дунд зохион байгуулагдаж буй тамхинаас гарах арга хэмжээнд оролцож мэдээллээс суралц

Уг мэдээллийн дагуу та дараахи арга хэмжээ байхыг зөвлөж байна:

  • Тамхиа хаях болно гэж өөртөө хатуу шийдвэр гарга.
  • Аажим татаж буй тамхиныхаа тоог багасгаж эхэлвэл илүү үр дүнтэй .
  • Никотины хэрэглээг аажмаар багасгах.
  • Никотины тунг огцом хассанаас  үүсч болох зовиурыг багасгахын тулд никотин орлуулагч бүтээгдэхүүн, наалт хэрэглэвэл тамхинаас гүйцэд гарах бололцоотой болно.
  • Тамхинаас гарах эмчилгээ, сэтгэл санаа дэмжигчдийн бүлэгтэй нэгдэх.
  •  Ховсдох, зүү тавих зэрэг мэргэжлийн эмчилгээ зөвлөлгөө авах.

Никотин орлуулах эмчилгээ

Орчин цагт шинээр никотиныг наалт, болон бохь зэргээр орлуулах арга хэмжээ авдаг болсон. Энэ аргаар тамхины утааны бус замаар арьс болон шүлсний хялгасан судсаар бага тунгийн никотин нэвтрүүлснээр никотиноос огцом татгалзсанаас гарах  зовиурыг багасгаж тамхигүй байлгах тэсвэртэй болгодог байна.  Энэ төрлийн эмчилгээ нь тамхи татдаг зуршилтай хүмүүст сэтгэл зүйн талаас нь тамхины талаархи бодлыг нь өөрчилж өөр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг байна.

Гэр бүлийнхээ гишүүнд тамхинаас гарахад нь туслацгаая

Ойр дотно хүнээ тамхинаас гарах шийдвэрийг та гаргаж болохгүй. Тэр шийдвэрийг тухайн хүн өөрөө л гаргах ёстой. Харин тамхинаас гарах гэж хичээн зүтгэхэд нь та бүх талаас нь дэмжиж туслаарай. Тамхинаас гарах эмчилгээний олон замыг хамтарч судлаад сонголт хийхэд нь  туслаарай. Аливаа асуудалд хэзээ ч шүүмжилж болохгүй. Тамхинаас гарах гэж буй найз нөхөддөө идэвхитэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөж дасгал хөдөлгөөн хийх болон агаар салхинд гарахад нь хамт байгаарай. Тамхи таталгүйгээр өнгөрсөн өдөр болгонд нь баяр хүргэж дахин дахин урам хайрла. Ихэнхи хүмүүс нь тамхинаас  гарсан ч нэг бус удаа эргэн ордог тохиолдол байдаг. Шүүмжилж дургүйцэлгүй тамхинаас гарах оролдлогыг дахин хийхийг зөвлөөрэй.

Тамхинаас гарсан хүн хуучны байдалдаа дахин орвол юу хийх вэ?

Хяналтаа алдаж ганц нэг тамхи татлаа гээд эргээд тамхичин болно гэсэн үг биш. Тамхинаас бүрэн гарахаас өмнө бага багаар тамхи татаад болих тохиолдол байдаг. Хамгийн гол нь тамхи татахад хүргэсэн шалтгаанаа дүгнэж цэгнэж үз. Үүнээс дараахи дүгнэлт гарга:

  • Тамхинаас үүрд татгалзаж чаддаггүй бүтэлгүй хүн гэж сэтгэлээр унаж болохгүй.
  • Бууж өгөх хэрэггүй. Буцаж тамхинаас гарах төлөвлөгөө боловсруул.
  • Тамхигүйгээр өнгөрөөсөн сайхан мөч болгоныхоо тухай бод.
  • Таныг дахин тамхи татахад юу нөлөөлснийг бод. Дахин ийм явдал учрахад яаж ялан дийлэх талаар шийдвэрлэх хэрэгтэй.
  • Туршлагаасаа суралц. Яавал хамгийн үр дүнтэй байсан бэ? Ямар зүйл нь хүндрэлтэй байсан бэ ?

ТАМХИ ТАТАХ ЗУРШИЛТАЙ ХҮНИЙ  ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛАХ ЦОРЫН ГАНЦ АРГА БОЛ ТАМХИНААС Л ГАРАХ АЛХАМ ЮМ.

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *