Элэгний өвчлөлийн бараг 50 хувь нь амьдралын хэв маягаас шалтгаалсан байдаг.

Архи дарс хэтрүүлж уусныхаа дараа гэмшихээс бусад үед элэгнийхээ эрүүл мэндийн талаар хэр их боддог вэ? Бидний ихэнх нь өвдөж зовиурлах, ямар нэг зүйл хэвийн биш санагддаг болохоос нааш элгэндээ анхаарч , хайрлаж халамжладаггүй нь тодорхой. Харин таны элэг 500 гаруй чухал үүрэг гүйцэтгэдгийг та мэдэх үү? Гүйцэтгэх олон талт үүрэг болон даах ачааллын хэмжээгээр элэг хамгийн даац өндөртэй эрхтнүүдийн нэг байдаг. Харамсалтай нь өдөр тутмын амьдралын хэв маягийн үр дагавар болох халдварт гепатит, таргалалт, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээс элэгний өвчлөл болон үүнтэй холбоотой эндэгдэл өнөөдөр өссөөр байна. Харин өдөр тутмын амьдралдаа элгэндээ санаа тавих хялбар зарчимтай болчихвол  та энэхүү амин чухал эрхтэнээ эрүүл байлгаж чадна.

Хэрвээ та баруун алгаа баруун хавирган доор байрлуулбал таны гар элэг байгаа хэсэгт байна гэсэн үг. Элэг нь бие махбодийн хамгийн том булчирхайт цуллаг эрхтэн. Эрэгтэй хүнийх 1,8 кг эмэгтэй хүнийх 1,3 кг жинтэй байдаг.

Элгийг эцсийн бүтээгдэхүүнээ өөр хэрэгцээнд дахин боловсруулах хүчин чадалтай, биотехнологийн нарийн үйлдвэрлэлтэй чухал нэгж  гэж ойлгож болно. Элэг нь зүрх болон нарийн гэдэсний хооронд ашигтай байрлал эзлэн  сахар, өөх тос, уураг, эмийн бүтээгдэхүүний бодисын солилцоог удирдах гол үүрэг гүйцэтгэж, гадна орчноос орж ирсэн хортой нэгдлийг хоргүйжүүлэх зэрэг маш олон үүрэг гүйцэтгэнэ. Тэдгээр олон үүргээс чухлыг нь дурдвал: гадны халдвар болон үрэвсэл үүсгэгчтэй тэмцэх, цусыг цэвэрлэх, холестерины хэмжээг зохицуулах, даавар нийлэгжүүлэх болон тэнцвэрийг нь зохицуулах, цусыг шүүж цэвэрлэх, бүлэгнэлтийн уураг болон ферментийг нийлэгжүүлэх, эд эсийн нөхөн төлжилтийг сэргээн засах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Мөн задарч боловсруулсан хоол тэжээлийн сахар, витамин, эрдэс бодисыг хуримтлуулж, гэдсэнд задарсан хоолыг боловсруулахад туслах цөсийг ялгаруулдаг. Нэмээд, элэгний эд гэмтсэн тохиолдолд өөрийгөө нөхөн төлжүүлэх чадвартай байдаг.

Эдгээр хариуцлагатай үүрэг гүйцэтгэсний хариуд элэг тийм ч их зүйл шаарддаггүй. Зөвхөн сайн арчилсан байхад насжилтаас үл хамааран он удаан жил үйл ажиллагаа нь сайн хэвээрээ л байх болно. Мөн элэг маш тэсвэр хатуужилтай эрхтэн. Ямар нэг байдлаас элэгний эдийн тал нь гэмтсэн байсан ч хэдэн долоо хоногийн дотор эргэн нөхөж бүтэн болох чадвартай. Гэнэтийн байдлаар нэг удаадаа эргэн нөхөн төлжихөд ямар ч асуудалгүй. Харин өдөр бүр гэмтээдэг бол /магадгүй гепатит B, C-ын халдвар/ өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлсэн ч сорвиждог. Энэхүү сорвижилтыг бид фиброз гэдэг бөгөөд нөхцөл байдлаасаа шалтгаалаад элэгний хатуурал буюу цирроз болох магадлалтай байдаг.

Энэхүү процесс нь ямар нэг шинж тэмдэггүй явагддаг бөгөөд шинж тэмдэг илрэх үедээ элэг аль хэдийнээ их хэмжээгээр сорвижин гэмтсэн байдаг. Иймээс харьцангуй эрүүл байсан хүн гэнэт хүндэрч, өвчний явц хурдан хүндэрдэг байна.

Элэгний гэмтэл юунаас үүсдэг вэ?

Өсөн нэмэгдэж байгаа элэгний өвчлөлд гол нөлөө үзүүлдэг зүйл нь архи юм. Элэг архийг хуримтлуулах чадваргүй учир ачааллаа дийлэхгүй гэмтдэг байна. Элэг архийг ус, нүүрс төрөгчийн хоёр дахь исэл болон өөх тос болгон задалж, биеээс гадагшлуулдаг. Гэвч элэг нэг цагт зөвхөн нэг нэгж согтууруулах ундааг задлах хүчин чадалтай байдаг. Задалж чадах хүчин чадлаас хэтрүүлбэл элэг эцэж эхэлдэг. Удаан хугацаагаар архийг хэтрүүлэн хэрэглэснээс элэгний эд гэмтэн хор тайлан шүүх чадвар нь алдагдан  архидалтаас үүсэлтэй элэгний эмгэг бий болгодог. Ихэнх хүмүүс зөвхөн архинд донтсон архаг архичид л элэгний өвчтэй болдог гэж ойлгодог. Гэвч өдөр тутам гэртээ бага хэмжээгээр архийг хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс ч өндөр эрсдэлд өртсөн байдаг. Сүүлийн үед архинаас үүдэлтэй элэгний өвчлөлд өртөж байгаа хүмүүсийн дийлэнх нь 30 орчим насныхан, тэр байтугай зарим нь 20-иод насныхан байгаа нь сэтгэл түгшээж байна. Архи хэтрүүлэн хэрэглэдэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү эрт элэгний өвчлөлд өртдөг. Гэхдээ элэгний өөрчлөлтийг эрт илрүүлж чадвал эмчилж, нөхөн сэргээх хугацаа байдаг тул бид өөрсдийн эрүүл мэндийн төлөө илүү их зүйл хийх боломж байдаг ажээ. Архи уухаа больж биеийн жингээ хэвийн хэмжээнд барих нь мэдээж эхний чухал алхам юм. Харамсалтай нь элэгний өвчинг оройтож оношловол элэг шилжүүлэн суулгах ганц  боломж үлддэг байна.

ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛИЙН ХЭЛБЭРҮҮД: ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ БАРИМТУУД

Элэгний өвчний гол шалтгаанууд нь архи, таргалалт болон вирусын гаралтай гепатит үрэвсэл байдаг. Элэгний өвчлөл ихэвчлэн удаан явцтай, олон үе шаттай явагддаг, өвчлөлийн хэлбэрүүд зэрэг явах хандлагатай  байдаг.

Элэг өөхлөх

Эрүүл элэгний эдэд өөхөн эд маш бага хэмжээгэр эсвэл огт байх ёсгүй бөгөөд ерөнхийдөө улаан хүрэн өнгөтэй байдаг. Өөхөн эд элгэнд илүүдэл хэмжээгээр хуримтлагдсанаас элэг  цайвар, хавдсан мэт болдог. Элэг өөхөлсөн байхад эхэндээ биеийн ерөнхий байдал суларч, яваандаа элэгний эмгэгийн хүнд шатанд шилжих нь элбэг.

Элэгний өөхлөлт 2 хэлбэрээр явагддаг: архинаас хамааралтай бөгөөд үл хамаарсан.

Архинаас хамааралгүй элэгний өөхлөл нь ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүст илэрдэг. Бусад эрсдэлт хүчин зүйлд цусны даралт ихсэх, чихрийн шижин, мөн зарим нэг эмийн бэлдмэлийн үйлчлэлийн үр дагавар байдаг.

Архинаас хамааралтай өөхлөлт ихэвчлэн ядрах, элэг орчмоор хүндрэх, бага зэрэг өвдөх, хоолны дуршил муудах,  бөөлжис хүрэх зэрэг орно.

Сайн мэдээ гэвэл, өөхөлсөн элэг буцаад хэвийн байдалдаа орж болно. Харин та архийг хэтрүүлэн уусаар эсвэл өөх тостой хоол идсээр байвал, элэгний өөхлөлт хүндэрч элэгний үрэвсэл буюу гепатит болж хувирах аюултай.

Гепатит

Элэгний эд үрэвсэхийг гепатит гэж нэрлэнэ. Гепатитийн эх үүсвэрт архи хэтрүүлэн хэрэглэх, халдвар /гепатит A, B, C, D эсвэл E /, таны биеийн өөрийн дархлааны тогтолцооны эмгэг /аутоиммун гепатит/, зарим эмийн болон химийн нэгдлийн гаж нөлөө /энэ нь маш ховор\ байж болно.

Хэрвээ та архинаас үүдэлтэй элэгний өөхлөлттэй бөгөөд архийг үргэлжлүүлэн хэтрүүлэн хэрэглэсээр байвал та архинаас үүдэлтэй гепатиттай болох эрсдэл 33 хувиар нэмэгдэнэ. Архи хэтрүүлэн хэрэглэдэг 3 хүн тутмын 1 нь гепатитаар хүндэрдэг байна.  Архины гаралтай гепатит гэнэт маш их хурдацтай явагдах бөгөөд онцгой тохиолдолд элэгний дутагдалд орж  нас барах  хүртэл хүндэрдэг байна.

Халдварын үүдэлтэй гепатит нь цусан дахь вирусын халдвараас үүсдэг. Ихэнх тохиолдолд гепатит аливаа онцгой шинж тэмдэггүй байдаг. В болон C төрлийн вирусын үрэвслийн архаг явц нь шинж тэмдэггүйгээр удаан хугацаагаар үргэлжилсээр элгийг эдгэшгүйгээр гэмтээдэг байна.

Фиброз

Элэгний гепатит үрэвсэл болон их хэмжээний өөхжилттэй болсноос элэг өөрийгөө олон удаа нөхөн сэргээж их хэмжээгээр сорвижих буюу фиброз үүсэх өөрчлөлт бий болдог. Фиброз үүсэх хугацаа нь өөр өөр байдаг хэдий ч элэгний үйл ажиллагаа боломжийн хэвээр байдаг. Элэгний үрэвслийн идэвхжлийг цаг хугацаанд нь гүйцэд эмчилж чадвал сорвижилт үүсэх хүндрэлээс сэргийлж болдог. Сорвижилтийг эмчлэхгүй нэмэгдүүлсээр байвал элэгний цирроз болж хувирах хүнд уршигтай.

Цирроз

Элэгний эдийн үрэвсэл болон сорвижилтийн хэмжээ нэмэгдсээр хатууран элэгний үйл ажиллагаа доголдож эхлэхийг цирроз өөрчлөлт гэж нэрлэдэг. Заримдаа элэгний өөрчлөлт циррозын үе шатанд очсон ч олон хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол  байдаг. Циррозын шатанд элэгний эд эргэшгүй өөрчлөлттэй болох бөгөөд цаашлаад элэгний дутмагшил эсвэл хавдар ч үүсгэх боломжтой. Архи удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэсэн 10 хүн тутмын 1 нь элэгний циррозын хувиралттай болох эрсдэлтэй байдаг.

Элгээ хамгаалах арга замууд

Архи огт хэрэглэдэггүй өдрүүдтэй бол

Архи тогтмол уусаар байвал архинд тэсвэртэй болж архины үйлчлэлийг мэдрэхийн тулд урьдынхаас илүү их хэмжээний архи уух хэрэгтэй болгодог. Байнга архи уудаг хамааралтай болсон хүмүүс архинаас бүрэн татгалзаж чадахгүй бол долоо хоногтоо ядаж 2 архигүй өдөртэй болох хэрэгтэй. Ингэснээр элгэндээ амрах хугацаа өгөхийн хамт нийт хэрэглэх архины хэмжээг бага байлгахад тус болно.

Уусан архины нийт нэгжийг тооцож байгаарай

Худалдаагаар үйлчилдэг архи, дарс болон шар айрагны зохистой нэгжийн хэмжээ аажим нэмэгдэж байгааг хүмүүс тэр болгон ажигладаггүй байж магадгүй. 1970 онд зарагддаг байсан дарсанд агуулагдах спиртийн тун 9% байсан бол өнөөдөр 12,5% болж нэмэгдсэн байна. Өнөөдөр бидний хэрэглэж сурсан 75 мл хэмжээтэй хундаганд 3 нэгжээс илүү спиртийн агууламж байгаа гэдгийг анзаарсан уу? Зохистой 1 стандарт спиртийн нэгж нь 25 мл байхад   согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд стандартаас 2 дахин илүү хэмжээ болох 50 мл архийг стандарт гэж үзэн үйлчилсээр л байна.

Үнэн учрыг олох

Архинаас хамааралтай болсон архаг архичид л архинаас үүдэлтэй элэгний өвчтэй болдог гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Гэвч зөвлөсөн зохистой хэмжээнээс бага зэрэг л илүү хэрэглэдэг хүмүүс ч элэгний өвчлөлд өртөх магадлалтай байдаг. Нэмээд эдгээр хүмүүс таргалалт, даралт ихсэх эмгэг, элэгний эмгэгийн гэр бүлийн түүхтэй зэрэг давхар эрсдэлтэй бол архийг аль болох зохистой хэмжээгээр хэрэглэдэг байх хэрэгтэй. Согтолгүй архи сайн даадаг байх нь элэг гэмтэхгүй гэсэн баталгаа болохгүй. Түүнчлэн ус ихээр уух ч элэгний гэмтлийг багасгаж чадахгүй. Ус ихээр уух нь шартахаас сэргийлдэг ч таны элгээр шүүгдэх архины хэмжээг багасгахгүй.  Дарс болон шар айраг нь бага хортой гэж найдаж болохгүй, учир нь элэгний гэмтэл таны ууж байгаа спиртны хэмжээнээс хамаардаг.

Өөхний хэрэглээгээ багасга

Өөх тостой хоол идэх, илүүдэл жинтэй байх нь элэг өөхлөх гол нөхцөл болдог. Архи хэтрүүлэн хэрэглээд нэмээд хоолны буруу зуршилтай бол элэг өөхлөх эрсдэл улам нэмэгдэнэ.

Бэлхүүсээ хэмжэээрй

Бэлхүүс орчмын таргалалт нь бусад хэлбэрийн таргалалтаас илүү аюултай. Учир нь энэ таргалалтаас  элэг нь сахар задалдаг инсулинд мэдрэмж муутай болж  цусан дахь задраагүй сахарын түвшин нэмэгдэн чихрийн шижин үүсэх суурь болдог. Эмэгтэйчүүдийн хувьд бэлхүүсний тойрог 80 см-ээс илүү болох нь элэгний эмгэгийн эрсдэлийг ихэсгэдэг байна.

Тоогоо мэддэг байх

Элэг өөхлөх эрсдэлт хүчин зүйлс болох холестеролын хэмжээ ихсэх, цусны даралт ихсэх,  2-р төрлийн чихрийн шижин зэрэг нь туранхай хүмүүст ч тохиолдох нь элбэг тул шинжилгээ болон хэмжилтүүдээ сайн хянаж байх нь зүйтэй.

Эрсдэлээ мэд

Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол архитай холбоотой элэгний өвчлөлөөр өвдөх магадлал илүү өндөр байдаг физиологийн онцлогтой. Мөн үе мөч, арьсны эмгэг, бүдүүн гэдэсний үрэвсэл гэх мэт ямар нэг эмчилгээний зорилгоор удаан хугацаагаар эм бэлдмэл хэрэглэсэн бол архитай хавсарсан үед элгэнд илүү ачаалал өгч, гэмтээх аюултай.

Байнгын дасгал хөдөлгөөн

Идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь элгэнд хуримтлагдсан өөхийг гадагшлуулахад тус болно. Долоо хоногт 5-н өдрийн турш өдөр бүр 30 минутын зүрх судасны булчинг дэмжих хурдан алхах, дугуй унах зэрэг бага ачаалалтай эсвэл долоо хоногт 3 удаа 30 минутаар гүйх, аеробик зэрэг эрчтэй дасгал хийдэг байх хэрэгтэй.

Өөрийгөө хамгаал

Гепатит B болон C вирусын халдвараас сэргийлэхийн тулд тохиолдлын бэлгийн харьцаанаас зайлсхийж, шинэ хамтрагчтайгаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохоос болгоомжил. Түүнчлэн сахлын хутга, шүдний сойзоо ч бусадтай сольж болохгүй. Эмчилгээ, үйлчилгээний газар бохир зүү тариур (зүү тавих эмчилгээ, шивээс) хэрэглэж байгаа эсэхэд нарийн хяналттай байх хэрэгтэй.

Шинж тэмдэгт соргог бай

Элэгний өвчний үед хурцаар илэрдэг шинж тэмдгүүд болох баруун талын хавирганы доогуур өвдөх, бөөлжих, толгой эргэх, суулгах, шарлах зэргийг ажиглахад хялбар байдаг. Харин архаг шинж тэмдгүүд болох ядрах, толгой эргэх, эрч хүчгүй болох, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгийг ялгахад төвөгтэй байдаг тул сэрэмжтэй байх хэрэгтэй.

Хэтрүүлэхээс зайлсхий

Зөвхөн ус, жимсний шүүс ууж, хатуу хоолны дэглэм барих зэрэг түр зуурын хордлого тайлах огцом дэглэмүүд бусад хугацаанд эрүүл бус амьдралын хэв маягийн үр дагавраас хамгаалахгүй. Харин үүний оронд удаан хугацаагаар архины хэрэглээгээ зохистой болгож сайн чанартай хоол хүнс тогтмол хэрэглэдэг байх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ хэт хатуу хоолны дэглэм элгэнд илүү ачаалал өгдөг байна. Богино хугацаанд хэт их жин хасах нь элэг өөхлөх явцыг хурдасгаж, элэгний үрэвслийн үйл явцыг түргэсгэдэг байна.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »