Хүний биеийн арьсан доорх өөхлөг давхрага жигд бус, товгор болж хувирснаас арьсан гадаргуу бэржгэр харагддаг болох өөрчлөлтийг целлюлит гэж нэрлэдэг. Ихэнхдээ гуя, өгзөг, гар болон гэдэсний доод хэсгээр тархалттай байдаг. Целлюлит нь гадаад үзэмжиндээ их анхаардаг өнөөгийн мянга мянган эмэгтэйчүүдийн санааг зовоох асуудлуудын нэг болсоор байгаа.

Целлюлит нь маш түгээмэл тохиолддог зүйл. Нөхөн үржихүйн нас давсан эмэгтэйчүүдийн бараг 90 хувьд целлюлит ажиглагдах ба уг биений арьсны гадаргуун өөрчлөлт нас ахих тусам улам гүнзгийрч харагддаг болно. Целлюлит  үүсэхэд илүүдэл жин тэр болгон гол шалтгаан болдоггүй. Целлюлит нь эрчүүдэд ч мөн адил тулгарах бөгөөд энэ нь маш ховор, ихэвчлэн их хэмжээгээр бэлгийн дааврын тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна.

Целлюлит үүссэнийг гэрчлэх өвөрмөц шинж тэмдэг бол арьс бэржгэр болж хонхойх явдал юм. Цэх зогсож байхад арьсны гаднах төрх жигд бус бэржгэр харагдахад целлюлит байгааг гэрчилнэ.  Целлюлитыг оношлох өөр нэг шинж нь цусан хангамж удааширсан байдгаас целлюлиттэй хэсгийн арьсны дулаан харьцангүй хүйтэн тэмтрэгддэг бөгөөд илүү цайвар харагдана, энэ хэсэг нь наранд шарахад бараг борлодоггүй байна.

Целлюлитэд өртсөн хэсгийн арьсийг гараараа чимхэж үзэхэд ус хэт их нэвчсэнээс илүү удаан тэнийх нь ажиглагдана. Усархаг  шингэний нэвчилт нэмэгдэх тусам өөхөн давхарга улам хатуурч бэржгэр болж эхэлдэг. Целлюлит хатуурах тусам түүнийг эмчлэх илүү бэрхшээлтэй болдог. Иймээс аль болох эрт хугацаанд целлюлитээс ангижрах арга хэмжээ авч эхлэх хэрэгтэй.

Целлюлит байгаа гэдэг нь таны бие хор хуримтлуулж байгааг баталж байгаа бөгөөд таны биед “цэвэрлэгээ” хийж, хорыг гадагшлуулах цаг болсныг илтгэх нэгэн дохио болдог. Целлюлит үүсэх эх үүсвэрт буруу хооллолт, стресс, хортой эмийн зүйлс, байнгын суугаа ажил болон маш их хэмжээний цай, кофе, архи тамхи хэрэглэх, цусны эргэлтийн удааширал, тунгалгийн тогтолцооны зогсонгишил зэрэг багтана.

Целлюлитын анатомийн бүтэц

Өөхөн эд өөртөө их хэмжээний ус шингээснээс болж целлюлит үүсдэг гэж ойлгож болно. Улмаар их хэмжээний ус шингээсэн өөхөн эд нь хавагнан ойролцоох холбоос эдүүдээ дарж эхэлдэг. Холбоос эд үүний хариуд өөхний бөөгнөрлийн томролтыг хязгаарлахын тулд нягт эд ялгаруулдаг нь цусны эргэлтэнд саад болж эхэлдэг. Ингэх үед арьсан доор овгор товгорууд бий болно. Заримдаа цусны эргэлт саатсаны улмаас овгорууд нь үрэвсэн хөндүүртэй болдог.

Насанд хүрсэн хүний өөхөн эсийн хэмжээ нь харьцангуй тогтвортой байдаг гэж үздэг. Иймд өөх хуримтлагдах буюу таргалах нь өөхөн эсийн тоон хэмжээ нэмэгдэх бус, харин эсүүдийн хэмжээ томорсонтой холбоотой юм. Таргалалтын хэмжээ болон өөрийн онцлогоос шалтгаалаад өөхөн эс нь 30-40 дахин томорч чаддаг.

Целлюлит бий болох явц тодорхой үе шаттайгаар явагддаг. Эхний шатанд целлюлит нь нүдэнд бараг харагддаггүй. Хүний биеийн илүүдэл хор шүүдэг тунгалгийн тогтолцооны урсгал удааширснаас хаван хуримтлагдан жин нэмсэн төдий харагддаг ч арьсны гадаргуу хэвийн жигд, гөлгөр байна.

Хоёр дахь шатанд цусны хураагуур (венийн) судасны тогтолцоо нь биед хэт их хэмжээгээр хуримтлуулсан ус, хаванг гадагшлуулах ачааллаа даахаа больж биед шингэн хуримтлагдсаар хураагуур судсыг боож, шингэний гадагшлах цорын ганц боломжийг хаадаг. Ингэснээр өөхөн хуримтлал нь илүү нягт болж ирнэ. Судас боогдсоны улмаас хүчилтөрөгч орж ирэхээ байхаар холбогч эд сорвижилтын эд төст торлог үүсгэн тархаж эхэлнэ. Энэ шатанд арьс гөлгөр мэт харагддаг ч чимхээд татаж үзвэл жүржийн хальс шиг бэржгэр болсон нь харагдана. Холбогч эд нэг талаараа арьсанд, нөгөө талаараа булчинд бэхлэгддэг болохоор целлюлитийг эмчлэхэд түвэгтэй болсон байдаг

Өөхний эсүүд нь усжин, хор тээдэг бөгөөд тус хортой хэрэггүй зүйлсийг энгийнээр арилгах амаргүй болдог байна.

Целлюлит үүсэх шалтгаанууд

Целлюлит үүсэх шалтгааныг яг нарийн тодорхойлоогүй ч, үүнийг тайлбарлах хэд хэдэн онол байдаг. Үүнээс заримыг нь тайлбарлавал:

  • Даавраас шалтгаалах хүчин зүйлс: Дааврын өөрчлөлт нь целлюлитэд өртөхөд томоохон үүрэг гүйцэтгэдэг байна. Эстроген, инсулин болон норадреналин даавар, бамбай булчирхай зэрэг нь целлюлит үүсгэх явцын нэг байж болзошгүй.
  • Генетикийн нөлөөлөл: Зарим ген целлюлит үүсгэх явцын мэдээлэл агуулдаг байж болзошгүй. Цусан хангамжийн дутагдал, арьсны доорх өөхлөлтийн тархалт, бодисын солилцооны удаашрал, бэлгийн даавар зэрэг целлюлиттэй холбоотой онцгой шинж чанарт ген нөлөөлөх магадлалтай.
  • Хооллолт: Өөх тос болон нүүрс ус, давс их хэрэглэдэг бөгөөд хоолныхоо орцонд жимс ногоо, арвай, буудай зэрэг ширхэглэг ихтэй хүнс хэрэглэдэггүй хүмүүс целлюлитэд ихээр өртдөг байна.
  • Амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлс: Тамхи татдаг, дасгал хийдэггүй, идэвхгүй, суугаа байдалд удаан хугацаагаар ажилладаг хүмүүст ихээр зонхилдог байна.
  • Хувцаслалт: Өгзөг гуяны цусан хангамж хязгаарладаг бариу резинэн дотуур хувцас нь мөн целлюлит үүсгэх хандлагатай байдаг.

Целлюлит нь гол төлөв эмэгтэйчүүдийн санааг зовоосон асуудал байдаг. Эмэгтэй хүний бие махбодид эстроген дааврын нийлэгжил ихсэх тусам биедээ шингэн илүүтэйгээр хуримтлуулдаг тул целлюлитид өртөх хандлага нэмэгдэж байдаг. Целлюлитын өөрчлөлт эмэгтэй хүний дааврын түвшингий хамгийн тогтворгүй байдаг насанд хамгийн ихээр үүсэх эрсдэлтэй байдаг. Эмэгтэйчүүд дааврын хэлбэлзэл хамгийн тогтворгүй байдаг үе болох бэлгийн бойжил эхлэх, жирэмслэх болон цэвэршилтийн насанд эрүүл амьдралын хэв маяг сахих нь хамгийн чухал юм.

Өнөө цагийн эмэгтэйчүүдийн биеийн тогтолцоо хувьсан өөрчлөгдөж байгааг дагаж эстроген дааврын түвшин дундаж хэмжээнээс арай өндөр байдаг нь тогтоогдсон. Үүнд зохицохын тулд бие организм нь илүүдэл эстроген дааврыг чухал эрхтнээс холдуулан хязгаарын эд болох өөхөн давхрагад хадгалснаас өөхөн эсийн бүтцийг өөрчлөн целлюлит болон хувирдаг байх магадлалтай.

Целлюлит нь эрүүл мэндийн байдлыг тодорхойлж байдаг. Целлюлиттэй байна гэдэг нь маш их стресстэй, буруу хооллолтой, дасгал хөдөлгөөний дутагдалтай, бие махбодьдоо маш их хордлоготой, түүнийгээ гадагшлуулж чадахгүй байгаагийн илрэл юм.

Целлюлиттэй хүн ямарваа зовиургүй байдаг нь бие махбодь өөрөө хордлогын шингэнийг амин чухал эрхтэнүүдээс холдуулан хязгаарт хадгалж чаддагтай холбоотой.

Харин эрчүүд хордлогын шингэнийг биеийнхээ төв хэсэг болох хэвлийн эргэн тойронд хадгалснаас элэг, зүрх, гол судсанд илүү их ачаалал өгөх аюултай байдаг.

Дүгнэн хэлэхэд, целлюлит байна гэдэг таны биед цусны эргэлтийн зогсонгишил байгаагийн илрэл бөгөөд таны тунгалагийн систем болон цэвэрлэх систем өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагийн илрэл юм.

Целлюлитээс хэрхэн гүйцэт ангижрах вэ?

Эмэгтэйчүүдийн 70 хувиас илүү нь целлюлиттэй байдаг бөгөөд энэ нь тэдний гадаад үзэмжинд  сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн ойлгож явцгаадаг байна. Энэ байдлаасаа болж тэд өөрийн биенээсээ санаа зовж, өөртөө итгэх итгэлээр дутуу, жүржийн хальс шиг болсон арьсныхаа эмчилгээнд маш их цаг болон мөнгө зарцуулдаг байна.

Харин яг үнэндээ целлюлитийн эмчилгээ харьцангуй хялбар бөгөөд эмчилгээний аргын талаархи зөв бөгөөд үндэслэлтэй мэдээлэл ховор байдаг. Юуны түрүүнд, нэгэнт целлюлиттэй болсон бол энэ нь огт арилдаггүй, тийм болохоор үүнтэйгээ эвлэрэн амьдрахаас өөр аргагүй гэсэн ташаа мэдээлэл бол үндэслэлгүй юм. Целлюлит нь зөвхөн арьс өөхөн давхаргын эргэшгүй өөрчлөлт хэмээн ойлголгүй, бие махбодийн олон нөхцөл байдал нийлж үүсгэсэн бөгөөд биеийг бүхэлд нь –  сэтгэл санаа болон амьдралын хэв маягийг зөв тэнцвэржүүлж чадсан байхад целлюлитийн үр дагаварыг бүрэн гүйцэт эмчлэх бололцоотой юм.

Өөрөөр хэлбэл целлюлит бий болсон шалтгааныг сайн ойлгож, түүнийгээ үгүй хийх зөв арга хэмжээ авах нь чухал. Жишээ нь, та жингээ хасаж целлюлитээс ангижрахын тулд зөвхөн жин хаях биш харин ямар аргаар жин хаях нь илүү чухал. Богино хугацаанд тураах эм, хоол хорих, мэс заслын арга хэрэглэх нь арьсны үзэмжийг улам хүндрүүлнэ. Үүний оронд өвчлөл эмгэгийг тодруулан амьдралын дараахь тохиромжтой хэвшлийг бий болговол целлюлитээс бүрэн гүйцэт ангижирч чадна.

  • Дасгал хөдөлгөөн: целлюлит үүссэн суурь эд эс болох өөхөн давхрагын хэмжээ болон үүссэн холбогч эдийн хэмжээг багасгахын тулд зүрх болон цусан хангамжийг идэвхжүүлдэг дасгалын төрлийг сонгон идэвхтэй хийдэг болох. Зүрх судасны дасгалыг өгзөг хөлний дасгалтай хавсарч бага жинтэй гантельтэй олон давтамжаар өргөх, гүйх, алхах зэрэг дасгалуудыг хослуулан хийх нь нэн үр дүнтэй.
  • Хооллолт:  өөх тосгүй, хор тайлж, гэдэс цэвэрлэдэг хирнээ өөртөө тааламжтай хоолны төрлийг сонгон, ус шингэний хэмжээг ихээр хэрэглэдэг хоолны дэглэмд орох хэрэгтэй. Хоол хүнс нь загас,тахиа, буурцаг, жимс, хүнсний ногоогоор баялаг байвал сайн. Илүүдэл хэмжээний архи, кофе, халуун ногоотой амтлагчууд өөхний эд эсэнд хуримтлал үүсгэхэд хүргэнэ.
  • Арьс, өөхөн давхрагын цусан хангамж сайжруулах эмчилгээ: иллэг массаж болон гэрийн нөхцөлд тогтмол арьсны багсаар (щёткаар) иллэг хийдэг байхад хэсгийн цусан хангамж идэвхжин целлюлитийг багасгахад тусална. Хуурай багс хэрэглэж байгаарай. Гэрийн нөхцөлд багсан массажийг 7 хоногт 3 удаа тогтмол хэрэглэхийг заншил болгоорой. Хуурай багсан массажийг хөлний төгсгөлөөс эхлээд бүх биеийг хамруулж тойрсон хөдөлгөөнөөр зүрхэн өөд чиглэсэн байдлаар хийж байх нь зүйтэй. Иллэг нь стрессийн түвшинг бууруулахаас гадна тунгалагийн суваг, цусны эргэлтийг нэмэгдүүлэн, холбогч эдийн судлуудыг задлах тустай байдаг.
  • Нэмэлт тэжээл: эрүүл мэнд, цусан хангамжийг идэвхжүүлдэг байгалийн гаралтай аливаа нэмэлт тэжээл, амин дэм нь целлюлитээс ангижрахад туслаад зогсохгүй бүх л биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх тул нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй. В витамин нь бодисын солилцоог нэмэгдүүлэх, глюкозамин нь арьсны давхрага бүрийг нөхөн сэргээх, лецитин нь эсүүдийг бэхжүүлэх бөгөөд анти-оксидант бүхий витамин С болон усан үзмийн үр зэрэг нь чөлөөт радикалаас шалтгаалсан хор хөнөөлийг бууруулах чадалтай байдаг.
  • Гоо сайхан: гоо үзэсгэлэнгээ спа эмчилгээ, гоо сайхны тосон түрхлэг, бүтээгдэхүүн болон бусад ашигтай эмчилгээгээр гүйцэтгэх боломжтой байдаг. PCA-натри болон гиалурон зэргийг агуулсан тосон бүтээгдхүүн нь арьсны өнгөн хэсгээр нэвчин целлюлитээс хамгаалахад тустай. Мөн түүнчлэн чийгшүүлэгч тосыг 7 хоногт 2 удаа хэрэглэх нь таны арьсыг чийгшүүлэн амраана.
  • Эмчилгээний зориулалттай эмийн хэрэглээг анхаарах: зарим тохиолдолд нойрны эм, хаван хөөх эмчилгээ нь целлюлитийг ихэсгэх талтай байдаг. Эстроген даавар агуулсан жирэмслэлтээс хамгаалах эмийн шаардлага болон тунгийн хэмжээг эмчтэйгээ ярилцаж өөрчлөхийг бодоорой.

Архи, тамхи, каффеин хэрэглэдэггүй, зөв хооллодог эмэгтэйчүүд целлюлитэд өртөх нь ховор байдаг. Илбийн аргаар арилгах мэт өндөр үнэтэй гоо сайхны тос үйлдвэрлэгчдийн амлалтанд бүү өртөөрэй. Хичээл зүтгэл гарган, төлөвлөгөөтэй эмчлэхэд целлюлит нь хялбархан арилдаг зүйл юм. Та үнэтэй тос болон үйлчилгээнд мөнгөө үрэхээсээ илүү стрессгүй зөв амьдралын хэв маягтай байж чадвал эрүүл чийрэг сайхан байхын үр шимийг хүртэх болно.

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »