Өчигдөр бол ТҮҮХ, Маргааш бол НУУЦ, Өнөөдөр бол БЭЛЭГ!

Өнөөдрийн энэ хормын гайхамшгийг мэдрэх тухай

Гэр орны асуудал, ажлын ачааллаас болж хоолныхоо амтыг сайтар мэдрэлгүй идэх, гэртээ хоол ундаа бэлдэх, цэвэрлэх ажлаа сайтар бодолгүй хийх, ажилдаа яаж ирснийгээ  анзаарахгүй байх тохиолдол танд  олон удаа ажиглагдаж байна уу? Бидний оюун ухаан өөр газарт байхад цаг хугацаа урсан өнгөрсөөр байдаг.

Бид ажил дээрээ байхдаа амралтаа яаж өнгөрөөх тухай төсөөлөн бодож, харин амарч байхдаа ажлынхаа ширээн дээр бөөгнөрч байгаа их ажилдаа санаа зовж өөрсдийгөө чилээдэг. Бид өнгөрсөн, таагүй дурсамжуудаа байнга санаж харамсах, эсвэл ирээдүйд юу тулгарах, бүтэлгүйтэх зүйлсийн талаар төсөөлөн бодож байнгын хямралын байдалд байдаг.

Бид яг одоо амьдарч буй цаг хугацаанаасаа таашаал авч чаддаггүйн учир нь Буддын сургаалд нэрлэдгээр бидний сармагчин төст тогтворгүй оюун ухаанаас болдог байна. Сармагчин модноос модонд дүүлэн нисдэгтэй адил бидний бодол байнгын үсчин харайж байдаг. Бодлуудын хүчтэй урсгал бидний оюун ухаан дундуур урсан өнгөрдөг. Иймээс өөрийнхөө оюун ухааныг хянаж, амьдралаа тогтвор, тэнцвэртэй байлгахын тулд бодлын урсгалын нөлөөнөөс гараад нам тайван байдалд саатан одоо цагт төвлөрөх хэрэгтэй.

Та ямар учраас өдөр бүр ирээдүйд тохиолдож болзошгүй өөрчлөлтөнд санаа зовж амьдрах ёстой гэж? Яагаад өдөр бүр өнгөрсөндөө харамсаж, халаглан суух ёстой гэж? Маргааш юу ч тохиолдож болно – нар мандахгүй гамшиг тохиолдож ч болно, гэнэт дайн эхэлж ч болно.  Хулгай эсвэл аль нэг гэмт хэргийн хохирогч ч болохыг хэн мэдэхэв.  Ажилгүй болж, дотно харилцаа ч гэнэт тасарч болно. Гэхдээ эдгээр хүнд цохилтууд ердөө тавхан минутын дотор тохиолдож болно, эсвэл 10 жилд, эсвэл хэзээ ч тохиолдохгүй байх магадлалтай. Та урьдчилж мэдэх ямар ч бололцоогүй. Өнгөрсөн зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Та өөрчлөхийг хичнээн хүсээд ч, бодоод ч өнгөрснийг өөрчлөх ямар ч боломж байхгүй.

Харин яг одоо цаг бол үнэлж баршгүй их баялаг юм

Яг одоо тохиож буй хором мөч бүхэн бол бурханы бэлэг. Маргааш юу болохыг та мэдэхгүй . Маргааш танд баяр баясгалан ч авчирч магадгүй, гуниг харуусал ч өгч болно. Ирээдүй цагт тохиолдож болзошгүй хүндрэлийг төсөөлж та айдаст автаж байж магадгүй. Бизнес тань амжилтгүй болж, мөнгө хөрөнгөөр гачигдахаас айдаг байж магад. Та өөрийнхөө чадварт эргэлзэж, тулгамдаж байна уу? Гэвч эдгээр нь бүгд зөвхөн бодол.Эдгээр сөрөг бодлууд хэт ихдэснээс оюун ухааныг эзэмдэн бусадтай харьцах харьцаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Яваандаа таны амьдрал болон амжилтанд хүрэх хүсэл мөрөөдөл чинь буруутах, бүтэлгүйтэх айдсаар илүү давамгайлж эхэлдэг байна.

Өнгөрсөн бол өнгөрсөн, бидний хийж чадах ганц зүйл бол түүнээс суралцах. Харин бид санаа зовсон ч, зовоогүй ч ирээдүй тодорхойгүй, нууц хэвээр байдаг.

Бид унтсан ч, идсэн ч, наргисан ч, ажилласан ч маргааш болдгоороо л болно.Энэ бол цаг хугацааны л асуудал. Тиймээс ирээдүй танд юу авчрах, ямар бэрхшээл тохиолдож болзошгүй талаар санаа зовохын оронд яг одоогийн хоромд аз жаргалыг мэдэрч чадвал та өөртөө итгэлтэй болж ирээдүйд тохиолдох ямар ч бэршээлийг даван туулах чадвартай болж чадна.

Буруутсан, зөвдсөн гэж байдаггүй. Зөвхөн үйлдэл бөгөөд уг үйлдлийн үр дагавар гэж л байдаг.

Бид одоо цагт амьдрах хэрэгтэй. Одоо цагт амьдрах гэдэг нь оюун ухаанаа мэдрэн захирч амгалан, амарлингуй амьдрахыг нэрлэнэ. Ингэснээр одоо цагт анхаарлаа бүрэн хандуулж, бүрэн ухамсарлан, шударга үйлдэл хийж амгалан амьдрах бололцоотой болно.

Амар амгалан амьдарснаар стрессийг бууруулж, дархлааг сайжруулж, хууч өвчнийг анагааж, цусны даралтыг бууруулах болон хорт хавдартай тэмцэх биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм. Стрессээ тайлж, өдрийн хэдхэн хормыг одоо цагт анхаарлаа төвлөрүүлж идэвхтэй амьдарснаар зүрхний шигдээс эмгэгийг эрс буруулж чаддаг. Амар амгаланг олсон хүмүүс илүү их аз жаргалтай, эрүүл саруул, уян зөөлөн, тайван байдаг. Тэд өөртөө илүү итгэлтэй бөгөөд өөрийнхөө сул талуудыг ч хүлээн зөвшөөрдөг. Одоо болж буй цаг хугацааг мэдэрснээр сэтгэл санааны хямралд орох, хэтрүүлэн идэх, анхаарал сулрах хүндрэлүүдээс ч сэргийлж чадна.

Ухаалаг, амгалан хүмүүс эсэргүүцэл, сөрөг үйлдэл, хов живийг тайвнаар хүлээж авч өөртөө итгэлтэй байж чаддаг. Тэд өөрийгөө хүндэлж, өндөр үнэлдэг хирнээ өөрийнхээ сул талыг ч хүлээн зөвшөөрөх чадвартай байдаг. Өөртөө итгэлтэй хүмүүс хань ижилтэйгээ маргалдах нь бага бөгөөд өөрийгөө өмөөрөлгүй, зохицохыг илүүд үздэг. Үр дүнд нь эдгээр хосуудын харилцаа илүү аз жаргалтай, бат бөх байдаг.

Өнөөдрөөрөө амьдарна гэдэг нь маргааш гэж өдөр байхгүй юм шиг сэтгэж амьдрахыг хэлнэ. Ингэж амьдарч сурахад дадлага, хичээл зүтгэл шаардлагатай ч, эцэст нь таныг аз жаргал руу хөтөлдөг. Үүний тулд та яг одоо тохиож буй хором мөч болон өдөр бүрээс сайн сайхныг мэдэрч сурах хэрэгтэй. Энэ бол зөвхөн танд тохиох амьдрал, одоо яг энэ хормоо бүрэн мэдэрч амьдар!

Өнөөдрөөр амьдарч сурахын тулд зөвхөн ажиглаад суух нь хангалтгүй, идэвхтэй оролцох нь чухал. Үүнд ухаалаг хандах хэрэгтэй.

  1. Эргэн тойрноо анхааралтай тогтож ажигла. Эргэн тойронд болж байгаа үйл явдал, өөрийнхөө хийж байгаа бүх зүйлээс үзэсгэлэнтэй, эерэг болгоныг олж харахыг хичээ. Ажил албандаа явах замдаа тааралдах сайхан барилга байгууламж, мандах нарны элч, хүмүүсийн нүүрний илэрхийлэл, тэдгээрийн үйлдэл зэрэг ердийн зүйлүүдээс сайхныг нь олж харвал таны өдрийг хөнгөлж чадна. Тэр өдөр тохиосон зүйл болгонд талархаж сур.
  2. Аливаа хийж байгаа үйлдэлдээ бүх сэтгэл санаа, анхаарлаа төвлөрүүлж хий. Та хаа нэг хүрэхээр алхаад явж байхдаа, эсвэл заншиж сурснаар гэр орноо цэвэрлэж байхдаа, тоглоод хөзөр хольж байхдаа бодол санаа чинь хаана байна? Өөр зүйл оюун ухаанд чинь эргэлдсээр байна уу? Тэгвэл эдгээр бодлуудаасаа ангижран зөвхөн яг одоо хийж байгаа (болоод өнгөрсөн, эсвэл ирээдүйд байж болох зүйлсийн талаар биш) зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлээд үз. Хүрэлцэх, харах, үнэрлэх, сонсох, амтлах зэрэг бүх мэдрэхүйгээрээ яг одоо үйлдэж байгаа зүйлдээ анхаарлаа хандуул. Яг одоо мэдэрч байгаа зүйлээ эцсийн удаа мэдэрч байгаа юм шиг төсөөл. Ингэснээр та оюун ухаанаа захирч одоо цагт амьдарч чадна. Өөрийнхөө сэтгэл санаагаа тогтворжуулж өнөөдөр гэдэг өдрийн онцгой амтыг мэдрэхийг хичээгээрэй.
  3. Өглөө сэрсэн даруйдаа инээмсэглэ. Өглөөг инээмсэглэлтэй угтсанаар та энэ өдрийн 24 цагийн өнгө аяс, чиг хандлагын тохиргоог зөв тааруулж чадна. Өглөө сэрэхдээ ёолж, босох ёстойдоо төвөгшөөж болохгүй. Нүүрний булчингийн идэвхжил таны сэтгэл санааны байдалд ихээр нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухаан тогтоожээ.
  4. Энэрэнгүй сэтгэл гаргаж өгөөмөр үйлдэл хийж бай Хүмүүнлэгийн санд мөнгө хандивлах, эргэн тойрондоо хаягдсан цаас хог түүх, ядарсан амьдралтай хүмүүст бага ч гэсэн зүйлээр туслах зэрэг амьдарч буй нийгэмдээ ямар нэгэн байдлаар сайн үйлс хийхийг үргэлж хичээ. Бусдад урам өгөх, сайшаах нь, урам өгвөл энгийн зүйл мэт боловч, танд өөрт чинь болон бусдад маш их хэмжээний баяр баясгаланг өгнө. Өнөөдрөөр амьдарч, өнөөдрийг үнэлж чаддаг байхад аливаа тохиолдох хүнд бэрхшээлийг тэсэн тэмцэх чадвартай байж чадна.
  5. Өнөөдрийн хоромыг мэдрэхэд саад болох үйлдлүүдийг багасгах хэрэгтэй. Таны оюун ухааныг өнөөдрөөс өөр зүгт чиглүүлдэг ямар үйлдлүүдийг та хийдэг вэ? Хэтэрхий удаан хугацаагаар зурагт үзэх, байнгын кино үзэж, тасралтгүй ном уншсанаар оюун ухааныг өнөөдрийн бодит байдлаас холдуулан өөр орон зайнд байнгын байлгах гэмтэй. Харин ургамал цэцэг тарих, өёдол, зураг бүтээх, хөгжим тоглох зэрэг бүтээлч үйлдэл нь таны оюун ухааныг хурц байлгаж чадна.
  6. Байгаа юмандаа таларх. Хэрвээ та өөртөө байхгүй зүйлийг эдлэхийг хүсэх, амьдралын байдлаа өөрчлөхийг хүсээд эхэлвэл юуны түрүүнд эхлээд яг одоо өөртөө байгаад таларх. Яг одоо талархаж байгаа зүйлсийн жагсаалтыг гарга. Энэ нь дараагийн зөв үйлдэл хийх замыг зааж өгнө. Та яг одоо амьд байна, амьсгалж байна. Та үүнд ч талархах хэрэгтэй. Ингэснээр та урд нь байсан, ирээдүйд бий болох зүйлсийн талаар бодолгүй, өнөөдөр яг одоо таны өмнө байгаа гайхамшигт бэлгийг олж харах болно. Та байгаа юмандаа талархаж сурвал, яг одоо аз жаргалтай амьдарч чадна.

Өнөөдрийн хормыг мэдрэх зөвлөгөө

  • Хүүхдүүдтэй тоглож, хүүхдийн бодлыг өөртөө шингээ. Хүүхдүүд ирээдүйн тухай санаа зовдоггүй. Тэд тоглож, наадаж, хором мөч бүрийг зугаатай өнгөрүүлдэг. Тэд холыг харах, өнгөрснийг санахдаа хараахан суралцаагүй байдаг тул тэднээс суралцах боломжийг ашиглаарай.
  • Уучилж, өршөөж байх. Маш олон хүмүүс сэтгэлдээ өнгөрсөн өш хонзон, гомдлыг хадгалсаар байдаг. Бид дахин шаналахаас айхдаа бусдад зүрх сэтгэлээ нээхээс эмээдэг. Харин уучилж чадвал сөрөг бодлоос ангижирч өнөөдрийн оюун ухааныг сэргэг байлгаж чадна.
  • Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх. Амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлж чадвал бодол чинь зөв урсгалд орон бүх болохгүй бүтэхгүй байсан асуудлууд чинь зөв байрлалаа олж шийдлээ олно. Хачин сонсогдож байгаа ч үнэн шүү. Та оролдоод үзээрэй, та гайхамшгийг мэдрэх болно. Амьсгалаа хянаж, анхаарлаа төвлөрүүлэхэд таны оюун ухаан одоо цагт төвлөрдөг.

Хөгжим сонсож, таашаал ав. Даган дуулж, бүжгээр өөрийгөө илэрхийл. Бусадтай нээлттэй харилцаж, бусдын төлөө юм хий. Таны хийсэн сайн үйлс бусдад хэрхэн нөлөөлөх талаар сайн бодоорой.

Гэхдээ зөвхөн өнөөдрөөрөө амьдарч ирээдүйн талаар төлөвлөхгүй, хариуцлагагүй, тоомжиргүй байна гэсэн үг биш. Харин өнгөрсөн болон ирээдүйн талаар бодолгүй, өнөөдөр өөрөөс хамаарах бүх үйлдэлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж хариуцлагатай гүйцэтгэснээр ирээдүйд баталгаатай байх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Бодит түүх

Миний эхнэр амттанд дуртай.  Миний эхнэр амттанг хэрхэн мэдэрч иддэгийг ажиглан би гайхан биширдэг. Үнэнийг хэлэхэд тэр миний мэдэх бүх хүмүүсээс өнөөдөртөө хамгийн сайн амьдарч чаддаг гайхалтай хүн. Тэр яг одоо болж буй зүйлд үнэн сэтгэлээсээ хандаж, аз жаргалыг мэдэрдэг. Тэр амттан идэхдээ нүдээ аньж, бялууны жижиг хэрчмийг аажмаар амандаа хийн, түүний амт, хольц, үнэрийг чин сэтгэлээсээ мэдэрч амтархан иддэг нь гайхалтай. Амттанг хэрхэн идэхийг би түүнээс сурсан. Түүний яг одоо хийж буй зүйлдээ төвлөрч, түүнээсээ аз жаргалын амтыг мэдрэхийг нь хараад надад урам зориг төрдөг. Тиймээс та ч бас хооллож байхдаа элдвийн өөр зүйл бодолгүй, юм уншиж, хүнтэй ярилгүй, зөвхөн хоолоо амтархан идээрэй.

 

 

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »