Эрчүүдийн давсагны хямрал, шээс задгайрлын асуудал

Залуу ч бай настай ч бай олон эрэгтэйчүүдэд бие засч дуусаад давсаг хоосорсны дараа шээс дуслах, дутуу шээсэн мэт өөрчөлтүүд анзаарагддаг. Бие засаад, цэвэрлэж сэгсэрсэн ч шээсний дуслын толбо харагдаж эвгүй байдалд орох тохиолдол тулгардаг байна. Түрүү булчирхай томорсон эрчүүдэд энэ асуудал илүү элбэг тохиолдоно.Энэ эмгэгийн анагаахын нэршил нь post-micturition dribbling – буюу шээсний дараах дусагнал. Шээж гүйцсэний дараах шээс дусагнах нь давсагнаас гарах шээсний сувагны эргэн тойрны хүзүүвч булчин суларч, гүйцэд агшихгүй бэлэг эрхтний угт шээс үлдэж, хэсэг хугацааны дараа уг шингэн урсан гардаг ажээ. Эмэгтэйчүүдэд уг үлдэгдэл шээс үтрээнд саатаж байгаад босоод явахад нь урсан гардаг байна. Иймээс эмэгтэйчүүд шээсний дараа үтрээний амсрыг сайтар арчиж байх хэрэгтэй.

Нас ахихын хирээр эрчүүдийн шээс ялгарал өөрчлөгдөж байдаг. Гэхдээ шээс дусагнал, ойрхон шээх, шээх гэж яаруулан шамдуулдаг  зовиурууд насжилтын явцад заавал тулгарах ёсгүй. Давсагны  асуудлыг зохицуулж болно.

Эрчүүдийн давсагны хямралын  хэд хэдэн төрөл байж болно

  1. Шээс задгайрал. Ханиах, найтах, биеийн хүчний ажил хийх зэрэг ачааллын гаралтай шээс задгайрал.Шээс задгайрал дараах хэлбэрээр байж болно:
  • Ханиах, найтаах эсвэл юм өргөхөд давсаган дээр ачаалал өгснөөс
  • Гэнэтийн огцом бие засах хүсэл
  • Шээс байнга дусагнах. Энэхүү асуудалтай эрчүүд ойр ойрхон бага багаар шээдэг болсон байдаг. Давсагны хүзүүвч сулрах эсвэл буруу байрлалтай болсноор булчин хэвийн агшиж чадахаа больдог. Заримдаа насны өөрчлөлт болон мэс ажилбарын дараа булчингийн хэвийн ажиллагаа алдагдах нь бий.
  1. Давсаг хэт цочмог болох. Давсаг хоослох шаардлагагүй байхад агшиж, шээсийг шахан гаргадаг болох. Дараах шинж тэмдгүүдийн хоёроос дээш нь таарч байвал та хэт мэдрэг давсагтай болсон байх магадлалтай.
  2. Өдөрт наймаас олон удаа, эсвэл шөнө хоёроос олон удаа шээдэг болох
  3. Гэнэтийн хүчтэй бие засахаар шамдуулах
  4. Шээс шүүрч эхлээд улмаар давсаг суллах хүсэл төрүүлэх
  5. Шээсээ барьдаггүй болох ба давсаг цочрон агшдаг болох ихэвчлэн түрүү булчирхайн өөрчлөлт, эсвэл давсагны мэдрэлжүүлэлтийн үүдэлтэй байх боломжтой. Заримдаа давсагны хямралын шалтгааныг тодорхой оношлох боломжгүй байдаг.

Түрүү булчирхайн эмгэг

Түрүү бучирхай нь шээс болон үрийн шингэнийг гадагшлуулдаг сувгийг бүслэн байрласан, хушганы хэмжээтэй эр бэлгийн булчирхай юм. Түрүү булчирхай томорсноос шээсний сувгийг хавчин шээсний урсцыг саатуулах, давсгийг цочроож ойрхон шээлгэх, шээс дусагнах үр дагавартай байдаг. Түрүү булчирхай нас ахих хэмжээгээр аяндаа томрох хандлагатай байдаг. Хэт томрол болон хавдрын улмаас түрүү булчирхайг мэс заслаар тайран цацраг туяа эмчилгээ хийхэд давсаг хянах чадвар болон шээс задгайрал хүндэрдэг тул мэс засал хийлгэх шийдвэр гаргавал давсаг хянах чадварт нөлөөлдөг гэдэгт бэлтгэлтэй байгаарай.

Мэдрэлийн гаралтай давсагны эмгэг

Гэмтсэн мэдрэл давсагт буруу  дохио дамжуулах эсвэл бүр мэдээ дамжуулахаа больсон байж болно. Нугасны гэмтэл, чихрийн шижин эсвэл тархины цус харвалтын улмаас мэдрэлийн дохиоллын эмгэг үүсдэг.

Шээс  задгайрал үүсгэсэн шалтгаанаас хамаарч эмчилгээний арга барил өөр байна. Ийм учраас мэргэжлийн эмчийн хяналтанд онош тогтоолгож тохирсон эмчилгээ  хийлгэх хэрэгтэй юм.

Эмчилгээ

Шээс бүрэн задгайрах өвчний анхны шинж тэмдэг илэрсэн төдийд зарим эрчүүд сэтгэлээр унаж, шууд л хагалгаа хийлгэх гэдэг. Гэтэл орчин үед шээс задгайрлын үндсэн шалтгаан болж байгаа түрүү булчирхайн томролтыг эмчлэх мэс заслын бус олон арга байдаг. Ямар эмчилгээг нь сонгохыг мэргэжлийн эмч л шийднэ. Дур мэдэн өөрийгөө эмчлэх гэснээр өөртөө хор болно уу гэхээс тус болохгүй.

  • Биеийн дасгал. Давсагны үйл ажиллагааг сэргээхэд чиглэсэн тусгай дасгал болох Кегелийн дасгалыг тогтмол хийх.
  • Эмийн эмчилгээ. Шээсний сүвийн ханыг бэхжүүлэх, түрүү булчирхайг багасгах болон гөлгөр булчинг суллах зэрэгт зориулагдсан олон төрлийн эм, бэлдмэл байдаг.
  • Зүсэлт. Шээсний урсгалыг хэвийн болгохын тулд давсагны хүзүүнцэрт зүслэг хийх аргыг боловсруулж байгаа.
  • Хэт авиа. Үрэвссэн эсийг хэт авиагаар бутлан соруулж авдаг энэ аргыг мөн л нарийвчлан болосвруулж байгаа.
  • Бичил долгион. Үрэвссэн эсийг бичил авиагаар халаах замаар зайлуулах арга.
  • Судас нарийссан үед тусгай тэлэгч баллон хийдэгтэй адилаар шээсний сүвээр баллон оруулж тэлдэг. Үүний тулд катетерийн тусламжтайгаар шээсний сүвд жижиг баллон оруулдаг. Гэрлийн тусламжтайгаар баллоныг тэлэх шаардлагатай байгаа газар байрлуулаад даралттай усаар дүүргэхэд сүв тэлдэг. Түрүү булчирхай хурдацтай томорч байгаа үед энэ хагалгааг хийх хориотой.

Шээс боогдох хямрал

Тавиас дээш насны эрчүүдийн гуравны нэгд нь шээсний урсгал удаашрах, хүч гаргаж шээдэг болох өөрчлөлт ажиглагддаг. Шээс гадагшлалт саатах нь аажмаар нэмэгддэг тул эхэн үед нь эрэгтэйчүүд  тэр болгон ач холбогдол өгөхгүй явдаг.

Шээс гадагшлалт саатаж эхэлж буй эхний шинж тэмдгүүд:

  • Шээж эхэлтлээ удах, шээж эхэлж чадахгүй байх. Энэ тохиолдолд аарцагны булчин болон давсаг, шулуун гэдэс орчмын булчингуудыг сайн суллаж байж шээж эхлэх хэрэгтэй. Шээж эхлэх гэж уддаг өөрчлөлт нь насжилт болон түрүү булчирхайн томролтой холбоотой байдаг. Мөн олон нийтийн газар бие засч сураагүй, хэт ичимтгий хувийн өвөрмөц зан чанартай эрчүүдэд ихээр ажиглагддаг.
  • Шээс гадагшлуулах явцад шээс зогсох, дахин эхлэх
  • Шээсний урсгал удаан, сул, багаар гардгаас давсаг суллахад илүү удаан хугацаа шаардагдах. Зарим тохиолодолд зөвхөн дуслаар шээсээр байгад дуусгадаг удаашрал байдаг.
  • Шээж гүйцсэний дараа үлдэгдэл шээс дахин урсан гарах. Бие засч дуусаад хувцсаа янзалсны дараа шээсний сувагт үлдсэн шээс гарч өмдөн дээр толбо үлдээгээд байдаг. Бариу өмдний цахилгаан товчлоход давсаг шээсний суваг дарагдсанаас өмд нороод байдаг ба үүнээс хамгаалахын тулд үлдэгдэл шээсийг давсагны сууриас шахаж, сааж гаргаж байх нь зүйтэй.
  • Давсаг бүрэн хоосроогүй мэдрэмж. Шээс бүрэн гүйцэд гарч чадахгүй байгаагийн шинж тэмдэг байдаг ч, ихэнх тохиолдолд зөвхөн мэдрэмж байдаг.

Шээс гадагшлалын хүндрэлүүд ихэвчлэн түрүү булчирхай томорсон дөчөөс дээш насны эрэгтэйчүүдэд ажиглагддаг. Түрүү булчирхай томролын улмаас үүсэх шээс гадагшлалтын хүндрэлийг түрүү булчирхайн эмийн болон мэс заслын эмчилгээгээр шийдэж болдог. Дараах  зурагны дагуу урсгалын түвшин 15-аас бага эрэгтэйчүүд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай.

Үлдэгдэл шээсийг хуруугаар “сааж” гаргах заавар

Бие зассаныхаа дараа давсгаа бүрэн хоосортол хэдэн секунд хүлээ. Гарынхаа 3 хурууны үзүүрийг  хуухнаганы доор байрлуулна. Хуухнаганы дээр эрхий хуруу байрлуулаад хурууны үзүүрүүдийн хооронд бага даралттайгаар урагш чиглүлэн нүүлгэнэ. Ингэхэд үлдэгдэл шээс гарна. Уг аргаар 2 удаа давтахад шээсний суваг бүрэн хоосорно.

Хэт ойрхон шээдэг хямрал

Өдөр болон шөнийн цагт хэтэрхий олон давтамжтай шээдэг хямрал нь дараах шалтгаанаар үүсч болно:

  • Их хэмжээний шингэн уусан эсвэл шингэн хөөдөг төрлийн зүйл хэрэглэх Шингэн их хэмжээгээр хэрэглэхэд гадагшлах шээсний хэмжээ мөн ихэсдэг. Түүнчлэн шингэн хөөдөг үйлчлэлтэй цай, кофе, согтууруулах ундаа оройн цагаар хэрэглэвэл ойрхон бие засахад хүргэнэ.
  • Даарах Хүйтэн улиралд давсаг илүү мэдрэмтгий болдог
  • Шээс хөөдөг эм хэрэглэх Даралт бууруулах, зүрхний архаг дутагдлын үед хэрэглэдэг фуросемидийн төрлийн эмнүүд хаван болон шээс хөөдөг үйлчлэлтэй тул шээх давтамжийг ихэсгэдэг. Эдгээр эмийг өглөө эрт уух хэрэгтэй бөгөөд биеийн илүүдэл шингэн биеээс гарч дуусах хугацаа хэрэгтэй байдаг байна.
  • Цочмог  давсаг Шээс хүрэх дохионд доголдол орсноос үүдсэн шээс задгайрал. Давсагны булчингийн агшилт, шээс гадагшлалтыг хүн удирдаж чадахаа байдаг. Тархинд цус харвах, Альцгеймерийн өвчин, удаан хугацаанд давсгандаа чулуутай байх, түрүү булчирхайн үрэвсэл, өндөр нас зэрэг шалтгааны улмаас давсаг цочромтгой болдог. Давсаг бага хэмжээний түвшинд дүүрмэгц шээс хүрэх нь мэдрэгдээд, давсагны булчин агшиж эхэлдэг бөгөөд хүн өөрөө энэ процессийг удирдаж чаддаггүй.

Давсагны хямралыг өөрөө хэрхэн зохицуулж болох вэ?

Өдөр тутмын амьдралын зуршлаа бага зэрэг өөрчлөхөд мэдэгдэхүйц өөрчлөлт харагдана. Уух шингэнээ өдрийн цагаар илүү хэрэглэх, бие засах газар тодорхой цагаар ордог болох зэрэг зохицуулах арга хэмжээ аваарай.  Шээс задгайрах шинж тэмдэг илэрч эхэлсэн тэр дор дараах арга хэмжээг аваарай:

  • Давсагны булчинг сэргээхэд чиглэсэн аарцгийн доод булчингууд чангалах Кегелийн дасгал тогтмол хийдэг болох
  • Шээсний сувагт үлдсэн шингэнийг гараар “сааж” гаргах. Үлдэгдэл шээсийг гараар шахаж гаргадаг аргыг сурч, шээх болгоны дараа хэрэглэж заншаарай.
  • Эмчтэйгээ өөрийн асуудлын талаар илэн далангүй зөвлөлдөөрэй. Эмч мэдрэлийн дохио зохицуулалтын, түрүү булчирхайн үрэвслийг дардаг, давсгыг тайвшруулдаг эмчилгээг бичиж өгдөг. Мэдрэлийн үүдэлтэй давсагны асуудлыг мэс заслын аргаар эмчилнэ.

Аарцгийн булчин чангалах дасгалын ач холбогдол

Аарцгийн булчингуудыг чангалах дасгал тогтмол хийдэг байхад эрэгтэйчүүдийн шээс задгайрлын хямралаас урдчилан сэргийлж болдог.  Аарцгийн булчингууд давсаг, шулуун гэдэс болон бага аарцгийн бусад эрхтнүүдийг түшиж өгдөг ба тэдгээрийг чангалж давсгаа удирдах боломж олгодог. Аарцгийн булчингуудыг чангалах дасгалуудыг өдөр тутам хийх хэрэгтэй бөгөөд дасгалын үр дүн нь хэдэн долоо хоногийн дараанаас харагдаж эхэлнэ. Дасгалаа байнга хийх хэрэгтэй бөгөөд, үр дүнг нь харах хүртлээ хэдэн 7 хоног ч өнгөрч болох юм. Хэрэв сайжрах шинж тэмдэг ажиглагдахгүй бол эмчийн зөвлөгөө тусламж аваарай.

Аарцгийн доод хэсгийн булчингуудын бүлэг нь умдаг яс болон ахар сүүлний хооронд бэхлэгдэн,  байрладаг байна. Бага аарцгийн хөндийн бүх эрхтнүүдийг түшиж тулж өгдөг суурь давхарга нь болж өгдөг юм.

  • Аарцгийн булчингуудын суурь нь давсаг болон хэвлийн эрхтнүүдийг тулгуур давхарга нь юм
  • Аарцгийн булчинг чангалах дасгал хийх явцад давсагны хүзүүвчийн булчин чангарах, шулуун гэдэсний амсрын булчин бүрэн гүйцэд хаагддаг байх, шээсний сувагт шээс үлддэггүй байх зэрэг ач холбогдолтой.
  • Аарцгийн давхаргын булчин чангарал сайн байх тусам бага аарцаг орчмын цусан хангамжийг идэвхжүүлэн бэлэг эрхтний хөвчрөлд чухал үүрэгтэй

 Аарцгийн булчингуудын сулралд нөлөөлөх хүчин зүйлүүд

  • Түрүү булчирхайн хагалгаа
  • Мэдрэлийн дохио дамжуулалтын эмгэг
  • Тархины цус харвалт
  • Паркинсоны өвчин
  • Шээс сувагт үлдэх
  • Чихрийн шижин
  • Өтгөн хатах, өтгөн хатсан үед ихээр дүлдэг байх
  • Хүнд юм байнга өргөдөг байх
  • Тогтмол ханиадаг (тамхи, бронхит эсвэл астманы ханиалга)
  • Таргалалт
  • Хөдөлгөөний идэвхгүй байх

Аарцгийн тулгуур булчингуудыг чангалах дасгалын зааварчилгаа

Эхний алхам бол булчингаа зөв олох. Гуя, өгзөг, гэдэсний булчин суллаад тайван суу. Шээс гадагшлалтаа зогсоох эсвэл шулуун гэдэснээс гарах хийгээ тогтоох гэж агшдаг булчингуудаа тодорхойлж аваад дасгалаа хийж байгаарай.

Эхлээд эдгээр дасгалуудыг сууж байхдаа хийж байгаад таны булчин чангарах тусам дасгалуудаа босоогоор хийдэг болох хэрэгтэй. Аливаа дасгал сургуулилт шиг чаддаг хэмжээнээс эхлэн яваандаа агшилтын дасгалыг нэмэх хэрэгтэй. Аарцгийн булчингийн дасгалуудыг өдрийн турш ямар ч үйлдэл хийж байхдаа хийдэг зуршилтай болох хэрэгтэйг анхаарна уу.

Аарцгийн булчингаа олж мэдэрсний дараа

  1. Шулуун гэдэсний амсар болон давсагны хэсгээ чангалж хэвлийн гүн рүү татаад агшсан хэвээр нь 1-10 сек барих хэрэгтэй. Амьсгалахаа мартаж болохгүй! Одоо суллаад амраа.
  2. 10-20 сек амраад дасгалыг давт, амрах нь чухал гэдгийг бүү март. Бололцоо байвал яваандаа булчингаа илүү удаан барьдаг болоорой. Нийтдээ 12 удаа удаанаар хүчтэй барихыг эрмэлзээрэй.
  3. Үүний дараа 5-10 удаа хурдан бөгөөд хүчтэй агшилтийг хий.

Дасгал хийх явцад:

  • Амьсгалаа бүү түгж
  • Дүлэх хэрэггүй зөвхөн чангалаад өргөх хэрэгэй
  • Гэдсээ чангалж болохгүй
  • Гуя болон өгзгөө бүү чангал.

Өдөрт 5-10 мин дасгалаа хийхэд зарцуулаарай. Чанартай хийх нь маш чухал. Цөөхөн чанартай чангалалт нь олон удаа хуурамчаар дасгал хийхээс илүү байдаг. Аарцгийн булчингаа ханиаж найтаахаас өмнө, сандлаас босохдоо, хүнд юм өргөхдөө булчингаа чангал. Яваандаа өдөрт 10 секундын удаан агшилтын тоог улам нэмэгдүүлж, хурдан хүчтэй агшилтын дасгалыг өдөрт олон удаа хийдэг болохыг зорилго болгоорой.

Эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөмж

  • Нас ахих тусам биеийн жингээ тохирох эрүүл хэмжээнд барих
  • Архаг ханиалгыг эмчлэх
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах хоол болон хөдөлгөөний дэглэм барих
  • Аарцгийн суурийн булчингуудыг чангалах дасгалын үр дүн  3-6 сарын дараа мэдэгдэж эхэлнэ.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »