Эрэгтэй үргүйдлийн нийтлэг шалтгаан

Үр тогтоох чадвар насжилтаас хамаардаг уу? Гэр бүл болсон хосууд жирэмслэлтээс хамгаалах аливаа арга хэрэглэлгүй нэг бүтэн жил тогтмол бэлгийн харьцаатай байсан ч жирэмслэх бололцоогүй байсны дараа л үргүйдлийн шалтгааныг мэргэжлийн эмчээс тодруулах зөвлөгөө авч эхлэх цаг болсон гэж үздэг.

Анхны жирэмслэлт боломжгүй байхыг “анхдагч үргүйдэл”, давтан жирэмслүүлэх чадваргүй байхыг “ хоёрдогч” үргүйдэл гэж тодорхойлно. Орчин цагийн амьдралын хэв маяг болон өвчлөл, эрүүл мэндийн байдлын хувьслаас анхдагч үргүйдэл элбэгшиж 7 хос бүрийн 1 нь үргүйдлийн асуудалтай тулж байна. Тэр дундаа үргүйдлийн шалтгааны 40 хувь нь эрэгтэй хүний үр тогтоох чадварын алдагдал байдаг. Үүнээс 15 хувь нь зөвхөн эрэгтэй биеийн, 25 хувь эрэгтэй болон эмэгтэйн хамтарсан шалтгаанаас жирэмслэх боломжгүй болсон байдаг. Эрэгтэй хүний үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:

  • Эр бэлгийн үрийн суваг боогдох
  • Төмсөгний бэртэл болон өвчин эмгэг
  • Үрийн сувгийн венийн судас бүдүүрэн зангирах
  • Эр бэлгийн эсийн бүтцийн өөрчлөлт
  • Генийн эмгэг
  • Хөвчрөл болон үрийн шингэн ялгаруулахад хүндрэл гарах
  • Дааврын түвшингийн өөрчлөлт
  • Үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх амьдралын буруу хэвшил, өвчлөл эрүүл мэндийн байдал
  • Үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлөх эм, эмчилгээ
  • Цаг агаарын бохирдол болон цацраг идэвхт орчны нөлөө

Дааврын асуудал

Эр бэлгийн даавар тестостероны дутагдал нь үр тогтоох чадварыг бууруулах магадлалтай. Тестостероны түвшин нь төмсөгний тестостерон дааврын нийлэгжил хомсдох эсвэл  уг нийлэгжлийг зохицуулдаг өнчин тархины хэвийн бус үйл ажиллагаатай холбоотой байж болдог. Учир нь Өнчин тархинаас ялгардаг пролактин дааврын хэт их ялгарал нь  (hyperprolactinaemia) мөн тестостерон  дааврын нийлэгжлийг дарангуйлдаг уршигтай байдаг тул эрэгтэйчүүдийн үргүйдлийн шалтгааныг тодорхойлох шинжилгээнд тархины талын шинжилгээ хийж байх нь зүйтэй.

Үргүйдэлд хүргэж болзошгүй өвчлөл болон нөхцлүүд

Үр тогтоох чадварыг бууруулж болох хэд хэдэн асуудлууд бий:

  • Халуурах: Томуу, хатгаа эсвэл ханиадны хүнд хэлбэр нь хүнийг өндөр халууруулдаг бөгөөд энэ нь эр бэлгийн эсийн нийлэгжлийн тоо болон чанарт нөлөөлдөг. Эдгээр өөрчлөлтүүд нь ихэвчлэн түр хугацааных байдаг бөгөөд хэдэн долоо хоногийн дараа хэвийн байдалд шилжинэ.
  • Чихрийн шижин: Урт хугацаагаар, хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчлөлийн нөлөөнд төв мэдрэлийн тогтолцоон дахь бодисын солилцоог аяндаа бие дааж зохицуулдаг үйл ажиллагаа саатан, бэлэг эрхтний хөвчрөх болон үрийн шингэнийг ялгаруулах чадвар багасч эхэлдэг.
  • Цусны даралт ихсэх үед судас нарийсал нь бэлэг эрхтний хөвчрөлийн эрчимд нөлөөлдөг. Даралт бууруулах эмчилгээний эмний нөлөөгөөр эр бэлгийн эс болон үрийн шингэний хэмжээ багасах хандлагатай байдаг.
  • Зүрх судасны өвчин. Артерийн судас хатуурснаас зүрхний булчингийн цусан хангамж дутагдалд орохын адил эр бэлэг эрхтэний цусан хангамжинд нөлөөлж бэлгийн хөвчрөл болон бэлгийн харьцааг боломжгүй болгодог.
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд. Склероз буюу судасны хатуурал өвчин, цус харвалт, нугасны бэртэл зэрэг өвчин нь бүгд хөвчрөл болон үрийн шингэн ялгаралтанд нөлөөлнө.
  • Бөөрний эмгэг. Бөөрний архаг үрэвсэл болон дутагдлын улмаас цус бүрэн гүйцэд шүүгдэж цэвэрлэгдэлгүй хордлогын шингэн бие махбодид илүүдэл хэмжээгээр хуримтлагдан, эр бэлгийн эсийн чанар болон үр тогтоох чадварт нөлөөлдөг.
  • Хорт хавдар нь үр боловсруулах эрхтэн болон үрийн сувгийн бүтэц болон эр бэлгийн дааврын нийлэгжилд хүндээр нөлөөлж, үр тогтоох чадварыг шууд бууруулах магадлалтай. Хорт хавдрын эм болон цацраг идэвхт эмчилгээ нь эр бэлгийн эсийн ялгаруулалтыг их хэмжээгээр бууруулах болон бүр зогсоох аюултай.
  • Архи болон тамхи хэтрүүлэн хэрэглэх. Архи тамхины хортой нөлөө нь эр бэлгийн чанартай бүтцийн үр тогтоох чадварт сөргөөр нөлөөлдөг.
  • Стресс. Стресс нь хүний биеийн бүх дааврын солилцоо болон түвшинд маш өндөр сөрөг нөлөө үзүүлнэ. Өдөр тутмын стресс үүсэх олон шалтгаан байдгийн хамт үргүйдэлтэй байгаа зовнил гэр бүлийн хосуудад далд хэлбэрийн хүнд дарамт учруулдгаас эргээд тэдний үр тогтоох чадварыг бууруулдаг тул стрессийг удирдаж, мэдээлэл авах болон эмчилгээний арга дээр илүү анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.

Нас нэмэх хирээр эрэгтэй хүний үр тогтоох чадвар буурдаг

Эрэгтэйчүүд нас нэмсэн ч үр тогтоох чадвар нь хэвээрээ үлддэг гэсэн ойлголт байдаг. Гэвч анагаахын судалгаагаар нас ахих тусам эрэгтэй хүний үр тогтоох чадвар ямар нэг хэмжээгээр буурдгийг олж тогтоосон.  25 болон түүнээс доош насны эмэгтэй 45 наснаас ахимаг нөхөртэй бол жирэмслэх хугацаа нь 4 дахин удаан байдаг. Эрэгтэйчүүдийн тестостерон дааврын ялгаруулалт бэлгийн бойжилтын нас хүртэл аажим нэмэгдсээр 25 наснаас хойш аажим буурдаг ч эмэгтэйчүүдийн дааврын уналт шиг огцом бөгөөд их хэмжээгээр унадаггүй. Гэхдээ эр бэлгийн эс ялгаруулалт аажим багасдаг ч  бүх насаараа үр тогтоох чадвартай байдаг байна. Анхаарах зүйл гэвэл гэр бүлийн хосуудын хоёулангийнх нь нас нэмэх тусам бэлгийн эсийн генийн хувирал нэмэгдэж, үр хөврөлд нь төрөлхийн гажиг үүсэх эрсдэл нэмэгддэг.

Эрэгтэй хүн амьдралынхаа туршид эр бэлгийн эс ялгаруулах чадвартай байдаг ч эр бэлгийн эсийн тоо, бүтцийн чанар нь өөрчлөгдөж, хөдөлгөөний идэвхжил нь багасдаг байна. 30-50 насны эр хүний эр бэлгийн эс ялгаруулах хэмжээ 30 хувиар багасч, хөдөлгөөний идэвхжил нь 37 хувиар удаашран, бүтцийн гэмтэлтэй байх боломж нь 5 дахин ихэсдэг. Эрэмдэг эр бэлгийн эсийн тоо нэмэгдэх тусам генийн гажиг үүсэх магадлал тэр хэмжээгээрээ нэмэгдэх болно.

Үр хөврөлийн генийн удамшлын эмгэг нь эцгийн насжилттай илүү холбоотой байдаг.

Төрөлхийн Даун синдром, одойжилт, шизофрени буюу сэтгэцийн гаралтай өвчин нь эцгийн настай холбоотой болохыг судалгаагаар харуулаад байна. Эцэг эхийн хоёулангийнх нас хамтдаа 35 хүрч эхэлбэл эрсдэл нэмэгдэж эхэлдэг. Орчин цагийн  хүмүүсийн амьдралын хандлага өөрчлөгдөн, гэрлэлтийг хойшлуулах, оройтож эцэх, эх болцгоодог болсон нь сэтгэл түгшээсэн асуудал болж байгаа билээ. Хоёулаа 35-39 насны хосуудын Даун синдромтой хүүхэд төрүүлэх магадлал 2 дахин ихэсдэг. Харин 35–аас доош насны эмэгтэйчүүдийн хувьд өндгөн эс нь нөхрийнхөө гэмтэлтэй генийн мэдээллийг засварлах дотоод механизмтай байдаг учир эцгийн нас нэг их асуудал болдоггүй байна. Эмэгтэйн 35-аас дээш насанд энэ механизмийн бүтээмж нь буурдаг байна.

Эрэгтэй хүний үр тогтоох чадварт илүүдэл жин нөлөөлдөг үү ?

Тиймээ, хачирхалтай нь эрэгтэй хүний бэлхүүсний хэмжээ нь эр бэлгийн тестостерон дааврын түвшинтэй шууд хамааралтай. Өөхөн эс нь тестостероныг задалж, эм бэлгийн эстроген даавар болгож хувиргадаг ба хэвлийн эрхтнүүдийг тойрсон өөхөн эд бусад төрлийн өөхөн эдээс илүүтэйгээр хурдан эстроген болгож задалдаг учраас тестостерон дааврын хэмжээ хэвлийн таргалалттай хүмүүст шаардагдах хэмжээнээс багассан байдаг. Энэ үед давамгайлсан хэмжээний эстроген нь тестостероны нөлөөг хүчингүй болгодог. Тиймээс эрэгтэй хүний бэлхүүсний хэмжээ их байх тусам, тестостероны хэмжээ бага байна гэсэн үг юм.

Илүүдэл жинтэй болон хөдөлгөөн багатай эрэгтэйчүүд мөн эрүүл мэндийн асуудалтай болсон байдаг. Жишээлбэл, хэвлийн эргэн тойрон нь 100 см-ээс дээш эрэгтэй хүн зүрхний өвчин болон чихрийн шижингийн өндөр эрсдэлтэй болж, зүрх судасны үйл ажиллагаа болон цусан хангамжийн дутагдлаас биеийн ерөнхий эрүүл мэндэд нөлөөлөхийн хамт бэлгийн сулралд хүргэх үр дагавартай байдаг.

Эдгээрээс урьдчилан сэргийлэх алхам бол эрүүл, хэвийн жинтэй байх явдал юм. Хэтэрхий туранхай эрэгтэйчүүдийн бие махбодь энерги нөөцлөх горимд орж, амин чухал эрхтэнүүдэд тэжээл илүүтэйгээр хүргэх зорилгоор бэлгийн даавар нийлэгжлийн тэжээлийг саатуулдаг тул  тестостерон дааврын түвшин бага байдаг.

Үр тогтоох чадвараа сайжруулах, нөхөн сэргээхийн тулд эрэгтэй хүн ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Эрэгтэй үргүйдлийг эмчлэх, үр тогтоолтыг нөхөн сэргээх бололцоо маш өндөр байдаг. Илүүдэл жин хасах, үрэвсэл, халдварыг бүрэн гүйцэд эмчлээд, архи тамхинаас гарах нь үр тогтоох чадварыг эрс сайжруулах үр дүнтэй байдаг. Үр тогтоож чадахгүй байгаа хосуудын 40 хувь нь эрэгтэйн улмаас, 40 хувь нь эмэгтэйгээс, үлдсэн 20 хувь нь хоёулангаас нь хамаарах хүчин зүйл эсвэл тодорхойгүй шалтгаантай байдаг. Эмэгтэй хүнийг бодвол эрэгтэй хүний үргүйдлийг оношлох, эмчлэхэд илүү тодорхой байдаг учраас аливаа гэр бүлийн хосуудын үргүйдлийн оношилгоог эрэгтэйгээс нь эхлэх нь оновчтой байдаг.

Эрэгтэйчүүдийн үргүйдлийн хамгийн нийтлэг шалтгаануудын нэг нь түрүү булчирхайн үрэвсэл томрол, нөхөн үржихүйн замын халдвар байдаг. Ихэнх тохиолдолд эрэгтэйчүүд бага хэмжээний шинж тэмдэггүй үрэвсэлтэй байгааг мэдэлгүй удаан хугацаагаар явснаас бэлгийн замын эд эсэд үрэвслийн гэмтэл байгааг мэдэлгүй явдаг. Үргүйдэлд хүргэдэг бусад шалтгаануудад үрийн шингэн ялгаруулах суваг түгжирсэн, төмсөгний уутны венийн судас бүдүүрсэн байж болно. Энэ бүх байдлуудыг мэргэжлийн эмчийн хяналатанд зөв эмчлэхэд үр тогтоох чадварыг буцаан сэргээх бололцоотой.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *