Өөрийнхөөрөө байхын давуу тал

Өөрөө өөрийнхөөрөө байж чаддаг бол бидний амьдрал илүү хялбар, аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадна гэдгийг бид бүгд ойлгодог. Бид яагаад өөрийнхөө үнэн төрхийг далдалсан багаа хуулж хаяж чаддаггүй вэ?Та яагаад бага залуу наснаасаа таньдаг байсан хирнээ санаа нийлэхээ больсон найзтайгаа  уулзаж, төрөлхийн бүрэг, ичимхий хэрнээ ажил дээрээ нөхөрсөг мэт дүр эсгэж, гэр орныхоо амар тайван байдлыг хадгалахын тулд сэтгэл шархлуулсан мэдрэмжээ үргэлж нуудаг вэ? Өөрийгөө бусдад таалагдахгүй байхаас эмээж, эргэн тойрон байгаа хүмүүст нийцэх гэж жинхэнэ нүүр царай, бодол саналаа нууж, хуурамч баг нүүрэндээ зүүхэд амаргүй бөгөөд өөртөө дарамттай байдаг. Харамсалтай нь маш олон хүмүүс өөрийнхөө жинхэнэ мөн чанартай нийцэхгүй дүрд хувирдаг. Хуурамч дүр эсгэх нь биднийг зөвхөн туйлдуулаад зогсохгүй, өөртөө итгэх итгэл, дотно харьцаа, нөхөрлөл, амьдралаасаа авах мэдрэмжийг сүйтгэж байдаг. Заримдаа яах ч аргагүй эрс тэс бодол, зорилго болон хандлагатай хүмүүсийн ая, нөхцөл байдалд тохируулах шаардлага гардаг. Цаг үргэлж, бүх хүмүүстэй өөрийнхөөрөө зүтгэж, шулуун хэлэх нь тохиромжгүй байдаг. Гэхдээ боломжтой үед аль болох өөрийнхөөрөө байхыг хичээгээрэй.

Судлаачдын үзэж байгаагаар, өөрийнхөө үнэн төрхийг хадгалж чадсан хүн зорилгодоо хүрэх хатуу эрмэлзлэлтэй, өөрийгөө хүндлэх илүү мэдрэмжтэй байж чаддаг. Үнэн төрх хайрын дотно харьцаанд хамгийн чухал – зөвхөн янагийн харилцаа илэн далангүй, үнэнч шударга байдлыг үүсгэдэггүй. Өөрийнхөөрөө өвөрмөц байж чаддаг хүмүүс олны дунд нэр хүндтэй байдаг нь тохиолдлын хэрэг биш юм. Хэрвээ та өөрийнхөөрөө болон илэн далангүй байж чадвал бусад хүмүүс ч таны өмнө чөлөөтэй байж, танд итгэх болно. Энэ нь таны хувийн бөгөөд ажлын  харилцаа, итгэлийг илүү бат бөх болгож, өөрийнхөө жинхэнэ үнэ цэнийг ойлгож, өөртөө итгэх итгэл болон хүндлэлийг илүү хүчтэй болдог.

Хэн нэгний дүрд хувирах гэж хичээх нь оюуны асар их эрчим хүч шаарддаг тул өөрийнхөөрөө байх нь стрессийг багасгаж, амьдралын зорилгоо биелүүлэхэд таныг илүү идэвхжүүлнэ. Хэдий чинээ өөрийнхөөрөө байна, төдий чинээ өөрийнхөө мэдрэмжтэй зохицно. Ингэснээр стресс, сэтгэл зовнилыг бууруулж, сайн сайхан амьдралын мэдрэмжийг танд мэдрүүлнэ. Та өөртөө үнэнч байж чадвал гэр бүл, ажил, харилцаанаас юу хүсч байгаагаа ойлгож, таны амьдрал илүү утга учиртай болно.

Өөрийнхөөрөө байх нь яагаад хэцүү байдаг вэ?

Хэдийгээр үнэн төрхөө хадгалах нь хялбар биш ч маш олон давуу талтай. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй байх нь заримдаа хүүхэд насны хүмүүжил, итгэл үнэмшилтэй холбоотой байдаг. Бидний ихэнх нь эцэг эхийн захиснаар “хүмүүжилтэй хүүхэд бусадтай маргадаггүй” (энэ хүмүүжил том болсон ч хүнд бодол саналаа хэлдэггүй болгодог), “үргэлж бусадтай нийцтэй байх” (найздаа хэзээ ч “үгүй” гэж хэлж чадахгүй), “найдвартай ажил, суурьшилтай болох хэрэгтэй” (эрсдэлтэй боловч нууц авьяасаа дарагдуулан хүслээ дагахгүй байх) зэрэг бичигдээгүй хуулиар амьдарч хэвшсэн байдаг. Эдгээр сургаалууд танд гүн шингэсэн гэдгийг ухамсарлахгүй, таныг өөртөө үнэнч байхаас айлгадаг шалтгаан байж болно. Та өөрийнхөөрөө байж, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг бусдад харуулбал хүмүүс таныг үл тоомсорлоно гэхээс эмээдэг ч байж болно.

Өөрийнхөөрөө байж сурахын өмнө өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг сайтар ойлгох хэрэгтэй гэж бид боддог. Гэтэл бодит амьдрал дээр жинхэнэ мөн чанар гэж байдаггүй тул үүнийг тодорхойлох нь туйлын хэцүү юм. Бид өөр өөрийн гэсэн онцгой шинж чанартай хувь хүмүүс тул өдөр бүр цорын ганц өөрөө байх нь чухал.

ӨӨРИЙГӨӨ ОЛОХ 3 АЛХАМ

  1. Өөрийнхөө чадал, давуу тал, үнэ цэнийг тодорхойл. Өөрөөсөө “Би хэн бэ?” гэсэн хэцүү асуулт асуухын оронд тайвшраад “Би хэн байхыг хүсч байна вэ?” гэж асуу. Өөрийнхөө чадавх, давуу талуудыг тодорхойлж, тэр дундаас хамгийн чухал нандин чанараа ялгаж ол. Жишээлбэл ажилсаг, найрсаг зантай, өөртөө итгэлтэй, төгс төгөлдөр гэх зэргээр бичиж болно. Өөрийнхөө үнэ цэнийг мэддэг байх нь таныг өсч хөгжихөд тусална. Хэрвээ та өөрийнхөө чадал, давамгай талыг олж мэдэрч чадахгүй бол бусад хүмүүсийн ямар зан төлвийг (худал хуурмаг, гаж зуршил гэх мэт ) та сайшаадаггүй гэдгээ бодож үз. Харин дараа нь тэдгээрийн танд таалагддаг зан чанарыг бас бодож үз. Та өөрөө юуг таалж, юунд дургүй байх нь таны өөрийн юуг эрхэмлэдгээс ихээхэн шалтгаална. Өөрийнхөөрөө байх үед бусдад шүүмжлэгдэж, буруушаагдах эрсдэлтэй байсан ч, та өөрийнхөө үнэн төрхийн давуу талыг хадгалж чадна.
  2. Өөрийгөө хүлээн зөвшөөрөх. Таны сул тал, алдаа ч гэсэн ялгаагүй таны өөрийн өвөрмөц салшгүй нэг хэсэг тул тэднийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхөө сул тал, юунд эмзэглэдгийг ойлгож, шалтгааныг өөртөө тайлбарлахыг хичээгээрэй. Таны өвөрмөц байдал болон зан араншин бусдын сэтгэл, сонирхлыг ч татаж болно гэдгийг бүү март. Жишээлбэл, таны ичимхий зан таныг хойш нь татдаг гэж боддог ч, бусад хүмүүст сэтгэл татам, өхөөрдөм санагдаж болно. Өөрөө өөртөө уучлангуй хандаж, бусдын өмнө тэвчээргүй, ууртай харагдахаас бүү айгаарай. Хүн бүрт ийм мэдрэмж төрдөг бөгөөд хэн ч таныг түр зуурын сөрөг сэтгэл хөдлөлөөс чинь болж шүүхгүй гэдгийг санах хэрэгтэй.
  3. Хүч чадлаа мэдрэх. Магадгүй та урлагийн мэдрэмжтэй, зохион байгуулалттай, хөгжилтэй, эсвэл тайван, өгөөмөр, сэтгэлгээ сайтай байж чаддаг. Танд ур чадвар, хүч чадлаа үзүүлэх боломж олгодог зөв хүмүүстэй нийлвэл та хамгийн илүү өөрийнхөөрөө байж чадна.

Өөрийнхөөрөө амьдрахуй

Нэгэнт та өөрийнхөө үнэт зүйл, давуу тал, эмзэг чанарыг тодорхойлсон бол танд “жинхэнэ би” загвар бий болно. Эрсдэлтэй ч гэсэн бага багаар итгэж болох хүмүүстээ өөрийгээ нээж өг – ажлын ачаалалтай урт өдрийн дараа ядарч, ааш муутай байгаагаа илэн далангүй хэлж үз, хийх гэсэн ажил, ярилцлаганаас болж сандарч байгаагаа хүлээн зөвшөөр, очихыг хүсэхгүй байгаа үдэшлэгт явах сонирхолгүй бол цуцлах гэх мэт. Эдгээр бүх илэрхийллийн дараа найз нөхөд, хамт олон чинь таныг хүлээн зөвшөөрсөн хэвээр байвал, та өөрийнхөөрөө байх илүү итгэлтэй байж чадна.

Алдаа гаргаж болзошгүйг анхаараарай. Танд илэн далангүй, шударга хариулт өгч чадах найз нөхөд, гэр бүлийн гишүүн, хамт ажилладаг хүмүүсээс өөрийнхээ сул талын талаар тогтмол асуу. Үргэлж өөрийнхөөрөө байж чадахгүй байсан ч, өөрийгөө бүү шах. Өөрийнхөөрөө байж чадахгүй, сандарч тэвдэх, уурлаж байгаагаа мэдэрсэн тэр дор ямар ч үйлдэл хийсэн тэрийгээ тэр дор зогсоож чаддаг байх хэрэгтэй. Зогсож завсарласны дараа дахин өөрийгөө үнэлэх, нээх оролдлогоо эхэлж болно.

Өдөр бүр тэр өдрийнхээ хамгийн сайхныг мэдэрч эзэмшиж ав. Үнэн төрхөөрөө байж чадах тусам танд амьдрал үнэн төрхөөрөө нээгдэнэ.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *