Ясны сийрэгжилтийн талаарх түгээмэл асуултанд хариулъя

Ясны сийрэгжилт нь насжилтын үр дагавраас илүү зохисгүй амьдралын хэв маяг, хоолны хатуу дэглэмийн улмаас эрт залуу насанд илэрдэг болох хандлага ажиглагдаж байна.

Ясны эдийн онцлог

Яс нь коллагены уураг, кальци, фосфор зэрэг эрдсүүдээс бүрддэг. Ясны эд нь остеокласт болон остеобласт хэмээн ясны эсүүдийн нөхөн төлжих болон задрах процессийн үр дүнд нягтран өсдөг амьд эрхтэн болно. Ихэнх яс, ялангуяа нурууны нугалам, хавирга, аарцагны яс зэрэг нь цусны шинэ эс төлждөг ясны чөмөгтэй байдаг.

Яс яагаад хугардаг вэ?

Хүний биеийн яс тэр болгон хугараад байхааргүй хатуу боловч уян эрхтэн юм. Залуу насанд ясны бэртэл ихэвчлэн спорт тоглоомын гэмтэл, өндрөөс унах, авто замын осол гэмтэл зэргээс өөр шалтгаанаар бэртэл авах нөхцөл байдаггүй. Ясны эд сийрэгжих  нь насжилтын нэгэн үр дагавар байдаг. Харин зарим өвчлөлийн улмаас ясны биологийн солилцоо саатан, эрт залуу насанд яс нимгэрэн сийрэгжиж, маш жижиг шалтгаанаар гэмтэж хугарах тохиолдол элбэг болж эхэлдэг.

Яс хугарахад яадаг вэ?

Ясны эд болон хавь орчмын эд нь их хэмжээний цусан хангамжтай байдаг тул яс гэмтэх үед судасны гэмтлийн улмаас их хэмжээний цус эргэн тойрны эдэд нэвчин хаван үүсгэдэг. Ясны эдийн бүрхүүлийн мэдрэлийн төгсгөлүүд нь гэмтсэнээс яс хугарахад маш их өвдөлтийн мэдрэмж төрүүлдэг.

Ясны хугарлын эдгэрэл хэрхэн явагддаг вэ?

Ясны хугарлаас үүссэн цусны нэвчилт нь ясны нөхөн төлжилтийн шинэ буглаа үүсэх процессыг өдөөж, хугарлыг тойрч их хэмжээний яс төлжилтийн шинэ эд бий болно. Төлжилтийн шинэ ясны эд нь яваандаа жигдрэн ясны эх биед шингэн хэлбэржиж, хатуулаг бөх ясны эд болж хувирна. Ясны хугарал ойролцоогоор 6 долоо хоногийн дотор эдгэрдэг ба эдгэрэлтийн явц болон хугацаанд гэмтлийн хэмжээ, тухайн хүний нас болон ерөнхий биеийн байдал ихээр нөлөөлнө.

Яс нь хүний амьдралын бүхий л явцад хуучин эдээ тогтмол шинээр нөхөн төлжиж байдаг амьд эд эрхтэн юм. Хүний араг яс амьдралынхаа явцад 7 удаа нөхөн солигддог байна. Ясны эдийн задрах үйл явц нь нөхөн сэргэх явцаас илүү давамгайлж эхлэхэд яс сийрэгжих буюу “алдагдаж” эхэлдэг байна.

Бидний яс 20 гаруй насанд хамгийн нягт байдаг ба 30 гаруй насанд нөхөн төлжих болон задрах үйл явц тэнцвэртэй байдалд байх бөгөөд үүнээс цааш задрах үйл явц нь бага багаар давамгайлж яс удаанаар сийрэгжиж эхэлдэг. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч, шинэ эрдсээр солигдож тодорхой тэнцвэртэй явагддаг бол цэвэршилтийн нас дөхөх үед  ясны эрдэс бодисын сөнөрөл нь яваандаа давамгайлж эхэлнэ. Иймээс 30 насандаа ясны нягтрал их байх тусам насжилтын явцад яс сийрэгжих нь арай удаашралтай явагдаж, хугарч гэмтэх эрсдэл бага байх болно.

Яс сийрэгжинэ гэдэг нь ясны эдийн нягтрал илүү “нүхэрхэг” сийрэг, хөндий болохыг хэлнэ. Ясны эд нимгэрэх энэ явц “нам гүм” хирнээ маш хурдтай явагдаж байдаг. Эмэгтэйчүүдийн цэвэршилт эхлэхэд ясны сийрэгжлийн хурд илүү хурдтай болж эхэлнэ. Эстроген даавар нь ясны эдийг задарч “угаагдан” гарахаас хамгаалж, бат бөх байлгахад тусалдаг боловч цэвэршилтийн улмаас эстрогены хэмжээ буурч хамгаалах чадвар нь алдагддаг байна. Дунд насанд эрэгтэйчүүдийн бэлгийн даавар болох тестостероны хэмжээ багассанаас мөн адил яс сийрэгждэг ч, эмэгтэйчүүдийн бэлгийн даавруудыг бодвол эр бэлгийн даавар харьцангүй багаар болон аажмаар буурдаг тул эрэгтэйчүүдийн яс илүү бөх байж чаддаг.

Цэвэршилт эхэлсэн эмэгтэйчүүд цэвэршсэнээс хойш 5-7 жилийн дотор нийт ясны эдийн жингийнхээ 20 орчим хувийг алдах тохиолдол байдаг. Гэвч яс сийрэгжих явцад зөвхөн насжилт болон бэлгийн дааврын алдагдал гол буруутан байдаггүй. Эрт залуу наснаасаа хөтөлсөн амьдралын хэв маяг маш их нөлөө үзүүлдгийг хүн бүр ухамсарлах хэрэгтэй. Хамгийн их санаа зовнил үүсгэж байгаа явдал бол одоогийн залуу эмэгтэйчүүд болон охидын эрүүл мэнддээ хандах хандлага, архи тамхины хэрэглээ, “савх” шиг туранхай байх сонирхлоор хоол тэжээлээр өөрсдийгөө хомсдуулж 25 нас хүрэхэд ясны байвал зохих нягтралд гүйцэд хүргэж чаддаггүй байдал юм. Залуу ч бай, хожуу насны ч бай, хэт турах хүслээр хоолоо хатуу хорьж тэжээлийн дутагдалд өөрсдийгөө оруулснаар эмэгтэйчүүд биеийнхээ гүнд цагаа хүлээж буй тэсрэх бөмбөг хадгалж байгаатай адил байгааг ойлгох хэрэгтэй. Сүүлийн 10-20 жилд гоо үзэмж, үзэл бодлын үүднээс хоол хорьдог хандлага үүссэний үр дүнд  яс сийрэгжих тохиолдол болон хүндрэл хэт эрт эхэлж байна гэсэн анхааруулгыг судлаачид болон эмч нар онцолж байна.

Osteoporosis+Stages

Орчин цагийн хооллолт ясны сийрэгжилтийн эрсдэлт хүчин зүйл болж байна уу?

Өдөр тутмын хоол тэжээлээр шаардагдах хэмжээний кальцийг нөхөж өгөх нь араг ясанд нэн чухал. Хүний биед орших 1кг орчим байдаг нийт эрдэс бодисын 99 хувь нь араг яс болон шүдний бодисын солилцоонд эргэлдэж байдаг. Гэвч ихэнх хүмүүс дахин боловсруулсан бэлэн хоол болон түргэн хоолны газраар хооллодгоос хүний биед эрдэс бодисын шаардагдах хэмжээний тэжээл хэрэглэж чадахгүй болоод байгаа. Мөн сүү ууж, гэрээр бяслаг, ааруул хийх, тараг исгэж идэх уламжлал эрс багассанаас араг ясны бат бөх байдлыг хадгалахад хэцүү болсон. Ядаж л өдөрт нэг аяга сүү уудаг, ногоон навчны салат багаар ч гэсэн тогтмол хэрэглэдэг болчихвол тэр өдрийнхөө зохистой кальцийн хэрэглээг авч чаддаг болно. Харин шаардагдах кальци хэрэглэсэн ч нарны элчээр Д амин дэм авч чадахгүй бол кальци нь ясны эрдсийн солилцоонд орох боломжгүй байдгийг мөн анхаарна уу. Тиймээс нарны гэрэл, ялангуяа өвлийн улирлаар нар салхинд гарах, боломжгүй бол кальци болон Д амин дэмийг хамт хэрэглэх зайлшгүй шаардлагатай.

Шинж тэмдгийг хэрхэн таних вэ?

Ясны сийрэгжилт гүн шатанд орсон үед өвчин эмгэгийн шинж тэмдэггүй байдаг ч нурууны хэлбэр өөрчлөгдөн бөгтөр болж эхэлдэг. Үл анзаарагдах шинж тэмдэгт тухайн хүний өндрийн хэмжээ 2 болон түүнээс их см-ээр багасах шинж тэмдэг байдаг. Гэхдээ хамгийн эхний сонгодог шинж тэмдэг нь ихэвчлэн ясны хугарал гэмтэл байдаг.

Ясны сийрэгжилт ихэвчлэн анхааруулах шинж тэмдэггүйгээр зөвхөн үл ялиг доргилт, цохилт, уналтанд хугарах онцлогоор илэрнэ.

Эрүүл яс тухайн хүний хувийн өндрийн хэмжээний өндрөөс унахад хугарч бэртдэггүй байх ёстой. Хувийн өндрөөс бага хэмжээний өндрөөс унаснаас яс гэмтвэл ясны нягтрал хэврэг байдалд орсон гэж үзэж ясны сийрэгжилтийн оношлогоо эмчилгээ хийлгэх арга хэмжээ авахыг анхааруулна. Ясны сийрэгжилт гүн шатанд орсон байхад ердийн найтаах, ханиалгахад хавирганы яс эсвэл нурууны нугалмын цуурал үүсч гэмтсэнийг хүмүүс таньж мэдэлгүй өвдөлт зовиуртай хэвээр, тодруулж олж чадалгүй явсаар байх тохиолдол элбэг.

Яс сийрэгжихэд хамгийн нийтлэг тохиолдох хугарлууд:

  • Бугуйн ясны хугарал
  • Ташааны ясны хугарал
  • Нуруу сээрний нугалмын хугарал зэрэг хугарлууд илүү элбэг тохиолдоно.

Ясны сийрэгжилт нь биед мэдрэгдэх өөрчлөлт болон гаднаас ажиглагдах шинж тэмдэг илрэхгүй явсаар  сийрэгжилт нь гүн шатанд хүрдэг тул “чимээгүй” аюул гэж нэрлэгдэх нь олонтаа. Ясны сийрэгжилтийн хугарал нь эдгэрэхдээ маш удаан тул сээр нуруу, ташааны яс зэрэг том ясны гэмтлээс удаан хугацаагар хэвтэрт орох, хөдөлгөөний бэрхшээл, асар эмзэглэлтэй болгож бусдын асрамжинд орох хүнд үр дагавар үүснэ. Бодит байдлаар бол ясны сийрэгжилт нь эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний болон умайн хорт хавдраас ч илүү хүндрэл учруулдаг бөгөөд үнэн хэрэгтээ ясны бэртэл гэхээсээ илүү хөдөлгөөнгүй, хэвтэрт ордгоос болж  давсаг, шээс ялгаруулах замын хүндрэл, уушги амьсгалын замын үрэвсэл, цусны өтгөрөл, судас битүүлэх зэрэг амь насанд ч хүрэх байдалд хүргэдгээрээ илүү аюултай эмгэг юм.

Оношлогоо

Ясны нягтралын байдлыг DEXA /dual energy X-ray absorptiometry/ аргаар хамгийн нарийвчилсан үнэлгээ өгч болно. DEXA танд зөвхөн ясны сийрэгжилт болсон байна гэдгийг батлаад зогсохгүй ясны сийрэг байдал яг ямар шатандаа байгааг хэлж чадна. Энэ оношлогоогоор ясны эрдсийн нягтралыг (bone mineral density – BMD) хамгийн их үзүүлэлттэй байж болох гэсэн биеийн тодорхой цэгүүдэд хэмжинэ. Яс сийрэгжилт ихэвчлэн сээр нуруу, ташааны ясанд эхэлдэг онцлогтой тул нуруу болон ташааны хэсгүүдэд BMD хэмжилт үздэг. Хэмжилт нь Т үнэлгээгээр тодорхойлогдох ба ясны сийрэгжилтийн явцыг дараах байдлаар оношилно:

  • Хэвийн BMD буюу ясны эрдсийн нягтрал нь Т үнэлгээ нь \-1\ байна .
  • Ясны нимгэрэл эхлэхэд Т үнэлгээ нь \-1.5\ ба \-2.5\ хооронд байна.
  • Ясны сийрэгжилт эхэлсэн байхад Т үнэлгээ нь \-2.5\-аас бага байна.

Манайд ясны сийрэгжилтийн оношлогоог эмэгтэйчүүд тогмол хийлгэх бололцоо байдаггүй бөгөөд ясны бэртэл авсан аливаа дунд насны хүн бүр DEXA оношилгоо хийлгэж байх хэрэгтэй байгаа юм. Манай улсын нөхцөлд ясны сийрэгжилтийг эрт оношлодог, зориулалтын эмчилгээг цаг хугацаанд эрт эхэлж хянадаг нарийн мэргэжлийн эмч нарыг олноор бэлдэж сургах онцгой шаардлагатай байгаа.

Эрсдэлт хүчин зүйлүүд

  • Цэвэршилт эхэлсэн эмэгтэйчүүд. Эстроген дааврын хамгаалалтгүй болсон үед ясны сийрэгжилт эрс нэмэгдэнэ.
  • Эрэгтэйчүүдэд эр бэлгийн тестостерон дааврын хэмжээ эрс буурснаас яс сийрэгжих эрсдэл мөн нэмэгдэнэ. Архи хэтрүүлэн хэрэглэх нь тестостерон дааврыг дарангуйлах үр нөлөөтэй байдгийг анхаарна уу.
  • Хамгийн ойрын хамаатан яс сийрэгжилт илэрсэн түүхтэй.
  • Тамхи татдаг хүмүүсийн судасны нарийсал нь өндгөвч болон эр бэлэг эрхтэний бэлгийн даавар боловсруулалтыг багасгана.
  • Хэт туранхай байх. Хэт туранхай хүмүүсийн сарын тэмдгийн мөчлөг алдагдан бэлгийн даавар нийлэгжил багассан байдаг.
  • Дасгал хөдөлгөөний идэвхгүй байх
  • Цэвэршилт хугацаанаас өмнө эрт явагдсан
  • Өндгөвч болон умай авахуулах мэс засал хийлгэсэн
  • Стероидийн бүлгийн эм удаан хугацаагаар хэрэглэвэл /преднизолоны бүлгийн/
  • Хоол боловсруулалтын эмгэгээс шаардагдах хэмжээний тэжээл авах бололцоогүй байх, бамбай булчирхайн эмгэгээс бодисын солилцоо алдагдах, хэрлэг өвчний гаралтай болон бусад үрэвслийн хүнд өвчлөлүүдээс ясны сийрэгжилт хурдацтай явагдах эрсдэлтэй байдаг.

 Ясны сийрэгжилтийг хурдасгадаг зохисгүй хоол хүнсний төрөл

  • Каффеин. Кофег хэтрүүлэн хэрэглэснээс шингэн илүүтэйгээр хөөгдөн гарч цусан дахь кальцийн түвшин багасах хандлагатай байдаг. Ялангуяа өндөр настангууд өдөрт хэрэглэх кофены хэмжээг хязгаарлаж байхыг хичээх хэрэгтэй.
  • Хийжүүлсэн ундаа. Кола ундааны үйлдвэрлэлд хэрэглэгддэг фосфорын хүчил кальцийг шээсээр угаан гаргах магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.
  • Хүчиллэг чанартай хоол. Хоол боловсруулалтын явцад идсэн хоол хүчиллэг чанартай болж задарснаас цусан дахь кальцийн агууламж багасч ясанд хүргэгдэх хэмжээг багасгадаг байна. Хоол хүнсний төрлүүдээс амьтны гаралтай уураг, тэр тусмаа улаан мах гэдэс ходоодонд маш ихээр хүчиллэг болж задардаг учир их хэмжээгээр мах иддэг хүмүүсийн эрдсийн солилцоо, тэр тусмаа кальцийн хэрэглээг багасгах үр дагавартай байдаг. Иймээс мах идсэн өдрүүддээ шүлтлэг чанартай жимс ногооны хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Амьтны гаралтай уургаас загас, өндгийг махны төрлийн хоолтой солбиж хэрэглэхийг хичээх хэрэгтэй.

ЯСНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАДГАЛАХАД ТА ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?      

Танд сайн мэдээ хүргэхэд: зохистой хооллолт болон зөв төрлийн тогтмол дасгал хөдөлгөөнөөр ясны эрүүл мэндээ хянаж, ясны бат бөх байдлыг хамгаалах бүрэн бололцоо байдаг.

Хэрвээ танд ясны сийрэгжилт байна гэж оношлогдсон байлаа ч амьдралын хэв маягаа өөрчлөн, байж болзошгүй эрсдэлт хүчин зүйлүүдийг зайлуулах арга хэмжээг авч чадвал ясны бэртэл хугарлаас өөрийгөө хамгаалж чадна.

osteoporosis102Хооллолт

Өдөр тутмын хоолны цэсэндээ дараах 4 төрлийн хоол заавал оруулах:

  • жимс ногоо зохистой хэмжээгээр \5 төрлийн жимс ногоо\
  • сүү сүүн бүтээгдэхүүн \200 г сүү, түүнтэй тэнцэхүйц бяслаг, тараг, аарц\
  • нүүрс ус: арвай, буудайн гурил, будаа
  • уураг: загас өндөг, өөхгүй улаан мах, вандуй, самар

Кальци. Кальцийн бэлдмэл 700мг-аас багагүй тунгаар хэрэглэх ба кальцийн бэлдмэлийн төрлөөс “кальцийн цитрат” гэдгийг шошгоноос нь харж байж авч хэрэглэх ба “кальцийн карбонат” төрлийг хэрэглэхээс зайлсхийгээрэй. Щаардагдах 700мг-ийн кальцийн хэрэгцээг мөн тослогийг нь багасгасан 250 мл сүүтэй decaffeinated буюу каффеингүй латте кофе, тослог багатай 300мл сүүтэй овъёосны будаа, 100г чангаанз, 50г ногоон навчны салат, 50г монгол бяслагаар хангаж болно. Мөн дүүпүү \100г тутамд 510мг кальци агуулна\, сардин загас \100г тутамд 500мг кальци агуулна\ тогтмол хэрэглэдэг байхад өдөр тутмын кальцийн зохистой хэмжээг нөхөж чадна. 65-аас өндөр насны хүмүүсийн кальцийн хэрэгцээ өдөрт 1300мг хүртэл нэмэгдэж байдаг.

Д амин дэм нь кальцийн элемент биед шингэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Д амин дэмийг манай цэлмэг тэнгэртэй нөхцөлд өдөрт нарны хамгаалалтын тос түрхэлгүй нүүр болон мөрний түвшин хүртэлх гараа өдөр бүр ердөө 10 минут наранд шарахад л хангалттай амин дэм авч чадна. 10-хан минут наранд байлгахад арьс нарнаас гэмтэл авах нөхцөлгүй. Д амин дэмийн зохистой тунг мөн тослог загас \лаазалсан салмон, сардин загас\, чанасан өндөг, цөцгийн тосноос нөхөж авч болно. 65 наснаас өндөр настангууд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 6 сартай нярай болон 5 нас хүртэлх хүүхдүүд бүгд Д амин дэмийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зайлшгүй чухал юм. Хүний бие махбодь Д амин дэмийн нөөцийг 60 хоногоос илүү удаан хадгалж чаддаггүй тул ямар нэг хэмжээгээр бэлдмэл эсвэл зохистой хоол хүнс, нарны илчээр нөхөж байх шаардлагатай. Д амин дэмийн хомсдлоос бие ерөнхийдээ сулрах, үе мөч булчингаар эмзэглэх зовиур илэрдэг байна.

Магни нь Д амин дэмийг идэвхтэй хэлбэрт хувиргах урвалд оролцоно. Магнийг наранцэцгийн самар, буйлс, бразил самар зэрэг самрууд, бууцай, вандуйнууд ихээр агуулна.

Цинк \цайр\ нь Д амин дэмд кальци шингэхэд тусалдаг ба коллагений нийлэгжилд оролцоно. Ясны остекласт болон остебласт эсүүдийн эргэн төлжилтөнд нэн чухал үүрэг гүйцэтгэх тул ясны эрүүл мэндэд чухал эрдэс болно.

Зөв дасгалыг сонгох

Дасгал хөдөлгөөн нь ясны бэхжлийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Тохирсон дасгалуудад хүндрүүлсэн жинтэй дасгалуудын бүх хэлбэрүүд байж болно. Эдгээр дасгалуудад гантель, хөнгөн штанг хэрэглэх эсвэл өөрийн биеийн жингийн ачааллаар хийдэг бүх дасгалууд тохирно. Гантель, штангийн хажуугаар явган явах, зөөлөн гүйх, бүжиглэх, дээс үсрэх зэрэг жингийн ачаалалтай дасгалууд цусны эргэлтээс кальцийг ясанд эргэн шингэх урвалыг сэдээж ясыг бэхжүүлэх ач холбогдолтой. Ясны сийрэгжилтийн өндөр эрсдэлтэй хүмүүс дасгал хөдөлгөөний хөтөлбөр болон клубт хамрагдах нь бие галбиржуулахаас илүү эрүүл мэндийн төлөө хийгдэх зайлшгүй чухал арга хэмжээ юм.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »