Цусанд эстроген дааврын түвшин буурснаас эмэгтэйчүүдийн үтрээний салстын булчирхайн шүүрэл өөрчлөгдөх, давсагны хана хэт цочмог болох, бага аарцгийн булчингуудын чангарал сулрах зэрэг эмэгтэйчүүдийн шээс бэлгийн замын эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг эмгэгүүд үүсэх эрсдэлтэй болдог. Дааврын хэлбэлзлийн улмаас үүсэх уг өөрчлөлтүүд төрсний дараа, сарын тэмдгийн мөчлөгийн хямралтай байхад ажиглагддаг ч, 40-өөс дээш насны эмэгтэйчүүд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд илүү элбэг тохиолдоно. Харамсалтай нь үтрээ, давсагны зовиур болон хүндрэлээ эмэгтэйчүүд тэр бүр бусадтай хуваалцаж, тусламж авч чадахгүй зовиурлан явсаар хувийн, нийгмийн харилцаанд нь сөргөөр нөлөөлөх хүртэл хүндрүүлдэг.

Дааврын хэлбэлзэл, улмаар эстроген даавар буурснаас шалтгаалсан үтрээний эмгэг дараах шинж тэмдгээр илэрнэ:

  • Үтрээний чийгшил багассанаас бэлгийн хавьтал эмзэглэлтэй болох
  • Үтрээнд таагүй мэдрэмжтэй байх, зовиурлах
  • Үтрээний хана хорсох, загатнах
  • Гадна бэлэг эрхтэний бэлгийн уруул загатнах хорсох
  • Олон давтагдах, эмчилгээнд үр дүн өгөхгүй эргэж дахидаг үтрээний үрэвсэл
  • Үтрээний мөөгөнцрийн үрэвсэл давтагдах
  • Шээсээ барьж чадахгүй болох, ханиаж найтаахад шээс алдах, ойрхон шээс хүрэх
  • Үтгээний зовиураас бэлгийн дур хүсэл буурна
  • Бэлгийн хэвийн амьдрал алдагдах, зовиурласнаас сэтгэл санааны тогтворгүй байдал үүсэх зэрэг олон шинж тэмдгүүд илэрнэ.

Эстроген дааврын дутагдлаас үүсэх үтрээний өөрчлөлт

Үтрээ дотор хана буюу салст, бэлгийн уруулын арьс салстын булчирхайнуудын шүүрэл болон үтрээний чийгшил нь эстроген даавраар тэжээгддэг ба эстроген дааврын түвшин ханалттай байхад үтрээний салст зузаан, уян байж чаддаг. Эстроген нь үтрээний салстын эсүүдийн гликоген нийлэгжлийг эрчимжүүлэхэд уг гликоген нь үтрээнд байх ёстой хэвийн бичил биетний тэжээл болж, ихэсгэн үтрээг халдвараас хамгаалдаг.

Цэвэршилтийн үе дөхөх болон цэвэршилтийн дараах үед өндгөвчний эстроген боловсруулалт эрс багасдаг. Эстрогений дутагдлаас үтрээний салст бүрхүүл нимгэрч, салс ялгаруулдаг булчирхайнуудын тоо цөөрдөг. Мөн бэлэг эрхтэний ойролцоох өөхлөг эдүүд алдагдана. Ингэснээр бэлэг эрхтэн, үтрээний чангарал өөрчлөгдөж үтрээ богиносч, уян чанараа алддаг. Салсын хэмжээ багассанаас үтрээ ихээр хуурайших шалтгаан болдог байна. Эмэгтэй хүн бүрт эдгээр өөрчлөлтүүд нь цэвэршилтийн өмнө хэдэн сар юм уу жилийн дотор аажим аажмаар янз бүрээр тохиолддог. Цэвэршилтийн улмаас эмэгтэй бэлэг эрхтэний бүтцийн өөрчөлтөөс гадна эрүүл бичил багассанаас үрэвсэх тохиолдол эрс нэмэгддэг (atrophic vaginitis).

ТА ҮҮНИЙГ МЭДЭХ ҮҮ ?

  • Шээс-бэлгийн замын хүндрэлүүд цэвэршилтийн нийтлэг шинж тэмдэг
  • Цэвэршилтээс хойшх үеийн эмэгтэйчүүдийн 40-с дээш хувьд нь цэвэршилтийн үедээ үтрээний хуурайшил (хатингаршилт, үтрээний үрэвсэл) илэрч байсан
  • Шинж тэмдэг илэрсэн нийт эмэгтэйчүүдийн зөвхөн 20-25% нь л эмнэлэгт ханддаг
  • Ихэнх эмэгтэйчүүдэд сарын тэмдэг хаагдсаны дараах үеэс давсаг сулралын шинж тэмдэг ямар нэг хэмжээгээр илэрдэг
  • 60-с дээш насны хүмүүсийн 50% нь бэлгийн амьдралаа үргэлжлүүлэх боломжтой байдаг ч үтрээний зовиураас бэлгийн амьдралаас татгалзсан байдаг
  • Үтрээний эрүүл мэндийг хамгаалж чадвал эмэгтэйчүүдэд цэвэршилтийн дараах үеэс хойш хайр дурлалын мэдрэмж илүү сайжирдаг нь судалгаагаар нотлогдсон

Цэвэршилттэй холбоогүйгээр үтрээний хуурайшил тохиолдох үе бол хөхөөр хооллох үе ба энэ нь хөхний сүү боловсруулалтын улмаас эстрогений хэмжээ буурсантай холбоотой байдаг.

Үтрээний хатингаршлын улмаас бэлгийн харьцаа эмзэглэлтэй болж эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурах шалтгаан (low libido) болдог.

Үтрээний хуурайшил, хатингартлын эмчилгээ

Дээр дурьдсан бүх шинж тэмдгүүд эмэгтэйчүүдэд заавал илрээд байдаггүй. Аль шинж нь тухайн эмэгтэйд илүү зонхилж, илүү зовиур өгч байгаагаас хамаарч эмчилгээг сонгоно. Ихэвчлэн эстроген дутагдснаас болж эдгээр хамшинжүүд илэрдэг учраас эдэд эстроген нөхөх нь гол эмчилгээний арга юм.

Даавар эмчилгээ

Олон улсын жишгээр эстроген агуулсан хэсгийн эмчилгээг үрэл, гель, суулгац, наалт хэлбэрээр хэрэглэж, дааврыг нөхөж өгдөг байна. Цэвэршилтийн шинж тэмдэг дан ганц үтрээний эмгэгээр илэрвэл зөвхөн үтрээнд зориулсан хэсгийн эстроген даавар эмчилгээ хамгийн үр дүнтэй бөгөөд эрсдэлгүй байдаг. Дааврын хэсгийн эмчилгээ хийхэд бэлгийн харьцааны үеийн зовиур багасан, үтрээний РН (хүчил шүлтийн тэнцвэр) тэнцвэржин, үтрээний үрэвслийн эмчилгээнд үр дүнтэй болж, үтрээний ялгарал багасах үр дүнтэй эмчилгээ болдог. Эстрогений гель, үрэл, тос зэрэг нь бүх биеэр эстроген дааврыг тараалгүйгээр үтрээний эдэд эстрогенийг нөөцлөх боломжийг олгоно. Тос болон үрлийг хэрэглэхдээ заасан тунгаар хэрэглэх нь чухал. Харин үтрээний шинж тэмдгээс гадна халуу оргих, даралт ихсэх, нойргүйдэх зэрэг бусад эрхтэн тогтолцоо хамарсан цэвэршилтийн шинж тэмдэг илэрч байвал даавар нөхөх эмчилгээг уухаар харин системийн эмчилгээг эмчийн заавраар тунг нь тохируулан хэрэглэх шаардлагатай.

Шинж тэмдэг багасгах эмчилгээ

Зөвхөн үтрээний хуурайшил илэрч байгаа, эсвэл өөр шалтгаануудаас болж даавар эмчилгээ хэрэглэх шаардлагагүй үед үтрээ чийгшүүлэгчийг тогтмол хэлбэрээр, харин бэлгийн хавьтлыг зовиургүй байлгах зориолгоор гулгах тослох чадвар бүхий (lubricants during intercourse) байнга хэрэглэж заншвал үтрээний үрэвслийн эрсдэлийг эрс багасгаж болно. Үтрээний эрүүл мэндийг чандалж савангаар угаахаас зайлсхийх, үтрээний эрүүл бичил орчныг дэмжих үтрээний бичил, тэдгээрийг дэмжих лаа, түрхлэгүүдийг хэрэглэж байх нь зүйтэй.

Үтрээний үрэвсэл газар авсан тохиолдолд үтрээний эсийн болон нян тодорхойлох шинжилгээнд үндэслэсэн эмчилгээг зөвхөн эмчийн хяналттай хийнэ. Үрэвслийн болон хэсгийн тайвшруулах эмчилгээг богино хугацаагаар уух болон хэсгийн тосон түрхлэг хэлбэрээр давхар хийж болно. Эмчилгээг давтан хийх шаардлага гарч болно.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »