Бамбай булчирхай нь  биеийн жин зохицуулах, хоол шингээлтэнд оролцохоос эхлээд энерги, эрч хүчийг нэмэгдүүлэх зэрэг бие махбодийн бүхий л биологийн үйл ажиллагаанд нөлөөлдөг чухал эрхтэн юм. Ихэнх хүмүүс бамбай булчирхайн үйл ажиллагаанд эмгэг үүсэхээс нааш  уг булчирхай хаана байдаг, ямар үүрэг, ач холбогдолтой байдаг талаар тодорхой мэдээлэлгүй явдаг.  

Бамбай булчирхайг амин чухал эрхтэн бус гэсэн ойлголт байдаг ч хэрэг дээрээ бие махбодийн эс, эрхтэн болгоны үйл ажиллагаа нь бамбай булчирхайн шүүрлийн оролцоотой явагддагийг  анхаарах хэрэгтэй. Энэхүү жижиг чухал эрхтэн нь эрвээхэй хэлбэртэй, 2 хэсгээс бүрддэг ба хүзүүний урд хэсгийн сууринд, төвөнхийн доор байрлана (төвөнхийг мөн Адамын алим гэж нэрлэнэ).

Бамбай булчирхай нь эсийн солилцоог идэвхжүүлдэг бамбайн даавар ялгаруулах хэлбэрээр бие махбодийн бодисын солилцоог зохицуулдаг нэн чухал эрхтэн болно. Бамбайн даавар хэт их хэмжээгээр ялгарвал  эсийн үйл ажиллагаа маш түргэсдэг, бамбайн даавар шаардагдах хэмжээгээр ялгарахгүй бол эсийн солилцоо эрс удааширна. Бамбайн шүүрэл ихэссэн болон багассан аль алинд нь бие махбодийн болон сэтгэл зүйн эмгэг өөрчлөлтөнд хүргэх уршигтай байдаг.

Хүн амын 20 хүн тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр бамбай булчирхайн эмгэгтэй болсон байдаг ба эмэгтэйчүүд бамбай булчирхайн эмгэгт эрэгтэйчүүдээс 10 дахин илүү өртөмтгий байдаг байна. Нас ахих тусам тироксин дааврын түвшин буурч, бодисын солилцоо удаашрах хандлагатай болдог тул 60-аас өндөр настай хүмүүсийн ихэнх нь ямар нэг хэмжээгээр бамбайн дааврыг нөхөх эмчилгээ шаардлагатай болж эхэлдэг.

Бамбай булчирхайн эмгэг үүсэх шалтгаан

Бамбайн булчирхайн үйл ажиллагааны эмгэг нь ихэвчлэн дархлааны тогтолцооноос хамааралтай байдаг ба дархлааны тогтолцооны алдаатай үйл ажиллагааны улмаас бамбай булчирхай өөрийн эд эсийг дарангуйлдаг эсвэл өдөөдөг эсрэг биетийг бий болгодогтой холбоотой. Бамбай булчирхай нь өөрийнхөө эдийг ингэж гэмтээдэг аутодархлааны олон эмгэгүүдийн 70 орчим хувь нь генетикийн гаралтай байдаг бөгөөд удамшиж дамжсан байдаг. Үлдсэн 30 хувийн шалтгаан нь хүрээлэн буй орчны нөлөөгөр үүсдэг гэсэн магадлалтай байдаг ба яг ямар хүчин зүйлээс болж байгааг тэр болгон тодорхойлох боломжгүй байдаг.

Буруу хооллох, стрессийн хэт ачаалалд тогтмол өртөх, ядрах зэрэг нь дархлааны тогтолцооны үйл ажиллагааг замбараагүй болгож, бамбай булчирхайг хэт идэвхжүүлэх эсвэл дарангуйлдаг.

Төрсөн нярай төрөлхийн бамбай булчирхайн эмгэгтэй төрөх тохиолдол тохиолддог ба ихэвчлэн төрөлхийн огт бамбай булчирхайгүй, эсвэл бамбайн эдийн сул идэвхжилтэй төрсөн байдаг. Үүнийг эрт оношлодог байхын тулд төрсний дараах 5 хоногийн дотор нярайд бамбай булчирхайн дааврын шинжилгээ хийх үйлчилгээ шинээр нэвтэрч байгаа. Бамбайн эмгэгийг эрт эмчлэхгүй бол ургийн тархины хөгжил саатан оюун ухааны хомсдолтой болдог. Төрөлхийн ухаан хомсдлын энэ эмгэгийг эртний анагаах ухааны нэршлээр кретинизм гэж нэрлэнэ.

Нас бие гүйцсэнээс хойш бамбай булчирхай вирусын халдварт өртөгдөж, үрэвсэх тохиолдол их байдаг (тиреодит). Бамбай булчирхай үрэвсэхэд хурц үе нь богино хугацаанд эмчлэгдэж эдгэрдэг ч зарим тохиолдолд гүйцэд эмчлэгдээгүйгээс архаг үрэвсэл болон хувирч болно.  Вирусын халдварт дархлааны тогтолцооны  хариу үйлдлийн нэг хэлбэр болох халдвартай тэмцэх эсрэг биетийн нөлөөнд бамбайн булчирхайн дааврын шүүрэл хэт өдөөгдөх эсвэл дарангуйлагдах  үр дагавар гардаг. Бамбай булчирхайн үрэвслийг зөв оношлож, эмчилж чадаагүй байсан ч хурц үрэвслийн явц 6 сарын дотор аажим намдаж, далд хэлбэрт шилждэг онцлогтой.

Бамбайн идэвхжил хэт ихэдсэн эсвэл суларсныг оношлох

Хэвийн үйл ажиллагаатай эрүүл бамбай булчирхай нь бие махбодийн эсийн солилцоог бүрэн хэмжээнд явуулахад шаардагдах хэмжээний бамбайн дааврыг ялгаруулж чаддаг эрхтэн юм.  Бамбайн шүүрлийн түвшин өнчин тархитай харилцан эргэх  холбоогоор зохицуулагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, өнчин нь тархи нь цусан дахь бамбайн дааврын түвшингийн хэмжээнд тохируулж бамбай булчирхайн шүүрлийг сэдээх эсвэл сааруулах дохиолол өгдөг.  Та өөрийнхөө бамбай булчирхайг өдөрт 100 машин үйлдвэрлэдэг машины үйлдвэр хэмээн төсөөл, харин өнчин тархи хэрэв тухайн үйлдвэр машины тоог хэтрүүлж үйлдвэрлэсэн бол ЗОГС захирамж өгч, харин дахин үйлдвэрлэх хэрэгтэй бол ЭХЛЭХ захирамжийг өгдөг үйлдвэрлэлийн зохион байгуулагчийн үүрэгтэй юм.

Бамбай булчирхайн хэт идэвхжил (гипертиреоз) энэ эмгэгийн үед бамбайн дааврыг ялгаруулах хэмжээ ихэдсэн байдаг ба ихэнх тохиолдолд бамбай булчирхай өөрөө хэвийн хэмжээнээсээ томорсон байдаг. Бамбайн хэт идэвхжил нь ихэвчлэн Грейвсийн эмгэг буюу  дархлааны тогтолцоо бамбайн булчирхайг хэт цочроодог эсрэг биетийн үйлдлээс үүсдэг эмгэг юм. Гипертиреоз өвчтэй хүмүүст нүд хуурайшин цочмог болох, нүд бүлтийх шинж тэмдэг илэрдэг нь дархлааны тогтолцооны хэт цочролын үйлдлийн улмаас нүдний арын эд хавагнаж  нүдний цөцгийг түрж гаргадагтай холбоотой. Тамхи татдаг гипертиреозтой хүмүүст нүд бүлтийх шинж тэмдэг илүү их хэжээгээр илэрдэг байна.

Бамбай булчирхайн хэт идэвхжлийн өөр нэг шалтгаан бол тиреоидит буюу бамбай булчирхайн хоргүй хавдар болох зангилаа байдаг. Бамбай булчирхайн зангилаат үүсгэвэр бий болоход стресс, зүрх судасны өвчлөлийн эмийг өндөр тунгаар хэрэглэх,  йодын орцтой хүнс тэжээлийг багадуулах эсвэл зохисгүй хэрэглэх зэрэг амьдралын хэв маяг болон орчин тойрон ихээр нөлөөлнө. Бамбай булчирхайн шүүрэл хэт идэвхжилтэй болоход бодисын солилцоо болон  эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа хэвийн хэмжээнээс хурдасч дараах шинж тэмдэг илэрч болно. Үүнд: зүрхний цохилт хүчтэй хурдан цохилох, жин алдах, суулгалт өгөх, уцаартай бухимдуу болох болон булчин эмзэглэх зэрэг шинж тэмдгүүдээр илэрнэ.

Энэ эмгэгийн эмчилгээнд тиреоид дааврын үйлчлэлийг саармагжуулах (антитиреоид) эмчилгээ хэрэглэнэ. Илүү эрчтэй эмчилгээнд булчирхайг цацраг идэвхит эмчилгээгээр эсвэл мэс заслын аргаар бамбайн булчирхайг авах эмчилгээ орно. Эдгээр эмчилгээний дараа бамбайн даавар нөхөх эмчилгээг бие махбодийн бодисын солилцоог хадгалах зорилгоор тироксин эмчилгээг өдөр бүр хэрэглэнэ.

Бамбай булчирхайн өвчнийг цусны шинжилгээгээр буюу бамбайн дааврын хэмжээг тодорхойлон илрүүлдэг. Оношлогоог нарийвчлах, эмчилгээг тохируулах зорилгоор  хэт авианы болон цусны нарийвчилсан шинжилгээ хийж дархлааны тогтолцооны үйл ажиллагааг тодорхойлно.

Бамбайн булчирхайн идэвхжил суларсан (гипотиреоз) үед бамбай булчирхай шаардагдах хэмжээний бамбайн дааврыг ялгаруулж чадахгүйгээс үүсэх эмгэгийг хэлнэ. Бамбайн идэвхжил сулрахад амархан ядрах, жин нэмэх болон сэтгэлийн дарамтанд орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бамбайн идэвхжил сулрахад үүсэх эмгэг амь насанд хүндээр нөлөөлөхгүй, оношлогдохгүй удаан явдаг тохиолдол элбэг байдаг. Зөв оношлогдсон байхад бамбайн дааврыг нөхөх эмчилгээнд үр дүн сайн өгнө.

Бамбай булчирхай нь  бие махбодийн бодисын солилцоо болон энергийн хэрэгцээг хянаж байдаг тироксин хэмээх дааврыг ялгаруулдаг тул бамбайн идэвхжил суларч  тироксин дааврын түвшин хангалтгүй болсноос бие махбодийн олон эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа удаашралд орж эхэлдэг байна.

Бамбай булчирхайн идэвхжил сулрахаас урьдчилан сэргийлэх болон оношлох  бэрхшээлтэй байдаг. Бамбайн үйл ажиллагаа сулрах нь дархлааны тогтолцоо  бамбай булчирхайн шүүрлийг дарангуйлах эсвэл булчирхайн эдийг гэмтээснээс үүсдэг шалтгаантай байдаг. Бамбай булчирхайн идэвхжил суларсан нь дараах шинж тэмдгээр илэрч байдаг:

  • Ядрах
  • Жин нэмэгдэх
  • Сэтгэл гутрал, дарамттай байх
  • Ханиад томуунд өртөмтгий байх
  • Арьс болон үс хуурайших
  • Булчин өвдөж эмзэглэх зэрэг шинж тэмдгүүд илэрсэн үед эмчид хандан та өөрийнхөө бамбай булчирхайн үйл ажиллагааг шинжлүүлэх хэрэгтэй.

Бамбайн идэвхжил суларсны шинж тэмдгүүд бусад өвчлөл, эмгэгүүдтэй андуурагдах  тохиолдол их гардаг. Бамбайн үйл ажиллагаа суларсны шинж тэмдгүүд далд хэлбэрээр явагдаж оношлогдохгүй он удаан жилийн турш явах нь олонтаа тохиолддог. Бамбай булчирхайн идэвхжил суларсныг цусны шинжилгээгээр тодорхойлох нь хамгийн зөв арга юм.

Бамбай булчирхайн идэвхжил сулрах нь жин нэмэх шалтгааны нэг юм

Гипотиреоз эмгэгийн шинж тэмдгүүд дундаас хасч чаддаггүй жингийн нэмэгдэл нь хамгийн их анхаарлыг татдаг байна. Маш олон эмэгтэйчүүд жингээ хэвийн хэмжээнд барих гэж их хичээсэн хирнээ хэд хэдэн килограммаар нэмээд байдаг шалтгааныг олж чаддаггүй. Иймээс илүүдэл жингээ хаях гэж дорвитой арга хэмжээ авсан ч, хасч чадахгүй байгаа шалтгааныг олохын тулд бамбай булчирхайн талаас шинжлүүлэх  нь зүйтэй юм. Олон эмэгтэйчүүд идэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ  калори болгоныг тоолдог боловч бодит байдал дээр жин нэмэхэд нөлөөлдөг олон хүчин зүйл байдгаас бамбайн тэнцвэртэй бус байдал нь хамгийн эхэнд тавигдаж байгаа асуудал юм.

Биеийн жинд бамбай булчирхай хэрхэн нөлөөлдөг вэ?

Бамбай булчирхай нь бодисын солилцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Таны бамбай булчирхайн идэвхжил суларсан үед бодисын солилцоо удаашран хоол тэжээлээр авсан илчлэгийг задалж чадалгүй илүүдэл жин болгон хуримтлуулдаг.

Бамбай булчирхайн идэвхжил сулрах үед Т3 болон Т4 өөрийн даавраа хангалтгүй хэмжээгээр ялгаруулах эсвэл бие махбодь өөрийн ялгаруулсан бамбайн дааврыг ашиглахад хүндрэлтэй болсон байдаг. Бамбайн идэвхжил буурах нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгадаг инсулины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж сахарын задрал удаашран жин нэмэх бас нэг шалтгаан болдог.

Бамбай булчирхайн шүүрэл буурахад бие махбодийн энерги ашиглах, бусад даавруудын түвшинг тэнцвэржүүлэх зэрэг бие махбодийн бодисын солилцоог бүхэлд нь зохицуулдаг чадвар алдагддаг байна.

Бамбайн эмгэгээс үүдэн жин нь нэмэгдэх үед ихэвчлэн биеийн хүсээгүй хэсгээр өөх хуримтлуулах хандлагатай байдгаараа онцлогтой.  Энэ нь бамбай булчирхай биед задарч чадаагүй калорийг хэрхэн өөхөн эд болгон хуримтлуулахаас гадна хаана хуримтлуулахыг заадаг гэсэн үг.

Шим тэжээлийн дутагдал гипотиреоз үүсэх шалтгаан болдог

Мэдрэлийн тогтолцооны мэдээлэл дамжуулал, сахар задалдаг инсулины солилцоо, бэлгийн даавар, бөөрний булчирхай зэрэг бүх дааврын солилцооны идэвхжилд  бамбайн даавар чухал үүрэг гүйцэтгэдэг тул эдгээр солилцооны идэвхжил сулрахад эмэгтэйчүүд илүү их илүүдэл жинтэй болох хандлагатай байдаг. Жирэмслэх, цэвэрших болон цэвэршихийн шилжилтийн үе, сарын тэмдэг ирэхийн өмнө үе зэрэг бэлгийн дааврын огцом хэлбэлзлийн үед эмэгтэйчүүд илүү их жин нэмдэг нь ажиглагдсан бөгөөд энэ нь бамбайн дааврын солилцоотой холбоотой байдаг.

Бамбай булчирхайн идэвхжил суларснаас үүдэлтэй жингийн нэмэгдлийн зохицуулалт  

Бидний ихэнх нь жингийн илүүдэлтэй тулгарангуут огцом хоолоо хорих, эсвэл илчлэг өндөртэй байж болзошгүй хэмээн зарим төрлийн хоол хүнснээс бүрэн татгалздаг. Ингэж  шим тэжээлийн бодисын дутагдалд орсноор бодисын солилцоо удаашран, бусад дааврын шүүрэлд илүү ачаалал өгснөөр илүүдэл жингээсээ салах байтугай илүү ихийг нэмэх эхлэлээ тавьдаг. Цусны шижилгээнд бамбайн дааврын хэмжээ хэвийн,  илчлэг багатай болон өөх тосгүй хоол идэж, эрчтэй дасгал хийсээр байхад жин  хасагдах бүү хэл улам нэмэгдсээр байвал яахав? Энэ үед нэмээд цусан дахь холестерины хэмжээ ихэссэн байвал эмч нар илүүдэл жинг бамбай булчирхайн үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэх нь элбэг.

Бамбай булчирхайн эмгэгтэй хүмүүс илүүдэл жингээ хасахад дараах хүчин зүйл нөлөөлдгийг анхаарна уу:

  1. Бодисын солилцооны эрч өөрчлөгдсөн байдаг
  2. Өвчлөл болон ядаргаанаас үүдэн тархины мэдээлэл дамжуулалт өөрчлөгдсөн байдаг
  3. Инсулинд үл мэдрэг болсон байх

Бодисын солилцооны хурдны тогтсон түвшин

Хүн бүрт өөрийн гэсэн биеийн жингийн “зохистой түвшин” байдаг. Яг л хүний бие цельсийн 37 хэмийн дулааныг тогтмол барьдагтай адил хүний бие махбодь бодисын солилцооны эрчийг нэг түвшинд хадгалж биеийн жингээ ч гэсэн тогтмол хэмжээнд барихыг эрмэлздэг. Харин удаан хугацаагаар илүүдэл жинтэй явсан хүмүүсийн бодисын солилцоо нэг түвшинд барихаа больсны улмаас жингээ тогтмол хэмжээнд барьж тогтоох чадвар нь суларсан байдаг.  Хэрвээ зарцуулж байгаа илчлэгээсээ илүү хэмжээний илчлэг хэрэглэсээр байвал бодисын солилцооны тогтсон эрч өөр, илүү удаан түвшинд шилжин биеийн жинг илүү их хэмжээнд барьдаг болохоор өөрчлөгдөнө.  Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хэдэн жилийн өмнө 175 см өндөртэй эмэгтэй 72 кг жинтэй бөгөөд биеийн жингээ барихын тулд өдөрт 2500 ккал илчлэгийн хоол хүнс хэрэглэдэг байсан бол бамбай булчирхайн идэвхжил суларч, биеийн жин огцом нэмэгдэж, 95 кг болжээ. Энэ эмэгтэй өдөрт 2800 ккал илчлэг авах шаардлагатай байхаар бодисын солилцоо нь тогтоно. Тэгвэл өдөрт авах илчлэгийн хэмжээгээ 2500 болгож багасгавал илүүдэл 23 кг жингээ хасч чадах уу? Харамсалтай нь үгүй. Өдөрт хоолоор хэрэглэх илчлэгийг багасгавал  бодисын солилцооны эрч арай удаан түвшинд нэгэнт тогтсон байдаг тул хоол хасах тусам бодисын солилцоо нь удаашран 72 кг жинтэй байх үеийн ижил хэмжээний хоол идсэн ч  биеийн жин 90 килограммаас доош буурах боломжгүй байдаг. Иймээс бамбай булчирхайн идэвхжил суларсан байхад хоолны илчлэгээ хязгаарлалгүй, бодисын солилцоог идэвхжүүлэх дасгал хөдөлгөөний эрчийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Тархины мэдээлэл дамжуулалт, мэдрэмжийн өөрчлөлт

Өлсөх мэдрэмж нь тархины мэдээлэл хүлээж авах, хүргэх биологийн урвалжаас ихээхэн хамаарна. Өнчин тархи биед энерги шаардлагатай байгааг мэдэрч, “нүүрс ус ид” гэсэн мэдрэлийн дохио дамжуулагч илгээдэг. Уг дохио дамжуулагч бодисын нэмэгдсэн түвшин танд “өлсөх” мэдрэмж төрүүлнэ. Хоол идэж цусан дахь нүүрс усны түвшин нэмэгдэхэд өнчин тархи серотонин дааврыг ялгаруулж “нүүрс ус хангалттай байна” гэсэн дохиог хариу илгээнэ. Гэвч энэхүү тогтолцоо нь зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр алдагдах бөгөөд ихэнхдээ бамбай булчирхайн архаг өвчлөлтэй холбоотой байдаг. Таны бодисын солилцоо тархинд тогтсон хоолны дуршлын хэмжээнээс удаан байдаг. Нэмээд бамбай булчирхайн эмгэг нь бодисын солилцоог улам ихээр удаашруулдаг. Энэ үед тархины зохимжтой гэсэн дуршлын хэмжээгээр идвэл, бодисын солилцоо удааширсан байх тул зайлшгүй жин нэмнэ. Мөн стресс нь мэдрэлийн дамжуулагчдын үйл ажиллагаанд саад учруулж, серотонин дааврын ялгарлыг бууруулдаг байна. Шинэ мэдээлэл хүргэхэд, серотонин дааврын түвшинг нэмэгдүүлж, “цатгалан” мэдрэмжийг төрүүлдэг эм бэлдмэлүүд бамбайн шүүрэл суларсан эмчилгээнд өргөн хэрэглэгддэг болж байгаа. Тархины мэдээлэл дамжуулалтыг зохицуулж, серотонин дааврын нийлэгжлийг нэмэгдүүлэхийн тулд байгалийн гаралтай тайвшруулах үйлчилгээтэй бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэж болно. Аэробик дасгалууд серотонин дааврын түвшин ихээхэн нэмэгдүүлэх ач холбогдолтой тул 7 хоногт дор хаяж 5 удаа 30 минутаас багагүй хугацаанд дасгал хийдэг байх хэрэгтэй. Мөн ургамлын гаралтай St. John’s Wort (Hypericum perforatum) бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөдөг.

Бамбайн эмгэгийн үеийн инсулинд тэсвэртэй байдал

Бамбай булчирхайн дутагдал нь хүний биеийн эс бүрийн үйл ажиллагааг удаашруулан,  эсийн солилцоонд нүүрс усыг хэрэглэх явцыг саатуулан цусан дахь сахарыг задлах  чадварыг бууруулдаг. Тиймээс хэвийн үед хэрэглэж задардаг байсан нүүрс усыг бамбай булчирхайн эмгэгтэй болсны улмаас ижил хэмжээгээр задалж чадахаа больж хуримтлууж эхэлдэг болно. Илүүдэл нүүрс ус нь илүүдэл сахартай тэнцэх бөгөөд энэ нь илүүдэл жинг бий болгоно. Үүн дээр нэмэгдэж цусан дахь сахарын өөрчлөлтөөс бий болдог ядрах, толгой эргэх, сульдах, өлсөх зэрэг зовиурууд бамбай булчирхайн эмгэгийн шинж тэмдгүүдийг далдалж байдаг.

Аливаа өвчлөлийн адилаар бамбай булчирхайн эмгэгийн асуудалтай тулгарсан  хүн бүр эмзгээр хүлээж авч стрессийн байдалд ордог. Стресс нь кортизолын хэмжээг нэмэгдүүлнэ. Кортизол дааврын түвшин инсулины хэмжээг ихэсгэж инсулинд тэсвэртэй болох нөхцлийг бүрдүүлдэг. Инсулинд тэсвэртэй болох бас нэг шалтгаан бол элэгний үйл ажиллагааны саатал байдаг. Элэг нь нойр булчирхай, бөөрний булчирхай, бамбай булчирхайнуудын инсулин ялгаруулах үйл ажиллагааг холбодог эрхтэн юм. Элэг нь нойр булчирхайнд глюкоз задалдаг инсулин ялгаруулах дохио өгдөг бол өөрөө бөөрний булчирхай ба бамбайн булчирхайн дохиогоор өөрөө глюкоз ялгаруулдаг. Стресс болон хордлогын улмаас элэгний үйл ажиллагаа алдагдахад энэхүү системийн тэнцвэр алдагдаж, үр дүнд нь илүүдэл инсулин бий болно. Эдгээр тайлбараас үзэхэд бамбай булчирхайн идэвхжил суларсан, илүүдэл жинтэй хүмүүс бусад хүмүүстэй харьцуулахад инсулинд тэсвэртэй байх магадлал илүү өндөр байдаг.

Илүүдэл жингээ хасах нь инсулинд тэсвэртэй байдлыг эмчлэх хамгийн чухал алхам юм. Биеийн жин бага байх тусам инсулинд тэсвэртэй болох магадлалыг нь багасгана. Гэхдээ инсулинд тэсвэртэй хүмүүс биеийн жингээ хасахад хүндрэлтэй байдаг. Тиймээс инсулинд тэсвэртэй хүмүүс өөх тос, нүүрс ус багатай, уургаар баялаг хоолны дэглэм барих хэрэгтэй. Өөх тос багатай хоолны дэглэмийг баримтлахаас гадна сахар, цардуулын хэрэглээг хязгаарлаж, гоймон, будаа, төмс, цагаан гурилын талх, овъёос, эрдэнэ шиш, вандуй, амтат төмс, амттан, цагаан идээ, мах болон сахарын агууламж өндөртэй жимсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Идэх зүйл бараг үлдээгүйд та сэтгэлээр унаж магад. Гэхдээ та хоолыг огт хасахгүйгээр нүүрс усны өндөр орцтой хүнсийг эрүүл хоолоор солих, орлуулах хэлбэрээр хэрэглэж сурч тахиа шувууны мах, загас, цардуулгүй хүнсний ногоо, шош, үр тариа зэргийг түлхүү хэрэглэхийг хичээгээрэй. Инсулинд тэсвэртэй нүүрс усны хэрэглээг багасгаж чадвал аяндаа хүн гурилан бүтээгдэхүүн, цардуултай болон тослог хоолонд  хорхойсохоо болино.  Эцэст нь хэлэхэд, инсулинд тэсвэртэй эмгэгийг эмчлэх хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн билээ. Өдөр бүр 45 минутаас 1 цаг алхах гэх мэт ачаалал багатай, удаан үргэлжлэх дасгал нь инсулины хэмжээг бууруулах чухал ач холбогдолтой.

Бамбай булчирхайгаа хайрлан “зөвөөр тэжээх нь”

Бамбай булчирхайнд зориулсан эрүүл тусгай тэжээллэг хоолны  дэглэм нь таны бамбай булчирхайг эрүүл байлгахад тусалдаг. Йод нь бамбайн дааврыг ялгаруулахад хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Дэлхий даяар йодын дутагдлаас үүдэн тархины гэмтэл ихээр тохиолдож  мөн дутуу төрөлт, үр зулбалт ихэссээр байна.

Йодын хангамжийг ихэвчлэн загас, далайн бүтээгдэхүүн болон сүүн бэтээгдэхүүнээс авдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь насанд хүрсэн хүн өдөрт 150 мкг хэмжээний йод агуулсан хүнс хэрэглэж байхыг зөвлөдөг. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар жирэмсэн эмэгтэй бүр 150 мкг йодын нэмэлт бүтээгдэхүүнийг  хэрэглэхийг зөвлөдөг.

Йодын өндөр агууламжтай ургамалд Далайн хүрэн замаг (Sea Kelp) орно. Йодын агууламжтай бүтээгдэхүүн болон эм бэлдмэлийг хэтрүүлж хэрэглэвэл бамбай булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдгийг анхаарах хэрэгтэй.

Йод болон селен нь загас, өндөг, шувууны мах, самар (ялангуяа Бразил самар) болон мөөгөнд агуулагддаг тул бамбайн дааврын шүүрэлд сэдээх үйлчилгээ үзүүлдэг өндөр ач холбогдолтой.

Бамбай булчирхайн үрэвсэл, хорт хавдраас хамгаалах зорилгоор селен хэрэглэдэг байж болно. Судалгаагаар үзэхэд  нүд бүлтийдэг Грейвсын эмгэгтэй байхад, мөн жирэмсэн эхчүүдэд өдөрт 200 мкг–аар йод болон селен хэрэглэхийг зөвлөдөг. Селен нь үл исэлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэхээс гадна хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

Бразил самар нь селенийн эх үүсвэр ба бамбай булчирхайн даавар ялгаруулахад чухал нөлөөтэй байдаг.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »