ТАНЫ НАСАНД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ?

Орчин цагт эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх насаа  хойш тавьдаг болсон. Эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, гэр бүл төлөвлөлт, эмчилгээний  арга барил хөгжсөнтэй холбоотой хүүхэд төрүүлэх насыг амьдралын хэв маягтай зохицуулахад хялбар болсоор байна. Гэхдээ хожуу насанд хүүхэд төрүүлэх нь зөв үү?  

Ахимаг насны гэр бүл ихэнх тохиолдолд хүүхэдтэй болохын тулд сэтгэлийн хатуу тэвчээр дундуур гарч, өндөр үнэтэй үр тогтоох эмчилгээний аргыг хэрэглэж байж л үрийн зулай үнэрлэх бололцоотой байдаг.

Харамсалтай нь эмэгтэйчүүдийн үр тогтоох чадавх их эрт буурч эхэлнэ. 24  орчим насанд хамгийн өндөр цэгтээ байгаад түүнээс хойш багасна. Харин эрэгтэйчүүд 30 наснаас буурдаг ч эмэгтэйчүүдийг бодвол харьцангуй аажим буурдаг.

Тиймээс хүүхэд төрүүлэхийг хойшлуулах шаардлага байна уу? Санхүүгийн бэлэн бус байдал, хоорондын харилцаа эргэлзээтэй байх, сэтгэл өөрчлөгдөх, ажлын амжилт, ханамж гэх зэрэг олон шалтгаан байдгийг үгүйсгэх аргагүй л дээ. Мөн дунд насны эмэгтэйчүүдийн сэтгэл санаа нь тогтсон, эрүүл мэнддээ анхаарал тавих ухамсар суусан байдаг тул жирэмслэлтийг эрүүл тээх өндөр чадвартай байдаг.

Гэвч хүүхэд төрүүлэхийг хойшлуулах нь өндөр эрсдэл дагуулдаг. Эхийн эрүүл мэнд болон умайн эрүүл мэндээс илүүтэй өндгөн эсийн чанар ирээдүйн хүүхдийн эрүүл мэндийг тодорхойлно.

Гарч болох эрсдэлүүд

Хэдийгээр таны нас явж байгаа ч жирэмсний хяналт сайжирч, генийн шинжилгээ өгөх болон ургийн гажиг хөгжлийг хянах бололцоо нэмэгдсэн. Гэсэн ч нас ахих тусам жирэмсэн тээх явцад гарах хүндрэл болон төрөлтийн эндэгдэл 25 настай эмэгтэй хүнийхээс 4 дахин их юм. Ялангуяа 40 наснаас дээш эмэгтэйн хувьд хүүхэд төрүүлэх нь илүү эрсдэлтэй гэж үздэг. Мөн цусны даралт ихсэх, зулбах, ураг нь хэвлийдээ өсөлтгүй болох, кесаревын хагалгаанд орох, дутуу төрөх зэрэг эрсдэлүүд ихэсдэг байна.

Жирэмсний үеийн чихрийн шижин нь түр зуурынх боловч  20 настай эмэгтэй хүнийхээс  долоо дахин их байдаг ба эх, ураг хоёуланд нөлөөлдөг. Дунд насны эмэгтэйчүүд чихрийн шижинтэй болох гол шалтгаан нь жингийн илүүдэл юм. Үүнээс болоод ураг нь хэвлийдээ хэт томрох, дутуу төрөх эсвэл кесаревын хагалгаанд орох болдог.

Нийт хүн амын дунд зулбалт ойролцоогоор 15 хувь эзэлдэг байхад, 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн хувьд 50 хувь хүртэл өснө. Энэ нь өндгөн эсийн  хөгжлийн өөрчлөлтөөс хромосомын мэдээлэл гэмтсэнтэй  холбоотой юм.

Даун Синдром (Down Syndrom) гэдэг нь насжилттай холбоотой генийн хромсомын гажиг. Энэ нь 35 насныханд 365 хүнээс нэг хүнд,  45 насныханд 32 хүнээс нэг хүнд тохиолдох магадлалтай болж өсдөг. Тиймээс цусны тусгай шинжилгээ болон ургийн усны хатгалтын шинжилгээ өгч үр дүн нь эргэлзээтэй гарвал ирээдүйд төрөх хүүхдийг тээх эсэх шийдвэрийг хугацаанд нь гаргахад  тус болно.

Жирэмсний хожуу үеийн хордлого буюу преэклампси нь жирэмслэлтийн явцад цусны даралт ихсэх хүндрэлийг хэлдэг. Цусны өндөр даралт эрчимт эмчилгээнд үр дүн өгөлгүй өндөр хэвээр байгаа тохиололд эх хүүхэд хоёулангийх нь аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хугацаанаас өмнө төрүүлэх шаардлагатай болдог. Жирэмсний хожуу хордлого төрсний дараа үгүй болж даралт буурдаг байна.

Статистикийн үзүүлэлтийг харахад 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн өөрийн биеийн жин  25 настай эмэгтэйн адил бага байх үедээ жирэмсэлж, хүүхэд төрүүлбэл даралт ихсэх, амьгүй төрүүлэх хүндрэл маш бага байдаг нь ажиглагдсан.

Сүүлийн 25 жилд 45-аас дээш насны эмэгтэйчүүд ихэрлэж төрөх болсон нь үр тогтоох эмчилгээ хэрэглэсэнтэй холбоотой гэж үздэг ч цэвэршилтийн нас дөхөх үеэр фолликул сэдээгч дааврын (FSH) түвшин ихэссэнээс нэг сарын тэмдгийн мөчлөгийн явцад нэгээс олон өндгөн эс боловсорч тэдгээр нь үр тогтох бололцоо ихэсдэгтэй холбоотой байж болох юм.

40 гарсан эмэгтэйчүүдийн амьдралын идэвхтэй хөдөлгөөн багассан, умайн булчингийн чангарал суларсан байдагтай холбоотойгоор ургийн байрлал нь хөндлөн эсвэл өгзөг байрлалтай  болдог учраас мэс ажилбараар төрүүлэх тохиолдол ихэсдэг.

Гэвч эдгээр эрсдэлээс болж сэтгэлээр бүү унаарай. Төрөхийн өмнөх болон төрсний дараах асаргаа сайжирсан тул амжилттай жирэмсэлж, эрүүл хүүхэдтэй болох бүрэн боломж бий.

Жирэмслэх боломжийг хэрхэн нэмэгдүүлэх

Нас явах тусам үр тогтоох чадвар багасдаг учраас 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жирэмслэх магадлалаа нэмэгдүүлэхийн тулд ямар нэг туслалцаа авах нь буруу зүйл огт биш. Сарын тэмдгийн мөчлөг алдагдсанаас өндгөн эс боловсорч ялгарах боломж буурдаг. Сарын тэмдгийн 2 дахь хагаст цусан дахь прогестерон дааврын шинжилгээгээр өндгөн эс боловсорсон эсэхийг оношилж болдог.

Үр тогтохгүй байх онцгой шалтгаангүй бол эхний шатанд өндгөн эсийн боловсролыг өдөөдөг үр хөврөлийн эм Clomiphene Citrate-р эмчилнэ. Энэ өдөөх эмчилгээний явцад зарим тохиолдолд нэг  дор олон тооны өндгөн эс боловсрох магадлал өндөр болдог.

Хэрвээ өндгөн эсийн боловсролыг өдөөх эмчилгээ үр дүн өгөхгүй бол Нөхөн Үржихүйг Дэмжих Аргачлалын дагуу зохиомлоор үр тогтоох хамгийн энгийн арга болох эмэгтэйн сарын мөчлөгийн өндгөн эс гадагшлах үеэр эр үрийн шингэнийг умайн хөндийд гуурсаар суулгаж өгөх арга байдаг.

Харин умайн сувгууд битүүрсэн эсвэл эндометриоз эмгэгтэй тохиолдолд IVF буюу хуруу шилэнд үр тогтоож суулгах аргачлал хэрэглэгддэг. Өндгөн эс боловсруулалтыг өдөөсний дараа эрүүл өндгөн эсүүдийг сонгоод эр үрийн шингэнээс хамгийн идэвхтэй эсүүдийг сонгон авч шилэнд  (зориулалтын Петрийн аяга) үр тогтооно. Ингээд үр тогтсон эсүүдээс 3-аас цөөнгүйг сонгож  умайн хөндийд суулгахад хамгийн багадаа аль нэг нь умайн хананд бэхлэгдэн үр хөврөл хөгжин ургийн өсөлтийн шаардлагатай нөхцөл бий болдог. Эр үрийн эсийн тоо хангалтгүй, эмэгтэйн умайн хүзүүний салст эр эсийг нэвтрүүлдэггүй эсвэл ямар нэг үл ойлголцох шалтгааны улмаас үргүйдэлтэй удаан хугацаагаар явсан бол IVF буюу хуруу шилний үр тогтоох аргыг хэрэглэнэ.  Хэрэв ингээд үр тогтохгүй бол хиймлээр үр тогтооно.

ZIFT (үр тогтсон хөврөлийг үрийн хоолойд суулгах). Энэ арга нь шилнээс ялгаж авсан үр хөврөлийг умайн хөндийд бус байгалийн жамаар үр тогтолт явагддаг газар болох үрийн хоолойд суулгаж өгдгөөрөө ялгаатай.

GIFT (эр эм бэлгийн эсийн холимгийг үрийн хоолойд суулгах). Энэ үед үр тогтсон үр хөврөл бус дан өндгөн эс болон эр бэлгийн эсүүдийн холимгийг умайн суваг руу оруулж өгөхөд үр тогтолт үрийн хоолойд хэвийн замаар явагдана гэсэн найдвараар хийгддэг.

ICSI – ерөнхийдөө эр бэлгийн эсийн эмгэгтэй үед хэрэглэгддэг. Өндгөн эсийн гадна талын давхаргыг хүний үснээс хэд дахин бага нарийн зүүг хэрэглэж нэг эр эсийг өндгөн эс рүү тарина.  Ингэсний дараа үр хөврөлийг умайд суулгаж өгнө.

Дээр дурьдсан үр тогтоолт явагдахад туслах аргаар жирэмслүүлэх нь  35-аас доош насныханд илүү үр дүнтэй байдаг ч хүүхэд төрүүлэхийг хүссэн дунд насны эмэгтэйчүүдэд ч үр дүнгээ өгдөг.

Үр тогтоох чадварт нөлөөлөх хүчин зүйл

Умайн ханын булчингийн эдийн хоргүй хавдрыг фибройд гэж нэрлэнэ. Эдгээр нь аюулгүй боловч дунд насны эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог бөгөөд үр тогтолт болон жирэмслэлтэнд сөргөөр нөлөөлдөг.  Жирэмслэх хүсэлтэй эмэгтэйчүүд фибройд хавдрыг бага хэмжээтэй байхад нь мэс ажилбараар авахуулах асуудлыг бодолцох хэрэгтэй. Цэвэршсэний дараа эстроген даавар багассанаар фибройд хавдар агшдаг.

Эндометриоз гэдэг нь умайн эндометрийн салст эд умайгаас бусад эрхтэнд илрэхийг хэлнэ. Умайн салстын эд өндгөвч, давсаг, хэвлийн хөндий гэх мэт ойролцоох эрхтэнд байршиж сарын тэмдгийн мөчлөгийн дагуу өөрчлөгдөн бэхлэгдсэн эрхтэнүүдэд өвдөлт өгдөг байна. Эндометриозоор өвчилсөн эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь үргүйдэлтэй байдаг ба харин нас ахихын хирээр дааврын түвшин буурч, сарын тэмдгийн мөчлөгийн хэлбэлзэл багасдаг тул тэдгээр эмэгтэйчүүдийн үр тогтож жирэмслэх магадлал ихэсдэг.

 Хүсээгүй жирэмслэлт

Цэвэршилтийн өмнөх насны ихэнх эмэгтэйчүүдэд жирэмслэхээс сэргийлэх нь том асуудал болдог. Энэ насны эмэгтэйчүүд жирэмсний эсрэг арга хэмжээ авдаггүй нь жирэмсэн болохгүй гэдэгтээ итгэлтэй байдагтай холбоотой. Жирэмсний эсрэг арга хэмжээг авах нь таныг жирэмслэлт болон бэлгийн замын өвчин авахаас сэргийлэхэд тусална гэдгийг сануулъя.

Жирэмслэх боломжоо  нэмэгдүүлэх 7 арга

Хэрэв 45-аас дээш настай бөгөөд жирэмслэхийг ихэд хүсч байвал дараах зөвлөлгөөг хэрэгжүүлээрэй:

  • Өдөр бүр фолийн хүчил уух. Фолийн хүчил мэдрэл, нурууны гажиг үүсэхээс урьдчилан хамгаална.
  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд байлгах: байх ёстой хэвийн жингийнхээ 95%-аас доошгүй 120%-аас илүүгүй байх хэрэгтэй. Гэхдээ хэт их өндөр ачаалалтай дасгал хийх нь жирэмслэх боломжийг багасгана.
  • Архины хэрэглээг хязгаарлах. Долоо хоногт нэг удаа архи хэрэглэдэг тохиолдолд жирэмслэх бололцоо тавны нэгээр багасдаг. Мөн нэг дор 5-6 нэгжээс (хундаганаас) илүү архи хэрэглэвэл жирэмслэх магадлал 50 хувиар буурна. Энэ нь эр бэлгийн эсэд ч нөлөөлдөг гэдгийг битгий мартаарай. Кафейны хэрэгцээг мөн багасгавал зохино.
  • Өндгөн эс боловсрох үед бэлгийн харьцаанд ойрхон орохыг хичээ. Бусад үеэр бэлгийн харьцаанд өдөр бүр орвол үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цөөрнө. Бэлгийн харьцааны үеэр чийгшүүлэгч, тос хэрэглэхээс зайслхий, тэдгээр нь эр бэлгийн эсийг устгах аюултай.
  • Нойроо бүтэн авч амарч байх хэрэгтэй. Эрчүүд бариу дотуур өмд өмсвөл эр бэлгийн эсийн боловсруулалт сааруулдгийг анхаарна уу.
  • Нөхөн сэргээх эмнүүд болох тайвшруулдаг, даралт бууруулдаг болон дааврын эмнүүд хэрэглэхээс татгалз. Мөн St John’s Wort, Хүн Орхоодой зэрэг нь үр тогтох, жирэмслэхийг саатуулах үйлчилгээтэй.
  • Хосууд аль аль нь тамхи огт татдаггүй байх хэрэгтэй.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *