Эрэгтэйчүүд эмчид хандахаас цааргалдаг шалтгаан

Эрэгтэйчүүд хичээл зүтгэлтэй дасгал хийж, тэжээллэг хоол идэж, аюул эрсдэл дагуулсан байдлаас зайлсхийж, гэрлээд гэр бүлдээ үнэнч хэвээр үлдэх зэрэг эрүүл, эрчтэй байх бүх зүйлийг өөрийн хүч болон эрх мэдлийн хэмжээнд хийж чаддаг ч амьдралын аливаа нэг шатанд мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлага гарч ирэх магадлал өндөр байдаг. 

 Ихэнх эрчүүд хийж сурсан өдөр тутмын ажил болон спорт дасгалаа хийж чадахаа больж, найз нөхөдтэйгээ уулзаж чадахгүй болтол бие муудаж, нурж унадгийн даваан дээр л эмчид очих зориг гаргадаг. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний чухлыг ухамсарлахгүй, бие өвдөж зовиурласан ч эмчид очилгүй удсанаас өвчний явцыг хүндрүүлэх эрсдэлтэй.

Эрэгтэйчүүд эмнэлэгт ихэвчлэн оройтож очдог. Орчин цагийн амьдралын дарамт, стресс тэднийг завгүй байлгаж байгааг шалтаг болгон өөрсдийнхөө эрүүл мэндийг хойш тавьдаг.

Эрэгтэйчүүд эмнэлэгт очихоос цааргалдаг шалтгааныг олон утгаар тайлбарлаж болох ч ихэвчлэн “эр хүн байх”, “төвөг удахгүй байх” нэрийн дор эр хүний нэрээ хамгаалан эмчид очих ичингүйрэл, айдас болон зовнилоо нууж явдаг нь түгээмэл. Мэдэхгүй байх айдас нь хамгийн их, эмнэлэг болон эмчилгээ үйлчилгээ эрэгтэйчүүдийн хувьд харь гариг шиг санагдаж, эмнэлгийн нэршил болон эмчийн үл ойлгогдох тайлбар нь мэдэхгүй гадаад хэлээр ярьж байгаа мэт сонсогдоно. Үүний хажуугаар эмчийн үзлэг шинжилгээгээр тааламжгүй хариу сонсохоос эмээж, эмчилгээ хийлгэх шаардлага гарвал сандралд ордог. Гэхдээ аливаа шинж тэмдэг болон зовиурууд тэр болгон хүнд өвчлөл биш байдаг ба эмчид эрт хандах тусам эрүүл эрчтэй хэвээр байх үндэс болдгийг эрчүүд мэдэх нь чухал.

Өнөөдрийн амьдралын хэв маягийг дагаж эрэгтэйчүүдийн цусны өөх тос, холестерины түвшин ихсэх, чихрийн шижин далд хэлбэртэй явагдах, таргалалт болон хэт тэжээллэг хооллолтын улмаас оношлогдохгүй удаан явж, өвчлөлийг хүндрүүлэхэд хүргэдэг. Эрэгтэйчүүд эмчид хандахын тулд маш их зориг гаргах хэрэгтэй болдог ба тэр айдсыг даван туулж өөрийнхөө эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж хайрлах хэрэгтэй.

СОНИРХУУЛАХ БАРИМТ

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5 дахин илүү эмнэлэгт ханддаг ба энэ хандлага нь охидуудад бага наснаас ариун цэврийн боловсролд илүү анхаарч өсгөдөгтэй холбоотой. Гэр бүлийн зүгээс хөвгүүдэд хувийн арчилгааны талаар бага анхааруулж өсгөснөөс эмнэлэг болон үзлэгийг эрчүүдийн хийдэг ажил биш гэж итгэж явдагтай холбоотой. 

 

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд өвчтөнүүд илүү ханддаг болсон шалтгаан нь хувийн эмнэлгийн эмч нар өвчтөнүүдэд хангалттай цаг зарцуулна гэдэгт найдаж очдог.

Эрүүл мэнддээ илүү анхаарах цаг ирсэн

Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаарч, хариуцлагатай ханддаг болоход цаг хугацаатай холбоотой 3 саад учирдаг: эмчид очих зав гаргаж чаддаггүй, эмнэлгүүд зөвхөн ажлын цагаар ажилладаг, үзэж зөвлөдөг эмчийн өвчтөнд зарцуулах  цаг хэт богино байх. Эдгээр саадыг олон аргаар давж болно. Эмнэлгийн ажиллах цагийг өөрчлөх боломж байдаггүй тул эрэгтэйчүүд өөрийнхөө ажлыг сайтар төлөвлөхөд эрүүл мэнддээ анхаарах зав гаргах бүрэн боломжтой. Эцсийн эцэст эрүүл байж л зайлшгүй чухал ажлаа гүйцэтгэж чадах тул ажлаа минут бүрээр хуваарилсны эцэст эмчид үзүүлэх зав заавал гарч ирнэ. Эрэгтэйчүүд өөрийнхөө эрүүл мэндийг үл тоомсорлох хандлагатай байдаг тул эхнэрийн шаардлага мөн чухал. Гэрлэсэн эрэгтэйчүүд илүү эрүүл байдаг нь илт харагддаг.

 Эмнэлэгт очих шаардлага гарвал хүн дагуулж очиж бай

Эмчид очихдоо сандрах, эсвэл эмчид өөрийгөө зөв ойлгуулж чадахгүй гэдэгт санаа зовж байвал гэр бүлийнхээ хүнийг дагуулж очих нь зүйтэй. Гэр бүлийн хүн өөрийн чинь анзаараагүй шинж тэмдгүүдийг хэлэх бөгөөд асуух зүйлийг сануулж өгч чадна. Эмчид үзүүлсний дараа хамтдаа ярилцаж, дүгнэн, цаашид илүү анхаардаг болох давуу талтай.

Эмчийн туслалцааг хялбар болгоход тусла  

Эмчид үзүүлэхэд цаг богино байдаг ч үзлэгийг үр дүнтэй байлгаж, зөв эмчилгээ хийлгэж эхэлбэл та цаг бөгөөд үзлэгийн зардлыг дэмий үрэлгүй, эргэж очоод байх шаардлагагүй болно. Иймээс эмчид үзүүлэхэд өөрийгөө сайтар бэлдэж, асуух зүйлийн жагсаалтыг гаргаад, эмчийн анхаарлыг гол асуудалд төвлөрүүлэхэд бэлдэж юу ярихаа сайн бэлдэж очвол эмч таныг эрүүл мэнддээ анхааралтай хандаж байгааг хүндэтгэн, үзлэг маш үр дүнтэй байж чадна. Зовиур бөгөөд шинж тэмдгээ маш тодорхой тайлбарлаж чадвал оношийг богино хугацаанд зөв тогтоож болно. Өнөөдөр эрүүл мэндтэй холбоотой олон цахим хуудаснууд байдаг тул тэдгээр мэдээллийг өөрийн шинж тэмдэгтэй холбож, эмчээс асуувал эмчийн танд зарцуулсан үзлэгээс бүх ашгийг гаргаж чадна. Эмч нарт эрүүл мэнд, өвчлөлийн байдлаас гадна таны сэтгэл санааны байдлыг бүхэлд нь дүгнэх мөн чухал байдаг.

Хийлгэх шаардлагатай үзлэг, давтамж

Нас Хийх үзлэг Давтамж
20 орчим насанд Зүрх, уушиг, цусны даралт, холестерол, төмсөгний хорт хавдар, элэгний үйл ажиллагаа, бөөр, чихрийн шижин, жин\таргалалт, ерөнхий эрүүл байдал 2 жил тутамд 1 удаа
30 орчим насанд Зүрх, уушиг, цусны даралт, холестерол, түрүү булчирхайн өөрчлөлт, төмсөгний хавдар, элэгний үйл ажиллагаа, бөөр, чихрийн шижин, жин\таргалалт, ерөнхий эрүүл байдал Жилд 1 удаа
40 орчим насанд Зүрх, уушиг, цусны даралт, холестерол, цусан дахь сахарын түвшин, арьсны хавдар, элэгний үйл ажиллагаа, бөөр, чихрийн шижин, жин\таргалалт, ерөнхий эрүүл байдал Жилд 1 удаа
50 орчим насанд Зүрх, уушиг, цусны даралт, холестерол, цусан дахь сахарын түвшин, арьсны хавдар, бамбайн үйл ажиллагаа, элэгний үйл ажиллагаа, бөөр, чихрийн шижин, жин\таргалалт, ерөнхий эрүүл байдал Жилд 2 удаа
60 орчим нас болон түүнээс дээш Зүрх, уушиг, цусны даралт, холестерол, цусан дахь сахарын түвшин, арьсны хавдар, бамбайн үйл ажиллагаа, элэгний үйл ажиллагаа, бөөр, жин\таргалалт, ерөнхий эрүүл байдал 3 сар тутамд

Эрэгтэйчүүдийн зүрхний титэм судасны эмгэг, холестерол ихсэх болон амин дэм эрдэст бодисын хомсдол зэрэг нь ихэнх тохиолдолд онц анзаарагдах шинж тэмдэггүй явагдах эсвэл тэдгээр өөрчлөлтөнд дасан зохицсон байдаг. Үзлэг шинжилгээг тогтмол хийж илрүүлэхгүй бол өвчлөл хүндрэн, эмчилгээ оройтох аюултай.

Эмчийн үзлэгийг үр дүнтэй байлгах зааварчилгаа

  • Шинж тэмдэг, зовиураа сайн тайлбарлахад бэлд
  • Асуух зүйлээ жагсааж бичин, эмчийн асуух зүйлийг хариулахад бэлдэж мэдээллээ цуглуул
  • Эмчид очихдоо хүн дагуулж очвол тайван, итгэлтэй байх болно
  • Мэдээллийг өөрөө санаачлан ярьж, эмчтэйгээ харилцан ярилц
  • Эмчийн хэлсэн зүйлийг маш анхааралтай сонс
  • Үзлэгийн явцад чухал мэдээллийг бичиж ав
  • Ойлгоогүй зүйлийг асууж дахин тайлбарлахыг хүсэхээс бүү санаа зов
  • Эмч богино цагтай байдгийг ойлгохын хажуугаар асуух ярилцах зүйлийг яаралгүй эмчээрээ гүйцэд яриул
  • Эмчийн зөвлөгөө болон эмчилгээний зааварчлагыг чандлан биелүүл

Сонирхуулах баримт: Гэрлэсэн эрэгтэйчүүд ганц бие эрэгтэйчүүдийг бодвол эмчид өвчлөлийн эрт шатанд, цаг алдалгүй очиж амждаг тул илүү эрүүл байдаг нь ойлгомжтой.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »