Бэлгийн идэвхтэй амьдрал урт наслахад тусална

Халуун хайраар шатдаг нас өнгөрсөн гэдэг бодлоо өөрчлөөрэй. Залуу хэвээр, эрүүл, урт наслая гэвэл халуун хөнжлийн амьдралаа хэвээр хадгалаарай.

Бэлгийн хавьтлаас зөвхөн таашаал аваад зогсохгүй. Тогтмол бэлгийн харьцаатай байхад зүрхний үйл ажиллагаа эрчимжих, арьсыг залуу толигор харагдуулж, илүү аз жаргалтай болгох зэрэг эрүүл мэндийн олон ашиг тустай гэдэг нь судалгаагаар нотлогдсон байна.

Залуу харагдах нууц нь бэлгийн халуун дотно харьцаа юм. Бэлгийн хавьтал таны нүүрэнд инээмсэглэл тодруулахын хажуугаар цусан хангамж, тэжээлийг эрчимжүүлж, арьсны шинж чанарыг сайжруулдаг. Долоо хоногт 3 ба түүнээс олон удаа бэлгийн хавьталтай байдаг хүмүүс долоо хоногт 2 удаа бэлгийн харьцаанд ордог хүмүүсээс дунджаар 10 насаар залуу харагддагийг судалгаагаар ажигласан байна. Нас ахисан ч бэлгийн амьдрал нь идэвхтэй  хэвээр байгаа хүмүүс зөвхөн залуу харагдаад зогсохгүй, сэтгэл гутрал, стресст бусдаасаа бага өртдөг.

Бэлгийн хавьтлын ханамжийн оргил үед ялгардаг окситоцин, эндорфин зэрэг “ханамжийн” дааврууд нь ааш араншинг тогтворжуулж, сэтгэл санааг өргөж өгнө. Эдгээр “аз жаргалын” дааврууд нь цусны даралтыг бууруулж, тайвшруулан нойрсуулах үйлчлэлтэй тул шөнө тавтай нойрсоход тусалдаг. Тиймээс эрэгтэйчүүд бэлгийн хавьтлын дараа унтаад өгдөгт гайхах зүйлгүй!

Мөн бэлгийн идэвхтэй амьдрал биеийн галбирыг хадгалахад тусална. 30 минутын хөнжлийн үйл ажиллагаа 200 калори илчлэгийг шатаах тул биеийн хэвийн жингээ хадгалж, эрүүл байхад тусална. Бэлгийн харьцааны үед идэвхтэй ажилладаг аарцаг, гуя, өгзөг, гарны булчингуудын ачаалал нь 15 минут гүйх, эсвэл 10 минут мод тарихаар газар ухсантай адил ажил гүйцэтгэнэ.

Бэлгийн хавьтлын идэвхтэй үйл ажиллагаа нь булчингийн эдийг хөгжүүлж бэлгийн дур хүслийг төрүүлэгч тестостерон дааврын нийлэгжлийг ихэсгэдэг тул зүрх, тулгуур эрхтэнүүдийн булчингийн хүч, ясны нягтралыг сайжруулж, бэлгийн дур хүслийг улам нэмэгдүүлнэ.

Сэрэл хөдөлж, өдөөгдөх үед ялгардаг эндорфин, кортикостеройд даавруудын нөлөөгөөр өвдөлтийн мэдрэмж багасдаг тул үе мөчний үрэвсэл, нуруу болон толгойн өвдөлтийг илүү тэсвэрлэдэг болно.

Бэлгийн тогтмол харьцаатай байхад амьсгалын замын халдвараас хамгаалдаг  дархлааны тогтолцооны хамгаалах эсрэг биет иммуноглобулин A (IgA) хэмжээ нэмэгдэж, ханиад томуунд тэсвэртэй байхад тусална. Долоо хоногт 2 ба түүнээс дээш удаа бэлгийн харьцаанд тогтмол ордог хүмүүсийн иммуноглобулин A (IgA) хэмжээ тогтмол бэлгийн харьцаагүй хүмүүсийнхээс 30 хувиар илүү байдгийг судалгаагаар тогтоожээ.

Та хэдий чинээ олон бэлгийн харьцаанд орж, бэлгийн таашаал авна, төдий чинээ урт наслах бололцоотой. Долоо хоногт 3 ба түүнээс олон удаа үрийн шингэнээ гадагшлуулдаг эрэгтэйчүүд сард 1-ээс цөөн гадагшлуулдаг эрэгтэйчүүдтэй харьцуулахад зүрхний шигдээс, цус харвалтаар нас барах эрсдэл 2 дахин бага байна. Бэлгийн дуршлын тестостерон дааврын зохистой түвшин болон идэвхжилийн нөлөөгөөр зүрхний булчин эрчимжин, зүрхний шигдээс болон хурц дутагдлаас хамгаалж чадна.

Гэвч бэлгийн амьдралын ид шид нь тогтвортой харилцаанд, сэтгэл ханамжтай бэлгийн харьцаанд орсон үед эрүүл мэндийн ашиг тусаа өгнө. Тохиолдлын бэлгийн хавьталд орсноор сэтгэл зовнил, гэм буруутай мэт мэдрэмж удаан хугацаагаар битүү хадгалагдах уршигтай. Тогтвортой харьцаанд хайр шингэсэн бэлгийн амьдралаас таашаал авах нь хамгийн нандигнан чухалчлах зүйл тул итгэл найдварыг мэдрэхийн хажуугаар янаг харилцааг илүү тогтвортой болгодог.

Бэлгийн дуршил эсвэл сулрал ба чадавхийн түвшин тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, ямар хэмжээгээр стрессийн сөрөг нөлөөнд өртөгдсөн байгааг тодорхойлох үзүүлэлт болдог.

Нас гүйцэж, амьдрал тогтворжих хэмжээгээр асарч, санаа зовон халамжлах хүний тоо цөөрч, хань ижилдээ илүү анхаарч, дотно харьцаа чухал байр суурийг эзлэх болдог. Олон жил ханилсан хосууд хоёр биендээ уусч, зуршил болон хэрэгцээ шаардлага нь адил болоход гарын хос бээлий шиг ижилсэн дасч, нэг нэгнийхээ хэрэгцээг тайлбаргүйгээр ойлгодог болно.

Нас нэмэх хэмжээгээр бэлгийн амьдралаа хэвийн хадгалахад хүндрэлтэй болох нөхцөл үүсч болзошгүй ба үүнийг зөнд нь орхилгүй идэвхжүүлэхийн төлөө санаачлага гаргадаг байх хэрэгтэй. Бэлгийн харьцааны алдагдлын ихэнх шалтгааныг эмчлэх эмчилгээний олон аргууд байдаг. Зүрхний өвчин, тулгуур эрхтэний хөдөлгөөний бэрхшээл, тэр байтугай хавдар зэрэг өвчлөлүүд нь бэлгийн дотно харьцаанаас бүр мөсөн татгалзах шалтгаан байж болохгүй. Бэлэг эрхтэний оролцоотой бэлгийн хавьтлын тоо цөөрөх тохиолдол байдаг ч бие махбодийн хүрэхүйн мэдрэмжээр амраглал болон хайр энхрийлэлтэй байх нь хэзээд маш чухал байх болно. Ихэнх хүмүүс бэлгийн харьцааны асуудалд хүлцэнгүй ханддаг болох нь элбэг байдаг. Насжилтын үйл явцыг дагаж бэлгийн амьдралаас бүрмөсөн татгалзаж болохгүй.

Нас тогтож, амьдрал нь жигдрэх насанд хосууд бэлгийн амьдралаа улам идэвхжүүлэх боломжтой болдог. Үр хүүхэддээ зарцуулах цаг багасч, ажлын ачаалал буурч, санхүүгийн боломж сайжирснаар хамтдаа алжаалаа тайлж, зугаацах цаг илүү гарна. Хосуудын харилцаа харилцан бие биедээ тааламжтай, дарамтгүй бол бэлгийн харьцаанд орохоос өөрөөр буюу хүрэлцэх, халамжлах, илж таалах зэргээр маш их таашаал авч болно.

Эрэгтэйчүүдийн бэлгийн дур буурдаг шалтгаан

Эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурдгийн шалтгаан юу вэ? Нас нэмэх хирээр бэлгийн эрч хүч нь өөрчлөгддөг ч ихэнх эрчүүд бэлгийн дур хүсэл ихтэй хэвээр байдаг. Хүн бүрийн онцлог шинж чанарын ялгаатай байдлаар эр хүн бүрийн бэлгийн дуршлын эрч харилцан адилгүй, ялгаатай байна. Эрэгтэйчүүдийн олонх нь биологийн хөгжлийн дагуу бэлгийн дуршлын ойролцоо эрч хүчтэй байдаг ч, хэт их дур хүсэлтэй буюу бэлгийн донтох зан төлөвтэй эрэгтэйчүүд ч олон байдгийг анхааран өөрсдийгөө харьцуулдаггүй байх хэрэгтэй. Үүний адилаар, тодорхой нөхцөл байдлын улмаас төрөлхийн бэлгийн маш бага дур хүсэлтэй эрэгтэйчүүд ч бий –  Бэлгийн Дур Багасах Эмгэг (Hypoactive Sexual Desire Disorder).

Олдмол хэлбэрээр дараах нөхцлөөр эрэгтэйчүүдийн бэлгийн дур буурах маш олон шалтгаан бий:

Сэтгэлзүйн асуудлууд. Өдөр тутмын амьдралын стресс, сэтгэл зовнил, гэр бүл, харилцааны асуудлууд, сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг зэрэг нь бэлгийн дур хүсэлд нөлөөлдөг олон хүчин зүйлд багтана.

Эрүүл мэндийн асуудал. Чихрийн шижин, таргалалт, цусны өндөр даралт, холестеролын хэмжээ ихсэх зэрэг хүндрэлүүд, мөн тэдгээрийн эмчилгээнд хэрэглэдэг эм бэлдмэл ( мөн үсний уналтанд хэрэглэдэг ургамал, бэлдмэлүүд) нь дур хүсэлд сөргөөр нөлөөлдөг.

Дааврын шалтгаан. Тестостерон даавар бол эрэгтэй, эмэгтэй хүний аль алины бэлгийн дуршлыг зохицуулах үүрэгтэй даавар юм. Нас нэмэх хэмжээгээр тестостерон дааврын хэмжээ бага хэмжээгээр буурдаг ч насжилтаас үүдэлтэй  өвчлөл, тэдгээрийг эмчлэх эм бэлдмэлүүдийн нөлөөнд тестостерон дааврын түвшин илүү хурдан буурах магадлалтай. Бэлгийн дур хүслийн хэмжээнд бамбай булчирхайн дааврын түвшин буурах, тархины сууринд байрлах булчирхайгаар сэдээгддэг пролактин дааврын хэмжээ ихсэх зэрэг бусад дааврын хэмжээ ч нөлөөлж болно.

Допамины хэмжээ буурах. Бэлгийн дурын эрчид тархины оролцоо гарцаагүй  бөгөөд тархины химийн нэгдлүүдээр дохио өгөх тогтолцоотой бэлгийн дуршил нягт холбоотой. Дохио дамжуулагчдын нэг нь допамин юм. Паркинсоны өвчтэй өвчтөнүүдэд допамин идэвхжүүлэх эмчилгээ хийдгээс Паркинсон өвчний эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүд илүү бэлгийн дур хүсэлтэй байдгийг эмч нар тогтоосон. Энэ төрлийн эмчилгээ нь Бэлгийн Дур Багасах Эмгэгтэй (HSDD) эрэгтэйчүүдэд ч үр дүнтэй гэж судлаачид үзэж байна.

Бэлгийн дур хүсэл буурсан шалтгаануудыг эмчлэх эмчилгээний аргууд хоорондоо ялгаатай. Хэрвээ гол шалтгаан нь сэтгэлзүйн хүчин зүйл бол эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралыг сэргээх стратеги, тусгай арга техник бүхий эмчилгээг санал болгоно. Энэ бол сэтгэлзүйн эмчилгээ биш, бэлгийн харьцаанд үүсээд буй асуудалд төвлөрсөн сэтгэлзүйн зөвлөх үйлчилгээ юм.

Тестостерон дааврын түвшин буурсан нь оношлогдсон эрэгтэйчүүд даавар нөхөх бэлдмэл хэрэглэж болно. Тестостерон дааврын бэлдмэлүүдээс хамгийн түгээмэл хэрэглэдэг нь арьсны наалт, цээж, мөр, хэвлийн арьсанд түрхдэг гель хэлбэрүүд юм.

Эцэст нь хэлэхэд эрэгтэйчүүдийн буурсан бэлгийн дур хүслийг эмчлэх зорилго нь дан ганц бэлгийн харьцааны үйлдлийг сэргээхийг зорих бус, бэлгийн  тогтвортой амьдралын бие махбодь болон сэтгэлзүйн нөхцлийг хамтад нь бүрдүүлэх явдал юм. Хамгийн гол нь эрэгтэйчүүд алдагдсан дотно харилцаагаа дахин сэргээхэд өөрсдөө бэлэн байх болон зорих явдал юм. Бэлгийн харьцаа бол эрүүл амьдралын нэгэн тулгуур багана билээ.

Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн бэлгийн амьдрал

Цэвэршилтийн шилжилтээс үүдэлтэй эстроген, тестостерон дааврууд буурах нь эмэгтэйчүүдийн бие махбодь болон бэлгийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлнө. Цэвэршиж байгаа, цэвэршсэн эмэгтэйчүүд дотно харьцаанд тэр болгон өдөөгдөхгүй, бэлгийн хавьтлын дуршлын сэрэл хөдлөх нь удаан болж, илж таалахад мэдрэмж буурч байгааг ажиглаж эхэлдэг. Энэ байдлаас бэлгийн хавьтлын дур сонирхолгүй болж эхэлнэ.

Цэвэршилтийн үйл явцаар эстроген дааврын түвшин буурснаас үтрээнд очих цусан хангамж багасч, үтрээний чийгшилд нөлөөлж, үтрээ хуурайшсанаас бэлгийн хавьтал эмзэглэлтэй болж хүндрэл учруулах нь олонтаа. Гэсэн ч үтрээний хуурайшлын эмчилгээний олон арга байгаа.

Цэвэршилтийн шилжилтийн болон цэвэршсэний дараах үед эмэгтэйчүүдийн бэлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг бусад хүчин зүйлийг дурьдвал:

  • Шээс задгайрах, давсагны эмгэгүүд
  • Нойргүйдэх
  • Сэтгэл гутрал, зовнил
  • Стрессийн ачаалал
  • Эм бэлдмэлийн гаж нөлөө
  • Эрүүл мэндийн байдал, архаг өвчлөл

Цэвэршилтийн дараах насанд зарим эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл эсрэгээр нэмэгдэх тохиолдол ч гардаг. Магадгүй энэ нь жирэмслэх магадлалын болгоомжлол багасах, мөн хүүхдүүд өсч биеэ дааж, асрах ажлаас чөлөөлөгдсөн байх тул амарч, алжаал тайлах, ханьтайгаа илүү цагийг өнгөрөөх бололцоотой болдогтой ч холбоотой.

Үтрээний хуурайшил бэлгийн хавьтлыг хүндрэлтэй болгож байгаа бол усан суурьтай чийгшүүлэгч хэрэглэж болно. Бэлгэвч хэрэглэх тохиолдолд үтрээг чийгшүүлэх зорилгоор вазелин зэрэг усанд уусдаггүй тос хэрэглэхээс зайлсхийгээрэй (вазелин резинэн гадаргууг гэмтээдэг). Өндгөн эс гадагшлах нь бүрмөсөн зогсож, жирэмслэх боломжгүй болсныг эмч батлан хэлэх хүртэл бэлгэвч хэрэглэсээр байх нь зүйтэй. Мөн бэлгэвч нь бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалдаг гэдгийг санах хэрэгтэй. Усанд уусдаггүй чийгшүүлэгч нь хими эмчилгээний улмаас дархлааны тогтолцоо суларсан хүмүүсийн биед бактери үржих орчин бүрдүүлэх эрсдэлтэй.

Үтрээг тогтмол чийгшилтэй байлгах зорилгоор Replens төрлийн усан суурьтай үтрээний чийгшүүлэгч тогтмол хэрэглэдэг байхад харш нөлөө байдаггүй давуу талтай. Хуурайшил ихтэй эмэгтэйчүүд бичил тунгийн үтрээний эстроген даавар хэрэглэх заалттай. Монголын заах зээлд үтрээний эстрогеныг удахгүй нийлүүлэх боломжтой болно.

Эмэгтэйчүүд бэлгийн дур хүслээ хэрхэн сайжруулж болох

Нас нэмэх хирээр бэлгийн дур хүслийн гал суларч байгааг ажиглаж эхэлбэл юун түрүүнд дотно харилцаандаа цаг гаргаж, харьцаагаа тэжээн тэтгэх таатай нөхцлийг бүрдүүлэхэд ихэд анхаараарай. Хайр энхрийллээ илэрхийлэхэд зөвхөн бэлгийн хавьтал заавал байх шаардлагагүй. Хоёулаа хамт явган явах,  лааны гэрэлд зоог барих, энхрийлэх илэхээс эхлээд олон үйлдлээр хүслээ илэрхийлж болно.

Бэлгийн дуршлаа нэмэгдүүлэхэд дараах зөвлөгөө тусална:

  • Эротик ном, бичлэг үзэх, гар хангалга хийх, бэлгийн хавьтлын хэлбэрийг өөрчлөх зэргээр шинэлэг зүйлийг турш
  • Сэтгэл зовнилоос салахын тулд амарч, алжаал тайлах, биеийн чангарал, түгшүүрээс ангижрах арга барилд суралцах. Эротик болон эротик бус төсөөлөл, бэлгийн хавьтлын үйлдлийг сайжруулах дасгалд суралцаж, таатай хөгжим, бичлэгийг үздэг байж болно
  • Бэлгийн хавьтлын урьдал, сэрэл өдөөдөг үед тачаангуй иллэг, үнсэлтэнд илүү ач холбогдол өг. Ингэснээр илүү тухтай орчин бүрдэж, өөртөө итгэлтэй болж хоорондоо илүү ойлголцож ярилцах боломжтой болно.
  • Бэлгийн хавьтлын өвдөлтийг багасгахын тулд эмзэглэл үүсгэхээргүй бэлгийн хавьтлын олон төрлийн байрлалыг хоорондоо тохирч байж туршиж үзэх. Өөрийгөө бэлдэж урьдчилаад алжаал тайлах халуун ваннд орох, үрэлтээс үүсэх өвдөлтийг бууруулахын тулд үтрээний чийгшүүлэгч хэрэглэж болно
  • Танд юу таатай, эсвэл таагүй байгааг хайртдаа илэн далангүй хэлдэг байгаарай.

Vamtam
Vamtam

Lorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolor

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Практикт шинээр нэвтэрч буй цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээг танилцуулах сургалтын тайлан

Сургалтыг 2024 оны 4 сарын 4 -д IBIS STYLES Хурлын танхимд Гедеон Рихтер НХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Менопауз & Анпропауз Зохицуулалтын Нийгэмлэг

Read More »